YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Хичээж байгаа ч хангалтгүй санагдаж байна
Сайн байна уу? Би 18 настай, эмэгтэй, төгсөх анги. ЭЕШ-ын тов гарснаас хойш илүү их хичээж байгаа ч өдөр хичээлээ хийгээд элдэв юм бодох зав байдаггүй мөртлөө орой болохоор чадах болов уу? Гэр бүлийнхээ итгэлийг нь алдахгүй байгаа? Сайн өгч чадах байгаа гэх мэтээр бодох боллоо.
Саяхнаас шалгалт өгч, хичээлээ хийж байна гэж зүүдлэх болсон. Сэтгэл үнэхээр хэцүү байна. Карантин гээд гэртээ байгаа болохоор сэтгэл санаа өөр газарт, хичээлээ хийх гэхээр чимээгүй газар хэрэгтэй байдаг. Хэзээ ч удаан хугацаагаар хичээлээ гэртээ хийж үзээгүй надад үнэхээр хэцүү бас дарамт мэдэрч байна. Хэцүү байна гээд гэрийнхэндээ хэлмээр байвч миний давж гарах ёстой эхний даваа болохоор өөртөө сэтгэл хангалуун бус байна.
Өдөр болохоор бүх зовлон зүдгүүр, хэцүү байгаа зүйлсээ мартаад хичээж байгаа ч орой болоход хангалтгүй мэт санагдаж өөрийгөө бусадтай жиших юм. Хэр баргийн юманд сэтгэлээр унадаггүй ч гадуур найз нөхөдтэйгөө ч уулзаж чадахгүй гэртээ байгаа болохоор үнэхээр их залхаж бас туйлдаж байна.
ЗӨВЛӨГӨӨ: Өөрт хэрэгтэй байгаа зүйлсээ эцэг эхдээ хэлж байгаарай
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Нийгмийн нөхцөл байдлаас болж сурагчид хичээлээ гэрээсээ хийх болсноор хэд хэдэн сул талууд гарч байна. Хүн бүр гэртээ хүссэн хэмжээний хувийн орон зайтай байдаггүй. Хичээлээ хийх үед гэр бүлийн гишүүдийн үйл хөдлөл, чимээ гэх мэт зүйлээс болж анхаарал нь бүрэн төвлөрөхгүй байх. Удаан хугацаагаар дэлгэж ширтэж ядрах, багш болон анги хамт олонтойгоо шууд ярилцаж чадахгүй гэх мэт олон сул талууд гарч байгаа бөгөөд үүнээс болж олон сурагчид стрессдэж байна. Эцэг эх, гэр бүлийнхэн хүүхдүүдийнхээ сурах орчин нөхцөлийг сайн хангаж өгөх хэрэгтэй. Мөн сурагчид маань өөрт хэрэгтэй байгаа зүйлсээ эцэг эхдээ санаа зоволтгүй хэлж байгаарай.
Шалгалтад бэлдэх үедээ гарах үр дүнд шууд анхаарлаа өгөхөөс илүүтэй бэлдэх үйл явцдаа анхаараарай. Гараагүй байгаа оноонд санаа зовох нь бодит бус айдас. Өдрийн цагаар хичээлээ хийгээд, шалгалтдаа бэлдээд үйл хөдлөл хийгээд идэвхтэй байгаа болохоор санаа чилээх нь бага. Харин оройн цагаар бие махбод маань идэвхгүй, амралтын байдалд шилждэг. Энэ үед бие махбодоос маань тархи л илүү идэвхтэй ажиллаж байдаг тул олон зүйл бодож байгаа болов уу.
Энэ нь хэвийн түгээмэл үзэгдэл. Гэвч унтаж амрах цагаараа байнга их юм бодох нь нойрны асуудалд хүргэх эрсдэлтэй. Ор бол унтаж амрах ёстой газар болохоос биш юм боддог газар биш. Хэрэв их юм бодоод байвал орноосоо босоод өөр газар суугаад бодоорой. Нойроо сайн авч чаддаг байх нь өөрийн чинь үр бүтээлтэй байдлыг шийднэ шүү дээ. Өөртөө хэт хатуу битгий хандаарай. Чамд амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх