Иргэний Боловсролын Төв ТББ нь АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл Ерөнхий боловсролын сурагчдад зориулсан “Иргэн төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Тус төсөлд оролцож байгаа багууд өөрийн амьдарч буй орон нутаг, сургууль, анги, сурагчдад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тусгасан төсөл бэлтгэн, түүгээрээ шийдвэр гаргагчдад нөлөөлөх замаар бодит өөрчлөлтийг бий болгодог онцлогтой.
Ингээд тус төслийн хүрээнд тулгамдаж буй асуудалдаа гарц гаргалгаа олон, баг хамт олны хүчээр шийдвэрлэж чадсан Н.Энхцацралын түүхийг хүргэе.
“ИРГЭН ТӨСӨЛ”-ТЭЙ ХҮСЭЛ ЗОРИЛГООРОО НЭГДСЭН МИНЬ
Миний түүхийг хүлээн авч уншиж буй хүүхэд, залуус та бүхэнд зориулж “Иргэн төсөл”-тэй хүсэл зорилгоороо хэрхэн нэгдэж, өөрт тулгамдаж буй бэрхшээлийг шийдвэрлэсэн тухайгаа хуваалцъя.
Намайг Нямдоржийн Энхцацрал гэдэг. Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант ЕБС-ийн 11-р ангид суралцдаг. Чөлөөт цагаа клуб, нийгмийн сайн дурын үйл ажиллагаанд зориулах дуртай нэгэн гэж хэлж болно. Учир нь би эдгээрээс л олон гайхалтай шинэ зүйлс сурч мэдэхийн зэрэгцээ урам зориг авдаг.
Сүүлийн хэдэн жилүүдэд би нэгэн чухал зорилгыг өвөртлөн, түүнийгээ биелүүлэхийг хүсэж мөрөөдөх болсон юм. Үүнд өсвөр нас маань нөлөөлсөн байх гэж боддог. Би хүрээлэн буй орчиндоо тулгамдаж буй асуудлуудыг өөрийн оролцоотойгоор шийдвэрлэж, гарц гаргалгаа олохыг хүсдэг байлаа. Гэтэл нэгэн өдөр гайхалтай завшаан тохиож “Иргэн төсөл”-тэй танилцсанаар зорилгоо биелүүлэх алтан боломж гарч ирсэн юм.
Анх 8-р ангид байхад манай суманд энэ төслийн тухай сургалт зохион байгуулагдах гэж байгааг сонсоод сургуулиа төлөөлөн дээд ангийн ах, эгч нартай хамт хамрагдсан. Сургалтаар “Иргэн төсөлд оролцсоноор сурагчид өөрсдийн оролцоотойгоор тулгамдаж буй асуудлаа шийдэх боломжтой” хэмээн ярьсан нь миний сонирхлыг туйлын их татсан юм. Тэр мөчөөс л миний бие “Иргэн төсөл” гэх гайхамшигт ертөнцийн нэгэн хэсэг болж, одоог хүртэл хичээнгүйлэн оролцож байна.
ЗОРЬСОНДОО ХҮРЧ, АСУУДЛЫГ ӨӨРСДӨӨ ШИЙДСЭН НЬ
Төсөлд оролцохын тулд хийх хамгийн эхний алхам бол асуудлыг тодорхойлох. Манай сургуулийн хувьд төсөл дээр хамтарч ажиллахыг хүсэж буй хүүхдүүдийг анги бүрээс төлөөлөл болгон цуглуулж багаа бүрдүүлдэг. Ингээд бид маш удаан ярилцаж бодсоны эцэст хүүхэд хөгжих орчин хомс гэдэг асуудлыг сонгон авч шийдвэрлэхээр ажиллаж эхэлсэн юм.
Аливаа зүйлийн эхлэл бүр сонирхолтой, эрч хүчээр дүүрэн байдаг шүү дээ. Бид бүгд өглөөнөөс орой хүртэл шаргуу хөдөлмөрлөж, бүхнийг эхнээс нь сурсан. Бүхнийг гэдэгт цаг төлөвлөлт, хувийн зохион байгуулалт, багийн ажиллагаа, ярианы ур чадвар, хүсэлт бичих, өргөдөл гаргах, компьютер дээр ажиллах зэрэг залуу хүмүүст шаардагдах чадварууд багтана. Эдгээр үйл явц нэг талаараа намайг амьдралд бэлтгэж байгаа мэт санагддаг юм.
Бидний сонгож авсан асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлсөн хамгийн чухал хүчин зүйл бол нөлөөллийн ажил байсан. Бид сургуулийн захиргаа, ИТХ, хувийн байгууллагууд гээд олон газраар явж асуудлаа шийдэх гэж хичээдэг. Ингэж явахад хууль бидний зэвсэг болж өгдөг. Эцэст нь бид хийсэн бүхий л зүйлээ дөрвөн нүүртэй цомогт багтаан шалгаруулалтад оролцсон.
Манай баг эхний шатандаа тэнцээд дараагийн шат буюу үндэсний шалгаруулалтад орж тэргүүн байрын эзэн болсон. Энэ шагналыг авахад хамгийн их түлхэц үзүүлсэн зүйл бол багш, багийн ахлагч нарын зөв чиглүүлэг, мөн сайн багийн ажиллагаа байсан гэж боддог. Эхний жилдээ бид сурагчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх, клуб болон сургалт явуулах боломжтой нэг өрөөг бүрэн тохижуулсан. Дараа жил нь заалны хувцас солих өрөө шаардлага хангахгүй байгааг асуудлаараа сонгож авсан ч хараахан хэрэгжүүлж чадаагүй тул энэ жилийн төсөлдөө дахин сонгон хэрэгжүүлж байна.
ӨСВӨР НАСНЫ МИНЬ ГАЙХАЛТАЙ ДУРСАМЖИЙГ ТЭД БҮТЭЭЛЦСЭН
Дурсамжид минь өнгө нэмсэн бас нэгэн гайхалтай мөч бол “Иргэн төсөл”-ийн сурагч солилцооны хөтөлбөр байсныг дурдах нь зүйтэй байх. Солилцоогоороо Түнхэл тосгонд очин “Иргэн төсөл”-өө танилцуулж, тулгамдаж буй асуудлаа шийдэхэд нь тус нэмэр болохыг хичээсэн юм.
Ингээд бодохоор “Иргэн төсөл” миний өсвөр насны амьдралд маш тод хөг аялгуу нэмж өгчээ. Баг хамт олонтойгоо өнгөрүүлсэн хором мөч, алдаа оноо бүхэн юугаар ч сольшгүй үнэ цэнтэй сургамж байсан мэт санагддаг. Хүн багаар ажиллаж байж л хамт олны хүчээр амжилтад хүрдэг шүү дээ. Бид хоорондоо яг л дотно найз нөхөд шиг ойлголцож, гэр бүлээс ялгаагүй хүмүүс болсон.
Эцэст нь дүгнэж хэлэхэд том жижиг ямар ч асуудалд гар бие оролцож өөрийгөө сорих хүсэл эрмэлзэл, хэний ч өмнө айж ичилгүйгээр үзэл бодлоо илэрхийлэх чадвар гээд энэ бүх зүйлсийг бид “Иргэн төсөл”-өөс олж авсан. Хамгийн талархууштай нь хөдөлмөрийн үр шимийг ойлгуулсан явдал. "Бид хүүхдүүд юм чинь" гээд хойш суулгүй тэмцэх зоригтой байгаарай. Хэрэв сэтгэл зүрхээрээ нэгдэн судалгаа, шинжилгээгээ сайн хийж, шаргуу хөдөлмөрлөж чадвал хүссэн асуудлынхаа ард гарч чадна шүү гэдгийг хэлмээр байна.
Судал, сэтгэ, оролд - Энэ бүгд ИРГЭН ТӨСӨЛ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх