Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (05.10-05.16)


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2021-05-07

Удаан хугацаанд үргэлжилсэн хатуу хөл хорио суларч, маргаашаас эхлэн ААН-үүдийн 80 орчим хувь нь үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх гэж байна.

Ингээд хөл хорио суларч, улбар шар түвшинд шилжиж буй ирэх долоо хоногт залуучуудын хамрагдах боломжтой ямар ямар арга хэмжээ, тэмцээн уралдаанууд зохион байгуулагдахыг багцлан хүргэе.

СУРГАЛТ

1. БИД ДИЖИТАЛ ИРГЭД

Хэзээ: Тавдугаар сарын 13-ны 14 цагт

Хаана: Онлайнаар

Зохион байгуулагч: We Think Digital Mongolia

Үргэлжлэх хугацаа: 2 цаг

Тайлбар: Дижитал технологиор хүрээлүүлэн амьдарч буй өнөө үед тоон систем дээр суурилсан техник, платформуудыг ойлгож, цахим орчинд эерэг байж сурах нь гудамжинд биеэ зөв авч явахтай адил зайлшгүй байх ёстой, энгийн ур чадвар болжээ.

Фэйсбүүк компанийн "Бид Дижитал Иргэд" төслийн хүрээнд хэрэгжиж буй хоёр өдрийн сургалтад хамрагдсанаар та цахим орчинд соёлтой байх, худал мэдээ мэдээллийг ялгаж таних аргуудыг мэдэж авна.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ОЛОН НИЙТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

2. “ААВ, ЭЭЖДЭЭ ХАНДАЖ ХЭЛЭХ БИДНИЙ ҮГС” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Хэзээ: Тавдугаар сарын 10-ны 19 цагт

Хаана: Онлайнаар

Зохион байгуулагч: Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоо

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 30 минут

Тайлбар: Ээж, аав нар хэдий өсвөр насыг тойрч биш дайраад гарсан ч энэ насны хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцах учраа төдийлөн олдоггүй. Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүй тогтворгүй байж, амархан уурлаж бухимдан, сэтгэл гутралд өртөх нь элбэг байдаг билээ.

Энэ үед эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ харилцах харилцаандаа дүгнэлт хийх нэн шаардлагатай юм. Иймээс тус хэлэлцүүлэгт хамрагдсанаар таны хүүхэд таниас юу хүсдэг хийгээд харилцаагаа хэрхэн эерэг болгох талаар суралцах боломжтой.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

УРАЛДААН ТЭМЦЭЭН

3. ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН УРАЛДААН - 2021

Бүтээл хүлээн авах хугацаа: Тавдугаар сарын 17 хүртэл

Зохион байгуулагч: “ЛГБТ” төв

Тайлбар: Монгол дахь бэлгийн болон хүйсийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг ЛГБТ төв нь зураач, илюстратор болон гэрэл зурагчдын дунд “Шилдэг бүтээлийн уралдаан”-ыг долоо дахь жилдээ зарлажээ.

“Күийр Улаанбаатар/Монгол”, “Күийр гэр бүл”, “Күийр мөрөөдөл” гэсэн сэдвийн хүрээнд бүтээл туурвина. Уран бүтээлүүд дижитал хэлбэртэй байх бөгөөд гараар зурсан бол гэрэл зургийг нь чанартайгаар авах шаардлагатай. Файл jpg өргөтгөлтэй, 6x4 харьцаатай, доод тал нь 1800 пиксель өргөн (хөндлөн зураг бол) буюу 1800 пиксель өндөр (босоо зураг бол)-тэй байх ажээ.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

4. “КОВИДГҮЙ ЗУНЫ МӨРӨӨДӨЛ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААН

Бүтээл хүлээн авах хугацаа: Тавдугаар сарын 25-ныг хүртэл

Зохион байгуулагч: “Харандааны хаан” групп

Тайлбар: Зургийг А4 эсвэл А3 хэмжээтэй цаасан дээр зурж, гэрэл зургийг тод, чанартай аван kharandaaniikhaan@gmail.com хаяг руу явуулах бөгөөд зургийн эх хувийг Улаанбаатар хот дахь “Comf-pro” салбар дэлгүүрүүдэд хүлээлгэн өгөх аж.

3-6, 6-11, 12-16 гэсэн насны ангиллаар зохион байгуулах ба бүтээлүүдийг “Харандааны хаан” группд байршуулж, хандалт болон шүүгчдийн үнэлгээгээр ангилал тус бүрд гурван байх шалгаруулна.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

#Event #Залуу үе