YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Үнэнээ хэлбэл нураад унах юм шиг санагдаж байна
Сайн байна уу? Би 20 настай, эмэгтэй. Би хичээл хийх сонирхолгүй, амьдралын идэвхгүй нэгэн болчихлоо. Мэдрэмж шаардсан мэргэжлээр сурдаг. Харин одоо өмнөх шиг мэдрэмж гарахаа больсон. Ядаж байхад саяхан сайн хүнээ гомдоочихсон. Би муухай үг хэлчихсэн. Тэгээд надтай харьцахгүй гэсэн. Би харьцахыг хүсэж байгаа ч харьцмаар байна гэдгээ хэлхээс эмээгээд байна. Чин үнэнээ хэлэхээр би нураад уначих юм шиг санагдаад. Үүнээсээ болоод сэтгэл санаа бүр л тавгүй болж хичээлдээ анхаарч чаддаггүй ээ. Яаж шийдэх вэ надад туслаач.
Надад төрж байгаа мэдрэмж гэвэл ертөнцийн мухарт очоод унтаад өгмөөр, эсвэл яг л утаа шиг замхармаар байна. Нэг тийм маш гунигтай эсвэл далайн гүн рүү живмээр ч юм шиг...
ЗӨВЛӨГӨӨ: Өөрийгөө хэт зэмлэх хэрэггүй
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Хичээлдээ анхаарахгүй болсон шалтгаанаа өөрөө гадарлаж байгаа бололтой. Харилцаанд үүссэн асуудлыг харилцаагаар л шийдэх боломжтой. Уучлал хүсэхэд өөр юу чамд саад болж байна вэ? Уучлал хүссэн ч уучлахгүй бол яах бол гэсэн зөвхөн өөрийн чинь бодлоос гадна өөр хүчин зүйл байгаа юу?
Аливаа харилцаанд биднээс хамаарах зүйл, хамаарах боломжгүй зүйл гэж бий. Одоо дотор хуримтлагдсан мэдрэмжээ гадагшаа илэрхийлж гаргах нь өөрийн зүгээс хийж чадах зүйл юм. Өөрийн мэдрэмжээ гадагш илэрхийлэх нь өөртөө өгч байгаа бэлэг гэж ойлгоорой. Харин өөрийн чинь гадагшлуулсан мэдрэмжийг бусад хүмүүс хэрхэн хүлээж авах нь чамаас хамаарах боломжгүй сонголт гэдгийг ойлгоорой. Үүнд өөрийгөө хэт зэмлэх хэрэггүй байх. Хайртай дотнын хүмүүсээсээ уучлал гуйлаа гээд өөрийн чинь үнэ цэн буурахгүй юм шүү.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир
АСУУДАЛ: Хичээлдээ дуртай болмоор байна
Сайн байна уу? Би одоо 20 настай, эмэгтэй, 3-р курс. Анагаахын хичээлүүд үнэхээр хэцүү санагдаж сүүлийн үед бууж өгмөөр санагдах болсон. Хичээлүүдээ хийсэн төдий л хийж, сэтгэл гаргаж ч чадахгүй болчихсон. Сэтгэл гаргаад хийсэн хичээл маань сайн үнэлгээ авахгүй бол тэр хичээлд анхаарахыг ч хүсэхээ больсон.
Найзууд маань бүгд чөлөөт цагтай, үерхэж хайрлаж байхад гурван жил нойртой нойргүй хонож хичээлээ хийсэн ч дүн хангалтгүй санагдаж аав ээжийнхээ өмнө гэмшиж, өөртөө ч таалагдахаа больсон. Хүмүүст асуудлаа ярихаас илүү зүгээр юм шиг жүжиглэвэл надад урам хугарахгүй байх гэж боддог болоод удаж байна. Одоо яавал буцаад өмнөх шигээ байж чадах бол? Хичээлдээ ч өөртөө ч дуртай болмоор байна.
ЗӨВЛӨГӨӨ: Чи хичээсэн гэдэг нь чухал юм шүү
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Хүн гунигласан үедээ гунигтай дуу сонсож тайвширдаг гэсэн судалгааны үр дүн байдаг. Яагаад гунигласан үедээ гунигтай дуу сонсдог юм бол? Эсрэгээрээ цоглог дуу сонсвол бид гунигтай мэдрэмжээсээ салахгүй гэж үү гэсэн асуултууд гарч ирнэ. Уг судалгаа нь хүн мэдэрч байгаа мэдрэмжээ байгаагаар нь гадагш илэрхийлж байж тайвширдаг гэдгийг илтгэж байгаа юм.
Хэцүү байгаа үед хүчээр инээмсэглэх, бүх зүйл зүгээр гэж хэллээ гээд тайвшрахгүй учир нь энэ бол чиний дотроо мэдэрч байгаа бодит мэдрэмж биш. Хэцүү санагдсан үедээ өөрийг чинь ойлгодог ойр дотнын найз нөхөд, гэр бүлийн гишүүдтэйгээ ярилцаж байгаарай. Ингэснээр өөрт хуримтлагдсан мэдрэмжээ гадагшлуулах боломжтой болно. Тэдэнд хэлэхгүй л бол чамд ямар мэдрэмж төрж байгааг, чамайг ямар их хичээж байгааг мэдэхгүй шүү дээ. Өөртөө зөөлөн хандаарай. Хичээсэн ч хүссэн үр дүнгээ авахгүй тохиолдлууд байдаг. Хүссэн үр дүнгээ аваагүй ч чи хичээсэн гэдэг нь чухал юм шүү. Чамд амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир
АСУУДАЛ: Намайг орхиод байна гэсэн мэдрэмж төрүүлж байна
Сайн байна уу? Би энэ жил 18 нас хүрнэ. Айлын дунд, эмэгтэй хүүхэд. Жаахан байхад ээж ажилдаа явах, эсвэл намайг өөр хүнд харуулахаар болоход надад үнэхээр хэцүү, хүнд санагддаг байсан. Буцаж ирэхгүй, намайг үлдээгээд явчихлаа гэсэн мэдрэмж төрөөд. Дүү төрөх үед бүр муухай байсан. Ингээд л хорвоо дээр ганцаараа үлддэг юм байж гэж бодсон. Зүгээр л нэг эрх хүүхдийн зан юм байх гэж бодон сургуульд ороод гайгүй болсон. Найз нөхөдтэй болоод.
Харин жилийн өмнөөс өөрөөсөө хэдэн насаар ах оюутан залуутай үерхэж эхэлсэн. Эхэндээ гайгүй сайхан байсан ч сүүлийн үед тэр ядраад эрт унтаж байгаа нь намайг орхиод байна гэсэн мэдрэмж төрүүлээд байна. Бусдын хүсэж мөрөөддөг хангалттай их халамжийг авч, аль болох завтай үедээ намайг гэж байгаа ч шөнө чат бичихгүй, байхгүй үед нь тэр их халамж нь ч дагаад алга болчихсон юм шиг мэдрэгдэнэ. Яагаад одоо намайг хэн ч аргадахгүй байна вэ? Яагаад одоо ганцаараа уйлаад байгаа юм бэ гэхчлэн утгагүй бодлууд нөмөрч аваад хорвоод ганцаараа үлдчихлээ, хэн ч тоохгүй байна гэх мэт мэдрэмжүүд төрнө.
Болгоё бүтээе гээд хичээж байгаа хүний өөдөөс хоёр настай хүүхэд шиг авир гаргах эрхгүйгээ мэдсээр байж гаргаад байна. Ядарч байгаа хүнийг "Битгий унтаач" гэж гуйх нь үнэхээр амиа бодсон бүдүүлэг явдал.
Бусад хүмүүсийн хувьд зүгээр байдаг л нэг асуудал хэр нь надад сэтгэл зовнилтой түгшүүртэй байх боллоо. Хүн зүгээр л унтах гэж байхад тэнэг юм шиг нулимс цийлгэнээд амьсгал давчдаад хүн үхэж байгаа аятай ёстой нээрээ хэлэх ч үг алга даа өөртөө.
Ийм байдлыг удааж харилцаагаа хортой болгомооргүй байна. "Унтчихлаа гэж битгий гомдоорой, тэгэх үү" гэхэд нь их гэмтэй санагдлаа. Би өөрөө одоогоор найз залуугаасаа өөр дотнын найзгүй юм аа. Дахиад ганцаараа үлдчихлээ гэсэн аймар мэдрэмжийг хэрхэн арилгаж болох вэ? Би өөрөө ядарч байсан ч шөнө л тухтай ярилцаж болох төгс цаг гээд унтахгүй байгаад байдаг. Хангалттай нь хангалтгүй санагдаж байна.
Энэ хүртэл уншсанд баярлалаа. Өөрөө хэр баргийн асуудлыг эрүүлээр сэтгээд шийдвэрлэх зам гаргаад ирдэг ч үүн дээр чадахгүй нь.
ЗӨВЛӨГӨӨ: Бодит бус түгшүүрийг ялгаж сурах хэрэгтэй
Өдрийн мэнд, захиа илгээсэнд баярлалаа. Өөрт мэдрэгдэж байгаа энэхүү ганцаардлын түгшүүр нь бодит түгшүүр үү, эсвэл бодит бус түгшүүр үү? Өөр өөртөө хийсвэр түгшүүр төсөөлөн бодоод түүндээ автаад санаад зовоод байгаа юм биш биз? Бидний бодсон таамагласан зүйл ихэвчлэн бодсоноор болдоггүй. Хэн нэгний бодлыг өөрөө бодож төсөөлөх нь эргүүлээд өөрийг чинь л хэцүү байдалд оруулж байдаг. Надад хайргүй болсон юм байх даа? Түүний сэтгэл нь надаас хөрсөн юм байхдаа гэх мэт зүйл бодох асуудал тэр хүнд байгаа юм биш, харин өөрт чинь байгаа бөгөөд энэ нь бодит бус түгшүүр юм. Тиймээс одоо мэдрэгдэж байгаа түгшүүр чинь бодит уу эсвэл бодит бус уу гэдгийг ялгаж сурах хэрэгтэй.
Одоо мэдрэгдээд байгаа түгшүүрээ хэрхэн арилгах вэ? Найз залуутайгаа ярилцаарай. Ярилцаж байж, өөрийн мэдрэмжийг илэрхийлж байж одоо мэдрэгдээд байгаа түгшүүрээ намжаах болов уу. Мөн ээжтэйгээ ярилцах боломжтой бол өөрт мэдрэгдэж байсан, одоо мэдрэгдэж байгаа айдас түгшүүрээ хуваалцахыг хичээгээрэй. Ингэхдээ тэднээс аль болох чамайг шүүмжлэхгүй, зөвлөх гэж яарахгүй, үзэл бодлоо тулгахгүйгээр сонсохыг хүсээрэй. Ярилцах үедээ найз залуугийнхаа болон ээжийнхээ ярилцах боломжтой үеийг сонгоорой. Чамд амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх