“Иргэн төсөл”-ийн орон нутгийн болон үндэсний шалгаруулалт ЦАХИМААР зохион байгуулагдана


YOLO.mn | YOLO.MN
2021-05-07

Иргэний Боловсролын Төв нь Монгол улсад 1996 оноос эхлэн “Иргэн төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хугацаанд 16,000 гаруй багш, сурагчдыг уг төсөлд хамруулаад байна. Харин 2020-2021 оны хичээлийн жилд 70 сургууль дээр энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм. 

Иргэн төсөлд оролцож байгаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчид баг болж өөрийн амьдарч буй орон нутаг, сургууль, анги, сурагчдад тулгамдсан асуудлыг тодорхойлон, нотолгоо баримтад тулгуурлан шийдвэрлэх арга замыг тусгасан төсөл бэлтгэн, түүгээрээ шийдвэр гаргагчдад нөлөөлөх замаар бодит өөрчлөлтийг бий болгодог онцлогтой. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш жил бүр багууд төслийн үйл явц, үр дүн, сурсан мэдсэнээ цомог болгон олон нийтэд танилцуулдаг байна.


 2017-2018 оны хичээлийн жилд Иргэн төслийн үндэсний шалгаруулалтыг Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран зохион байгуулсан. Үүнд 13 аймгийн 47 сургууль, Улаанбаатар хотын 23 сургуулиас шалгарсан 12 баг Улаанбаатар хотноо Үндэсний шалгаруулалтад оролцон хийсэн ажлаа тайлагнасан.

 2018-2019 оны хичээлийн жилд 101 сургуулийн 179 багш, 3,385 сурагч “Иргэн төсөл”-ийг хэрэгжүүлсэн бөгөөд Хэнтий, Булган, Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул, Ховд, Өвөрхангай, Дундговь аймаг, Улаанбаатар хотоос шалгарсан 13 баг Үндэсний шалгаруулалтад оролцон тулгамдсан асуудлаа хэрхэн шийдвэрлэж, төслөө хэрхэн хэрэгжүүлснээ олны өмнө амжилттай тайлагнасан юм.

 2019-2020 оны хичээлийн жилд 63 багшийг “Иргэн төсөл”-ийн шинээр багшаар бэлтгэн билээ. Мөн 120 сургуульд “Иргэн төсөл”-ийг хэрэгжүүлэхээр бүртгэн, асуудлаа сонгож авсан боловч “COVID-19” цар тахлын улмаас дийлэнх нь төслөө үргэлжлүүлж чадаагүй билээ. Гэвч эдгээрээс 12 баг сонгосон асуудлаа шийдвэрлүүлж чадсан байна.

 2020-2021 оны хичээлийн жилд 136 багшийг “Иргэн төсөл”-ийн сургалтад хамруулан бэлдэж, 140 сургууль Иргэн төсөлд оролцохоор хүсэлт гаргасан байна. Эдгээрээс “COVID-19” цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 72 сургуулийн багш сурагчид “Иргэн төсөл”-ийг хэрэгжүүлж байна.


Энэ жилийн “Иргэн төсөл”-ийн шалгаруулалтад 54 сургуулийн баг оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Энэ удаагийн шалгаруулалт үүсээд буй цар тахлын нөхцөл байдлын улмаас анх удаа цахимаар явагдаж байгаа нь ихээхэн онцлогтой.

Шалгаруулалт хоёр үе шаттай явагддаг бөгөөд эхний шат бол орон нутгийн түвшний шалгаруулалт юм. Тус шатанд “Иргэн төсөл” хэрэгжүүлж буй бүх сургуулиуд сургууль дээрээ тэмцээн явуулж, дундаасаа нэг баг шалгаруулан аймгийн болон бүсийн шалгаруулалтад оруулна. Аймаг, бүсээс шалгаруулалтын эхний гурван байр эзэлсэн багууд Үндэсний шалгаруулалтад орох эрхийг авна. Хоёр дахь шат бол үндэсний шалгаруулалт: “Иргэн төсөл”–ийн Үндэсний хэмжээний шалгаруулалтад аймаг болон бүсээс шалгарсан нийт 12 баг цахимаар оролцох боломжтой.

“Иргэн төсөл”-ийн 2020-2021 оны хичээлийн жилийн шалгаруулалтад оролцох  Баянхонгор, Дорнод, Өвөрхангай, Ховд, Дундговь, Төв, Орхон, Сэлэнгэ Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотын нийт 54 багийн сурагч, багш нартаа амжилт хүсье!


АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр World Learning, Иргэний Боловсролын Төв хамтран хэрэгжүүлж буй “Залуучууд Ардчилалд хувь нэмрээ оруулна” (LEAD Mongolia) хөтөлбөрийн 3-р бүрэлдэхүүн хэсгийн зорилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Иргэн төсөл”

#Мэдээ #Боловсрол #Иргэн төсөл #Хувь хүний хөгжил