Ичимхий зангаасаа САЛАХАД тань туслах таван зөвлөмж


Миау | YOLO.MN
2021-05-13

Шинэ хүмүүстэй танилцахдаа, олон хүмүүсийн өмнө гарахдаа, аль эсвэл таалагддаг хүнтэйгээ уулзахдаа тэдгээр хүмүүс өөрийг нь юу гэж бодох бол гэдэгт хэт их ач холбогдол өгч, сандардаг хүмүүс цөөнгүй. 

Гэхдээ энэ бүх зүйл зүгээр ээ. Бид эрүүл байж, биеийнхээ булчинг хөгжүүлэхийн тулд дасгал хийдэг шиг олон нийтийн өмнө нээлттэй байх чадвараа ч мөн хөгжүүлэх боломжтой. Ингээд ичимхий зангаасаа салахад тань туслах таван зөвлөгөөг хүргэж байна. 


Ичимхий зан гэж юу вэ?

Өөрийн тухтай бүсээсээ гарч, олон нийттэй харилцахдаа энгийн үед байдгаасаа ихээр сандарч, хэвийн байдгаасаа өөр болдог хүмүүсийг ерөнхийдөө ичимхий хэмээн тодорхойлж болох юм. Тэд энэ үед хүмүүс өөрийг нь буруугаар бодох вий, шүүмжлэх вий, шоолох вий гэх зэргээр бусдын бодолд хэт их ач холбогдол өгдөг.

Интроверт хүмүүсээс ялгаатай нь тэд нээлттэй байхыг хүсдэг ч өөрийнх нь санааг няцааж, өөрийг нь шүүмжлэх б гэсэн айдсаасаа болоод тийм байж чаддаггүй. Тийм учраас шинэ орчин, шинэ хүмүүстэй харилцахдаа өөрийгөө нээлттэй байлгахаас илүү бүхий л бодол, сэтгэгдлээ дотроо хадгалахыг илүүд үздэг байна. Ямартай ч энэ байдал бидний амьдралд лав сайнаар нөлөөлдөггүй билээ. 

Хаанаас бий болдог вэ?

Лондон хотын судалгааны King’s College London сургуулийн профессор Thalia Eley ичимхий зан бидний хүмүүжил болон өссөн орчноос 70 дахь шалтгаалдаг гэжээ. Тухайлбал, өөрийг нь хэт их хамгаалдаг эцэг эхтэй бол, багадаа гадуурхалтад өртөж байсан бол, бусдын өмнө эвгүй байдалд орж байсан мартагдашгүй дурсамжтай бол ирээдүйд ичимхий нэгэн болох магадлал өндөр аж.

Харин үлдсэн 30 хувь нь генийн мэдээлэлтэй холбоотой. Хүүхэд төрөлх инстинктээрээ ойлгохгүй, удирдаж чадахгүй нөхцөл байдалдаа өөрийгөө хамгаалах үйлдлийг хийдэг. Тиймээс төрөлхийн ичимхий хүүхэд анх удаа тоглоомын талбай дээр очихдоо өөрийгөө бусдаас тусгаарлах хандлагатай байдаг бөгөөд үүнд бага багаар дасаж эхэлдэг билээ.

Ямар ч нөхцөл байдалд тайван байдаг чанарыг бурхны бэлэг гэж хэлж болох ч хэн ч ийм болох бүрэн боломжтой юм шүү.

1. АНХААРЛЫГ ӨӨРӨӨСӨӨ ХОЛДУУЛ

Анхаарлаа бусдын бодолд бус ярьж буй зүйлд нь хандуулаарай. Тэд чиний зан чанар болон гадаад байдлын талаар сөрөг бодолтой байгаа эсэхийг тааж суухын оронд тэдний ярьж буй яриа, амьдрал, түүхийг нь чухал хичээлийнхээ лекцийг сонсож байгаа мэтээр чин сэтгэлээсээ сонсож, сониучирхаарай.

2. ӨӨРТӨӨ ҮҮРЭГ ОНОО

Сэтгэлзүйчдэд хандаж буй хүмүүсийн дийлэнх нь ажлын байран дээрээ өөртөө итгэлтэй байдаг ч бусад орчинд ичимхий болчихдог гэнэ. Жишээлбэл, эмч, сувилагч нар өвчтөнтэйгөө харьцахдаа өөртөө болон мэдлэгтээ их итгэлтэй байдаг ч нийгмийн өөр бүлгийн, өөр салбарын хүмүүсийн дунд орохоороо ичимхий болдог хандлагатай байна.

Чи ч мөн тэдний нэг бол олон нийтийн харилцаанд орохдоо өөртөө ямар нэгэн үүрэг оноогоорой. Жишээлбэл, бусдад туслах нь миний үүрэг. Бусдад тухтай мэдрэмж төрүүлэх нь миний үүрэг гэх мэт. Өөртөө ийнхүү үүрэг оноовол элдэв зүйл бодохоосоо илүүтэйгээр өөрийн тэрхүү “үүрэг”-тээ төвлөрч чадна.

3. ӨӨРТӨӨ ЗӨӨЛӨН ХАНД

Мэргэжилтнүүдийн өгч буй дараагийн зөвлөгөө бол ямар ч орчин нөхцөлд орсон бай өөртөө зөөлөн хандах юм. Буруу зүйл хийснийхээ дараа бодол дотроо өөрийгөө буруутгаж, зүхэх хэрэггүй.

Энгийнээр бол бид өөрсдийгөө хэчнээн хатуугаар зэмлэх тусам хүмүүс биднийг тэгж бодож байгаа байх гэж таамаглах нь их байна.

4. МЭДРЭМЖЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨР

Бусад бүхий л мэдрэмж, сэтгэл хөдлөлүүдийн адилаар ичих нь ч гэсэн хэвийн. Аз жаргалтай байх хэвийн. Гунигтай байх ч хэвийн. Ичимхий байх ч мөн адил. Тиймдээ ч ичимхий зангаасаа салахыг хүсвэл үүнийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

“Би ичимхий. Гэхдээ үүнийгээ нэг их хүндээр хүлээж авдаггүй. Энэ тухай бодлуудад ч автдаггүй” гэж бодоорой. Ийм сэтгэлзүйг өөртөө суулгаж чадвал ичимхий байдал тань багасна.

5. ӨӨРИЙНХӨӨРӨӨ БАЙ

Өөрийнхөөрөө бай гэдэг зөвлөгөөг та залхтлаа л сонссон байх. Гэхдээ магадгүй хамгийн үр дүнтэй зөвлөгөө энэ ч байж магадгүй юм. Тэгвэл өөрийнхөөрөө байх гэж ямар байхыг хэлдэг вэ? Өөрийгөө хэвийн үед байдгаасаа хэт дөвийлгөх ч үгүй, хэт дарах ч үгүй байхыг хэлнэ.

Сүүлийн жилүүдэд бидэнд алдартай илтгэгч, нөлөөлөгчдийн үг бус энгийн, хэнд ч таалагдахыг хичээдэггүй хүмүүсийн хэлсэн үг, илэрхийлэх гэсэн санаа илүү хүрдэг болжээ.

Магадгүй бидний хэлэх гэсэн санаа танд дээрх текстүүдээс илүү дараах анимэйшнээр тодорхой хүрэх байх.

Уг анимэйшнийг бүтээгчид хүний оюун санааг цайвар цэнхэр өнгийн тэнгэрээр, бодол, мэдрэмж, үйл явдлуудыг үүлээр илэрхийлэхийг оролджээ. Өөрөөр хэлбэл бусдаас ичих энэ мэдрэмж яг л анимэйшнд дүрслэгдсэн үүлнүүд шиг гарч ирж, мөн гарч ирсэн шигээ замхардаг. Гэвч бидний дотоод итгэлтэй байдал цэнхэр тэнгэр шиг байж л байдаг юм шүү.

Эх сурвалж: Head Space

#Зөвлөгөө #Хувь хүний хөгжил #Ичимхий #Headspace