Стрессийг даван туулах талаар ХЭН, ЮУ гэж зөвлөв?


Сэтгэцийн эрүүл мэндийн цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт стресст орсон үед авах арга хэмжээний тухай зөвлөмжийг бэлтгэн хүргэж байна.

СЭТГЭЛ СУДЛААЧ ЮУ ГЭЖ ЗӨВЛӨВ?

МУИС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш, Сэтгэл судлаач Н.Должин:

YOLOХүмүүс ихэвчлэн стресст орсон гэдгээ мэдэлгүй удаан явсаар сэтгэцийн болон бие махбодын эрүүл мэндээрээ хохирох нь элбэг байдаг шүү дээ. Тиймээс үүнийг эрт үед нь хэрхэн таньж мэдэх вэ?

- Стрессийн шинж тэмдэг бие махбод, сэтгэл хөдлөл, танин мэдэхүй, зан үйлийн хүрээнд илэрч болно. Стресстэй байгаагаа ааш муутай болох, бухимдах, тайвширч чадахгүй байх, өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах, бусдаас зай барих, гутранги болох, анхаарал төвлөрөхгүй болох, мартах зэрэг танин мэдэхүй ба сэтгэл хөдлөлийн шинжүүдээр мэдэж болно. Мөн бие махбодын хувьд ядрах, гарын алга болон хөлийн ул хөлрөх, чих хангинах, толгой өвдөх, гэдэс өвдөх, булчин өвдөх эсвэл чангарах, эрүү зуурах шинж тэмдэг илэрнэ. Харин зан үйлийн хувьд хоолны дуршил нэмэгдэх эсвэл багасах, үүрэг даалгавраас зугтах нь нэмэгддэг.

Стресст орсон эсэхээ мэдэх сэтгэлзүйн тест бөглөхийг хүсвэл ЭНД дараарай. 

YOLOСтрессийн үед илэрдэг шинж тэмдгүүд илэрч байвал хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

- Стрессийг бууруулах арга хэмжээнүүдийг авч болно. Тухайн хүнд стресс үүссэн шалтгаан нь юу болохоос шалтгаалан авч болох арга хэмжээ нь өөр байж болох ч нийтлэг байдлаар агаарт алхах, тайвшрах дасгал хийх зэргээр хөдөлгөөн хийж, өөрийн ачааллыг бодитой төлөвлөж сурах нь хэрэг болно.

Стрессийн үед бие махбодыг дайчлах зорилгоор кортизол, адреналин гэсэн дотоод шүүрлүүд цусанд тархдаг. Энэ дотоод шүүрлүүд хүнд асуудлаа даван туулахад туслах зорилготой боловч урт хугацаанд биеийг дайчилснаар ядардаг. Иймээс цусан дахь кортизол, адреналиныг хөлсөөр гадагшлуулах зорилгоор бүжиглэх, спорт тоглоом тоглох, гэр цэвэрлэх гээд олон аргыг хэрэглэж болно.

YOLOСтресс бууруулахад хамгийн үр дүнтэй аргуудыг зөвлөөч?

- Стрессийг бууруулах олон аргуудыг судлах явцад хийж байгаа зүйл дээрээ бүрэн төвлөрч сурах нь хамгийн үр дүнтэй санагдсан. Жишээ нь, ажил дээрээ даргадаа шүүмжлүүлсэн гэж бодъё. Нэг хэсэгтээ өөртөө урам хугарч, ажлаа хийх эрч хүчгүй болдог. Гэртээ ирсэн ч тэр тухай л боддог. Энэ байдал нь удаан хугацаанд үргэлжилбэл ажлаас халшрах хам шинж ч бий болгож болно.

Харин хийж буй зүйл дээрээ төвлөрөх гэдэг нь даргадаа шүүмжлүүлсэн ч амьдралын бусад хүрээндээ энэ асуудлын нөлөө оруулахгүй байхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, даргадаа шүүмжлүүлсний дараа цаашид сайжрах боломж болон юуг засах ёстой байсан тухайгаа бодно. Хэрэв өдрийн цайны цаг болсон бол энэ тухай биш идэж буй хоолондоо бүрэн анхаарлаа хандуулна. Ингэснээр хүний тархи таагүй үйл явдал дээр төвлөрч ачаалахын оронд өөр зүйлсэд анхаарч амраад асуудлаа дахин бодоход илүү ахиц гаргах давуу талтай.

YOLOЗарим хүмүүс стрессээ тайлахын тулд согтууруулах ундаа болон мансууруулах бодис орсон зүйлс хэрэглэхийг илүүд үздэг. Энэ нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

- Согтууруулах ундаа, тамхи, мансууруулах нөлөөт бодисын хэрэглээ нэмэгдэх нь стрессийн шинж тэмдэг гэж үздэг. Эдгээрийг стресс тайлах арга болгон ашигласнаар тодорхой хугацааны дараа донтолт үүсдэг бөгөөд гэр бүлийн харилцаа, эрүүл мэнд гээд ажил, амьдралын олон асуудалд сөргөөр нөлөөлж эхэлнэ. Иймээс аль болох эрүүл аргуудыг хэрэглэх хэрэгтэй.

YOLOСтресст орсон бол ямар хүнсний бүтээгдэхүүн хэрэглэвэл ашиг тустай вэ?

- Антиоксидант агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж болно. Стрессийн үед хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа удааширдаг учраас хөнгөн чанарын, эрүүл хоол хүнсийг тогтмол хэрэглэвэл тохиромжтой.

YOLOТэгвэл стрессээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

- Стрессийн шалтгаан хувь хүнээс өөрөөс нь хамааралгүй байх нь олон шүү дээ. Нэгэнт стресст орсон бол стрессээ бууруулах дээрх аргуудыг хэрэглэж сурвал зүгээр. Харин өөрөөсөө шалтгаалах зүйлсийн тухайд эрүүл мэндээ хамгаалах үүднээс дасгал хөдөлгөөн хийдэг, эрүүл хооллодог, ажлын ачааллаа зөв тооцож хийдэг байх нь стрессээс урьдчилан сэргийлэхэд тодорхой хэмжээнд нөлөөлнө.

#Эрүүл мэнд #Сэтгэлзүй #Стресс