Б.Жайланхан: Төслийн үр дүнд сургуулийн маань бүх анги УХААЛАГ ЗУРАГТТАЙ болсон


Иргэний боловсролын төв ТББ нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгээр “Иргэн төсөл”-ийг хэрэгжүүлдэг билээ. Уг төсөлд оролцож байгаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өөрсдөдөө тулгамдаж буй асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд төсөл бэлтгэн, түүгээрээ шийдвэр гаргагчдад нөлөөлөх замаар бодит өөрчлөлтийг бий болгодог онцлогтой.

Бидний урилгыг Ховд аймгийн Ховд сумын ЕБС-ийн нийгмийн ухааны багш Б.Жайланхан болон тус сургуулийн “Иргэн төсөл” клубийн 12-р ангийн сурагчид болох Т.Айжан, А.Бахатгүл, И.Гүлбек нар хүлээн авч ярилцлаа.


YOLOЦаг заваа гарган бидэнтэй ярилцаж байгаад баярлалаа. Та нар маань сургууль дээрээ ямар төсөл хэрэгжүүлсэн бэ? Төслийг ямар шалтгааны улмаас санаачлах болсон тухайгаа хуваалцаач.

И.Гулбек: Бид нар сургуульдаа 43 инчийн найман ширхэг LCD зурагт буюу ухаалаг дэлгэц суурилуулах төсөл бичсэн. Өмнө нь манай сургууль хоёрхон проектортой байсан болохоор багш нар маань хичээлээ сурагчдын анхаарлыг татсан, сонирхолтой байдлаар заах гэхээр өнөөх проектортойгоо ноцолдсоор байгаад хичээлийнхээ ихэнх цагийг өнгөрөөчихдөг байсан юм. Самбар дээр бичихээр мөн л хичээлийнхээ цагийг хангалттай сайн ашиглаж чаддаггүй. Харин ухаалаг дэлгэцтэй болсноор зөөврийн компьютерээ зурагттайгаа холбоод хичээлээ сонирхолтой, үр бүтээмжтэйгээр явуулах боломжтой болсон. Ийм л шалтгаанаар бид энэ төслийг санаачилсан юм.

Багш Б.Жайланхан: “Иргэн төсөл” Ховд аймагт 2018 оноос хойш хэрэгжиж байна. Тухайн үед Улаанбаатар хотоос ирсэн багш нар нийгмийн ухааны хичээлийн багш нарыг сургалтад хамруулна гэсэн учир энэхүү сургалтад суух боломж олдсон юм. Үр дүнд нь төсөл хэрэгжүүлэх нь сурагчид өөрсдийн дуу хоолойг шийдвэр гаргагчдад хүргэхээс гадна өөр олон төрлийн ач холбогдолтой гэдгийг ойлгосон. Ингээд л сургууль дээрээ “Иргэн төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн дээ.

Энэ хугацаанд сургуулийнхаа хоёр том асуудлыг хамтдаа шийдэж чадлаа. Энэ жилийн хувьд сурагчид маань “Иргэн төсөл”-ийн шалгаруулалтад "Бүтээлч цомог" хийсэн багаар шалгарсан. Дараа жил түрүүлнэ гэсэн бодолтой байна.

YOLO“Бүтээлч цомог” шагналыг ямар багт гардуулдаг вэ?

Багш Б.Жайланхан: Өөрсдийн бүтэн жилийн турш хийсэн төслөө тодорхой шалгуурын дагуу тайлагнах зорилгоор дөрвөн хэсгээр бүрдсэн, дэлгэн үзүүлдэг тайланг цомог гэж нэрлэдэг. Цомог нь шалгуур үзүүлэлтийн дагуу логик дараалалтай, ойлгомжтой, өнгө үзэмжтэй байхаас гадна бүтээлчээр сэтгэж хийх нь илүү өндөр үнэлгээ авахад нөлөөлдөг. 


YOLOТанай клубийн төсөл сурагчдаа хичээлдээ идэвхтэй оролцоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой ухаалаг зурагтын төслийг хэрэгжүүлсэн юм байна. Тэгвэл өмнө жил нь сургуулийнхаа ямар асуудлыг шийдвэрлүүлсэн бэ?

Багш Б.Жайланхан: Манай сургуулийн “Иргэн төсөл” клуб 24 сурагчтай. Клубийн маань сурагчид сургуулийнхаа нийт сурагчдад тулгамдаж буй асуудлыг эрэмбэлж гаргасан. Ингээд ангиудын ширээ, сандал хуучирсан, эвдэрч хэмхэрсэн байгаа нь хүүхдийн суралцах эрхийг зөрчиж байна гэсэн асуудлыг дэвшүүлсэн юм. Үүнийгээ орон нутгийн засаг дарга, сургуулийн захирал, аймгийн удирдлагууддаа уламжилсны үр дүнд хуучин ширээ, сандлуудаа засаж янзлах, шаардлагатай зарим ангийг шинэ сандал, ширээгээр тохижуулсан туршлага бий.

YOLOСурагчид маань “Иргэн төсөл” хэрэгжихээс өмнө өөрт тулгамдаж байсан асуудлаа шийдвэрлүүлэхээр шийдвэр гаргагчдад хандаж байв уу?

А.Бахатгүл: Энэ төсөл хэрэгжсэнээр л асуудлаа шийдвэрлүүлэх боломжтойг мэдэж авсан. Өмнө нь ийм төсөл байдаг гэж мэдээгүй болохоор сургуулийн орчинд тулгамдаж буй асуудлын талаар хоорондоо сайн ярилцаж үзээгүй. Харин энэ төслийн хүрээнд клубийнхээ 24 гишүүнтэй ярилцаад эдгээр асуудлыг гарган ирж шийдвэрлүүлсэн.

YOLOЕр нь төсөл бичихэд ямар дараалал, арга зүй байдаг вэ?

И.Гүлбек: Хамгийн эхэнд сургуулийнхаа сурагчдын санал бодлыг сонсож төслийнхөө санааг боловсруулаад, сургуулийн захирал, засаг дарга зэрэг шийдвэр гаргах эрх мэдэл бүхий хүмүүст танилцуулж хэрэгжүүлсэн.

Багш Б.Жайланхан: “Иргэн төсөл” өөрийн гэсэн сурах бичигтэй. Тэр дотор “Иргэн төсөл”-ийг хэрхэн хэрэгжүүлэх, ямар үйл ажиллагаа явуулахыг маш тодорхой зааж өгсөн байдаг. Хамгийн эхэнд тулгамдсан асуудлаа гаргаж ирэх ёстой. Ингэхийн тулд сурагчид баг болж нэгдээд сургууль болон ангид нь ямар асуудлууд тулгамдаж байна, тэдгээр асуудлууд өөрсдийнх нь эрхийг хэрхэн зөрчиж байна вэ гэдгийг тодорхойлдог. Дараа нь гарч ирсэн асуудал дээрээ бодлогын хувилбарууд гаргана. Өөрөөр хэлбэл, энэ асуудлаар хэнд хандаж, хэрхэн шийдвэрлүүлэх талаараа бодлого боловсруулж, түүнийхээ давуу болон сул талыг нь үнэлж, хэрэгжих боломжтой хамгийн сайн хувилбарыг нь сонгож авдаг.

Төслөө Сумын Иргэдийн төлөөлөгчийн хурал эсхүл Засаг даргад танилцуулахаасаа өмнө бидэнд ямар баримт бичиг хэрэгтэй талаарх хууль дүрмийг мөн судална. Тухайлбал, Монгол улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулиудыг судалж үзээд ажлын төлөвлөгөөгөө гаргана. Төлөвлөгөө боловсруулахдаа шат дараатай, хугацаатай, хариуцах эзэнтэй, биелэлтийг тооцсон байхаар бэлтгэдэг. Асуудал шийдэгдэх эсэх нь бидний бэлтгэл, сурагчдын оролцооноос хамаарна.


YOLOТа бүхнийг төслөө танилцуулахад орон нутгийн удирдлагуудад хэрхэн хүлээж авсан бэ?

А.Бахатгүл: Сургуулийнхаа багш нар, захирал, орон нутгийн удирдлагуудад төслийнхөө санааг анх танилцуулахад их нааштайгаар хүлээн авсан. Үр дүнд нь төслийн санаа болох 43 инчийн 8 ширхэг ухаалаг зурагтын үнэ 4 сая 800 мянган төгрөг шийдэгдсэн.

YOLOТөслийн санаагаа орон нутгийн удирдлагуудад танилцуулснаас хойш хэдий хугацааны дараа төсөл нь хэрэгжсэн бэ?

Т.Айжан: Хамгийн анх 2020 оны есдүгээр сарын 15-нд эцэг эх, сурагчдын дунд санал асуулга явуулсан. Ингээд энэ оны хоёрдугаар сар гэхэд төсөл маань хэрэгжиж дууссан.

YOLOБаг хамт олноороо санал санаачилга гаргаад сургуульдаа тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлнэ гэдэг сурагч хүний хувьд маш том амжилт гэж бодож байна. Төсөл хэрэгжүүлэх явцаас олон зүйл сурсан байх.

И.Гүлбек: Хүүхдүүд өөрсдийнхөө дуу хоолойг илэрхийлж болдог, дуу хоолой нь хүрэх ёстой хүмүүстээ хүрч болдог гэдгийг мэдэрсэн. Мөн багаар ажиллана гэдэг их чухал юм билээ. 

А.Бахатгүл: Сургуулийнхаа сурагчдын суралцах таатай орчинг бага ч болов сайжруулснаараа маш их бахархдаг. Энэ бүх ажлын дараа миний өөртөө итгэх итгэл нэмэгдсэн. 

Т.Айжан: Тулгамдаж буй асуудлаа гаргаж ирээд бусад хүний өмнө илтгэх, түүнийгээ шийдвэрлүүлэхээр орон нутгийн удирдлагуудад хандах зэрэг үйл явцыг эргээд харахад маш их зүйлийг сурсан байна. 


YOLOБагшийн хувьд энэ хугацаанд төслийн үйл явцаас юуг сурсан гэж боддог вэ?
 
Багш Б.Жайланхан: Багш хүний хувьд “Иргэн төсөл”-д хамрагдсанаар компьютерийн мэдлэгээ маш сайн ахиулсан гэж боддог. Компьютер дээр шивэх, шивсэн материалаа PDF болгож хөрвүүлэх зэргээс эхлэн олон зүйлд суралцсанаас гадна хууль дүрмийн тухай судалгаа их хийсэн. Энэ нь миний эрх зүйн мэдлэгт томоохон хөрөнгө оруулалт болсон гэж бодож байна.

Аливаа үйл ажиллагаанд судалгаа, дүн шинжилгээ хийх,  төрийн байгууллагуудтай харилцах, “Орон нутгийн хөгжлийн сан” болон “Сум хөгжүүлэх сан”-гийн төсвийг хэн, яаж олгодог гэдгийг сурагчидтайгаа хамт судлах ажлуудыг гүйцэтгэсэн. Жишээлбэл, “Орон нутгийн хөгжлийн сан” иргэдээс санал аваад, авсан саналуудынхаа эрэмбээр буюу эхний байранд шалгарсан саналыг дэмждэг юм билээ. Зөвхөн би, манай сурагчид гэлтгүй сургуулийн маань анги бүр ухаалаг зурагттай болсон нь үнэхээр талархууштай. Цаашдаа эдгээр санаагаа улам сайжруулж үргэлжлүүлэх сэтгэл төрж байна.

Харин сурагчдад маань илтгэх, асуудалд дүн шинжилгээ, судалгаа хийх, орон нутгийн удирдлагуудтай уулзах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг маш олон чадвар суусан. Тэд маань 12-р ангиа төгссөн ч цаашид өөрт тулгарсан асуудлыг шийдвэрлүүлэхээр дуу хоолойгоо хүргэдэг иргэд болно гэдэгт итгэлтэй байна. 


YOLOТа бүхэнд төслөө хэрэгжүүлж дуусаад үр шимийг нь хүртэх боломж гарсан уу? 

Т.Айжан: Тийм ээ. Өмнө нь хичээл дээр бичлэг үзэхэд дуу нь сонсогддоггүй байсан бол ухаалаг зурагттай болсноос хойш хичээл их сонирхолтой, үзэж буй бичлэгийн дуу нь тод сонсогддог болсон.

И.Гүлбек: Ухаалаг зурагтаараа Google, Youtube-ээс хичээлтэй холбоотой мэдээллээ хайгаад үзчихдэг болохоор бүх сурагч хичээлд идэвхтэй оролцох болсон.

А.Бахатгүл: Ухаалаг зурагтаараа үргэлж хичээл үзэхгүйгээр хааяадаа караокэ тэмцээн зохион байгуулдаг. Хааяа ч гэсэн ийм цэнгээнт үйл ажиллагааг их ажил болохгүйгээр хийчихнэ гэхээр үнэхээр амар. 

Багш Б.Жайланхан: Бид эхлээд найман ухаалаг зурагтыг сургуулийнхаа ахлах болон дунд ангид суурилуулсан юм. Хамгийн гайхалтай нь засаг дарга маань сургуулийн бүх ангийг ухаалаг зурагттай болгох санал гаргаж, энэ жилдээ багтаан таван ухаалаг зурагтыг нэмэлтээр багтааж олгохоор болсон. Тэгэхээр манай сургууль анги бүрдээ ухаалаг зурагттай болох баяртай мэдээтэй байна.

Багш нар хичээлээ заахад нэмэлт ямар ч төхөөрөмж шаардагдахгүй болсон нь амар. Өмнө нь хүүхдүүддээ үзүүлж харуулах зүйлсээ зөөврийн компьютерийн жижигхэн дэлгэцээр харуулдаг байсан. Одоо бол өөр. Шохойгоор бичих асуудлыг ч үүгээр шийдчихэж байна. Ялангуяа цар тахлын энэ үед үр өгөөжөө их өгч байна. Орон нутагт амьдардаг хүүхэд болгон теле хичээл үзэх боломжтой юу гэвэл үгүй шүү дээ. Харин бидний энэхүү төсөл хэрэгжсэнээр гэртээ теле хичээлээ үзэх боломжгүй хүүхдүүд ирж, завсарлагааны цагаараа хичээлээ нөхөж үзэх боломжтой болсон. 

YOLOАнги хамт олондоо гэлтгүй сургуульдаа ийм сайхан хөрөнгө оруулалт хийсэн та бүхнээр маш их бахархаж байна. Цаашдын ажил үйлсэд чинь өндрөөс өндөр амжилт хүсье!

#Ярилцлага #Залуу үе #Иргэн төсөл