Мөнгөө цуглуулахад тань туслах хөгжилтэй CHALLENGE-үүд


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2021-04-14

Мөнгөө хадгалах үр дүнтэй арга хайсаар л байна уу? Мөнгөө цуглуулж санхүүгийн хуримтлал бий болгохыг хүсэж байгаа ч санаснаар болохгүй байна уу?

Тэгвэл бид танд мөнгөө хэмнэх хамгийн энгийн аргуудыг санал болгоё.

1. 52 ДОЛОО ХОНОГИЙН ХУРИМТЛАЛЫН ЧАЛЛЕНЖ

Энэхүү  сорилт нь та бүхний таамаглаж байгаачлан нэг жилийн хугацаанд мөнгөө хэмнэхэд тань тусална. Хамгийн чухал нь багаас эхэлж хуримтлал үүсгэх юм. Эхний долоо хоногтоо та 1000 төгрөг л хадгалах хэрэгтэй. Ингээд үргэлжлүүлэн долоо хоног бүр тогтмол 1000 төгрөг хадгалаад л бай. Тэгвэл та 52 долоо хоногийн дараа 52.000 мянган төгрөг хуримтлуулсан байх болно.

Эсвэл эхний долоо хоногт 1000 төгрөг, харин дараа долоо хоногт 2000, түүний дараа 3000 гэж тооцож мөнгөө хадгалбал 52 долоо хоногийн дараа 1.378.000 төгрөгийн хуримтлалыг үүсгэж чадна.

2. ГУРАВ ДАХЬ ӨДРИЙН ЦАГ АГААР

Бидний бараг өдөр тутамдаа хийдэг зүйлсийн нэг бол цаг агаар шалгах. Яагаад гэвэл цаг агаар ямар байгаагаас шалтгаалан бид тухайн өдөр өмсөх хувцсаа бэлдэх, аялал төлөвлөх зэрэг чухал зүйлсээ зохицуулдаг шүү дээ.

Тэгвэл мөнгө хадгалах дараагийн нэгэн үр дүнтэй арга бол долоо хоног бүрийн гурав дахь өдрийн цаг агаар ямар байгаагаас шалтгаалж мөнгөө хадгалах юм. Жишээлбэл, энэ лхагва гарагт Улаанбаатарт шөнөдөө –3,  өдөртөө 8 хэм байна. Тэгвэл энэ тоонуудыг хооронд нь нэмж хасах байдлаар хуримтлал үүсгэж болно. 8+3=11 гэвэл 1100 төгрөг хадгалж болно.

3. МӨНГӨ ҮРЭХГҮЙ БАЙХ ЧАЛЛЕНЖ

Мэдээж ямар ч мөнгө зарцуулахгүй байна гэдэг бодит байдалд нийцэхгүй. Гэвч зайлшгүй шаардлагатай зүйлээс өөр зүйл худалдаж авахгүй байх нь танд богино хугацаанд их хэмжээний бэлэн мөнгө хэмнэхэд тусална.

Долоо хоног, сар, тэр ч байтугай нэг жилийн аль нь ч байсан зайлшгүйгээс бусад зүйлд мөнгө үрэхээс зайлсхийхийг хичээгээрэй.

4. КОФЕНЫ ЗАВСАРЛАГЫН ЧАЛЛЕНЖ

Хүн бүр өдөр тутамдаа хэрэглэж дадсан эсвэл бие махбод нь цаанаас нь шаардаж байдаг гэмээр бүтээгдэхүүнүүдийн тоонд мэдээж кофе орно. Өдөрт нэг удаа уух кофены мөнгөө хэмнэлээ гээд байшин, машин авч болохоор их хуримтлал үүсэхгүй л дээ. Гэхдээ энэ нь мөнгөө хэмнэж чадахгүй гэсэн үг биш.

Боломжтой бол гэртээ кофе чанаад үзээрэй. Энэ нь магадгүй мөнгөө хэмнэх нэг аргаас гадна таны шинэ сонирхол болтлоо ч хөгжих юм билүү? Хэн мэдлээ. Нэг сарын турш хичээж байгаад энэ аргыг туршаад үзвэл амьдралын хэв маягт тань өөрчлөлт орно гэдэгт итгэлтэй байна.

5. ДУГТУЙН СИСТЕМИЙН ЧАЛЛЕНЖ

Хэрэв та өөрийн мэдэлгүй л мөнгө үрчхээд байдаг зуршлаасаа татгалзах гэж байгаа бол энэхүү аргыг туршаад үзээрэй. Зөвхөн бэлэн мөнгөөр тооцоо хийх уг чалленж маргаангүй таны муу зуршлыг өөрчлөх болно.

Нэгдүгээрт, хүнс ахуйн бараа цуглуулах, дэлгүүр хэсэх, гадуур гарахдаа хэчнээн их мөнгө төсөвлөхөө шийд. Үүний дараа сар бүр картаасаа зөвхөн тооцсон хэмжээгээрээ л бэлэн мөнгө авч ангилал тус бүрээр нь бичсэн дугтуйндаа мөнгөө хувааж хий. (Өөрөөр хэлбэл хүнс ахуйн барааны дугтуйнд 100.000) Зорилго нь тухайн бэлэн мөнгийг зөвхөн тэр ангилалдаа л ашиглах явдал юм. Жишээлбэл хүнс ахуйн бараанд зарцуулах мөнгө чинь дууссан бол та энэ ангилалд дахин мөнгө зарцуулах боломжгүй болно.

Цар тахлын энэ үед бэлэн мөнгө ашиглахдаа нэг удаагийн бээлий өмсөх эсвэл энэ чалленжийг нөхцөл байдал хэвийн болсон үед эхлүүлэхийг санал болгож байна. 

6. 100 ТӨГРӨГ ХАДГАЛАХ ЧАЛЛЕНЖ

Энгийн үед хэтэвчинд байдаг атал цаг нь тулахаар олддоггүй мөнгөн дэвсгэрт бол 100 төгрөг. Түрийвч, хувцасны халаас гэх мэт газруудад орхигдсон 100 төгрөгүүдээ бага гэж чамлалгүй гахайн цуглуулгадаа хийж заншаарай. Жилийн эцэст гахайгаа хагалаад үр дүнг нь тоолоорой. Таныг гонсойлгохгүй л болов уу.

7. МӨНГӨ ХАДГАЛАХ БИНГО

Яагаад хөгжилтэй байдлаар мөнгө хуримтлуулж болохгүй гэж? Бингоны 30 нүдэнд санамсаргүй байдлаар 1000-100,000 хүртэлх тоог бичээрэй. Тэгээд нүдэнд харагдах газраа наачих. Толь ч юм уу эсвэл хувцасны шүүгээний нүүрэн дээрээ наасан ч болно. Хийсэн бинго чинь өдөр болгон нүдэнд чинь харагдаж л байх хэрэгтэй.

Нэг сарын турш өдөр бүр нэг дөрвөлжин нүд сонгоод таарсан үнийн дүнг нь хадгалж сонгосон нүдээ дарж заншвал та сарын дотор чамгүй их хэмжээний мөнгө хуримтлуулж чадах нь байна.

8. 100 ДУГТУЙНЫ ЧАЛЛЕНЖ

Энэ чалленж TikTok сүлжээнд их эрэлттэй байгаа бөгөөд танд жилийн дотор 500 мянган төгрөг хуримтлуулахад туслах болно. Эхлээд 1-ээс 100 хүртэлх тоотой 100 дугтуй бэлдэх хэрэгтэй. Дараа нь долоо хоног бүр санамсаргүй байдлаар хоёр дугтуй сонгоод дугтуйнд бичсэн мөнгөний хэмжээг дотор нь хийж хадгална.

Хэрвээ бэлэн мөнгө авч явдаггүй бол хадгаламжийн данс руугаа шилжүүлэхэд болно. 100 дугтуй төвөгтэй санагдаж байвал зургаан сарын хугацаанд 50 дугтуй байхаар тооцоолж ч мөнгөө хуримтлуулж болно.

9. МУУ ЗУРШЛАА ХАЯЖ МӨНГӨӨ ХЭМНЭЕ

Бүх л хүмүүст ганцаар тогтохгүй муу зуршил бий. Энэхүү чалленж танд мөнгө хуримтлуулахаас гадна муу зуршлаа хаяхад тань тус болно. Энэ арга их энгийн. Дасгалаа алгасах, сэрэх ёстой цагаасаа оройтож сэрэх, тамхи татах зэрэг муу зуршлуудаа хаях бүрдээ өөрийгөө урамшуулж шилэн хоргонд эсвэл хадгаламжийн дансандаа тодорхой хэмжээний мөнгө хийж байгаарай. Бага зэрэг төвөгтэй ч хариуцлагатай байх хэрэгтэй чалленж шүү. Дансаа улайлгахгүйгээр муу зуршлаа хаяцгаая.

#Хувь хүний хөгжил #Хуримтлал #Зөвлөгөө