Дэлхий дээрх хамгийн УРТ настай 10 амьтан


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2021-05-11

Хүн төрөлхтөн дунджаар 71 жил амьдардаг гэсэн судалгаа бий. Гэтэл зарим амьтдын хувьд энэ нь маш өчүүхэн хугацаа ажээ. Бүр үхэшгүй амьд биет хүртэл байдаг гээд бод доо. Энэ удаа бид дэлхий дээрх хамгийн урт настай арван амьтанг танилцуулж байна.

10. АФРИКИЙН ЗААН

Наслалт: 85-90 жил

Африкийн заан нь хуурай газрын хамгийн том амьтан бөгөөд дунджаар 85-90 жил амьдардаг. Мэргэжилтнүүд зааны насыг шүдний хэмжээ болон тоо толгойгоор нь хэмждэг. Мөн заан хуурай газрын амьтдаас хээлээ хамгийн удаан тээдэг амьтанд тооцогддог. Учир нь эм заан 22 сарын турш үр төлөө тээдэг аж.

9. МАКАВА ТОТЬ

Наслалт: 100 жил

Тод өнгийн өдөөрөө гайхагддаг Макава тотьны наслалт дунджаар 100 жил байдаг. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд Макава тотины тоо толгой эрс цөөрч байна. Нэг макава тоть ойролцоогоор 1000-5000 долларын үнэд хүрдэг учраас амьтны хууль бус наймаа эрхэлдэг хүмүүс тэднийг олноор нь барьж авч худалдаалдаг. Хэзээ нэгэн цагт шувууд торонд биш байгальдаа эрх чөлөөтэй жиргэж байхдаа хамгийн үзэсгэлэнтэй байдаг гэдгийг хүмүүс ойлгоно байх.

8. ТАУТАРА

Наслалт: 100 жил

Таутара бол 200 сая орчим жилийн тэртээ амьдарч байсан сфенодонтиа овгоос амьд үлдсэн цорын ганц гишүүн. Үндсэндээ энэ амьтан бол амьд олдвор. Таутара нь 100 гаруй жил амьдардгаараа дэлхийн хамгийн урт насалдаг сээр нуруутан амьтдын тоонд багтдаг.

7. ГАЛАПАГОСЫН АВАРГА ЯСТ МЭЛХИЙ

Наслалт: 100-187 жил

Яст мэлхий бол урт насалдаг гэдгээрээ олон танигдсан амьтан юм. Зөвхөн галапагосын аварга яст мэлхий төрөл зүйлээсээ хамгийн удаан амьдардаг нь биш. Ихэнх яст мэлхий 100-гаас дээш наслах боломжтой. Өнгөрсөн жил л гэхэд Жонатан хэмээх Сейшелийн арлуудын яст мэлхий 187 жил насалж Геннисийн номд бичигдсэн.

6. УЛААН ТЭНГИСИЙН ЗАРАА

Наслалт: 200 жил

Улаан тэнгисийн зараа нь 450 орчим сая жилийн өмнө үүссэн. Мөн энэ төрлийн зараанд хөгшрөлтийн шинж тэмдэг илэрдэггүй учир үхэшгүй мөнх ч гэж үзэх нь бий. Одоогоор тогтоогоод байгаа хамгийн өндөр настай улаан тэнгисийн зарааг 200 настай гэж үзэж байна. Ер нь энэ төрлийн зараа хөгшрөлтөөс болж бус махчин амьтны идэж болж үхэх магадлал өндөр байдаг. 100 настай улаан тэнгисийн зараа бие махбодын хувьд яг л залуу төрөлтөн шиг нөхөн үржихүйн чадвартай байдаг ажээ.

5. КОЙ ЗАГАС

Наслалт: 40-226 жил

Японы алдарт Кой загасны дундаж наслалт 40 орчим жил байдаг боловч зохих нөхцөлд зөв тэжээж чадвал илүү ч урт наслах боломжтой. “Ханако” нэртэй Кой загас үүний нэгэн жишээ бөгөөд 1751 онд төрж 226 жил насалсан байдаг. Сонирхуулахад, эрдэмтэд загасны насыг хайрсан дээрх судлаар нь тооцоолдог байна.

4. НУМАН ТОЛГОЙТ ХАЛИМ

Наслалт: 90-211 жил

Ихэнх нуман толгойт халим 200 гаруй жил амьдардаг. Гэхдээ халимны насыг тогтоох хялбар биш. Эрдэмтдийн тооцоолж байгаагаар халим ихдээ 268 жил амьдрах боломжтой аж.

3. ГРЕНЛАНДЫН АВАРГА ЗАГАС

Наслалт: 300-500 жил

Гренландын аварга загас дунджаар 300-500 жил амьдардаг бөгөөд хамгийн урт насалдаг сээр нуруутан юм. Эмэгчин аварга загас 100-150 нас хүрч байж үржилд ордог. Хэдийгээр энэ загас асар том хэмжээтэй, урт насалдаг боловч эрдэмтдийн хувьд нууцлаг амьтан хэвээр. Эрдэмтэд саяхан л нүдний болроор нь дамжуулж насыг нь тооцоолох шинэ аргыг олоод буй юм. 

2. ДАЛАЙН КҮАХОГ ХЯСАА

Наслалт: 400-507 жил

Далайн күахог хясаа олон жил насалдаг бөгөөд хүнсэнд хэрэглэж болдгоороо онцлог. Энэ хясаа нь 400 хүртэлх жил наслах нь энгийн үзэгдэл. 2006 онд Исландын эргээс олдсон хясаа 507 настай байсан бөгөөд одоогоор тогтоогдоод байгаа хамгийн эртний хясаа юм. Модны насыг хожуулынх нь өсөлтийн цагиргийг тоолж олдог шиг хясааны насыг ч дээд талын цагиргийг нь тоолж олдог байна. Эрдэмтэд дэлхийн хамгийн эртний хясааны насыг нь тоолохын тулд бүрхүүл ясыг нь нээх гэж байгаад санамсаргүй хөнөөсөн байдаг.

1. ҮХЭШГҮЙ ДАЛАЙН ЗАЛХАГ

Наслалт: Тодорхойлох боломжгүй

Үхэшгүй мөнх гэдгийг та яг яаж төсөөлж байна вэ? Хөгширч үхэхийн оронд өөрийгөө дахин нөхөн төлжүүлдэг юм болов уу? Бидний хувьд энэ бол зөвхөн мөрөөдөл. Харин үхэшгүй далайн залхагийн хувьд энэ нь бодит амьдрал нь юм. Далайн залхагийн амьдрал авгалдайнаас эхэлнэ. Тэд ихэвчлэн далайн ёроолд суурьшина. Ингэхдээ ямар нэгэн байдлаар бэртэж гэмтэх, хүрээлэн буй орчны өөрчлөлтөөс үүдсэн шахалттай учирсан тохиолдолд хөврөлийн эхний шатандаа шилжиж өөрийгөө нөхөн төлжүүлж чаддаг. Бусад амьтдын оройн зоог л болчихгүй бол далайн залхаг өөрийгөө хэчнээн ч удаа нөхөн төлжүүлж, хэдэн зуун жил ч амьдрах чадвартай аж.

Эх сурвалж: One Kind Planet

#Сонин хачин #Амьтад #Урт наст