YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Эргээд нийлмээр байдаг...
Сайн байна уу ? Би 17 настай, эмэгтэй. Ангидаа шилжиж ирсэн хөвгүүнд өөрийн мэдэлгүй сайн болчихсон. Надад сайн гэж хэлэхэд нь тоглож байна даа гэж бодож байсан ч үнэхээр надад хайртай нь мэдэгдэж эхэлсэн. Өдөр хоног өнгөрөх тусам түүнд татагдах болсон.
ЭЕШ өгөх болоод ч тэр үү үерхлээс өөрийгөө хол байлгана гэж бодож байсан юм. Даанч зүрхээ хорьж дийлээгүй. 10 сараас хойш бид хоёр их дотно байдаг байлаа. Чат бичнэ. Намайг гэрт хүргэж өгнө. Хамт хичээлээ давтана. Өглөөнөөс орой хүртэл сургууль дээрээ хамт давтлагад сууна. Би өөрсдийнхөө харилцааг бусдаас нуух гэж их хичээдэг ч тэр маань их нийтэч болохоор хүүхдүүд бид хоёрыг бие биедээ хайртай гэдгийг мэддэг болсон.
Бараг л үерхэж байлаа. Гэвч би түүнтэй хамт байхаар түүнийг дандаа гомдоочихдог. Бас бусдад харилцаагаа мэдэгдэх үү үгүй юу гээд их өөр өөр бодолтой болохоор зөрчилддөг. Үүнээс болоод надад ч, түүнд ч их хэцүү байдаг. Асуудлаа шийдэх гээд ярилцахаар тэр дуугарахгүй. Тэгээд л би ганцаараа баахан юм яриад л дуусдаг байлаа. Би сүүлд түүнээс холдох ёстой юм байна гэж бодсон. Хайргүйдээ биш, зовоохгүйн тулд шүү дээ. Заримдаа эргээд нийлмээр байдаг ч нийлбэл дахиад л үзэл бодол зөрчилдөж хоёулаа зовох болов уу. Би яах ёстой вэ? Надад туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Шийдвэрийг хамтдаа гаргаарай
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Хайргүйдээ биш, зовоохгүйн тулд гээд тэр хүнд учир шалтгаанаа хэлэлгүйгээр орхиод явах нь зөв биш болов уу. Одоо хамтдаа уулзаад ярилцах боломж байгаа юу? Нэг талын шийдвэрээр бус хоёр талын бодлоор шийдвэр гаргах нь хэн нэгнээ гомдоохоос сэргийлнэ.
Дотно байсан нэгэн маань яагаад орхих болсон шалтгаанаа хэлэлгүйгээр биднээс зай барих үед бидэнд маш хүнд тусдаг. Яагаад гэсэн асуулттай үлдэж хоцрохыг хэн ч хүсэхгүй. Тиймээс ганцаараа шийдвэр гаргах биш хамтдаа ярилцаад шийдвэр гаргаарай.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир
АСУУДАЛ: Зориг гаргаад хэлье гэсэн ч чадахгүй байна
Сайн байна уу? Би 12 настай, эмэгтэй. Би нэг хөвгүүнийг шохоорхдог юм л даа. Тэр надтай нэг сургуульд сурдаг, бүр нэг байранд амьдардаг. Фэйсбүүкийн ч найз. Энэ нь маш том завшаан хэдий ч би одоог хүртэл сэтгэлээ илчлээгүй л яваа.
Би өөрөө эхэлж зурвас эсвэл чат бичье гэж бодсон хэдий ч тэр өөрөө надад эхэлж сэтгэлээ илчлэг гэж бодоод бүр хоёр сар өнгөрч байна. Энэ нь надад тун хэцүү санагдахаас гадна тэр хөвгүүн өөр охинд дурлах вий гэсэн айдас намайг зовоож байна. Зориг гаргаад хэлье гэж бодсон ч би үнэхээр чадахгүй бололтой. Гэхдээ л би тэрэнд үнэхээр их хайртай. Тэрэнтэй л бол хаана ч яахав гэж бодогдож байсан удаа ч бий. Энэ тохиолдолд би яг яах ёстойг маань хэлж өгч туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Өөрөөсөө хамаарах боломжтой үйлдлүүдийг хийгээрэй
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өөрийнхөө мэдрэмжийг түүнд илэрхийлж байсан уу? Мэдрэмжээ илэрхийлнэ гэдэг маань шууд сэтгэлээ илчилнэ гэсэн үг биш юм шүү. Түүнтэй тааралдахдаа мэндэлж, түүний өөдөөс харж инээмсэглэх гэх мэт энгийн үйлдлүүдийг хэлж байгаа юм. Хэрэв цахим орчинд найзууд бол түүний постон дээр сэтгэгдэл үлдээх, like дарах гэх мэт энгийн үйлдлүүд хийгээрэй.
Өөрийн мэдрэмжийг илэрхийлээгүй хэрнээ түүнийг түрүүлж алхам хийхийг хүлээх нь утгагүй зүйл. Чиний мэдрэмжийг мэдэхгүй хүн яаж өөрт чинь түрүүлж сэтгэлээ илчлэх вэ? Хэрэв сэтгэлээ илэрхийлэхээр шийдсэн бол ямар ч хариу авах боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бусад хүний сонголтыг бид шийдэж чадахгүй шүү дээ. Өөрөөс бүрэн хамаарах боломжгүй зүйлийн төлөө сэтгэлээ зовоох хэрэггүй болов уу. Яг одоо өөрөөс чинь хамаарах боломжтой үйлдлүүдийг хийгээрэй. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх