Miigana: ТикТокоос хэрэгтэй мэдээлэл ч авах боломжтой


YOLO.mn сайтын хамт олон ярилцлагын булангийн энэ удаагийн дугаарт цахим орчинд @miigana нэрээр алдаршсан ТикТок-чин М.Мягмарнаранг урьж оролцууллаа. Тэрээр МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд “Boomerang Mongolia” залуусын нэгдлийн гишүүн юм. Түүнтэй өрнүүлсэн сонирхолтой ярилцлагыг хүлээн авна уу.

 


YOLOӨдрийн мэнд. Урилгыг минь хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Таныг хүмүүс "ТикТок-чин" гэдгээр нь илүү сайн мэддэг шүү дээ. Анх ТикТокыг хэзээнээс хийж эхэлсэн бэ?

- Би 2018 оны өвлөөс ТикТок хийж эхэлсэн. ТикТокыг идэвхтэй ашиглаад яг хоёр жил болж байна. Анх YouTube-ээс бичлэг үзэж байгаад shuffle dance-тай бичлэг хараад ТикТок хийж эхэлсэн дээ.

YOLOТикТок хийгээд олны танил болсноос хойш амьдралд тань ямар ямар өөрчлөлтүүд бий болсон бэ? Гудамжаар явж байхад тань ТикТок хамт хийхийг асуудаг ч юм уу?

- Хүмүүс ер нь их таньж эхэлсэн. ТикТок дагаад бусад сошиал хаягууд ч хөгжсөн. Заримдаа гудамжаар явж байхад хүүхдүүд "хамт ТикТок хийе" гэдэг. Бичлэг хийхэд цаг их ордог болохоор хамт зургаа авахуулаад л явуулдаг даа. 


YOLOҮргэлжлүүлэн таны хүүхэд насны талаар ярилцъя гэж бодлоо. Багадаа ер нь ямар хүүхэд байв? Одоогийнхоосоо хэр өөр хүүхэд байсан бэ?

- Би багаасаа л бүжиг бүжиглэх сонирхолтой байсан. Ер нь өөртөө итгэл муутай, хаалттай, маш даруухан хүүхэд байсан. Удалгүй бүжгээр хичээллэж эхэлснээс хойш өөртөө итгэх итгэл маань нэмэгдсэн. Тайзан дээр гарч, сандарлаа даван туулж, нүүр маань хагарсан. Одоо бол маш нээлттэй, нийтэч нэгэн болсон.

YOLOЭнэ хавар МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Цаашид үндсэн мэргэжлээрээ ажиллах бодол бий юу?

- Би маш олон төрлийн зүйлс сонирхдог хүн л дээ. Тэдний нэг нь миний мэргэжил. Мэргэжлээрээ сураад саяхан төгссөн. Одоо арай өөр төрлийн сонирхдог зүйлсээ хөгжүүлж үзэхийг илүүд хүсэж байна. Мэдээж цаашид мэргэжлээрээ ажиллана л даа.

Би багадаа "том болоод дуучин эсвэл жүжигчин болно" гэж мөрөөддөг, урлагт хайртай хүүхэд байсан. Гэвч гэр бүлийнхэн маань инженер мэргэжилтэй болохоор намайг ч бас инженер болгохыг хүсдэг байсан юм. Гэсэн хэдий ч би өөрийнхөө хүсэл сонирхлыг дагаад, урлаг руу хөрвөх боломжтойг нь бодолцож үзээд сэтгүүлч гэх мэргэжлийг сонгосон. Би одоо ч сонголтдоо харамсдаггүй.


YOLOТа сошиал платформууд дээрээ их олон дагагчтай шүү дээ. Өөрийгөө нийгэмд нөлөөлөгч гэж боддог уу? Ер нь “инфлүэнсэр” гэж ямар хүнийг хэлэх вэ?

- Их олон байгууллагууд намайг "нөлөөлөгч" гэсэн өнцгөөс харж хамтарч ажиллах санал тавьдаг. Ер нь тэр талаас ажлын санал илүү их ирдэг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл хүссэн хүсээгүй "инфлүэнсэр" буюу нийгэмд нөлөөлөгч гэсэн тодотголтой болчихдог. 

Нөлөөлөгчид маш олон хүмүүсийн нүдэнд өртөж байгаа учир нийгэмд маш зөвөөр нөлөөлөх хэрэгтэй. Инфлүэнсэр гэхээрээ л ямар нэгэн зүйл рекламддаг юм биш шүү дээ. Тиймээс биеэ зөв авч явахаас эхлээд бусдад сайн талаараа нөлөөлөх хэрэгтэй гэж бодож байна. Хэдийгээр олон дагагчтай "зарим" хүмүүс сошиал платформууд дээрээ янз бүрийн үйлдэл хийдэг ч дагагчид нь өөрсдөө зөв, бурууг ялгаж сурах хэрэгтэй байх. 

YOLOЧөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

- Чөлөөт цагаараа ном уншина, ТикТокоо хийнэ. Ихэнх хүмүүс ТикТок руу сонирхолтой, энтертайнмент төрлийн бичлэг үзэх гэж ордог ч яг үнэндээ олон төрлийн мэдлэг авч болохуйц бичлэгүүд ч их байдаг. 

YOLOМаш олон охид энэ асуултыг асуугаасай гэж бодож байгаа байх. Та жингээ хэрхэн барьдаг вэ? Нууц биш бол хуваалцаач?

- Нарийн дэглэм барьдаггүй. Гэхдээ өөртөө дадал болгочихсон энгийн дэглэм бий. Тэр нь гурил, будаа, чихэрлэг зүйлс бага хэрэглэх. Би өөрөө жигнэмэг, чихэрлэг зүйлсэд их дуртай болохоор хааяа л бага багаар иддэг. Мөн оройн 18:00 цагаас хойш хүнд хоол идэхгүй, ус сайн уух хэрэгтэй. Арьс, үс, бие гээд бүх зүйл эрүүл болдог. Хэрвээ бичлэг хийдэг болчихвол усны ид шидийн талаар сонирхолтой зүйл ярьж өгмөөр л байна.

YOLOСүүлийн үед залуус эрт биеэ дааж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх нь элбэг болсон шүү дээ. Таны хувьд хэзээнээс эхэлж биеэ дааж, санхүүгийн хувьд хараат бус болсон бэ?

- Би гуравдугаар курсээсээ биеэ дааж эхэлсэн. Энэ нь сошиал платформуудын ач тус юм болов уу. Сошиал платформууд хөгжихийн хэрээр хамтарч ажиллах хүмүүсийн тоо ихэссэн. Цагаар ажиллахгүйгээр хичээлийнхээ хажуугаар зураг авалтад ороод орлого олдог болсон. Зарим хувцасны дэлгүүрээс модель хийх санал тавьдаг. Ялангуяа загварын тал дээр маш их сонирхолтой учраас энэ чиглэлээр ажиллах ч бас дуртай.


YOLOОюутан байхдаа хэрэглээний мөнгөө хэрхэн олдог байсан бэ?

- Ихэвчлэн гэрийнхнээсээ авдаг байсан. Их сургуулийн нэгдүгээр курсэд байхдаа цагийн ажил хийж үзээд маш их ядарч байснаа одоо ч санадаг. Бүтэн сарын турш өглөөнөөс орой хүртэл ажиллаад олсон мөнгөнийхөө тавны нэгтэй тэнцэх мөнгийг нэг зураг авалтад ороод л авч байсан юм. Тэр үед л хүмүүс ямар их хөдөлмөрлөж мөнгө олдог гэдгийг ойлгож, мөнгөний үнэ цэнийг ойлгосон. Анхныхаа цалингаараа гэр ахуйн зүйлс авч байсан. Тэр үед үнэхээр аз жаргалтай, сайхан байсан шүү.

YOLOИхэнх залуус хуримтлал үүсгэж чадалгүй, мөнгөө амархан үрчихдэг. Ер нь таны бодлоор хуримтлал үүсгэх нь хэр хэрэгтэй зүйл вэ? Та хэр их ариг гамтай хүн бэ?

- Би маш үрэлгэн хүн л дээ/инээв/. Мөнгөө хуримтлуулах тал дээр бол хуримтлуулж чаддаг боловч хэрэгтэй зүйл гарвал шууд үрчихдэг. Одоо мөнгөө хуримтлуулах тал дээр судалгаа сайн хийгээд, үрэлгэн зангаа засахыг хичээж байгаа. 

YOLOЯг одоо таны хэтэвчинд юу юу байна?

Яг одоо миний хэтэвчинд бэлэн 12'500 төгрөг, Upoint карт, Emart карт, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, Голомт банкны карт болон бусад төлбөрийн картууд байна даа.


YOLOТаны мөнгөө хамгийн их зориулдаг, өөрийн мэдэлгүй авчихдаг зүйл юу вэ?

- Би ер нь хувцсанд өөрийн мэдэлгүй мөнгөө зарцуулчихдаг. Гадуур явж байгаад өөрт таалагдсан, гоё хувцас байвал шууд авчихдаг.

YOLOМөрөөдлийнхөө төлөө хийж байсан хамгийн том алхам чинь юу байсан бэ?

- Багадаа жүжигчин болохыг мөрөөддөг, кино урлагт дуртай хүүхэд байсан. Тиймдээ ч сонирхлоо дагаад дүрийн сонгон шалгаруулалтад их ордог байлаа. Мөрөөдлөө бага ч болтугай биелүүлээд 3-4 киноны туслах дүрд тоглосон. Ер нь хэн ч байсан мөрөөдлөө биелүүлэхийн тулд жижиг гэлтгүй алхам хийгээсэй гэж хүсдэг.


YOLOЦааш хийхээр төлөвлөж буй зүйлсээсээ хуваалцвал?

- Эгч маань Америкт байдаг болохоор төгсөөд Америкт суралцахаар төлөвлөж байсан юм. Яг төгссөн чинь бодол өөрчлөгддөг юм байна. Суралцах чиглэл маш олон байгаа болохоор алийг нь сонгохоо сайн мэдэхгүй, эргэлзээд л байна. Одоо тэр тал дээр сайн судалгаа хийж байгаа.

YOLOЯрилцлага маань ингээд өндөрлөж байна. Уншигч хүүхэд залууст маань хандаж хэлэх үг бий юу?

- Сошиалд буруу үлгэр дуурайл үзүүлэхээр зүйл маш их байдаг. Тэдгээрээс хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь тоохгүй орхиж сураарай. Аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаасай гэж хүүхэд, залууст зөвлөмөөр байна. Дүү нартай залуус зөв хүн байж, дүү нартаа зөв үлгэр дуурайл үзүүлээрэй. Мөн эцэг, эхчүүд ч бас хүүхдүүдээ ойлгож, ярилцдаг байгаасай гэж би хүсдэг.

YOLOБаярлалаа. Танд ажлын амжилт хүсье!

- Танай хамт олонд баярлалаа. Мөн ярилцлагаа дуустал нь уншсан уншигчдадаа бас баярлалаа. 

#TikTok #Монгол #Мөрөөдөл