Олон орны хүүхдүүдэд хөл бөмбөгөөр дамжуулан эх дэлхийн эв нэгдлийн төлөө хамтдаа тоглож, эх орноо сурталчлах томоохон боломж олгодог "Хөл бөмбөг нөхөрлөлийн төлөө' фестивальд оролцох хоёр хүүхдийн нэрийг өнөөдөр зарлалаа.
Дэлхийн 211 улс оролцдог "Хөл бөмбөг нөхөрлөлийн төлөө" фестивалийг ОХУ-ын Газпром ХК санаачлан ЕХБХ 6 жилийн өмнө хамтран зохион байгуулж эхэлсэн сүүлийн 2 жил ОУХБХ хамтран зохион байгуулж байна. Улс орон бүрээс 12 хүртэл насны өсвөрийн хөлбөмбөгчин болон сэтгүүлч хүүхэд эх орноо сурталчилдаг энэхүү сонирхолтой хөтөлбөрт Монгол орныг төлөөлөн оролцох хүүхдүүдийг болсон сонгон авах шалгаруулалт 2018 оны 03 сарын 06-ны өдөр МХБХ-ны байранд болсон юм.
Хөл бөмбөгийн мэргэжлийн ур чадвар, англи хэлний бичгийн болон ярианы шалгалтыг амжилттай давсан "ДМЮ" багийн довтлогч Э.Даринчулуун, "Монголын тэмүүлэл" багийн хагас хамгаалагч Ш.Эрхэс нар "Хөл бөмбөг нөхөрлөлийн төлөө" үйл ажиллагаанд эх орноо төлөөлөн оролцохоор боллоо. Э.Даринчулуун, Ш.Эрхэс нар хэн хэн нь Өсвөрийн (U12) УАШТ-ий шилдгээр тодорсон, үеийнхэн дундаа хүлээн зөвшөөрөгдсөн ирээдүйтэй хүүхдүүд юм.
Шалгарсан хоёр хүү 2018 оны 6-р сарын 3-18 ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо очиж фестивалийн үйл ажиллагаанд хамрагдаад зогсохгүй ДАШТ-ий нээлтийн үйл ажиллагаанд өөрсдийн биеэр оролцох юм. Мөн тэд өнөөдөр МХБХ-ны байранд "Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө" үйл ажиллагааны зохион байгуулах хорооны төлөөлөгчийн хамт хэвлэлийн бага хуралд оролцсон бөгөөд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар хүүхдүүдэд мэргэжлийн хөлбөмбөг, холбооны далбааны хамт бэлэглэж ирээдүйн Монголын залуу хөл бөмбөгчдийн түүчээ болох хүндтэй хувь заяа оногдсонд баяр хүргэж амжилт хүслээ.
Монгол улсаас шалгарсан Э.Даринчулуун "Горилла" багт хагас хамгаалагчаар тоглож, Ш.Эрхэс олон улсын хүүхдийн форумд Монгол орныг сурталчлан, сэтгүүл зүйн зуны сургалтанд хамрагдан, үйл ажиллагааны болон өөрийн тоглогчийн тухай сурвалжлага, материал бэлдэж Европын болон дэлхийн нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулах болно.
Энэхүү үйл ажиллагааг дэлхийн спортын одууд ихээхэн анхаарч дэмждэг бөгөөд өмнөх жилүүдийн хүндэтгэлийн үйл ажиллагаанд ОУХБХ /FIFA/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Фатма Самаора, ОХУ-ын алдарт уран гулгагч Аделина Сотникова, дэлхийн хөлбөмбөгийн од Марко Ван Бастен зэрэг алдартай зочид оролцож байжээ. Энэ үйл ажиллагааны тухай мэдээллийг https://www.youtube.com/user/FOOTBALL4FRIENDSHIP хаягаар авч болно. "Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө" үйл ажиллагаа нь Монгол улсад хөл бөмбөгийн спорт хөгжиж байгаагийн баталгаа, мөн ирээдүйд улам хөгжих итгэл найдварыг дэлхий дахинд хүргэх илэрхийлэл бөгөөд оролцогчдод насан туршид нь үл мартагдах сайхан дурсамжийг өгөх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх