“Маршал арт” галерейн үзэсгэлэнг ВИРТУАЛААР үзэх боломжтой боллоо


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2021-04-02

Зориг сан болон Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлдэг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн “Урлахуй” багийн хамт олон “Карантин дахь галерей” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд бэлтгэн хүргэж буй цуврал нийтлэлийн сүүлийн дугаарт “Маршал арт” галерейн виртуал үзэсгэлэн болон тус галерейн ерөнхий менежер Б.Золбоотой хийсэн подкастыг хүргэж байна. Та үзэсгэлэнг үзэж мэлмийгээ, подкаст сонсож сонороо мялаана уу.

360 БИЧЛЭГ ҮЗЭХ ЗААВАР:

360 БИЧЛЭГ:

Бичлэгийг гар утаснаас үзэх бол ЭНД дарна уу.

  • Харин подкастыг ЭНД дарж сонсоорой. 

-ПОДКАСТЫН ХУРААНГУЙ-

Манайх 2015 оноос эхлэн долоо хоног болгон “Wine & Canvas” /Дарс ба уран зураг/ зургийн үдшийг зохион байгуулж байна. Энэ нь зураг зурах сонирхолтой ч яаж эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүст зориулсан зургийн мэдэгдэхүүн өгөх арга хэмжээ юм. Урлагийн орчинд гурван цаг суугаад хөгжим сонсож, уран зураг ажиглаад өөрийн мэдрэмжээр зураг зурдаг.

Зураг зурахад хүн өөрийнхөө хийж буй уран бүтээлдээ төвлөрч, тархи нь амардаг. Мөн зөвхөн тэр зургийг бүтээхээс гадна үзэх, харах, сонсох, мэдрэх таашаал авдаг юм. Үзэсгэлэн үзэж байгаа хүн зургийг заавал ингэж л харах ёстой гэсэн зүйл байхгүй. Тухайн хүний дотоод мэдрэмжээс хамаараад зургийг яаж тайлж унших, таашаах, мэдрэх өнцөг нь өөр өөр байдаг.

Сүүлийн таван жилд галерей үзэх хүмүүсийн тоо их нэмэгдсэн. Үүнд цахим орчин нөлөөлж байна. Өмнө нь хүмүүс уран зураг сонирхмоор байдаг ч хаана очихоо мэддэггүй байсан бол интернет хөгжсөнөөр урлагтай холбоотой үйл ажиллагаануудад оролцох нь ихэссэн. Манайх ч мөн адил зохион байгуулж буй үйл ажиллагаануудаа онлайнаар зарлаж, хүмүүсийг идэвхтэй оролцуулахыг зорьдог. 

Үзэсгэлэн нь зөвхөн сэтгэлийн таашаал өгөхөөс гадна хүмүүст юм бодогдуулах, бодит байдлыг харуулах, дутагдаж буй мэдрэмжийг нь нөхөх зорилготой байдаг. Хэрвээ та дандаа гоё сайхан ертөнцийг харж явдаг бол бараан тал ч бас бий шүү гэдгийг харуулахыг зорьсон үзэсгэлэнгүүд ч их гардаг. Эсвэл эсрэгээрээ хүмүүсийг нийгмийн стрессээс холдуулах гэгээлэг зурагтай үзэсгэлэнгүүд ч бий. Жишээ нь, Манай галерейд фото зураг, дуу хөгжим гэх мэт бүх төрлийн холимог урлагууд хосолсон уран бүтээлчдийн нэгдсэн “Хүн байгаль” гэх сэдэвтэй үзэсгэлэн гарч байсан. Тухайн үзэсгэлэнгээр хүн байгалийн шүтэлцээг ойлгуулахыг зорьсон.

Манайд “Амина” дүрслэх урлагийн сургуулийн сурагчдын үзэсгэлэн хэд хэдэн удаа гарч байсан. Тэр дундаас Л.Золбоо охины үзэсгэлэн тэр жилдээ олон хүнд хүрч их зүйлийг ойлгуулж чадсан. Мөн аутизмтай Б.Хувьт хүүгийн “Солонго атгах хувьт” үзэсгэлэн гарч байв. Тэр хүү дотоод сэтгэл дэх өнгө, зураас бүхнээ хүүхэд зурсан гэхээргүй мэргэжлийн уран бүтээлч шиг чадварлаг гаргасан. Ийм төрлийн уран бүтээлчид ихэнхдээ нийгэмдээ чиглэсэн, дотроо хадгалсан, өөрийнхөө илэрхийлж чадахгүй байгаа зүйлийг бүтээлээрээ туурвиж хүмүүст харуулахыг хичээдэг. 

Уламжлалт сэтгэлгээнээс салсан уран бүтээлч дотор нь мэдрэгдэж буй зүйлийг хэрхэн гаргаж байгааг л контемпорари урлаг гэж хэлээд байгаа юм. Түүнээс заавал үүнийг л контемпорари урлаг гэнэ гэсэн юм байхгүй. Тухайн уран бүтээлч өөрийнхөө илэрхийлэх гэсэн санааг заавал зургаар биш гар доорх материал, бичвэр, дуу, дүрс гээд юугаар ч илэрхийлж болно. Модернизм, абстракт гэдэг шиг зургийн төрөл биш цогц урсгал болж гарч ирж байна. Контемпорари урлагийн төрөлд зургаас гадна дуу хөгжим хүртэл багтдаг. Манай галерейд төрөл бүрийн чиглэлийн уран бүтээлчид нэгдээд “Хар цагаан” гэх үзэсгэлэнг зохион байгуулж байсан. Орчин үеийн залуучууд ийм төрлийн уран бүтээлүүдийг сонирхох нь их болжээ. Учир нь тэдэнд дутагдаад байсан зүйл нь өөрсдийгөө илэрхийлэх юм.

Уран зургийн галерейд болзвол хосуудад ярилцах сэдэв их олдоно. Хоёр хүн галерейд нэг уран бүтээлийг хараад өөр өөр зүйлсийг мэдэрнэ. Тухайн мэдэрч байгаа зүйлсээ өөр өөрсдийнхөөрөө илэрхийлнэ шүү дээ.

“Карантин дахь галерей” төслийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг:

Карантин дахь галерей төсөл Фэйсбүүк хуудас болон @gallery_in__quarantine Инстаграм хуудсаас аваарай.

#Мэдээ #Урлаг соёл #Карантин дахь галерей