Кпоп хөгжмийг дэлхий дахинд сурталчлан таниулж буй BTS хамтлагийг 64 жилийн түүхтэй Rolling Stone сэтгүүлээс зургадугаар сарын дугаартаа онцолжээ. Энэ нь Ази хамтлаг уг сэтгүүлийн нүүрэн дээр гарч буй анхны тохиолдол юм. Ийнхүү yolo.mn сайтын зүгээс BTS хамтлагийн Rolling Stone сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
: BTS хамтлаг өнгөрсөн онд “Dynamite” хэмээх англи хэл дээрх анхны уран бүтээлээ гаргаж АНУ-ын хөгжмийн зах зээлд хүч түрэн орж ирсэн юм. БНСУ-ын ерөнхийлөгч Moon Jae-in тэдний уран бүтээл Billboard чартын нэгдүгээрт бичигдсэнд баяр хүргэсэн нь олны анхаарлыг татжээ.
RM: Бид АНУ-ын хөгжмийн зах зээлд хөл тавьснаар энэ бүх амжилтыг мэдэрч байна. Ер нь гэрэл байгаа газар харанхуй ч бас оршдог. Гадаад хүмүүсийг үзэн яддаг хэсэг бүлэг хүн байхад дэмждэг хүмүүс ч бий. Иймээс АНУ-ын хөгжмийн ертөнцөд амжилттай яваа маань бидний хувьд өндөр ач холбогдолтой үйл явдал.
: Яг одоо RM Сөүл хотод байрлах HYBE компанийнхаа байран дээр “Fear of God” брэндийн хар малгайтай цамц өмсчихсөн сууж байна. BTS хамтлаг Америкийн шоу нэвтрүүлэгт оролцох үед RM орчуулагчийн ажлыг давхар хийдэг. Тэрээр “Friends” цувралыг үзэж л англи хэлээр сайн ярьж сурсан гэдэг. RM хэдийгээр алдартай их сургуульд тэнцсэн ч Epik High хамтлагийн шүтэн бишрэгч болсноор кпоп ертөнцөд хөл тавих хүсэлтэй болжээ. Ийнхүү Big Hit (одоогийн HYBE) энтертайнментийг үүсгэн байгуулагч Bang Si-hyuk 2010 онд RM-тай танилцаж гэрээ байгуулснаар гайхамшигт BTS хамтлагийн эхлэл тавигдсан байна. Bang Si-hyuk “Би анх RM-тай уулзаад хөгжмийн авьяас, бүтээлч сэтгэлгээг нь хүлээн зөвшөөрч, мундаг уран бүтээлч болтол нь дэмжих ёстой гэдгээ ойлгосон” хэмээн ярьж байсан удаатай.
: BTS хамтлаг байгуулагдах үеэр Кпоп ертөнцөд YG, SM, JYP гэх гурван компани давамгайлж байсан бөгөөд тэдний хажууд Big Hit жижигхэн, гарааны компани байв. Харин одоо BTS хамтлагийн ачаар дэлхийд цуутай томоохон корпораци болжээ.
RM-ийг авсны дараа Suga, J-hope, Jungkook, V, Jimin, Jin гэсэн зургаан гишүүн орж ирснээр BTS хамтлаг байгуулагджээ. Сонирхуулан хэлэхэд тус хамтлагийн хамгийн залуу гишүүн Jungkook-ийн Big Hit энтертайнментийг сонгосон шалтгаан нь RM байсан гэдэг.
Jungkook: Би тухайн үед дуучин байх тухай тийм ч их зүйл мэддэггүй байлаа. Гэхдээ RM-ийн реп хийж байхыг харах гайхалтай байсан. Тиймээс би энэ бүхэн жинхэнэ хувь тавилан гэдэгт итгэдэг.
: RM-ийн дараа BTS хамтлагт элссэн гишүүд бол Suga, J-Hope нар байв. Suga мөн л Epik High хамтлагийн шүтэн бишрэгч байсан бөгөөд өөрөө ч реп хийх хэмжээний чадварлаг нэгэн боловч эцэг эх нь энэ урсгалд дургүй байв.
Suga: Манай эцэг эх хип хоп урсгалыг ойлгодоггүй байсан. Тэд миний хийж байгаа зүйлд анхаарал тавих нь зүйн хэрэг. Магадгүй тэдний эсэргүүцэл намайг хичээнгүйлэн ажиллахад хүргэсэн байх.
: Энэ хамтлагийн бусдыг нар шиг элчээрээ төөнөж байдаг гишүүн бол J-Hope. Тэрээр чадварлаг бүжигчин, реппэр юм.
J-Hope: Намайг анх дадлагажигч болж ирэхэд бүх гишүүд реп хийдэг байсан. Бүгд л өөрсдийн хэмнэлээр үглэдэг байсан болохоор дасан зохицоход амаргүй байсан шүү.
V: Миний бодлоор J-Hope ерөнхийлөгчид нэр дэвшиж чадахуйц хэмжээний хүн.
RM: Хэрвээ тэр нэр дэвших юм бол хамгийн багадаа зургаан санал авна.
: Жүжигчний мэргэжилтэй Jin-ийг Big Hit энтертайнментэд элсүүлсэн түүх их хөгжилтэй. Тэрээр царайлаг төрснөөс гадна хошигнох чадвараараа бусдын хайрыг татдаг.
Jin: Энэ ташрамд миний царайлаг төрхөөс болоод хүмүүс хоорондоо муудалдаж байсныг дурдмаар байна.
: Найзыгаа дэмжих гэж ирээд Big Hit энтертайнментэд санамсаргүй байдлаар орсон V. Тэрээр Elvis Presley, жазз, сонгодог хөгжмийн үнэнч шүтэн бишрэгч. Түүнийг BTS хамтлагийн “нуугдмал гишүүн” гэдэг. Өөрөөр хэлбэл, BTS хамтлагийн анхны уран бүтээлээ гарах хүртэл V-гийн зураг, мэдээлэл нууцлаг байжээ.
V: Би үнэхээр ойлгоогүй ээ. Тэд яагаад тэгсэн юм бол? Ёстой мэдэх юм алга!
: Bang Si-hyuk V-д бусдыг татах ер бусын увдис байсан тул “нууж байгаад” хамгийн сүүлд нь гаргаж ирсэн хэмээн тайлбарладаг.
: BTS хамтлагийн бүжигчин, сайхан хоолой, төгс үзүүлбэрийн эзэн Jimin.
Jimin: Бүжиг бол миний дотоод ертөнц, миний жинхэнэ орон зай. Шүтэн бишрэгчдийнхээ төлөө алдаа гаргах ёсгүй гэж боддог.
: Тэрээр бүжигт хайртай ч түүний зүрх сэтгэл хамтлагтайгаа нягт холбоотой.
Jimin: Бид анх уулзахдаа тэс өөр хүмүүс байсан. Мэдээж маргалдах энүүхэнд. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бие биендээ дасаж эхэлсэн. Хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаа биднийг нэг гэр бүл болгосон. Хүн бүрд хаашаа ч явсан эргээд л ирдэг нэг газар байдаг даа, манай хамтлаг надад яг ийм мэдрэмж төрүүлдэг.
: BTS хамтлаг тайзан дээр шүтэн бишрэгчидтэйгээ ярилцаж байхдаа нулимс дуслуулах үе цөөнгүй ажиглагддаг.
RM: Эр хүн булчинлаг, тэр хэрээрээ тэсвэр хатуужилтай байх ёстой гэдэг нь хоцрогдсон ойлголт. Гэхдээ энэ тогтсон үнэлэмжийг үгүйсгэх нь бидний зорилго биш. Харин эр хүн “ийм байх ёстой” гэсэн хэвшмэл ойлголтыг өөрчилж байгаадаа баяртай байна. Бид ямар нэг зүйлээр хязгаарлагддаггүй, өөрийнхөөрөө байдаг эрин үед амьдарч байна шүү дээ.
: BTS хамтлаг “No More Dream” болон “N.O.” дуундаа Өмнөд Солонгосын өрсөлдөөнт нийгэмд шаналж буй өсвөр үеийнхэн болон залуусын бухимдлыг тусгасан байдаг.
RM: Бид эдгээр дууг АНУ эсвэл өөр улсын боловсролын тогтолцоог мэдэж байгаа учраас, эсвэл судалсан болохоор бичсэн юм биш ээ. Харин тухайн үед бид бүгдээрээ өсвөр насны хүүхдүүд байсан болохоор өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэнд, айдас, боловсролын тогтолцооны гажуудал зэргийг дуундаа тусгахыг хүссэн. Энэ бол зөвхөн Солонгосын өсвөр насныхны асуудал биш. Ер нь аль ч улс оронд нийтлэг байдаг зүйл.
: BTS хамтлагийн гишүүд дуугаа өөрсдөө бичдэг бөгөөд 2017 оноос хойш барууны шилдэг хөгжмийн зохиолч, продюсеруудтай хамтран ажиллах болсон юм. Тэдний дэлхийг шуугиулсан “Dynamite” дуун дээр David Stewart, Jessica Agombar зэрэг шилдэг уран бүтээлчид ажилласан. Хэрвээ BTS хамтлаг хуваарийн дагуу аялан тоглолтоо хийсэн бол энэ уран бүтээл хэзээ ч цацагдахгүй байсан гэдэг.
Big Hit энтертайнментад орсноосоо хойш ихэнх цагийг бэлтгэл хийж өнгөрүүлдэг байсан залуус өнгөрсөн онд “Dynamite”, “Life Goes On” дуугаа гаргаснаас хойш анх удаа маш удаан хугацаанд амарсан гэдэг. Гэсэн хэдий ч BTS болон ARMY хоёрын дунд гүн гүнзгий холбоо байдгийг мартаж болохгүй.
Jin: Манай хамтлагийн аялан тоглолт цуцлагдахад ямар ч хүчгүй болж байгаа юм шиг санагдсан. Мэдээж бүгд гунигласан. Тэр таагүй үйл явдлыг мартахад маш их цаг хугацаа орсон.
Jungkook: Бидний хамгийн дуртай зүйл бол хүмүүсийн орилох чимээ болон ARMY нар. Бид шүтэн бишрэгчдээ маш их санаж байна.
: ARMY нар BTS хамтлагийн төлөө хоёргүй сэтгэлээр ажилладаг гэхэд болно. Тухайлбал, тэд 25 цагийн дотор л нэг сая ам.доллар цуглуулж, үүнийгээ BTS хамтлагийн нэрийн өмнөөс “Black Lives Matter” хөдөлгөөнд хандивлаж байсан удаатай.
RM: Манай хамтлагийн шүтэн бишрэгчид бид нараас ч илүү ухаалаг хүмүүс байдаг.
: BTS хамтлаг байгуулагдсанаас хойш тус хамтлагийн гишүүд үерхлийн ямар ч цуурхалд нэр холбогдоогүй юм. Мэдээж хэрэг энэ нь тэдний завгүй цагийн хуваарьтай холбоотой. Үүнээс илүү шүтэн бишрэгчид нь хэрхэн хүлээж авах бол гэдэгт санаа зовж байгаа эсэхийг тодруулав.
Suga: Миний хувьд ойлгоход бэрх асуулт байна. Манай хамтлагийн шүтэн бишрэгчид төрөл бүрийн хүмүүсээс бүрдсэн байдаг. Магадгүй зарим хэсэг нь дэмжиж байхад нөгөө хэсэг нь хүлээн зөвшөөрөхгүй ч байж магадгүй. Ер нь бүгд хувь хүмүүс учраас бидний тухай асуудлыг өөр өөрсдийнхөөрөө л хүлээж авах байх.
: 2018 онд BTS хамтлагийн гишүүд Bang Si-hyuk-ийн компанитай хийсэн гэрээгээ долоон жилээр сунгасан юм. Энэ үйл явдлаас хоёр жилийн дараа тэд HYBE компанийн хувьцаа эзэмшигчид болсон байна.
RM: Энэ бидний хувьд их утга учиртай үйл явдал байсан. Манай хамтлагийнхан болон HYBE компани нь нэг талаараа бие биенийгээ найдвартай түнш гэж хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм. Одоо бол бидний амжилт тэднийх, тэдний амжилт биднийх гэсэн үг.
: Өмнөд Солонгосын хуулиар насанд хүрсэн эрэгтэй хүн бүр цэргийн алба хаах ёстой хэдий ч BTS хамтлагийн амжилтыг харгалзан үзэж тэдний цэргийн албанд татагдах хугацааг хойшлуулсан юм.
Jin: Цэргийн алба хаана гэдэг манай улсын эрчүүдийн хамгийн чухал үүрэг. Тиймээс би цэргийн албанд дуудагдах хүртлээ хичээнгүйлэн ажиллах болно.
: Хууль дахиж өөрчлөгдөхгүй л бол хамтлагийнхан нь Jin-гүйгээр хамтлагийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж магадгүй юм.
Jin: Би бусад гишүүдээ зөв шийдвэр гаргана гэдэгт эргэлзэхгүй байна. Тийм болохоор тэдний юу хийхийг заах нь утгагүй хэрэг. Манай хамтлагийнхан зургаан гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэвэл гунигтай байх хэдий ч интернетээр тэднийгээ үзэж, дэмжих болно.
: Suga 28, J-Hope 27, RM 27 хүрэх гэж байгаа тул тэдний ч бас цэрэгт явах нас ойртсон байна. Shinhwa хамтлагийн залуус бүгд цэргийн албаа хааж ирээд дахин уран бүтээл хийж эхэлсэн байдаг. Энэ хамтлаг 23 жилийн турш хамтдаа байсан учраас BTS ч бас ийм урт хугацаанд хамт байхыг эрмэлзэж байгаа нь илт.
V: Мэдээж хэрэг бид ARMY нараа одоогийнх шигээ үргэлж харж байхыг хүсдэг. Бид ирээдүйд ч шүтэн бишрэгчидтэйгээ холбоотой байна гэдэгт эргэлзэхгүй байна. Манай хамтлагийнхан цэргийн алба хаах талаар тодорхой зүйл ярилцаагүй байгаа боловч цаг нь болохоор нэг шийдэлд хүрэх нь ойлгомжтой.
: Ярилцлагын төгсгөлд Jimin ч мөн адил BTS хамтлагийн гишүүдээ үүрд мөнх хамт байгаасай гэж хүсэж буйгаа илэрхийлэв.
Jimin: Би өөрийгөө BTS хамтлаггүйгээр төсөөлж байсангүй. Ганцаараа юу хийх талаар бодож ч үзээгүй. Хөгшрөөд бүжиглэж чадахгүй болсон ч сахлаа ургуулж, тайзан дээр суугаад бусад гишүүдтэйгээ хамт дуулж, шүтэн бишрэгчидтэйгээ харилцахыг хүсэж байна. Ингэвэл үнэхээр гайхамшигтай байх болно. Тийм болохоор хамтлагийн үйл ажиллагааг аль болох урт удаан үргэлжлээсэй гэж хүсэж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх