Эерэг хандлагатай хүн ЭРҮҮЛ бөгөөд БҮТЭЭЛЧ байдаг


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-04-01

Бид эрүүл хүнс хэрэглэж, спортоор хичээллэж эрүүл мэндээ дэмждэг шиг эерэг хандлагыг бий болгох нь оюун ухаан, сэтгэл зүйдээ хийж буй маш том хөрөнгө оруулалт юм. Эерэг хандлагатай байснаар асуудлыг олон талаас нь харж, стресст бага өртөж, сэтгэл хөдлөлөө удирдаж сурдаг. Бидний амьдралд тохиолддог бэрхшээл болгоныг хянах боломжгүй ч тэдгээрээс үүдэн бий болж буй сөрөг бодлуудаа удирдаж болно. Амьдрал дээр эерэг хандлагатай хүмүүс гутранги хүмүүсээс илүү өндөр амжилтад хүрдэг. Үүний шалтгаан нь мэдээж асуудалд эерэгээр хандаж буйтай шууд холбоотой. 

ТА ЭЕРЭГ ХАНДЛАГАТАЙ ХҮН МӨН ҮҮ? 

Хэрвээ та өөрийгөө эерэг хандлагатай хүн мөн эсэхэд эргэлзэж байвал дараах дөрвөн шинж танд байгаа эсэхийг ажиглаарай.

1. Асуудал сайнаар шийдэгдэж, бүх зүйл сайхан болно гэж итгэдэг. Ийм хүмүүстэй харьцахад үнэхээр амар бөгөөд эргэн тойрныхоо хүмүүст аз жаргал түгээж байдаг.

2. Өнгөрсөнтэйгөө зууралддаггүй. Хүний амьдралд ямар ч асуудал тохиолдож болно. Тэр болгонд гутарч, сэтгэлээр унахын оронд алдаанаасаа суралцаад илүү эрч хүчтэй амьдардаг. Эерэг хандлагатай хүн өнгөрсөн үеийн таагүй дурсамжтайгаа зууралдаж, шаналдаггүй.

3. Саад бэрхшээлийг сорилт гэж боддог. Тэд асуудалд илүү бодитоор хандаж, эерэгээр шийдэхийг хичээдэг. 

4. Сөрөг бодлоо удирдаж чаддаг. Заримдаа бүх зүйл бүтэлгүйтэж, хорвоо ертөнц таны эсрэг байгаа юм шиг санагдсан ч сөрөг мэдрэмжээ удирдаж, асуудлыг сайн талаас нь хардаг бол та эерэг хандлагатай нэгэн аж.

ЭЕРЭГ ХАНДЛАГА ба ЭРҮҮЛ МЭНД

Пенсильванийн Их Сургуулийн эрдэмтэн Мартин Селигман (Martin Seligman) Мичиганий Их Сургуулийн судлаачидтай хамтран эерэг хандлага ба гутранги үзэл нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг судлахаар 25-аас 65 хүртэлх насны хүмүүсийн дунд өргөн цар хүрээтэй судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд гутранги хүмүүсийн эрүүл мэндийн байдал нас явах тусам доройтдог бол эерэг хандлагатай хүмүүс нөгөө бүлэг хүмүүсээсээ урт насалдаг болох нь тогтоогджээ. Мөн Йелийн Их Сургуулийн судлаачид гутранги үзэл нь хүний дархлааг унагаадаг болохыг тогтоосон байна.

Сонирхолтой нь Кентаки Их Сургууль болон Колорадо мужийн Их Сургуулийн эрдэмтэд хамтран өөдрөг болон гутранги үзэлтэй хүмүүст вирус тарьж туршилт хийхэд өөдрөг үзэлтнүүдийн дархлааны хариу урвал гутранги үзэлтнүүдийнхтэй харьцуулахад хамаагүй хүчтэй байсан аж. 

ЭЕРЭГ ХАНДЛАГА ба БҮТЭЭЛЧ БАЙДАЛ

Эерэг хандлага нь бидний эрүүл мэндэд нөлөөлөөд зогсохгүй бүтээлч байдалд ч олон талын нөлөөг үзүүлдэг. “Багш ямар их гэрийн даалгавар өгсөн юм бэ? Ийм их дасгалыг маргааш гэхэд хийж амжихгүй шүү дээ!” хэмээн хэн нэгнийг буруутгаж суухын оронд “Өнөөдөр хичээлээ сайн ойлгохгүй байсан юм. Ашгүй, энэ дасгалуудын ачаар бататгах боломж олдох нь ээ” гэж бодож байвал та амьдрал дээр ч хамгийн бүтээлч, эерэг нэгэн байж чадна. Мартин Селигманы хийсэн судалгаанд эерэг хандлага нь хүний ажлын бүтээмжид хэрхэн нөлөөлдөг тухай дурджээ. Тэрээр даатгалын компанийн ажилчдын дунд судалгаа явуулахад эерэг хандлагатай, аливаа зүйлийг өөдрөгөөр хардаг хүмүүс гутранги үзэлтнүүдээс 37 хувиар илүү бүтээмж өндөртэй ажиллаж байжээ.

“ЭЕРЭГ ХАНДЛАГАТАЙ” БАЙХ ДӨРВӨН ШАЛТГААН

1. Эерэг хүмүүс аз жаргалтай байдаг. Эерэг хандлага болон аз жаргал хоёр нь шууд хамааралтай гэж үзэж болно. Хамгийн энгийнээр хэлбэл та эерэг хандлагын ачаар нөхцөл байдал ямар байхаас үл хамааран аз жаргалтай байж чадна. 

2. Эерэг хүмүүс өөртөө итгэлтэй байдаг. Эерэг хандлагатай хүмүүс өөрийгөө хүндэтгэж, илүү их хайрладаг. Энэ нь өөртөө итгэх итгэлийг бий болгох бөгөөд тэд ямар нэг зүйлээр өөрийгөө хязгаарладаггүй.

3. Эерэг хүмүүсийн дархлааны систем хүчирхэг байдаг. Та эерэг хандлагатай хүмүүсийг ажиглаарай. Тэдгээр хүмүүс өдөр бүр эрч хүчтэй, сэргэлэн цовоо байдаг. Энэ нь аливаад эерэгээр хандах чадвартай нь холбоотой бөгөөд мэдээж стрессийн түвшин бага учраас дархлаа сайтай аж.

4. Эерэг хүмүүс асуудлыг бодитоор хардаг. Хэт гутранги хүмүүс ямар нэг асуудлыг илүү гүнзгий бодож, болж бүтэхгүй талаас нь хардаг. Харин эерэг хүмүүс тухайн асуудлыг бодитоор харж, хүнд нөхцөлд зөв шийдвэр гаргах чадвар өндөртэй байдаг аж. 

ЭЕРЭГ ХАНДЛАГЫГ ХЭРХЭН БИЙ БОЛГОХ ВЭ? 

 Аливаа асуудлыг сөрөг талаас нь бодож, болж бүтэхгүй талыг нь эхэлж хардаг зангаа засах хэрэгтэй. Сайн талаас нь харж, сайхан зүйл бод. 

 Ямар нэг зүйлээс урам зориг ав. Өдөр бүр урам зориг өгөх эшлэл унш, эсвэл кино үзэж, дуу сонсоорой. Эдгээр нь таныг эрч хүчтэй болгох төдийгүй сөрөг мэдрэмжээ даван туулахад тусална.

 Таагүй үйл явдал тохиолдсон ч гутарч суухын оронд үүнээс сургамж авахыг хичээ.

 Нөхцөл байдал хэчнээн муу байсан ч хөгжилтэй бай. Асуудал үүнээс ч долоон дор байж болох л байсан.

 Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бай. Өөрийгөө бусадтай харьцуулж, доогуур үнэлэх нь таныг стресст оруулна. Түүгээр ч зогсохгүй өөртөө итгэх итгэлгүй болгодог. Тиймээс өөрт байгаа зүйлдээ талархаж сурах хэрэгтэй.

 Сониуч бай. Өдөр бүрийг нэгэн хэвийн өнгөрүүлээд байвал амьдрал утга учиргүй санагдах нь ойлгомжтой. Харин шинийг эрэлхийлж, аливаад сониуч хандаж сураарай. 

 Инээмсэглэ. Инээмсэглэх нь хөмсгөө зангидаж уурлахаас хэд дахин хялбар учраас ямагт инээмсэглэлийг сонгоорой. Биднийг инээх үед тархинд маань аз жаргалтай байна гэсэн дохио очиж допамин, сератонин зэрэг аз жаргалын дааврууд ялгарч эхэлдэг. 

Эх сурвалж: Forbes, Health Line

#Хувь хүний хөгжил #Эерэг