Улаанбаатар хот унадаг дугуйнд ЭЭЛТЭЙ юу?


Сэтгүүлч Б.Марал | YOLO.MN
2021-04-13

Машин зам дээр түгжрээд зогсож байхад дугуйтай залуус хажуугаар сүнгэнээд өнгөрдөг дөө. Тэд бол хотын хамгийн “күүл” залуус. Учир нь тэд бензин түлш худалдаж авах шаардлагагүй, үргэлж спортлог, юунаас ч хоцрохгүй. Гэвч замын голоор ингэж хар хурдаараа давхих нь зөв үү? Улаанбаатар хот унадаг дугуйнд ээлтэй юу?

Бид энэхүү нийтлэлээрээ та бүхэнд замын хөдөлгөөнд унадаг дугуйтай оролцох дүрэм болоод бодит байдлын тухай сонирхуулах гэж байна.

Зургийг gogo.mn-ээс

Хамгийн эхэнд анхаарах зүйл нь насны ангилал. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.3 болон 25.4-д зааснаар 10 нас хүрээгүй бол харгалзах хүнтэйгээр зөвхөн явган хүний замаар, 10-14 настай бол зөвхөн явган болон унадаг дугуйн замаар хөдөлгөөнд оролцож болох нь.

Харин явган хүний зам болон дугуйн зам ч үгүй, аль эсвэл байгаа ч түүгээр явах боломжгүй үед авто замын баруун гар талын захаар зөвхөн 14-өөс дээш настай хүмүүс зорчиж болдог байна. Энд таны насыг батлах баримт нь сурагчийн хувийн хэрэг эсвэл төрсний гэрчилгээ байна.

Харамсалтай нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон бусад аймагт унадаг дугуйн зориулалтын зам дутагдалтай байгааг бид мэднэ. Нийслэлд энэ төрлийн зам гарын хуруунд багтахаар цөөн тооны гудамжинд байдаг ч тэдгээр нь зориулалтын бус байхаас гадна зүгээр л явган хүний энгийн замыг будчихсан байх нь бий.

Бас нэгэн том асуудал байдаг нь явган хүмүүс өнгө ялгадаггүй юм шиг хөөрхий хэдэн дугуйн зам дээр нь хэнэг ч үгүй алхацгаана. Дуут дохио өгөөд ч нэмэргүй. Тийм ч учраас 14-өөс дээш насныхан машинуудтай зэрэгцэн зорчихоос өөр аргагүй болдог аж.

Гэвч энэ нь илүү эрсдэлтэй. Дүрмээ дутуу сурсан “муухай” ах эгч нар хөвөөн дээр машинаа тавьж саад болохоос эхлээд баруун эргэхдээ дохио өгөхгүй байх, толиндоо харахгүйгээр шууд эргэх зэрэг олон асуудал үүсгэнэ. Дүрмийн дагуу зорчих хэсгийн баруун захаар дугуйгаа унаж байхад ч цонхоо буулгаж ирээд л толгой эргэтэл загнана. Тийм бүдүүлэг ах эгч нар жолооны сургалтад суугаагүй ч байж мэднэ. Эсвэл хэдэн сая төгрөгөөр төмөр хүлэг авснаа хоёрхон дугуй бүхий унаатай залууст онгирдог ч байж магадгүй.

Дээрх зурагт үзүүлснээр хоёр эгнээний голоор давхиж болох уу? Харамсалтай нь үгүй. Яагаад гэвэл Монгол Улсын дүрэмд замын баруун захаар явах ёстой гэж хуульчилсан. Гэхдээ уг хуулийг чандлан сахиж хөдөлгөөнд оролцвол та Монголд хэзээ ч уулзвар болон гарцаар зүүн эргэхгүй амьдарна. Сонин байгаа биз?

Харийн орнуудад энэ асуудлыг хэдийнэ шийдчихжээ. Яаж вэ гэвэл тэд бүх гудамжаа дугуйн замтай болгох эсвэл авто зам дээр дугуйн эгнээг улаан, ногоон, тод өнгөөр будаж тэмдэглэсэн байна.

Тэгэхээр нийтлэлийн эхэнд хэлсэн “күүл” залуус үнэндээ хууль зөрчигч болох нь. Азаар манай замын цагдаа нар унадаг дугуйтай зорчигчдыг хянадаггүй учраас “күүл” залуус санаа амар давхидаг байх нь. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр зөвхөн унадаг дугуй гэлтгүй скүүтер, цахилгаан мотор бүхий авсаархан унаанууд олширч байгаа тул цагдаа нар ийм төрлийн унаатай жолооч нарыг анхаарахгүй байж болохгүй биз.

Эцэст нь манай оронд унадаг дугуй унах боломжтой юу гэвэл шууд тийм гэнэ. Хөдөө орон нутгийн дэлгэр талд айх ямар ч асуудал байхгүй. Харин “тэг зогсдог” түгжрэлээрээ алдартай нийслэл хотын хувьд хамгийн оновчтой унаа гэж хэлж болно. Уншигч таны анхаарах хамгийн чухал зүйл нь аюулгүй байдлаа бүрэн хангаж, замын хөдөлгөөний суурь дүрмүүдээ баримтлах юм.

#Эрүүл мэнд #Спорт #Хобби #Дугуй #Хот