Ажлаас халшрах хам шинж ЯМАР ШАЛТГААНЫ улмаас бий болдог вэ?


Архаг ядаргаа тань сэдэрч, ажил хийх хүсэл сонирхол буурч, юу ч хиймээргүй санагдахдаа хамаг буруугаа хаврын улиралд өгчхөөд сууж байгаа юм биш биз? Магадгүй энэ нь улирлын чанартай биш, харин ажил мэргэжлийн архаг ядаргаанд орсныг тань илтгэж буй шинж тэмдэг байж ч болох юм. Өөрөөр хэлбэл ажлаас халшрах хам шинж байх магадлалтай гэсэн үг.

Ихэнх хүмүүс ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлгүй болсон, залхсан үедээ яг ямар нөхцөл байдалтай тулгарч буйгаа, ямар шалтгааны улмаас ийм байдалд хүрснээ тийм ч сайн анзаардаггүй. Иймд сэтгэцийн эрүүл мэндийн тухай цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт ажлаас халшрах хам шинж гэж юу болох, ямар шалтгааны улмаас үүсдэг талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.      

АЖЛААС ХАЛШРАХ ХАМ ШИНЖ ГЭЖ ЮУ ВЭ?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ажлаас халшрах хам шинжийг ажил мэргэжлээс шалтгаалан үүссэн архаг стресс, ядаргаанаас үүдэлтэй хэмээн тодорхойлсон байдаг. Энгийнээр тайлбарлавал хийж гүйцэтгэж буй ажил үүргээ цааш үргэлжлүүлэн хийх хүсэлгүй болж, таагүй сэтгэл хөдлөл үүсэн, мэдрэлийн ядаргаанд орох үзэгдэл юм. Хэдийгээр сэтгэцийн эрүүл мэнд болоод бие махбодод тодорхой хэмжээний сөрөг нөлөө үзүүлдэг ч сэтгэцийн эмгэг хэмээн үздэггүй байна.

2017 оны байдлаар бүтэн цагаар ажилладаг насанд хүрэгчдийн 23 хувь нь ажлаас халшрах хам шинжид байнга өртдөг гэсэн судалгааны үр дүн гарчээ. Энэ бол маш өндөр үзүүлэлт бөгөөд эмэгтэйчүүд үүнд харьцангуй ихээр өртдөг ажээ. Бие хүний шинж болон амьдралын хэв маяг, ажлын байран дахь стресс болон тэдгээрийн тэнцвэр алдагдах нь ажлаас халшрах хам шинжид өртөх гол хүчин зүйлс болдог байна.

АЖЛААС ХАЛШРАХ ХАМ ШИНЖ ҮҮСГЭЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛС

 Нөөц бололцоо дутмаг байх: Илүү цагаар ажиллах, хэт завгүй цагийн хуваарь гаргах зэргээс үүдэн өөрт буй бүхий л нөөц бололцоогоо дайчлан архаг ядаргаанд ордог байна.

 Албан тушаал ахих боломж тодорхойгүй байх: Албан тушаал ахих боломж бололцоо байсан ч танд тэр боломжийг олгохгүй байх аль эсвэл хамт олны зүгээс дэмжлэг үзүүлэхгүй байх үед ажил үүргээ цааш үргэлжлүүлэн хийх хүсэл, сонирхол буурдаг.

 Нийгмийн харилцаанаас тасрах: Гэртээ ч, ажил дээрээ ч үргэлж ганцаарддаг бол энэ нь ажлаас халшрах бас нэгэн шалтгаан юм.

 Ажлын байрны дарамт: Магадгүй ажлын байран дээрээ хэн нэгний дарамтад орох эсвэл удирдлагын зүгээс дарамт, шахалт мэдрэх зэрэг нь стрессийг нэмэгдүүлж улмаар мөн л ажлаас гарах сэдэл төрүүлдэг. 

 Ажлын хэт их ачаалал: Тоо томшгүй, уул овоо шиг их ажлыг хүлээн авах нь нь анхаарал төвлөрөлт болоод маш их эрч хүч шаарддаг. Гэвч энэ нь ойр давтамжтай олон давтагдвал бие махбод ядарч сульдан, стрессийн түвшин нэмэгддэг байна.

 Ажил, амьдралын тэнцвэргүй байдал: Ажилдаа хэт цаг зарцуулснаар гэр бүл, найз нөхдөдөө зарцуулах цаг, эрч хүч үгүй болдог.

Бусад:

- Нэгэн хэвийн уйтгартай ажил

- Мэргэжлийн өндөр хариуцлага

- Хамт олны таагүй уур амьсгал

- Тусламж, дэмжлэг үзүүлэхгүй байх

- Хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн таагүй гарах зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг байна. 

Бид дараагийн дугаарт ажлаас халшрах хам шинжийн үед илрэх шинж тэмдгүүд болон тэдгээрийг хэрхэн таних тухай мэдээллийг хүргэх болно.

Эх сурвалж: Mayoclinic, Right Mind Solutions

#Сэтгэлзүй #Ажлаас халшрах #Хам шинж