Г.Баттуваан: Мэргэжлийн боловсон хүчин ус, агаар шиг л хэрэгтэй байна


Бид мэргэжил сонголтын талаарх цуврал ярилцлагынхаа энэ удаагийн дугаарт “HYP Records” студийн үүсгэн байгуулагч, аудио студийн инженер Ганхуягийн Баттувааныг урьж оролцууллаа. Тэрээр Япон Улсын Токиогийн хөгжмийн их сургуулийг Дуу чимээний технологи чиглэлээр төгссөн ба “Pro Sound”, “Negun”, “Hype Man” зэрэг студид ажиллаж байсан арвин туршлагатай нэгэн.

Энэхүү салбарт арав гаруй жил ажиллахдаа бид бүгдийн сайн мэдэх Lumino, Big Gee, Киви, Моханик зэрэг олон уран бүтээлчидтэй хамтарч ажиллахаас гадна “Бодлын хулгайч”, “Бүхнээс дээгүүр”, “Бурхан өршөөг” зэрэг дэлгэцийн бүтээлүүдэд найруулагчаар ажилласан аж.

Мэргэжлээ хараахан сонгож амжаагүй яваа төгсөх ангийн сурагчид болон дуу чимээний технологи чиглэлээр суралцах эсэхдээ эргэлзэж буй уншигч та бүхэн сонирхсон асуултынхаа хариултыг энэхүү ярилцлагаас олно гэдэгт итгэлтэй байна.


YOLOСайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Ярилцлагаа хүүхэд насны тань мөрөөдлийн тухай яриагаар эхлүүлье. Ихэнх хүүхдүүд багадаа цагдаа эсвэл эмч болно гэж мөрөөддөг бол таны хувьд ямар мэргэжилтэй болно гэж мөрөөддөг байсан бэ? Багадаа юунд сонирхолтой хүүхэд байв?

- Намайг бага байхад ихэнх хүүхдүүд спортод дуртай байсан. Харин би анхнаасаа л урлагт сонирхолтой, ном, уран зураг, хөгжим, түүхт дуртай хүүхэд байлаа. Сургуулийнхаа үлээвэр хөгжмийн дугуйланд явдаг, гитар тоглох гэж оролддог хүүхэд байсан. 

YOLOОдоогийн энэхүү мэргэжлээ өөрийн сонирхлоор сонгосон уу? Гэр бүл болон бусад хүчин зүйлс нөлөөлсөн үү? 

- Би өөрийнхөө хүсэл сонирхлоор мэргэжлээ сонгосон. Тухайн үед аав, ээж хоёр маань надад “заавал ийм хүн бол, тийм хүн бол” гэж огт хэлж байгаагүй. Тиймдээ ч энэ нь надад давуу тал болж, өөрийнхөө сонирхол, хоббигоо 100 хувь дагасан гэж боддог. 

Дунд сургуулиа төгсөөд МУИС-ийн Япон хэлний орчуулагчийн ангид элсэн орсон ч сургуулиа орхиод Япон Улс руу явсан. Тухайн үед урлагтай холбоотой зүйлд сонирхолтой байсан болохоор очсоныхоо дараа дуу чимээний технологи чиглэлээр сурах болсон. 


YOLOАудио инженер нь бичигдсэн хоолойг эцсийн байдлаар бүтээл болгодог шүү дээ. Ер нь энэ мэргэжлийн талаар мэдээлэл багатай хүмүүст зориулж өөрийнхөө юу хийдгийг танилцуулбал?

- Аудио инженер бол ерөнхий нэр томьёо нь. Багшийн мэргэжил дотроо математикийн багш, монгол хэлний багш гээд олон хуваагддаг шиг аудио инженер ч олон төрлийн чиглэлээр ажилладаг. Би Аудио студийн инженер чиглэлээр мэргэжсэн. Бид уран бүтээлчид дуу бичлэгийн студид дуугаа бичүүлж, бичигдсэн хоолойд засвар хийснээр хүмүүст эцсийн байдлаар хүрдэг гэдгийг мэднэ шүү дээ. Би энэхүү үйл явцын mixing, mastering буюу дуу хөгжмийн шүүлтүүр болон эцсийн шатны тохиргоог хийдэг. Нэг ёсондоо дууг хүмүүст таатай сонсогдуулах үүргийг гүйцэтгэдэг. 

YOLOХүмүүс тэвчээртэй хүн л эмч болж чадна гэж ярьцгаадаг. Харин ямар зан ааш, ур чадвартай хүнд таны сонгосон мэргэжил илүү тохирох бол?

- Аудио инженерүүд дуу авиаг хүмүүсийн чихнээс чихэнд хүргэдэг. Аливаа уран бүтээлийг бүтээж буй хүмүүс уран бүтээлээ чихээрээ сонсохоос эхлээд үүнийг эцсийн бүтээгдэхүүн болон гарсны дараа ч хүмүүс чихээрээ сонсож хүлээн авдаг. Тиймдээ ч энэхүү мэргэжлийг сонирхож буй хүүхэд залуус юун түрүүнд сонсголоо хөгжүүлэх нэн шаардлагатай. Хөгжимтэй салшгүй холбоотой мэргэжил учраас аль нэг хөгжмийн зэмсэг тоглодог, сонирхдог, энэ талын мэдлэгтэй байх нь чухал. Жишээгээр тайлбарлавал хэчнээн чадварлаг тогооч байлаа ч итали үндэсний хоолны онцлогийг мэдэхгүй бол тухайн амтыг гаргаж чадахгүй шүү дээ. Үүнтэй адилаар дуутай ажилладаг хүн хөгжмийн зэмсэг болон авианы талаар мэдлэгтэй байх ёстой. 


YOLOИх сургуулиа энэ чиглэлээр суралцаж төгссөн бол ирээдүйд өөр ямар чиглэлээр ажиллах боломжтой байдаг вэ?

- Энэхүү чиглэл хамрах хүрээ болоод боломжийн хувьд маш өргөн. Дуу чимээтэй холбоотой бүхий л зүйлтэй холбогдож болно. Студид дуулж буй дуучдын хоолойг бичих, янзлах, тоглолтын хөгжмийн дуугаралтыг тохируулах, дэлгэцийн уран бүтээлүүдийн харилцан яриа болоод шуумыг засах гээд маш олон төрөл бий. Аудио инженерүүд уран бүтээл дээр олон жил ажиллахад урлагийн мэдрэмжтэй болдог тул тодорхой хэмжээнд туршлагажсаны дараа найруулагч, продюсер зэрэг дараагийн шат руу хөгжих ч боломжтой.

Тиймээс юун түрүүнд өөрийн сонирхол, авьяас, давуу талаа олж нээсний дараа аль чиглэлээр ажиллахаа сонговол үр дүнтэй. Энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд дуу авианы талаар бүхий л ерөнхий мэдлэгийг олгодог тул цаашдаа ямар салбар руу хөрвөх нь өөрийн чинь сонирхлоос хамаарна.

YOLOАнх удаа ажлын байран дээр гарахад нөхцөл байдал өмнө нь оюутан байхдаа ч юм уу сурагч байхдаа төсөөлж байснаас хэр өөр байсан бэ? Ажлынхаа анхны өдрийн талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач?

- Ажлын анхны өдөр маань миний амьдралын хамгийн дурсамжтай, мартагдашгүй өдрүүдийн нэг байсан. Япон Улсад сургуулиа төгсчхөөд Монголдоо буцаж ирээд “Pro Sound” студид Рагу Рамантай хамтран ажиллаж байлаа. Тэр тухайн үед “Universe Best Songs” наадмын шүүгчээр ажиллаж байсныг та бүхэн санаж байгаа байх.

Харин ажилласан хамгийн анхны уран бүтээл Киви хамтлагийн нэгэн дуу байсан. Киви хамтлаг тухайн үедээ маш алдартай байсан учраас их сандарсан. Тэр үеийн сандралыг одоо ч мартдаггүй.

“Pro Sound” студид ажиллаж байх үе

“Pro Sound” студид ажиллаж байх үе


YOLOТэр цагаас хойш та нийт хэчнээн бүтээл дээр ажилласан байна вэ? Аудио инженер мэргэжлийг сонгосон хүний гол анхаарах зүйл юу вэ? 

- Энэ салбарт арав гаруй жил ажиллах хугацаандаа 1,000 гаруй дуу, 20-30 цомог, 15 орчим дэлгэцийн уран бүтээлд аудио инженерийн үүргээр оролцсон байна. Монголын хуучны болон шинэ үеийн ихэнх уран бүтээлчидтэй хамтарч ажилласан гэж хэлж болно. 

Яагаад хамтран ажиллах гэдгийг онцлон хэлж байна вэ гэхээр энэ салбарын онцлог нь уран бүтээлчид хоорондын хамтын ажиллагаа юм. Уран бүтээлч бүр өөрийн гэсэн үзэл бодол, маш хүчтэй сэтгэл хөдлөлтэй. Бүгд л дотроо өөрийн гэсэн ертөнцтэй учраас түүнийг нь бүрэн ойлгож, харилцан ойлголцох нь ихээхэн чухал. Өөрөөр хэлбэл зөвхөн техник төхөөрөмжөө сайн ашиглаж чаддаг байх нь хангалтгүй.

YOLOЭнэхүү мэргэжлээр ажиллахын давуу болон сул талаас дурдаач. Бусад мэргэжлээс юугаараа давуу талтай вэ? 

- Урлагийн салбарт ажилладаг хүмүүсийн хамгийн том давуу тал бол өөрийн дуртай зүйлээ хийх. Бусад салбараас ялгаатай нь энэ салбарын бүхий л хүмүүс хобби, сонирхлоо даган орж ирсэн байдаг. Урлаг бол хүний жинхэнэ хүсэл сонирхлыг бизнес болгож, үүгээрээ санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлэх боломжийг олгодог онцлогтой. Дуучин, жүжигчин хүмүүс мэргэжилдээ дургүй аль эсвэл хүчээр сонгосон гэж хэзээ ч хэлдэггүй шүү дээ. Тиймээс давуу тал нь өөрийн дуртай зүйлээ хийх, түүнээсээ аз жаргал мэдрэх, үүгээрээ мөнгө олох, улмаар амьдралаа авч явах.

Харин сул тал нь маш ширүүн өрсөлдөөн дунд ажилладаг явдал. Энэ чиглэлээр мэргэшсэн хүн бүр амжилтад хүрдэггүй учир зуун хүн тутмын арав нь л тууштай ажиллаж үлддэг. Энэ арван хүнээс тав нь л чадварлаг гэгдэх түвшинд очдог. Урлаг харгис гэж ярьдаг нь оргүй зүйл биш юм. Мөн энэ салбарыг сонгосон хүнээс их хэмжээний тэсвэр тэвчээр, хөдөлмөр зүтгэл, цаг хугацааг шаарддаг. Туршлагатай гэсэн тодорхойлолтод багтахын тулд дор хаяж арван жил зүтгэнэ. Зогсолтгүй суралцахгүй л бол өрсөлдөгч ихтэй учраас арчигдах магадлал өндөр. 


YOLOӨдөрт нийт хэдэн цагийг ажилдаа зориулдаг вэ? Илүү цагаар ажиллах шаардлага гардаг уу?

- Би цагт баригдаж ажилладаггүй ч заримдаа хэдэн хоногоор нойргүй ажиллах шаардлага гардаг. Гэхдээ байнга биш л дээ, зөвхөн яаралтай үед. Тухайн үеийн ажлын ачааллаас л өдөрт хэдэн цаг ажиллах нь шалтгаална. 

YOLOТа ажилдаа ямар үндсэн зарчмыг баримталдаг вэ? 

- Миний гол зорилго бол чанартай бүтээл гаргах. Тиймээс эцсийн бүтээл надад, захиалагчид, сонсогчдод таалагдах шаардлагатай. Хэрвээ надад эсвэл захиалагчид таалагдахгүй бол тэр бүтээл биш. Бид хоёрт таалагдсан ч сонсогчдод таалагдахгүй бол мөн л дутуу дулимаг. Энэ гурван шаардлагыг хангах хэмжээнд хийх шаардлагатай болдог. Үүний тулд мэргэжлийн байх хариуцлагыг хүлээх хэрэгтэй. Тухайн дуучин уран бүтээлдээ хамаг сэтгэлээ зориулж байхад бүтээл нь аудио инженер дээр ирээд бүтэлгүйтэж болохгүй шүү дээ. Хийж буй бүтээлдээ сэтгэлээ зориулж ажиллахыг л зорьдог доо. 


YOLOӨнөө цагт дэлхий нийтээрээ автоматжиж, роботчилогдож байна. Энэ хэрээр ирээдүйд зарим мэргэжлүүд устана гэсэн таамаглал гараад эхэлсэн. Тэгвэл таны мэргэжил ирээдүйд устах болов уу? Эсвэл зөвхөн хүний тархиар л хийх боломжтой мэргэжил үү?

- Хиймэл оюун ухаан дуу хөгжмийн салбарт аль хэдийнэ туршигдаж эхэлсэн. Дууны эцсийн шатны шүүлтүүрийг автоматаар хийдэг вебсайтууд ч олон болсон. Эндээс урлаг гэдэг зүйл юунаас бий болдог вэ гэдэг асуулт гарч ирдэг. Урлаг бол хүний мэдрэмж болоод сэтгэлзүйгээс урган гардаг зүйл. Харин робот хүмүүс бидэн шиг аз жаргал, гуниг зовлон, хайр дурлалыг мэдэрч чаддаг болсон үед л энэ мэргэжил устаж болох юм.

YOLOТехник технологийн чиглэлээр суралцах бол энэ тал руугаа өндөр хөгжсөн Япон, Хятад зэрэг улсад дадлага туршлага хуримтлуулбал илүү сайн боловсон хүчин болно гэдэг шиг аль улсад дуу чимээний технологи чиглэлээр чадварлаг боловсон хүчин болох боломжтой вэ?

- Эдийн засаг, улс төрийн чиглэлээр дэлхийн хаана ч чадварлаг боловсон хүчин болох боломжтой. Манай салбарт бол 50 хувь нь техникийн хүч, 50 хувь нь инженерийн чадвар дээр оршин тогтнодог. Инженер хэдий чадварлаг байсан ч техник хэрэгсэл нь хангалтгүй байвал өөрийн чадварыг бүрэн гаргаж чадахгүй. Техниктэй аль болох ажиллаж, төхөөрөмжөөс гарч буй дуу чимээг сонсож, мэдэрч, ойлгож байж үнэлэгдэж эхэлнэ. Тиймээс олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжийн хангамж сайтай улсад сурвал давуу талтай. Дэлхийд энэ чиглэлийн хөгжлийг АНУ, Англи, Герман, Япон тэргүүтэй улсууд тодорхойлдог. Эдгээр улсууд бидний ашигладаг бүхий л тоног төхөөрөмжийг үйлдвэрлэхээс гадна оюутан суралцуулахын тулд зах зээл дээрх сүүлийн үеийн гэсэн бүхий л төхөөрөмжөөр хоорондоо өрсөлддөг гэж хэлж болно. Тиймээс дуу чимээний технологийн чиглэлээр гадаадад сурах боломж олдвол дээрх дөрвөн улсаас сонголтоо хийхийг зөвлөе.


YOLOМонгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн 37 мэргэжилд дуу чимээний технологи байдаг. Монгол улсад ер нь энэ чиглэлийн эрэлт хэрэгцээ хэр байдаг вэ?

- Манай улсад энэ мэргэжлийн эрэлт хэрэгцээ маш өндөр. Сургуульд нь сурсан мэргэжлийн боловсон хүчний тоо цөөн учир ус, агаар шиг хэрэгтэй байна. Одоогийн байдлаар манай улсын дуу чимээний технологийн салбар “сонирхлын” түвшинд л хөгжсөн. Дотор нь ажилладаг мэргэжилтнүүд л энэ мэргэжлийн чухлыг ярьж байгаагаас биш боловсролын систем нь чухалчилдаг болтлоо хөгжөөгүй байна. Инженерүүд хэдий дор бүрнээ хичээж байгаа ч түлхэх хүч нь сул юм. Гадаадад энэ чиглэлээр суралцаад ирсэн залуус ирээд ажиллах гэхээр тэнд хэрэглэж байсан техник нь энд байдаггүй сул талтай.

Бид бүгдийн сайн мэдэх The HU хамтлаг олон улсын түвшинд гарсан. Тэдний араас олон уран бүтээлчид дэлхийд өрсөлдөхийн тулд аудио инженерүүдийн маань ур чадвар сайн байх ёстой. Дэлхийн хэмжээнд очихын тулд дэлхийн стандартад нийцсэн техник технологи, мэргэжилтнүүдтэй байх хэрэгтэй.

YOLOТаны энгийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

- Студид л өнгөрдөг дөө. Би долоо хоногийн долоон өдөр ажилладаг. Миний чөлөөт цаг, хобби, ажил гурав нэг зүйл. Тиймээс ажил-гэр гэсэн маршруттай амьдардаг. Хөндлөнгийн хүмүүс харахад уйтгартай мэт санагдаж болох ч надад бол үгүй. Хүн дуртай зүйлээ хийж амьдрахын хамгийн амттай, хамгийн гоё нь энэ. Хобби, сонирхлоороо мөнгө олж, амьдралаа авч явна гэдэг нь хамгийн том аз жаргал. Үүнээс сайхан зүйл гэж байхгүй. Өглөө студидээ ирээд компьютер дээрээ суудаг, хөгжим сонсдог, бүтээдэг. Орой бүр ажилдаа хоргодож гэртээ хариад өглөө бүр босоод л ажил руугаа гүйж ирдэг.


YOLOИрээдүйд зорьж байгаа хамгийн том зорилгоосоо хуваалцаач?

- Би өөрийгөө карьерийнхаа шатаар өгсөж яваа гэж боддог. Дэлхийн хэмжээнд гэж ярихгүй ч өөрийнхөө хэмжээнд энэ салбарыг хөгжүүлэхэд түлхэц болно. Би ажлаа хийх бүрдээ мэдлэг дутуу байгаагаа мэдэрдэг. Тиймээс миний хамгийн том зорилго бол тасралтгүй суралцах. Өглөө бүр босохдоо шинэ зүйлийг мэдэхийн төлөө, орой бүр унтахдаа маргааш юу олж мэдэх бол гэсэн зорилготой. Зогсолтгүй суралцсанаар хүн өөрийн мэдэлгүй л тодорхой хэмжээний өндөрлөгт оччихсон байдаг. 

YOLOТаны ярилцлагыг дууны инженерээр суралцах сонирхолтой хүүхэд, залуус уншина. Энэ чиглэлээр суралцаж буй оюутнууд, суралцахаар сонирхож буй хүүхэд залууст хандаж юун дээр илүү анхаарах хэрэгтэй талаар зөвлөгөө өгөөч. 

- Суралцаж эхлэх гэж буй хүүхэд залууст хандан хэлэхэд юун түрүүнд өөрөөсөө энэ чиглэлд үнэхээр дур сонирхолтой юу гэдгээ асуугаарай. Үнэхээр тийм бол чи хэзээ ч шантрахгүй. Дараагийн зөвлөгөө бол ямар нэгэн хөгжмийн зэмсэг тоглож сураарай. Гитар, төгөлдөр хуур, бөмбөрийн аль нь ч байж болно. Энэ бол зөвхөн компьтерийн ард суудаг мэргэжил биш учраас ажлын байран дээр гарахад хамгийн түрүүнд хөгжмийн боловсрол их шаардагддаг.

Харин суралцаж буй залууст хэлэхэд тууштай, сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Ашиглаж буй техникээ мэдэхээс илүүтэй шаардагдах зүйл нь тэвчээр болоод тууштай байдал. Энэ хоёр зүйлийг өөртөө суулгаж чадвал хөгжих боломжтой. Чадварлаг аудио инженер болоход хугацаа шаардагддаг учир дор хаяж таван жил ажилласны дараа бусдад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд очно. Энэ хугацааг даван гарах тэвчээр хэрэгтэй. Техник бол хоёрт шүү гэдгийг дахин сануулъя.

YOLOЯрилцсанд баярлалаа.

#Ярилцлага #Мэргэжил сонголт #Аудио Инженер #Баттуваан