Minesweeper тоглоомыг хэрхэн ЗӨВ тоглох вэ?


Сэтгүүлч Б.Марал | YOLO.MN
2021-05-05

Энэ яваа насандаа Minesweeper тоглоомыг тоглож үзээгүй хүн байхгүй биз. Дүрмийг нь мэдэхгүй атлаа л хүссэн нүдэн дээр дарж, бөмбөг дэлбэлж тоглох хөгжөөнтэй. Тэгвэл энэ нийтлэлээр та бүхэнд Minesweeper гэх цахим тоглоомыг дүрмийнх нь дагуу хэрхэн тоглох талаар зөвлөгөөг хүргэж байна. 

Дээрх зураглалыг хармагц таны хүүхэд нас санаанд тань бууж байгаа байх. Тодорхой хэмжээний хүснэгт дээр тодорхой хэдэн тэсрэх бөмбөгийг нуусан байдаг. Хүссэн нэг нүдэн дээр товшиход нэг бол цифр эсвэл хар сараалжин бөмбөг ил гарч ирэн дэлбэрдэг.

Тэгвэл энэ тоглоомыг далайд нуусан тэсрэх бөмбөгийг олж идэвхгүйжүүлдэг ажиллагаанаас санаа авч 1960-аад оноос эхлэн олон төрлийн хувилбараар зохион бүтээсэн ажээ. “Немогийн эрэлд” киноны аварга загаснуудтай хэсэг дээр ийм төрлийн хэд хэдэн бөмбөг дэлбэрч гардаг.

Дэлхийн хоёрдугаар дайн өндөрлөж энх тайван тогтох цагаар шүргэхэд л дэлбэрэх олон мянган бөмбөгүүдийг олж идэвхгүй болгох нь улс орнуудын том зорилт байжээ.

Minesweeper гэдэг үг нь тэрхүү тэсрэх бөмбөгүүдийг олж илрүүлдэг хөлөг онгоцны нэр аж. Тэгвэл энэ тоглоом ч мөн адил далд нуугдсан бөмбөгүүдийг илрүүлэн туг дарцаг тавьж тэмдэглэх зорилготой тоглоом юм. Гэтэл бид багадаа яаж тоглодог байсан билээ? Ямар ч тактикгүйгээр хүссэн нүдэн дээрээ дураараа дарсаар байгаад бөмбөг олж дэлбэлчхээд "олчихлоо", "ялчихлаа" гэж боддог байсан шүү дээ. Тэгвэл бид буруу тоглож явжээ.


Тоглолтын эхний товшилт бол зуун хувь аз. Та хүссэн нэг нүдээ эргэлзэлгүйгээр товш. Бөмбөг дэлбэрвэл та их азгүй байна гэсэн үг. Дахиад л эхлүүлэх боллоо шүү дээ.

Харин цифр гарч ирвэл энэ тоо эргэн тойронд буюу найман зовхист тань байгаа тэсрэх бөмбөгнүүдийн тоог хэлж өгч байна гэсэн үг. Тэгэхээр ес болон түүнээс дээш хэмжээний цифр хэзээ ч гарч ирэхгүй нь. Харин ямар ч цифргүй нүд байвал түүний хүрээлэл “цэвэр” байна. Өөрөөр хэлбэл эргэн тойронд нь бөмбөг алга.

Эдгээр тоонуудыг ашиглаад бөмбөг байх магадлалтай, хардсан нүдэн дээрээ хулганыхаа баруун товчийг (mouse 2) дарж туг байрлуулна. Хэрвээ тун эргэлзээтэй нүд байвал хулганы баруун товчийг хоёронтоо дарж асуултын тэмдэг үлдээж болно.

Дарцгаа үлдээсэн байршлуудаас ургуулан бодож бусад нүднүүд цэвэр гэдгийг батлахын тулд өнөөх цифр дээрээ хулганы зуун баруун хоёр товчийг (mouse 1 + mouse 2) нэгэн зэрэг дараад үзээрэй.

Хэрвээ нэмж хэд хэдэн нүд ил гарч ирэхгүй байвал та бөмбөгөө буруу эсвэл дутуу илрүүлсэн гэсэн үг. Энэ мэтээр байрлал болон магадлалын ухаанаар тоглож өгөгдсөн тооны бөмбөгүүдийг олсон тохиолдолд та ялагч болно.

Дээрх зургуудад хэлбэр дүрстэй, гурван хэмжээстэй, гурвалжин нүдтэй, зургаан өнцөгтэй, нэг нүдэнд давхар бөмбөгтэй гэх мэт Minesweeper-ийн олон хувилбаруудыг үзүүлжээ. 

Хэрвээ та уг тоглоомыг илүү чадварлагаар тоглож сурахыг хүсвэл ЭНД дараарай. 

#Технологи #Сонин хачин #Minesweeper