ЗАХИДАЛ: Дөрөвдүгээр сарын захидлын хариу №7


ССҮТөв | YOLO.MN
2021-04-22

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Хичээсэн ч сайжрахгүй байна

Сайн байна уу? Миний нэрийг Лиза гэдэг. 18 настай. Би энэ жил ЭЕШ өгөх гэж буй сурагч. Миний сонгосон мэргэжил бол эдийн засагч. Тиймээс миний гол хичээл бол математик.

Би аймар их айж байна. Хэдий бэлтгэл хийсэн ч болж бүтэхгүй байна. Математикийн шалгалт бүрдээ 50 хувь хүрэхгүй унадаг. Төлбөртэй сургалтад явах хэрэгтэй гэж бодлоо. Гэхдээ их оройтсон байна. Өөрөө хичээсээр байгаа. Гэхдээ сайжрахгүй хэвээрээ байна. Математикийн ЭЕШ-д ядаж 600 оноо авмаар байна. Ямар зөвлөгөө өгөх вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Суралцахад оройтоогүй

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Чамайг ЭЕШ-аа амжилттай өгөхийн тулд математикаа хичээнгүйлэн бэлдэж байгааг ойлголоо. Мөн чамд тайвшрал, өөртөө итгэх итгэл хэрэгтэй байгаа юм шиг санагдлаа.

Чиний хувьд шалгалтдаа хэрхэн бэлдэж байна вэ? Хүн бүрийн суралцах арга барил ялгаатай байдаг. Тухайлбал, олон хүмүүстэй ярилцаж байж илүү үр дүнтэй суралцдаг хүмүүс байдаг бол зарим нь ганцаараа хичээллэж илүү үр дүнтэй суралцдаг. Чиний суралцах арга барил аль вэ? Өөрийгөө дүгнээрэй. Хэрэв олон хүмүүстэй харилцаж байж илүү сайн хичээлээ ойлгодог бол найзуудтайгаа хамтдаа видео дуудлага хийж хичээлээ давтах боломжтой.

Мөн хичээлийнхээ багштай холбогдож ойлгохгүй байгаа зүйлээ асуугаарай. Сурагчдынхаа ойлгохгүй байгаа зүйлийг тайлбарлаж, зааж өгөх нь багшийн үүрэг шүү дээ. Тийм болохоор мэдэхгүй, ойлгохгүй байгаа зүйлээ бусдаас асуухаас битгий санаа зовоорой.

Багш эсвэл ЭЕШ өгч байсан туршлагатай хүмүүсээс шалгалт өгөх стратегийн талаар асуугаад үзсэн ч болох юм. Тухайлбал, математикийн шалгалт дээр хамгийн эхлээд амархныг нь хийвэл илүү үр дүнтэй юу? Хэцүүг нь түрүүлж хийвэл үр дүнтэй байх уу гэх мэт. Энэ бүхнийг асууж, суралцахад оройтоогүй тул өөрийнхөө зоригийг мохоохоос зайлсхийгээрэй.

Сэтгэл санаагаа аль болох тайван, тогтвортой байлгахыг хичээгээрэй. Мөн өдөр бүр тогтмол цагаар он оны ЭЕШ тест бөглөн, үзсэн хичээлийнхээ агуулгаа давтаарай. Нэг өдөр хэт их давтах биш нэг өдөр нэг л хичээлийн агуулгыг давтаж тестээ бөглөөрэй. Үүний хажуугаар дуртай зүйлээ хийж, сайн идэж, сайн унтаж байгаарай. Эдгээр нь ч мөн суралцах үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Ирээдүйнхээ төлөө бодитой юм хиймээр байна

Сайн байна уу? Юуны түрүүнд энэ өдрийн мэндийг хүргэе! Захидлыг маань хүлээн авч унших гэж байгаад үнэхээр их баярлалаа. Саяхан 16 нас хүрсэн. Сүүлийн хоёр жил шахуу намайг шаналгаж байгаа асуудал бол ирээдүйн амьдрал, ажил мэргэжил минь юм л даа. Хүмүүс ихэвчлэн өөрийнхөө дуртай, сайн чаддаг, аз жаргалтай болгодог зүйлсээ хий гэж хэлдэг шүү дээ. Гэхдээ одоохондоо үнэхээр өөрийнхөө ямар хүсэл сонирхолтой, юу мөрөөдөж явдаг, ямар авьяас чадвартай гэдгээ мэдэх юм огт алга.

Хүн болгонд давуу чанар байдаг гэдэг үгэнд итгэж найдаад би одоохондоо л өөрийгөө таньж мэдэж чадаагүй юм байна, надад сургуулиа төгстөл хугацаа байгаа шүү дээ гэж хий хоосон горьдлого тээж явсаар удаан хугацаа өнгөрчихсөн байгааг сая л анзаарсан. Өөртөө хангалттай хугацаа өгч, өөрийгөө ойлгох гэж хичээж байгаа боловч энэ бүхэн санасан шиг амар зүйл биш юм билээ.

Хааяадаа ирээдүй минь бүрхэг санагддаг. Яг тодорхой хүрнэ, ингэнэ тэгнэ гэсэн зүйлгүй байдаг болоод ч тэр үү юмнаас жаахан хойш сууж, залхуурах гээд байдаг. Мэргэжил сонголт, тест гээд олон зүйл онлайнаар хийж судалж үзсэн боловч бас л үр өгөөжтэй байж чадаагүй. Одоохондоо л ийм байгаа юм гэдэг хий хоосон үгээр цаашдаа өөрийгөө аргацаахыг хүсэхгүй байна, ирээдүйнхээ төлөө ямар нэгэн бодитой зүйл хиймээр байна. Надад туслаад заавал хариу өгөхийг та бүхнээс хүсье.

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийгөө олон талаас нь сорьж үзээрэй

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Өөрийнхөө ирээдүйд санаа зовниж, сонирхол, мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлохыг хүсэж байгааг чинь ойлголоо. Захидалд дурдагдсанчлан хүн болгонд өөрийн гэсэн давуу болон сул талууд байдаг. Түүнийг хүмүүс анхнаасаа л мэдсэн байдаг юм биш. Бид ямарваа нэгэн зүйлийг туршиж, оролдож байж энэ зүйлийг чадаж байгаа эсэх, мөн энэ зүйл надад үнэхээр таалагдаж байгаа эсэхийг тодорхойлдог. Тийм болохоор нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, шинэ зүйлс туршиж, өөрийгөө сорих алхмуудтай эмээлгүй нүүр тулахыг хичээгээрэй.

Үүний тулд туршиж үзэх зүйлсийн жагсаалт гаргаж болно. Гаргасан жагсаалтын дагуу туршиж үзээд тэр талаарх сэтгэгдлээ тэмдэглэж бичээрэй. Ингэснээр юу чамд ямар мэдрэмж төрүүлдэг, юуг сайн хийж чадаж байсан, юуг хийхдээ алдаа дутагдал гаргаж байсан, ямар чадвараа хөгжүүлмээр санагдаж байсан эсэхээ танин мэдэх боломжтой.

Хөл хорионы үед олон нийтийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй хэдий ч онлайн хэлбэрээр сургалт, үнэгүй хэлэлцүүлэг, илтгэл сонсож тэмдэглэл бичиж болно. Тэдгээр тэмдэглэл нь дээр дурдсанчлан чиний мэдрэмж, чадвар, үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа эсэх талаар юм шүү. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Унтахаасаа ч айж байна

Сайн байна уу? Өөрийнхөө дотор байгаа нэг том чулууг хөдөлгөхөөр шийдээд энэ захиаг бичиж байна. Би 18 настай, хагас өнчин, аавынхаа тухай юуг ч мэдэхгүй. Харин ээжтэйгээ хамт амьдардаггүй, хамаатныдаа байдаг.

Одоо бодоод үзэхэд бага байхаасаа л их олон төрлийн хүчирхийлэлд өртөж ирсэн. Тэр бүх зүйлсийг өөрөөсөө болсон гэж бодож цаг үргэлж өөрийгөө буруутгаж ирсэн маань намайг одоогийн энэ байдалд хүргэсэн байх. Тиймдээ ч өөртөө итгэх итгэлгүй, бусдад ч итгэж чаддаггүй. Сайхан хандаад эхлэх үед нь “аан за за энэ хүн надаас ямар нэг зүйл гуйх гэж байна” эсвэл “зүгээр л намайг ашиглах гэж байна” гэсэн бодол төрдөг. Тиймээс аль болох хүмүүстэй харилцмааргүй байдаг.

Гэхдээ тэглээ гээд цор ганцаараа биш л дээ. Найзууд байгаа. Би тэдэндээ хайртай, тэд ч намайг хайрладаг. Гэхдээ би өөрийгөө цаг минут тутамд тэдний өмнө буруутайгаар мэдэрдэг. Би тэр хүмүүсийг“яагаад ийм зүйл дээр уурлаад байгаа юм бол”, “яагаад хөвгүүдтэй маяглаад байгаа юм бол” гэж боддог. Хайртай хэрнээ л тэдний тухай муухай зүйл боддогтоо үргэлж гэмшдэг. Өдөр болгон уучлал гуймаар санагддаг. Гэхдээ тэд ч надад муухай зан гаргадаг. Би байсан ч байгаагүй ч ялгаагүй мэт аашилдаг. Энэ тухай хэлэхээр үгүй, юу гэж дээ гэх мэт нэг л зүйлээ хэлнэ. Би өөрийнхөө мэдрэмжийг гадагшлуулж инээж яримаар байх үед ядаргаатай байна, чимээгүй бол гэдэг. Энэ нь намайг маш, бүр маш ихээр өвтгөдөг.

Дотогшоо хүн болохоор тэр болгон уурлаад байдаггүй ч гэрийнхэн маань хүртэл ойлгохгүй байхаар үнэхээр тэсгэл алддаг. Үхмээр санагдаж яаж үхэх тухай үргэлж боддог. Хэн нэгэн намайг алчхаасай, өглөө битгий сэрээсэй гэх мэтийн муу бодлууд үргэлж толгойд байдаг. Жижиг зүйл дээр их юм бодчихдог болохоор хуучин зүйлсээс болж маш их бачимддаг, яахаа мэдэхээ больтлоо. Хутга харах болгонд ганцхан удаа өвдөөд дахиж ямар ч зовлон мэдрэхгүй шүү дээ гэж бодогддог. Өндөр газар гарахаар тахир дутуу болчихгүй бол мэдэрч амжихгүй байх гээд л сөрөг бодлоосоо салмаар байдаг.

Интернет орчноос өөрийгөө удаан хугацаанд холдуулаад бүх зүйлс арай дээр болох үед орохоор дахиад л нөгөө асуудлууд үнэхээр яах ёстой гэдгээ мэдэхгүй байна. Эрэгтэй хүн тэр тусмаа аав гэдэг хүн хажууд минь байгаагүй болохоор хүнийг хэрхэн хайрлах тухай би юу ч мэдэхгүй. Үзсэн кино уншсан номоороо бүх зүйлсийг төсөөлж байхаас залхаж байна.

Надаас ах эрэгтэй хүмүүс үргэлж надад муухай зүйл хийдэг. Энэ нь тухайн үедээ зүгээр байсан юм шиг хэрнээ одоо бодоход маш бохир, хэцүү санагдаж байна. Бачимдаад дэлбэрээд үргэлж үхмээр санагдаад байна. Яаж энэ бүгдээс гарах вэ? Хэнээс тусламж авч хаана очих ёстой байдаг юм бэ? Эмнэлэгт хэвтэж бүх зүйлээс хол байж болохгүй юу? Үнэхээр энэ нийгэм энэ хүмүүсээс айж бас хэцүү байна. Нүдээ аних болгонд сонин зүйлс харагдаж шөнөжин хөрвөөж үүрээр унтана. Унтахдаа хар дараад хэн нэгэнд үхтлээ хөөгдөж байгаад сэрдэг. Гэсэн ч гэрийнхэн маань наад утас, комьпютерээс чинь боллоо, эрт унт гэдэг. Хэн ч намайг унтаж чадахгүй тарчилж байгааг мэдэхгүй. Унтахаасаа ч айж байна. Үнэхээр надад тусалж чадах хэн нэгэн байгаа болов уу? Үнэхээр ядарч бас өвдөж байна.

ЗӨВЛӨГӨӨ: Найзууд бие биенийхээ бүхий л зүйлд дуртай байх албагүй

Сайн байна уу? Өөрт төрж байгаа мэдрэмжээ хуваалцан захидал илгээсэнд баярлалаа. Захидал бичих нь чиний хувьд том алхам байсан гэдгийг ойлголоо. Ойр дотнын хүмүүс чинь чиний хажууд байж чамайг сонсоосой, ойлгоосой гэж хүсэж байгаа юм шиг санагдлаа.

Чамайг мэдрэмжээ гадагшлуулж байхад найзуудын чинь хэлсэн үгс чамд таагүй санагдсан талаар чи тэдэнд хэлсэн болов уу? Хэрэв хэлээгүй бол тэдэнд хэлэхийг хичээгээрэй. Хэлэхгүй бол мэдэхгүй шүү дээ. Хэн нэгэн бидэнд өөрт юу тохиолдоод байгаа, ямар мэдрэмж төрөөд байгаа талаараа хэлэхгүй л бол тэр бүр гаднаас нь хараад мэддэггүйтэй адил. Тиймээс найзууд болон гэрийнхэндээ өөрт төрж байгаа мэдрэмжээ аль болох илэрхийлж байхыг хичээгээрэй. Учир нь чиний мэдрэмж бусдад хамаагүй байгаа юм шиг санагдаж болох ч чамд хамаатай бас чухал.

Мэдрэмжээ илэрхийлэхдээ аль болох тайван дуу хоолойн өнгөөр тайлбарлаж байгаа юм шиг байдлаар илэрхийлээрэй. Ингэснээр чамд ямар мэдрэмж төрөөд байгааг бусад хүмүүс мэдэж, мэдсэнээр энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцах боломжтой. Мөн тэмдэглэл бичих нь эерэг, сөрөг мэдрэмжээ гадагшлуулах, бодлоо цэгцлэх, өөрийнхөө мэдрэмжийг ойлгоход тусалдаг. Тиймээс тэмдэглэл хөтлөхийг санал болгож байна.

Найзууд бие биенээ сонсож, ойлгож эсвэл ойлгохыг хичээж, сонирхол болон бодол, мэдрэмжээ хуваалцаж байх нь нөхөрлөлийн харилцааг бат бэх болгодог. Хэдий тийм ч бие биенийхээ бүх зүйлийг хүлээн зөвшөөрч, түүнд нь дуртай байх албагүй. Гэвч зарим үйлдэл нь чамд эргэлзээтэй, тааламжгүй санагдаж байвал ямар учраас ингэж байгаа талаар найзаасаа асууж, бодлыг нь сонсож ярилцаад үзэх боломжтой.

Мөн чамд тохиолдсон харилцаанаас үүссэн эерэг сөрөг бүх зүйлс дан ганц чамаас шалтгаалахгүй гэдгийг санаарай. Учир нь харилцаа нь харилцан үйлчлэл дээр явагддаг. Чамаас шалтгаалж байгаа бол нөгөө талаас ч гэсэн шалтгаалж байгаа. Тийм болохоор бүх зүйлд өөрийгөө хэт их буруутгаж, эрсдэлт зан үйл хийхээс зайлсхийгээрэй. Түүнчлэн чамд эдгээр сөрөг мэдрэмжүүд төрсөөр байвал мэргэжлийн сэтгэл судлаачид хандаж сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдах боломжтой юм шүү. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter