Аминчхан яриа №6: Бэлгийн замаар дамжих халдварын ШИНЖ ТЭМДГҮҮД


Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) гэдэг нь бэлгийн хавьтлын үед үрийн шингэн, үтрээний шүүрэл болон бэлэг эрхтний арьс, салстад байгаа зарим өвчин үүсгэгч бактериуд хүнээс хүнд дамжих халдвар юм.

“Аминчхан яриа” цуврал энэ удаагийн дугаартаа БЗДХ-ын нийтлэг тохиолддог халдваруудыг түүвэрлэн танилцуулж байна.

1. ҮТРЭЭНИЙ ҮРЭВСЭЛ

Эмэгтэй хүний хэвлийн доод хэсгийн нөхөн үржихүйн эрхтэнд ямар нэгэн халдвар орсныг ерөнхийд нь үтрээний үрэвсэл гэж нэрлэдэг. Эмчлээгүй орхисон БЗДХ, ялангуяа заг хүйтэн, хламидын халдвар үтрээний үрэвслийн шалтгаан болдог.

Шинж тэмдэг: Дараах шинж тэмдгүүдийн нэг болон түүнээс олон нь илэрнэ.

• Хэвлий орчмоор өвдөх

• Өндөр халуурах

• Бие хүндрэх эсвэл сулрах

• Үтрээнээс шар ногоон үнэртэй ялгадас гарах

• Бэлгийн харьцаанд орох үед өвдөж цус гарах.

Эмчилгээ: Энэ өвчнийг олон төрлийн нян үүсгэдэг тул эмчлэхэд нэгээс олон төрлийн эмийг ууж хэрэглэнэ.

2. БЭЛГЭ ЭРХТНИЙ ШАРХ

Бэлгэ эрхтэн дээр гарсан ихэнх шарх бэлгийн замаар дамждаг нянгаас үүдэлтэй байдаг ч даралт үүссэний улмаас цооролт, түлэгдэлт, гэмтэл үүсэж болно.

Санамж! Бэлгэ эрхтний шархаар дамжин ХДХВ, гепатит В зэрэг ноцтой халдвар авах эрсдэлтэй байдаг. Иймд шархыг эдгэртэл бэлгийн харьцаанд орохоос зайлсхийн эмчид үзүүлж эмчилгээ хийлгэх нь зохистой.

3. ТРИХОМОНИАЗ

Трихомониазын үүсгэгч нь шимэгч байдаг тул маш ихээр загатнуулдаг. Эрэгтэй хүнд гол төлөв шинж тэмдэг илрэхгүй боловч халдварыг бэлгэ эрхтэндээ тээж бэлгийн хавьтлын үед хамтрагчдаа дамжуулах аюултай.

Шинж тэмдэг:

• Үтрээнээс саарал эсвэл шар өнгөтэй хөөсөрхөг ялгадас гарна

• Үтрээний орчим загатнаж улайна

• Бие засахад өвдөж хорсоно

Эмчилгээ: Шинжилгээ өгснөөр трихомониазын халдвар авсан эсэхээ мэдэх боломжтой бөгөөд эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэх шаардлагатай.

4. ЗАГ ХҮЙТЭН БОЛОН ХЛАМИД

Заг хүйтэн, хламидын аль аль нь аюултай өвчин. Эрт үед нь илрүүлж эмчлүүлбэл амархан эмчлэгддэг. Харин эмчлэхгүй удаасан тохиолдолд хүндэрч өөр төрлийн халдварын шалтгаан болохоос гадна эрэгтэй, эмэгтэй хоёуланг нь үргүйдэлд хүргэдэг. Халдвартай хүнтэй бэлгийн харьцаанд орсноос 2-5 өдрийн дараачаас эрэгтэйд нь шинж тэмдэг илэрдэг бол эмэгтэйчүүдийн хувьд долоо хоног эсвэл сарын дараагаас ч илэрч болно. Заг хүйтэн, хламидын халдвартай ч ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байх нь ч бий.

Эмэгтэйчүүдэд илрэх шинж тэмдэг:

• Үтрээ болон ануснаас шар ногоон идээрхэг ялгадас гарна

• Бие засахад хорсож өвдөнө

• Халуурна

• Хэвлийн доод хэсгээр өвдөнө

• Бэлгийн хавьтлын үед хэвлийгээр өвдөж цус гарна.

Эрэгтэйчүүдэд илрэх шинж тэмдэг:

• Шодойноос идээрхэг ялгадас гарна

• Бие засахад хорсож өвдөнө

• Төмсөг хавдаж өвдөнө.

Эмчилгээ: Хэрэв танд заг хүйтэн, хламидын шинж илэрвэл, мөн та халдвартай байж болзошгүй хэн нэгэнтэй хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орж халдвар авсан байж магадгүй гэж бодож байвал эмнэлгийн байгууллагад хандан шинжилгээ өгч, зохих эмчилгээг хийлгээрэй.

5. ТЭМБҮҮ

Тэмбүү бол хүний биеийн бүхий л хэсгийг өвчлүүлдэг, бэлгийн замаар дамждаг ноцтой халдварын нэг юм. Олон жилээр хүний биед хадгалагдан хүндэрсээр л байдаг. Эрт үед нь оношилбол бүрэн эдгэрэх боломжтой.

Шинж тэмдэг:

1. Юун түрүүнд бэлгэ эрхтэн, шулуун гэдэс, хэл эсвэл уруул зэрэг халдвар анх орсон газар шарх гарна. Шарх хэдэн долоо хоногийн дараа аяндаа эдгэрэх боловч өвчин үүсгэгч нян биед хадгалагдан үлддэг.

2. Долоо хоног, сарын дараачаас халдвар авсан хүний хоолой шархлах, халуурах, ам гэмтэх, үе мөчөөр өвдөх, хөлийн ул, гарын алгаар бижрүү гарах шинж тэмдэг илэрнэ. Энэ үе шатанд халдварыг бусдад тараах боломжтой байдаг.

3. Дээрх бүх шинж тэмдгүүд өөрөө алга болдог боловч өвчин үүсгэгч биед байсаар байдаг. Тэмбүүг эмчлэхгүй бол зүрх, мэдрэлийн өвчин бий болохоос гадна үхэлд хүргэнэ.

Эмчилгээ: Тэмбүүг бүрэн эмчлэхийн тулд эмнэлгийн байгууллагад цогц эмчилгээ хийх шаардлагатай.

6. БЭЛГИЙН ХОМХОЙ

Бэлгийн хомхой гэдэг нь герпес буюу хомхойн вирусээр үүсгэгддэг бэлгийн замаар дамжих халдварт өвчин юм. Бэлгэ эрхтэн орчимд цэврүү гарч эхэлдэг. Бэлгийн хавьтлын үеэр цэврүү нэг хүнээс нөгөөд халддаг. Маш ховор тохиолдолд аман бэлгийн хавьтал хийх үед аманд дээр халдвар гардаг. Үүссэн шархлаа хоёр долоо хоног орчмын дараа эдгэрэх боловч вирус биед хадгалагддаг тул дахина.

Шинж тэмдэг:

• Чимчигнэж загатнах, эсвэл бэлгэ эрхтэн, түүний ойр орчмын арьс хөндүүртэй болох

• Арьсан дээр ус дуссан юм шиг харагдах жижигхэн, хөндүүртэй цэврүүнүүд бий болно. Эхний удаагийн зөөлөн яр гарахад гурав болон түүнээс дээш долоо хоногоор цэврүүтэй байна. Тэр үед халуурах, толгой өвдөх, бие янгинаж өвдөх, чичрэх, цавинд зангилаа үүсэх, булчирхай хатуурах зэрэг өөрчлөлтүүд бий болно. Энэ цэврүү хагарахад маш хөндүүртэй шарх үүснэ. Шарх арилан алга болсон ч халдвар биед байсаар байдаг.

7. БЭЛГЭ ЭРХТНИЙ ҮҮ

Бэлгэ эрхтний үү нь хүний хөхөнцөрийн хавдрын вирусээр үүсгэгддэг. Биед гардаг үүтэй ижилхэн харагддаг. Үтрээний дотор талд, эсвэл шодойн үзүүрт үү гарсан үед бэлгэ эрхтний үү туссан гэдэг нь бараг мэдэгдэхгүй. Зарим хүн үүнийг туссан ч гэсэн үү гарахгүй байх тохиолдол бий. Заримдаа үү нь маш жижигхэн, эсвэл аяндаа алга болдог тул оношлогдохгүй байх боломжтой. Бэлгэ эрхтний үү маш хурдан үржиж ихэсдэг тул аль болох эрт үед нь эмчлүүлэх нь зүйтэй. Бэлгэ эрхтний үү бэлгийн харьцааны үед нэг хүнээс нөгөөд дамждаг.

Шинж тэмдэг:

• Загатнана

• Хөндүүртэй, цагаавтар, эсвэл боровтор цэврүү гарна.

Эмчилгээ: Бэлгэ эрхтний үү умайн хүзүүний хорт хавдар үүсгэх шалтгаан болдог тул умайн хүзүүний наацын шинжилгээг тогтмол хийлгэж байх нь зүйтэй.

8. ХДХВ БОЛОН ДОХ

ХДХВ нь Хүний дархлал хомсдолын вирус гэсэн үгийн товчлол билээ. Өөрөөр хэлбэл хүний дархлааны эсийг устгадаг, ретровирус бөгөөд уг вирусийн халдварт зөвхөн хүн өртдөг гэсэн санаа юм. ХДХВ нь цус, үрийн шингэн, үтрээний шүүрэл, хөхний сүү болон тархи, нугасны шингэнд байдаг тул цусаар, хамгаалалтгүй бэлгийн хавьтлаар, эхээс урагт гэсэн үндсэн гурван замаар хүнээс хүнд халдварладаг байна.

Шинж тэмдэг: ХДХВ-ийн халдварын эхэн үед нүдэнд харагдахуйц ямар ч шинж тэмдэг илрэхгүй тул зөвхөн лабораторийн шинжилгээгээр баталгаажуулдаг.

ДОХ буюу Дархлалын олдмол хомсдол гэдэг нь ХДХВ дархлалын тогтолцооны эд эсүүдийг устган цусанд орсноор бусад эсүүдэд халдвар тарааж өвчин эсэргүүцэх бүрэн чадваргүй болохыг хэлдэг. Дархлалын тогтолцоо сулрах тусам хүн жингээ алдаж, ядрамтгай болж, янз бүрийн арьсны өвчин, элдэв яр шарх, мөөгөнцөр болон шингэн алдах зэргээр аливаа халдварт өртөмтгий болдог. Улмаар уушгины үрэвсэл, хомхой, сүрьеэ, хорт хавдар зэрэг илүү ноцтой өвчнүүдэд өртөнө. Ийм байдлаар хүндэрсэн нөхцөлд тухайн хүнийг ДОХ-оор өвчилсөн гэж үзнэ.

БЗДХ АВСАН БОЛ ЯАХ ЁСТОЙ ВЭ?

Хэрэв та болон таны хосод БЗДХ-ын шинж тэмдэг илэрч байвал:

• Шинжилгээ хийлгэх. Шинжилгээ хийлгэснээр ямар төрлийн халдвар авсныг тогтоож, тохирох эмчилгээг хийх боломжтой.

• Эмчилгээг яаралтай эхлүүлэх. Эрт үед нь эмчилгээ хийвэл хожмын хүндрэлээс сэргийлж бусдад халдвар тараахаас сэргийлнэ.

• Эмчилгээ хийлгэж байхдаа хамтрагчаа мөн адил эмчлүүлэх. Хэрэв хос тань эмчлүүлэхээс татгалзвал та хоёр бэлгийн харилцаанд ороход дахин халдварлах нөхцөл үүсэж, эмчилгээ үр дүнгээ алддаг.

• Шинж тэмдэг арилж эхэлсэн ч гэсэн заасан эмийг бүгдийг нь ууж хэрэглэх ёстой. Эмийг дутуу хэрэглэж болохгүй. Та эмийг эмчийн зааврын дагуу зөв хэрэглэхгүй бол эдгэрэлтийн явц удааширна, үр дүнгүй болно.

• Аюулгүй бэлгийн харилцааг эрхэмлэх. Бэлгийн харилцаанд орохдоо бэлгэвч тогтмол хэрэглэх.

БЗДХ-ЫГ ЭМЧЛЭХГҮЙ БАЙХ НЬ ЯМАР СӨРӨГ ҮР ДАГАВАРТАЙ ВЭ?

БЗДХ-ыг оношлохгүй удах, эмчилгээ хийлгэхгүй байх, эмчилгээг дутуу хийлгэснээс болоод таагүй үр дагавар, ноцтой хүндрэлүүд бий болдог. Үүнд:

• Үргүйдэл

• Умайн гадуурх жирэмслэлт

• Түрүү булчирхайн үрэвсэл

• Бэлгийн сулрал

• Шээс задгайрах, хаагдах

• Зулбалт, дутуу төрөлт

• Бэлэг эрхтний хорт хавдар

• ХДХВ ба ДОХ-д өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Эх сурвалж: Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд зориулсан эрүүл мэндийн гарын авлага, “Бэлгийн амьдрал: БЗДХ ба ХДХВ-ээс сэргийлэх нь” цуврал ном болон Бэлгийн боловсрол гарын авлагаас бэлтгэн хүргэлээ.

Өөрийгөө БЗДХ авсан байж болзошгүй гэж бодож байвал харьяа дүүргийнхээ Өсвөр үеийн кабинетад хандан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй аваарай.

Хосуудын харилцаа, бэлгийн амьдралын талаарх шийдвэр гаргалтынхаа талаар мэргэжлийн хүнтэй ярилцаж зөвлөгөө авахыг хүсвэл 21 аймаг, 9 дүүрэгт байрлах Залуучуудын хөгжлийн төвд хандаж зөвлөгөө авах боломжтой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг “Залуучуудын хөгжлийн төв” Фэйсбүүк бүлгэмд нэгдэн аваарай.

Цувралын бусад дугааруудыг унших бол ЭНД дараарай. 

#Боловсрол #Эрүүл мэнд #Бэлгийн боловсрол #Аминчхан яриа #БЗДХ