Иргэний боловсролын төв ТББ нь Ерөнхий боловсролын сурагчдад зориулсан “Иргэн төсөл”-ийг хэрэгжүүлдэг билээ. Тус төсөлд оролцож байгаа багууд хүрээлэн буй орчиндоо болон өөрсдөдөө тулгарсан бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг тусгасан төсөл бэлтгэн, түүгээрээ шийдвэр гаргагчдад нөлөөлөх замаар бодит өөрчлөлтийг бий болгодог онцлогтой.
СОРИЛТ, БОЛОМЖ, ДУРСАМЖ
Энэ гурван үгээр би “Иргэн төсөл”-ийг тодорхойлно. Учир нь...
Намайг Жаргал овогтой Ариунаа гэдэг. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Мэргэд сургуулийн төгсөх ангийн сурагч. Би багаасаа л олон хүний өмнө гарах сонирхолтой, бүхий л төрлийн тэмцээн уралдаанд идэвхтэй оролцдог хүүхэд байв. Үүнийг нэг нь “Иргэн төсөл” байсан юм.
Энэхүү төслийг нийгмийн ухааны багш маань бидэнд танилцуулж байлаа. Багшийн ярианаас “бид өөрсдийн эргэн тойронд тулгамдсан асуудлыг сонгож аваад түүнийгээ өөрсдөө шийдвэрлэх боломжтой” гэсэн хэсэг сонирхлыг минь хамгийн их татаж билээ. Ингээд л ямар ч эргэлзээгүйгээр уг төсөлд оролцоод үзэхээр шийдсэн.
Төслийн нэг онцлог нь анги, хамт олноороо баг бүрдүүлэн оролцох явдал байв. Олон жилийн дараа эргээд бодоход ангийнхантайгаа хичээлээ хийхээс өөр зүйлийг, нэн ялангуяа бусдад тус болох зүйлийг хамтдаа хийсэн байвал дурсамжтай бөгөөд бахархмаар шүү дээ. Тиймдээ ч ангийнхан маань хамтдаа оролцох саналыг их эерэгээр хүлээн авсан. Тухайн үед бид есдүгээр ангид сурдаг байсан бөгөөд бидэнд тохиосон хамгийн анхны том боломж, сорилт энэ байсан гэж хэлж болох юм.
Ингээд бид яг ямар асуудлыг шийдэх талаар маш удаан ярилцаж, хэд хэдэн санал гаргасны эцэст хүүхэд залуучуудын сурч боловсрох орчин хомс байгаа асуудлыг сонгон авч багт хуваагдсан. Бидний зорилго Өвөрхангай аймгийн хүүхэд залуучуудыг суралцах таатай орчин нөхцөлөөр нь хангах “Хүүхдийн номын ордон”-той болгох байсан юм.
Төслийн явцад багшийнхаа удирдлага дор өөр өөрсдийн дааж авсан ажлыг дор бүрнээ хийгээд, гадуур дотуур гүйгээд явж байхдаа өөрсдийгөө “том” болчихсон юм шигээр мэдэрсэн нь хамгийн гоё мэдрэмжүүдийн нэг байсан. Өөрсдийгөө яг л кинонд гардаг мундаг хүмүүс шигээр төсөөлдөг байж билээ.
Мөн төслийн хүрээнд бид улсын хэмжээний тэмцээнд анх удаа оролцож үзсэн гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй байх. Өөрсдийн боловсруулсан төслөөр аймгийнхаа хэмжээнд өрсөлдөхөд сандрал харьцангуй бага байсан ч хотын илтгэлийн тэмцээн эхлэхэд мэдэрсэн сандралыг үгээр илэрхийлэхэд ч бэрх байна. Өмнө нь бүхий л зүйлийг хамт олноороо гүйцэтгэж байсан бол илтгэлийн тэмцээнд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр л оролцсон. Яг илтгэх үед оюун санаа минь “хоосорчих шиг” л болсон. Хэдийгээр бид уг тэмцээнээс тусгай байрын шагналыг хүртсэн ч энэ үе миний амьдралд маш том сургамж болон үлджээ.
Энэ бүх хугацаанд бичиг цаасны ажлаас эхлээд төвөгтэй зүйл цөөнгүй байсан. Гэхдээ багш маань биднийг чиглүүлж чадахаараа тусална. Мөн ганцаараа бус анги хамт олноороо ажиллаж байгаа болохоор нэг нэгэндээ их дэмтэй байдаг юм билээ. Тиймдээ ч төслийн хүрээнд биеэ даахаас гадна багаар ажиллах, өөрийгөө илэрхийлэх, олны өмнө илтгэх, төсөл бичих зэрэг хувь хүний хөгжлийн олон чадваруудад суралцах бүрэн боломжтой байсан.
Бидний хувьд “Иргэн төсөл”-д оролцсоноор бусдаас магтаал, шүүмжлэл сонсож сурах, бусад багийн ажилтай танилцан өөрсдийн давуу болон сул талыг олж харах чадварт суралцсан нь өөр хаанаас ч олж авамгүй боломж байлаа.
Ингээд бодоход би хувьдаа энэ төсөлд оролцсоноор аливааг цэгцтэй, дэс дараалалтайгаар гүйцэтгэж сурсан байна. Шинэ, эерэг дадлуудыг өөртөө бий болгосон байна. Илтгэх чадвараа ч сайжруулсан байна. Бидний бүтээлцсэн “Хүүхдийн номын ордон” маань ирээдүйд олон зуун мянган хүүхдийг сурах орчин нөхцөлөөр нь хангана гэж бодоход хэчнээн сайхан байдаг гээч.
Эцэст нь гэж хэлэхэд “Иргэн төсөл” бидэнд аливаа бэрхшээлийг хэн нэгэн удирдах албан тушаалтан шийдвэрлэхийг хүлээж суухын оронд өөрсдөө гар бие оролцон, өөрчлөлтийн нэг хэсэг болох боломжтойг ойлгуулсан нь хамгийн талархууштай. “Иргэн төсөл” миний хувьд “Сорилт, Боломж, Дурсамж” байсан. Таны хувьд ч тийм байна гэдэгт би итгэлтэй байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх