2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн Цагаан толгой


Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай залуус та бүхний мэдэх ёстой бүхнийг Цагаан толгойн 35 үсгэнд багтаан тайлбарлалаа. /Хүссэн үсгэн дээрээ дараад уншаарай. smiley/

A Б В Г Д Е Ё Ж З И Й К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Щ Ь Ъ Ы Э Ю Я






А гэдэг нь Арван найм

Камертон хамтлагийн “18 нас” дууг дуулах насанд хүрсэн бол чи сонгуулиа өгөх бүрэн эрхтэй болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг “сонгуулийн эрх бүхий иргэн” гэж тодорхойлсон байдаг. Харин эрхзүйн бүрэн чадамжтай гэдгийг хуулийн хариуцлага хүлээх чадвартай гэж ойлгож болох юм.

Тиймээс чи 18 нас хүрсэн бол сонгуульдаа идэвхтэй оролцоорой.






Б гэдэг нь Бодох хугацаа

Сонгуульд саналаа өгөхийг нэг талаараа чухал шалгалт өгөхтэй адилтгаж болох юм. Бид тэрхүү шалгалтдаа олон сарын турш нойр хоолгүй бэлддэг ч өмнөх өдөр нь дэвтэр номоо хаагаад дуртай зүйлсээ хийн тархиа амраадаг.

Тэгвэл сонгуульд ч мөн адил ийм өдөр бий. Өөрөөр хэлбэл аль ч сонгуулийн санал хураалтын өдрийн өмнөх 24 цагийн турш сонгуультай холбоотой сурталчилгаа хийхийг хориглодог. Энэ өдөр та бүхэн бодлоо цэгцлэх бүрэн боломжтой.






В гэдэг нь Вакцины бүрэн тунд хамрагдагсад

Сонгуулийн тухай хуульд санал өгөгч нь саналаа өөрийн харьяа хэсэгт өгнө гэсэн заалт бий. Энэ заалт зарим хүмүүсийг, нэн ялангуяа гэрээсээ хол амьдарч байгаа хүмүүсийг иргэний үүргээ биелүүлэхэд нь “шавар хаадаг”.

Тэгвэл энэ жилийн хувьд хэдий “COVID-19” хэмээх халдварын эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа ч вакцины бүрэн тундаа хамрагдсан болон халдвар аваад эдгэрсэн иргэдийг хот хооронд зорчихыг хориглохгүй болсон билээ.

Жич: Коронавирусийн эсрэг вакцины хоёр тунгаа хийлгээд хоёр долоо хоногоос дээш хугацаа өнгөрсөн бол тухайн хүнийг вакцины бүрэн тунд хамрагдсан гэж үзнэ.






Г гэдэг нь Гадаадад байгаа Монголчууд

Өнгөрсөн онд л гэхэд 122 мянга гаруй монгол иргэн хилийн чанадад ажиллаж амьдардаг гэсэн судалгааны үр дүн гарсан. Тэд маань ч бас сонгуульд саналаа өгөх эрхтэй гэдгийг мэдэх үү?

Гадаадад байгаа иргэд сонгуульд санал өгөхөөс тодорхой хугацааны өмнө амьдарч буй улсынхаа Дипломат Төлөөлөгчийн газарт хандан сонгуульд оролцохоо урьдчилж мэдэгддэг.

Хэрэв чи болон чиний ойр дотнын хэн нэгэн гадаадад амьдарч байгаа бол саналаа энэ сарын 30, 31-ний 07:00-22:00 цагийн хооронд оршин суугаа улсынхаа Монгол Улсын элчин сайдын яаманд биечлэн очиж өгөх юм шүү. 






Д гэдэг нь Датаком Энхбат

УИХ-д суудалтай "Зөв ХҮН Электорат" эвслээс явуулсан Ерөнхийлөгчөө захиалах саналд үндэслэн Д.Энхбат Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсон.

Тэрээр 1980 онд Статистикийн төв газрын тооцоолох төвд программ зохиогчоор ажлын гараагаа эхлүүлж, 1994 онд Датаком ХХК-г үүсгэн байгуулсан бөгөөд олноо Датаком нэрээр танигджээ. Харин улс төрийн гараагаа 2007 онд Монголын ногоон намын даргаар эхлүүлж, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан билээ. 


Түүний товч намтар болон мөрийн хөтөлбөртэй танилцах бол ЭНД дараарай.






Е гэдэг нь Ерөнхийлөгч

Ерөнхийлөгч бидний бодож байгаа шиг супер хүчтэй хүн мөн үү? Маш энгийнээр тайлбарлавал Ерөнхийлөгч нь:

- Монгол Улсын төрийн тэргүүн,

- Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч,

- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн,

- Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн үүрэг гүйцэтгэдэг.

Түүнчлэн биднийг төлөөлж олон улсын гэрээ, конвенцод оролцох, гарын үсэг зурах, УИХ-ын баталсан хуульд хориг тавих, онц болон дайны байдал зарлах, төрийн нууц боловсруулах, хадгалах, хамгаалах, хаалттай хуралдаан хийх журмыг батлах, иргэншил олгох зэрэг чухал асуудлуудыг хариуцан ажилладаг аж. 

Хэрэв Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл ЭНД дараарай.






Ё гэдэг нь Ёс зүй 

Ёс зүйтэй сонгогч гэж хэнийг хэлэх вэ? Тэр бол бусдад саналаа худалддаггүй, өрөөл бусдын нөлөөнд автдаггүй, сөрөг болон худал мэдээллийг дэмждэггүй нэгэн. 






Ж гэдэг нь Жаран биш ч зургаан жил 

Өмнө нь бид дөрвөн жилд нэг удаа Төрийн тэргүүнээ сонгодог байсан бол Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгон сунгажээ.

Хэдий жаран биш ч бүхэл бүтэн зургаан жил биднийг хийсэн сонголтдоо харамсахгүйгээр амьдруулж чадах тийм л нэгнийг сонгох шаардлагатай тулгараад байна шүү, та минь ээ!






З гэдэг нь ЗБ

Сонгуулийн ЗБ гэхээр чи хэнийг төсөөлж байна вэ? Тэд бол бүхнийг зохицуулагч Сонгуулийн ерөнхий хороо юм. 

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар тэд нэр дэвшигчдийг бүртгэж, үнэмлэх олгож, саналын хуудсыг хариуцаж, дүнг нэгтгэн хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг олон нийтэд “Еөөөөөк” хэмээн зарлах юм.






И гэдэг нь Иргэний үүрэг

Хариуцлагатай иргэн байх тийм ч хэцүү биш. Чи дөрвөн жилд гурван удаа буюу Ерөнхийлөгч, УИХ, ИТХ-ын сонгуульд идэвхтэй оролцоход л иргэний үүргээ биелүүлдэг “мундаг иргэн” болно.

Ангийн дарга ямар байхаас анги хамт олны амжилт тодорхойлогддог шүү дээ. Үүнтэй адил бид улсынхаа Төрийн тэргүүнийг сонгох цаг хаяанд иржээ.






Й гэдэг нь Ййй, болохгүй шүү!

Сонгуульд саналаа өгнө гэдэг их амархан юм шиг мөртлөө хариуцлагатай ажил байдаг. Тиймд энэ үед юу хийхийг хориглодог тухай мэдээлэлтэй байх нь мөн л чухал. Үүнд:

1. Тухайн санал авах байранд санал өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх
2. Өөр хүний болон хуурамч баримт бичиг ашиглаж санал өгөх, санал өгөхийг оролдох
3. Тухайн хэсгийн хорооноос олгосноос өөр саналын хуудас ашиглах
4. Санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, эсвэл авч гарах
5. Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах үйлдэл гаргах
6. Саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах, зориулалтын бус үзгээр санал тэмдэглэх
7. Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсвэл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах.






К гэдэг нь Күүл иргэн

Үнэтэй пүүз өмссөн, гоё машин унасан залуусыг л “күүл” гэж нэрлэдэг үе ард хоцорсон. Харин одоо цагт мэдлэгтэй, мэдээлэлтэй, идэвх оролцоотой залуусыг энэ үгээр тодорхойлж болох юм.

Тэгвэл энэ зун күүлүүдийн хамгийн эхэнд хийх зүйл бол сонгуульд саналаа өгөх. Гэхдээ цаасан дээр бичигдсэн нэрсээс хамгийн их таалагдсан эсвэл өвөрмөц санагдсанаа таамгаар дугуйлах нь тэдний хийх үйлдэл биш.

Күүл иргэд сонгууль болохоос өмнө нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, сонгуулийн тухай судалдаг. Чи тэдний нэг болмоор байна уу? 






Л гэдэг нь Лхагва гараг, бидний өдөр

Энэ оны хамгийн чухал өдөр Лхагва гарагт тохиож байна. Учир нь 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 9-ний Лхагва гарагт тогтсон билээ.

Энэ өдөр бидний сонгуульд саналаа өгөх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс бүх нийтээрээ амрах болно. Тиймээс өөрсдийн санал, дуу хоолойг хүргэх чухал үйл явдлаас битгий хоцроорой. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг шүү дээ.






М гэдэг нь Миний нэр байна уу?

Чи сонгуулийн өдөр ямар хувцас өмсөж, нүүрээ яаж будахаа бодохоосоо ч өмнө сонгогчдын нэрсийн жагсаалтад өөрийнхөө нэрийг байгаа эсэхийг шалгах ёстой. Иргэнийхээ үүргийг биелүүлнэ гээд хамаг гоё дээрээ тавьчхаад саналаа өгөхөөр очтол нэр тань бүртгэлгүй байвал яах вэ?

Тиймээс ийм гоомой үйлдэл хийхгүйн тулд энэ сарын 25-ны өдрөөс хойш www.election.burtgel.gov.mn сайтаар нэвтэрч нэр чинь бүртгэлтэй байгаа эсэхийг шалгаарай. Заавал!






Н гэдэг нь Нэр дэвшигчид

Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв ХҮН электорат" эвслээс Д.Энхбат нар өрсөлдөж байна. 





О гэдэг нь Оролцоо

Залуус сонгуульд хэр идэвхтэй оролцдог вэ гэдгийг УИХ-ын сүүлийн гурван удаагийн сонгуулийн ирцээр харуулъя.

- 2012 оны УИХ-ын сонгууль 18-25 насны залуусын 38 хувь нь,

- 2016 оны УИХ-ын сонгуульд 18-25 насны залуусын 50 хувь нь,

- 2020 оны УИХ-ын сонгуульд 18-25 насны залуусын 63 хувь нь саналаа өгсөн байна.

Гэсэн ч бидэнд дахин 37 хувь сох дутаж байгааг та бүхэн харж байна.






Ө гэдэг нь Өөрийнхөө төлөө

Иргэн биднийгээ үүргээ биелүүлснийх нь төлөө шагнан урамшуулж, бүтээгдэхүүн үйлчилгээндээ хямдрал зарладаг байгууллагуудыг хайрлаад хайрлаад ханашгүй. Гэхдээ чи аль нэг ресторан, кофе шопоос хямдрал эдэлж, үнэгүй бялуу идэхдээ биш, “энэ бол миний үүрэг” гэдэг үүднээс сонгуульдаа саналаа өгөөрэй. 






П гэдэг нь ПиАр

Сонгууль болох дөхөхтэй зэрэгцэн нэгэн нэр томьёо трэнд болдог нь PR. Товчхондоо хар ПиАр гэдэг нь сонгуульд ялалт байгуулахын тулд өрсөлдөгч талаа харлуулахын тулд хийдэг оролдлого юм. Сонгуулийн ПиАр цагаан ч байж болдог.

Тэгвэл factcheck.mn сайтаас тэнцвэртэй, бодитой мэдээллийг таних тухай дараах зөвлөгөөг өгсөн байна.

- Мэдээллийн эх үүсвэрийг нягтал

- Агуулгыг нягтал

- Домэйн хаягийг нягтал

- Дурдагдсан бүх эх сурвалжийг нягтал

- Тэнцвэртэй мэдээлэл өгч чадаж байна уу?

- Баримт уу эсвэл үзэл бодол уу?

- Тухайн мэдээллийг дэмжих баримтыг дурдсан байна уу?






Р гэдэг нь Регистр

Сонгогч та саналаа өгөхөөр явахдаа иргэний үнэмлэхээ авч очих бөгөөд хурууны хээгээ даран өөрийн регистрийн дугаар, овог нэр, нас хүйс, оршин суугаа газрын хаяг зэрэг мэдээллээ сонгогчийн нэрийн жагсаалтын цахим хувилбартай таарч байгаа эсэхийг шалгаж хараарай. 

Spoiler Alert!!!: Сонгуульд анх удаа саналаа өгч буй ботгонууддаа хандан хэлэхэд сонгуулийн хороонд очиж хурууны хээгээ дарахад мэдээлэл чинь дэлгэцэн дээр тодоос тод, томоос том гарч ирдэг. Иргэний үнэмлэх дээрх зургаасаа ичсэндээ болоод саналаа өгдөггүй гээд сууж байдаг хүмүүс байдаг гээд л бод! Ийм “тэнэг” ч гэх үү, инээдтэй ч гэх үү шалтаг хэлээд сууж байвал өөртөө л гомдох болж дээ, Цэнцрэн минь.






С гэдэг нь Саналын хуудас

Саналын хуудас бол санал өгснийг чинь илтгэх гол баримт тул дээд зэргийн анхааралтай бөглөхийг зөвлөе. Ингэхдээ өөрийн сонгосон нэг л нэр дэвшигчийн нэрийн урд байрлах нүдийг илүү гаргалгүй, дутуу ч үлдээлгүй будаж, санал хураах автомат машин руу хийгээрэй. EZ байгаа биз?






Т гэдэг нь Тэрбум тэрбумаар хэмжигдэх зардал

Сонгуулийг зохион байгуулах зардал тэрбум тэрбумаар тоологддог. Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд л гэхэд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 8,1 тэрбум төгрөгөөр тогтоосон. Түүнээс гадна сонгуулийн үйл ажиллагааны зардал улсын төсвөөс гардаг. 

Гол анхаарах зүйл гэвэл сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын 50 болон түүнээс дээш хувь нь саналаа өгөөгүй сонгуулийн санал хураалтын ажлыг дахиааааааад л зохион байгуулдаг. Бидний болон эцэг эхийн маань халааснаас мөнгө урсаж гараад л байна гэсэн үг шүү дээ. 

Тиймээс "миний саналаар л дутав гэж", "гардаг хүмүүс нь л гарах биз" гэсэн бодолтой явдаг бол наад бодлоо засаарай, нөхөөр! 






У гэдэг нь Ухнаагийн Хүрэлсүх

Хэдхэн сарын өмнө бидний Ерөнхий сайд байсан Ухнаагийн Хүрэлсүх нь МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаас ногоон гэрлээр буюу 100 хувийн саналаар дэмжигдэн сонгуульд нэр дэвших эрхээ баталгаажуулсан. Түүний намтар түүхээс дурдвал: 

Улс төр судлаач мэргэжилтэй бөгөөд 1991-1994 онд МАХН-ын Төв Хорооноос улс төрийн гараагаа эхлүүлж байжээ. Түүний улс төрийн карьерын оргил үе бол 2017-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаал хашсан үе билээ.

Түүний товч намтар болон мөрийн хөтөлбөртэй танилцах бол ЭНД дараарай.

 






Ү гэдэг нь Үндэсний хувцас

Бидний өвөө, эмээ одон “мядаал”-аа зүүгээд хамгийн ганган дээлээ өмсөж иргэний үүргээ бахархалтайгаар биелүүлдэг уламжлалтай. 

Энэ уламжлал залуусын дунд алдартай биш байсан ч өнгөрсөн жилийн УИХ, ИТХ-ын сонгуульд залуучууд саналаа өгөхдөө монгол дээлээрээ гангарч ирцгээх болсон. Тиймээс энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийг угтан дээлтэй зургаараа Фэйсбүүкийнхээ нүүр зургийг шинэчилж, стори хийвэл гоё биш гэж үү? 






Ф гэдэг нь Фаак юүүү!

Playtime фестивальд явдаг шигээ сонгуульд саналаа өгцгөөе! Хэрвээ чи “миний ганц саналаар манай улс дутахгүй” гэж боддог бол маш буруу ойлголттой явжээ. Хэрэв чи болон чиний эргэн тойронд байдаг хүмүүс сонгуульд тийм ч их ач холбогдол өгдөггүй бол Фаак юүүү!






Х гэдэг нь Хар машин

Сонгуулийн санал тоолох автомат машин буюу бидний хэлж заншсанаар хар машины тухай товч тайлбарлая. Энэ нь чи бидний өгч буй саналын хуудсыг бүртгэж тоолохдоо ашигладаг машин юм. Монгол улс хамгийн анх 2012 оны сонгуулиар санал тоолох машиныг нэвтрүүлсэн ба энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд ч мөн ашиглах юм.






Ц гэдэг нь Цагаан сонголт

Цагаан сонголт гэдэг нь сонгогч саналын хуудсан дээр нэг ч нэр дэвшигчийн нэрийг дугуйлахгүйгээр хураалгахыг хэлдэг. Хэдийгээр аль ч нэр дэвшигчийн нэрийг дугуйлаагүй ч уг саналын хуудсыг хүчинтэйд тооцдог аж. 

Өнгөрсөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 18.6 мянга гаруй иргэн цагаан сонголт хийжээ. Энэ нь хэдийгээр бага мэт боловч сонгуулийн санал хураалтыг дахин зохион байгуулахад нөлөөлөх боломжтой. 






Ч гэдэг нь Чухал өдрүүд

Энэ жилийн хувьд сонгуулийн сурталчилгааг тавдугаар сарын 24-нөөс зургадугаар сарын 8-ны 00:00 цаг хүртэл хийхээр болжээ. Гэхдээ энэ бүх хугацааг чихэнд чийртэй, нүдэнд халтай гэж битгий хараарай. Санал өгөх цаасан дээр сонголтоо зурж тэмдэглэхээс хэд дахин чухал ажлыг чи энэ хугацаанд хийх ёстой. Чиний сонгох гэж буй нэр дэвшигч хэр мэдлэгтэй, мөрийн хөтөлбөр нь хэр бодитой байна вэ гэдгийг эдгээр өдрүүдэд шалгаарай.

Тараасан материал, сонин дээр нь цуйвангийнхаа гурилыг амраах бус дээр нь бичсэн мэдээ, мэдээллийг уншиж танилцаарай. Чухлаас чухал 14 хоног нэг л мэдэхэд дуусчихна шүү.





Ш гэдэг нь Шүүмжлэх эрхгүй

Бид Монгол Улс маань хөгжихгүй байна, Худал хуурмаг зүйлсээр дүүрэн байна, Ер нь энэ улсад бүх зүйл болж бүтэхгүй байна” гэж шүүмжилдэг. Үнэндээ энэ бүгдэд залуус бидний улс төрийн оролцоо бага байгаа нь нөлөөлдөг юм шүү.

Тиймээс Ерөнхийлөгчийн ч бай, УИХ-ын ч бай, ИТХ-ын ч бай сонгуулийн санал хураалтад оролцдоггүй бол танд Монгол Улсад юмс болж бүтдэггүй хэмээн шүүмжлэх эрх байхгүй шүү. Хайр дурлалд серьезный” ханддаг шигээ л байцгаая. 






 Щ гэдэг нь Щаавас даа, муу троллууд

 Троллууд энгийнээр бол цахим орчинд ёс зүйгүй аашилж, хүмүүсийн сэтгэл зүй дээр тоглолт хийж амгалан тайван байдлыг маань алдагдуулдаг. Сонгуулийн үеэр үй олноороо гарч ирнэ. Гэсэн ч эднээс болоод оюун бодлоосоо "сонгууль" гэсэн сэдвийг арчаад хаячхаж болохгүй л дээ. Бид саналаа өгөх нэр дэвшигчдийнхээ талаар судалсаар л байх ёстой. 

Щаавас даа, муу троллууд. Бидэнд нөлөөлж чадахгүй ээ. smiley






Ь гэдэг нь Зөөлөн хүчээр эвсэлдүүлэгч

Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч билээ. Энэ хүн шаардлагатай үед нийгмийн бүлэг, хэсэг, улс төрийн хүчнүүдийн хооронд зөвшилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлдэг. 






Ъ гэдэг нь Хатуу чанга

Ерөнхийлөгч бол хатуу чанга хүн. Тэр Ерөнхийлөгч болсноор зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэх цолоор давхар цоллогддог. 

Ерөнхийлөгч зэвсэгт хүчний дайны үеийн бүтэц, зохион байгуулалт, зэвсэгт хүчнийг дайнд ашиглах ерөнхий төлөвлөгөөг баталж, цэргийг байлдааны бэлэн байдлын зэргүүдэд шилжүүлэх, байлдааны ажиллагаа эхлэх шийдвэр гаргана.






Ы гэдэг нь Зургаан жил

Зургаан жил хэр удаан хугацаа вэ? Зургаан жил бол дүү чинь төрөөд бага сургуулийн нэгдүгээр ангид орох хугацаа. Зургаан жил бол найзууд чинь Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсөх хугацаа. Зургаан жил бол Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд "домог" гэж хэлэгдэх хэмжээний хугацаа.

Айхтар урт хугацаа байгаа биз?






Э гэдэг нь С. Эрдэнэ

Содномзундуйн Эрдэнэ бол Улс төрч, Хуульч, Удирдахуйн ухааны доктор. Тэрээр ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг бөгөөд Багануур дүүргийн МоАХ-г үүсгэн байгуулснаар ажлын гараагаа эхлүүлж байжээ. Түүний улс төрийн карьерын оргил үе бол:

- 2007-2008 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч,
- 2008 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2017 оноос Ардчилсан Намын даргаар сонгогдон ажиллаж буй үе юм.

Түүний товч намтар болон мөрийн хөтөлбөртэй танилцах бол ЭНД дараарай.






Ю гэдэг нь Юуны тулд саналаа өгч байгаа вэ?

Ер нь энэ бүхэн юуны төлөө гэж? Бид сонголтоо “ЗӨВ” байлгахын тулд өөрийн гэсэн байр суурьтай, идэвхтэй байх ёстой. Үгүй бол чацга царайлаад... за за тоглосон юм. Үгүй бол үр дүнд нь бидний эрх ашиг, сонирхол, хүсэл эрмэлзэл талаар болно.






Я гэдэг нь Яараарай

Цаашдын зургаан жилийн хугацаанд манай улсыг удирдах төрийн тэргүүнийг сонгох сонгууль дээр дурдсанчлан зургадугаар сарын 9-ний өглөөний 07:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Бараг л бүтэн өдөржин санал хураах үйл ажиллагааг зохион байгуулж байхад 22:01 минутад оччихоод “Би ч Монгол улсын иргэн”, “Би л сонгуульд саналаа өгөх ёстой” гэж уйлан дуугардаг хачирхалтай хүмүүс байдаг шүү. За тэгээд сануулсан шүү. Яараарай!

Эх сурвалж: Сонгуулийн тухай хууль, Сонгуулийн ерөнхий хороо, Fact Check

#Мэдээлэл #Үйл явдал #Ерөнхийлөгчийн сонгууль #Сонгуулийн боловсрол