Грэммийн долоон удаагийн шагналт дуучин Billie Eilish Английн “Vogue” сэтгүүлийн зургадугаар сарын нүүрийг чимсэн нь олныг гайхшруулаад байна.
Өдгөө 19 настай дуучин Billie Eilish хар, ногоон өнгийн үсний засалтаараа чамгүй удаан хугацаанд гоёсон. Харин өнгөрсөн гуравдугаар сард энэхүү хэв маягаа өөрчлөн шаргал үст зургаа Инстаграм хуудсандаа байршуулсан нь тус платформын “Хамгийн богино хугацаанд нэг сая гаруй like цуглуулсан зураг” гэх рекордыг эвдсэн билээ.
Тэгвэл энэ удаад тэрээр бас нэгэн рекордыг эвдэж ч магадгүй юм. Учир нь Billie “Vogue” сэтгүүлийн зураг авалтад өөрийн чөлөөт хэв маягийг эвдэн “Gucci” брэндийн корсет, латекс материалтай бариу банзал болон биеийнхээ галбирыг тодотгосон бусад гоёл чимэглэлийг зүүсэн байна. Тэрээр энэ талаар өөрийн Инстаграм хуудсанд:
- “Энэ зураг авалтад оролцох их таатай байсан. Зургууд нь ч таалагдаж байна. Хүссэн зүйлээ хүссэн үедээ хий. Бусдыг нь хараал идэг” хэмээжээ.
Billie Eilish бусдыг харагдах үзэмжээр нь гоочилдог “Body shaming” гэх үзэгдлийн эсрэг байр суурьтай нэгэн. Тэрээр өөрийн нэрийн хуудас болсон сул загвартай хувцас өмсдөг шалтгаанаа биеийнхээ галбирт сэтгэл дундуур явдагтайгаа холбон тайлбарладаг. Нэгэн ярилцлагын үеэр, “миний хувцасны загварт дуртай хүмүүс ч бий, дургүй хүмүүс ч бий. Зарим хүмүүсийн хувьд эмэгтэй хүн ийм төрлийн хувцас өмсөх нь эмэгтэйлэг байдлаа алдаж буйд тооцогддог” хэмээсэн юм. Тэгвэл “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагаараа Billie хувцас загвар нь өмсөж буй хүндээ таатай мэдрэмж төрүүлдэг байх хэрэгтэй гэсэн санааг өгөхийг зорьжээ.
Эх сурвалж: Vogue
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх