A$AP Rocky: Rihanna бол миний заяаны хань


Миау | YOLO.MN
2021-05-20

Америк гаралтай реппэр A$AP Rocky GQ сэтгүүлийн зургадугаар сарын дугаарын нүүрийн чимсэн бөгөөд тус сэтгүүлд өгсөн ярилцлагадаа маш сонирхолтой сэдвүүдийг хөнджээ.

Өдгөө 32 настай реппэр A$AP Rocky дуучин Rihanna-тай үерхдэг гэсэн цуурхалд цөөнгүй удаа өртөж байв. Тэгвэл тэрээр эрэгтэйчүүдийн GQ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Rihanna-тай үерхэж буйгаа албан ёсоор батлаад ч зогсохгүй маш хайр хүргэм зүйлсийг дурдаад амжжээ. Тухайлбал, сэтгүүлч түүнээс алдарт дуучин, гоо сайхны брэндийн үүсгэн байгуулагч нэгэнтэй үерхэх ямар байдаг тухай асуухад “Заяаныхаа ханьтай учрахад бүхий л зүйл сайхан болж эхэлдэг. Тэр минь сая сая охидыг нийлүүлсэнтэй тэнцэхүйц нэгэн” хэмээжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тэднийг үерхдэг гэх “нэлээн” баттай цуурхал гарсан юм. Түүнээс хойш тэдний Барбадос улсад болзож, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, амарч буй зургууд интернэт орчинд үе үе үзэгдэх болсон билээ. Бид бүхний мэдэж байгаачлан Барбадос бол дуучин Rihanna-гийн эх нутаг. Тэгвэл энэ газар A$AP Rocky -гийн эцгийн ч мөн төрсөн газар аж. Тэрээр энэ тухай “Үнэхээр гайхалтай. Аав маань Америкт ирэхээсээ өмнө ямархуу амьдарч байсан бол гэдэг талаар үргэлж боддог байсан. Итгэхэд бэрх сонсогдож байж болох ч аавынхаа төрсөн нутагт ирэхэд их дотно мэдрэмж төрсөн. Миний хувьд Барбадос бол гадаад улс ч гэлээ дотно санагдсан” хэмээжээ.

Тэд энэ бүх хугацаанд хамтдаа амарч зугаалаад ч зогсохгүй нэг нэгнийхээ уран бүтээлд дэмжлэг үзүүлж байгаа гэнэ. Сүүлд л гэхэд дуучин Rihanna найз залуугийнхаа шинэхэн цомгийн ажилд нь тусалжээ. Энэ тухай A$AP Rocky “Энэ бүх бүтээлч санааг хамтдаа гаргах хүнтэй байна гэдэг их чухал. Миний шинэхэн цомог “All Smile” гэдэг нэртэй. Цомгийн ажил ойролцоогоор 90 хувьтай явж байна. Цөөн үгээр дүгнэвэл миний өмнөх уран бүтээлүүдтэй харьцуулахад хамаагүй “насанд хүрсэн” өнгө аястай байх болно” гэжээ.

A$AP Rocky-гийн сүүлийн цомог 2018 онд гарсан бөгөөд дараа жил нь “Rolling Stone” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа цомог борлуулалтын хувьд тийм ч өндөр амжилттай байгаагүй нь урам зориггүй болгосон тухай дурдаж байжээ. Харин дуучин Rihanna-гийн сүүлийн цомог эсрэгээрээ маш өндөр амжилттай байсан юм. “Anti” хэмээх тус цомог нь Billboard-ийн “Шилдэг 200 цомог” жагсаалтыг тэргүүлээд ч зогсохгүй бүтэн таван жилийн турш уг жагсаалтад бичигджээ.  

Эх сурвалж: Insider

#Оддын тухай #A$AP Rocky #Rihanna