СӨРӨГ бодлуудаасаа САЛАХ аргууд


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2021-04-16

Сэтгэл санаагаар унах, стресстэх үед хэчнээн хичээгээд ч сөрөг бодлоос салж чаддаггүй. Бодоод үз дээ. Та хэдэн удаа өөрөөсөө “Би үүнийг хийж чадахгүй”, “Би хангалттай хүчтэй биш”, “Би царай муутай”, “Би залхуу”, “Хэн ч хэзээ ч намайг хайрлаж байгаагүй”, “Яагаад надад сайн сайхан зүйл тохиодоггүй юм бэ?” гэж асууж байсан бэ?

Энэхүү нийтлэлээрээ бид сөрөг бодлыг зогсоох, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх зургаан аргыг санал болгож байна. 

1. ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛА

Сайн санааны хүслийг эхлээд өөрсдөдөө, дараа нь бусдад чиглүүлэхэд уриалсан энэхүү төсөөллийн аргачлалыг туршиж үзээрэй. Заримдаа тэгж санагддаггүй ч гэсэн бид л өөрсдийнхөө дотоод дуу хоолойг удирдаж байдаг. Үүнийг үнэн гэдгийг батлах үр дүнтэй аргуудын нэг бол бясалгал юм.

Бясалгал хийж сурах олон арга зам бий. Утасны аппликэйшн болон YouTube-д байршуулсан цуврал хичээлүүдийг үзэж болно. Жишээлбэл “Headspace” аппликэйшныг арав хоногийн турш хэрэглэсэн хүмүүсийн сөрөг сэтгэл хөдлөл, мэдрэмжүүд 28 хувиар буурч, амьдралын сэтгэл ханамж нь 7,5 хувиар өссөн байв. Бясалгал тогтмол хийж эхэлснээр та сэтгэл санаагаа цэгцэлж чадна. Өөрийгөө үнэлэх дутуугийн мэдрэмжүүд болон эргэлзээнээсээ салж чадах болно.

2. ЖАГСААЛТ ГАРГА

Сөрөг бодол толгойд чинь орж ирэх бүрд үүнийг тэмдэглэж авахыг хичээ. Зүгээр л бичээд орхилгүйгээр гаргасан жагсаалтынхаа яг хажуу талд өөртөө урам өгөх ишлэлүүд бичээрэй. Өөртөө итгэж эхлэх хүртлээ жагсаалт гаргахаа бүү орхигдуул. Нэгэнт л өөрийг чинь хойш нь татаж байгаа “өөдгүй” бодлуудаа мэдээд авчихвал даван туулах шийдлийг олох боломжтой болно.

3. БУСДЫГ ӨӨРТЭЙГӨӨ ХЭРХЭН ХАРЬЦААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ ВЭ? ӨӨРТЭЙГӨӨ ТЭГЖ Л ХАРЬЦ

Бусад хүмүүс өөрийг тань муугаар ярихад танд ямар санагддаг вэ? Тийм ч таатай байхгүй л болов уу. Тэгвэл та яагаад өөрийгөө муулж гоочилдог юм? Та өөрийгөө хүндэлж чадвал бусад хүмүүс ч таныг хүндлэх болно. Тиймээс буруу бүхэнд анхаарлаа төвлөрүүлэхийн оронд зөв зүйл дээр анхаар. Өөртөө “Би хангалттай сайн, үүнийг хүртэх гавьяатай, надад хүрч чадахгүй амжилт гэж байхгүй” гэж хэлж заншаарай. Өөрөө өөрийнхөө хамгийн сайн найз нь байж сур.

4. ТӨГС БУС БАЙДЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨР

Төгс байдал зүгээр ч нэг оршдоггүй. Та хэчнээн сайн байсан ч таны хийснийг сайжруулах боломж үргэлж байх болно. Энэ нь таныг хангалтгүй юм шиг санагдуулж болох ч үнэндээ яг эсрэгээрээ. Өөрийнхөө төгс бус байдлыг хүлээн зөвшөөрөх нь өөртэйгөө чөлөөтэй харьцаж, эрсдэл гаргах боломжийг олгодог. Эрсдэлгүй зүйл гэж энэ ертөнцөд лав байхгүй. Амьдралынхаа бүхий л бэрхшээлийг өсөж хүмүүжсэн, төлөвшсөн хүн болоход тань туслах боломж гэж харж эхэл. Таны алдаа хийсэн нь хэнд хамаатай юм? Ядаж л та шинэ зүйлийг туршиж үзэх хангалттай зоригтой байсан байна.

5. ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ ХҮМҮҮСЭЭР ӨӨРИЙГӨӨ ХҮРЭЭЛҮҮЛ

Өөрийгөө аз жаргалтай болгох хамгийн үр дүнтэй арга бол бусад хүмүүсийг аз жаргалтай болгох явдал юм. Харин бусад хүмүүсийг аз жаргалтай болгох сайн арга бол өөрийгөө жаргалтай болгох явдал гэсэн үг байдаг. Сэтгэл санаагаа амар тайван, ажил амьдралаа сайн сайхан байлгахын тулд өөртөө итгэлтэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлээрэй.

Хувь хүний ​​хувьд бид өдрийн ихэнх цагийг хамт өнгөрөөдөг хүмүүстэйгээ өөрийн мэдэлгүй төстэй болдог. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хэрэв бид зургаан саятантай хамт цагийг өнгөрөөвөл долоо дахь нь болох магадлал өндөр гэсэн үг юм. Үүнтэй адил зургаан гэмт хэрэгтэнтэй цагийг өнгөрөөвөл долоо дахь нь болох магадлал ч өндөр байна. Гол нь та хамгийн их урам зориг авахыг хүсэж байгаа хүмүүсээрээ өөрийгөө хүрээлээрэй. Хэрэв та үүнийг хийж чадвал долоо дахь азтай нэгэн болох магадлал маш өндөр байна.

6. БҮХ ХҮЧИН ЧАРМАЙЛТАА ДАЙЧИЛЖ ӨӨРИЙГӨӨ ШАГНА

Хэрэв та ямар нэгэн муу зуршлаа хаяхыг хүсэж байвал гаргасан амжилтынхаа төлөө өөрийгөө шагнадаг байх хэрэгтэй. Ингэж чадвал та муу зуршлыг даван туулахад шаардлагатай зан үйлийг өөртөө суулгаж чадна. Дараагийн удаа сөрөг бодлууд толгойд тань орж ирэхэд түүнийг даван туулах ухамсартай болбол өөртөө зориулж ямар нэг сайхан зүйл хийж занш. Заавал дээд зэрэглэлийн шагнал байх албагүй. Хамгийн гол нь сөрөг бодлыг арилгахын тулд эерэг зан үйлийг бэхжүүлэх нь чухал гэдгийг санаарай.

Дээрх аргууд өөрийнхөө талаар муу зүйл бодох, өөрийгөө дутуугаар үнэлэх буруу зан үйлийг таслан зогсооход тань тус болно гэж найдаж байна. Заримдаа бидэнд бага ч атугай урам зориг авах зүйл хэрэгтэй байдаг. Гэхдээ юу ч байсан хамаагүй, амжилтад хүрэх боломж үргэлж байдаг гэдгийг хэзээ ч бүү мартаарай. Сөрөг зүйлсийг амьдралынхаа хуудаснаас арилгахыг хүсэж байвал өөрийгөө зөв хүмүүсээр хүрээлүүлж, эерэг бодолд төвлөрөөрэй.

Эх сурвалж: Headspace

#Хувь хүний хөгжил #Сэтгэлзүй #Сөрөг бодол