Хуурамч сүрчгийг ХЭРХЭН таних вэ?


Одоогоос 4000 жилийн тэртээ эртний Египет улсад анхны сүрчиг үүсэж, хүн төрөлхтөнд үнэртний тансаг оршихуйг өвлүүлсэн хэмээн олон зуун жилийн турш ам дамжин ярьсаар ирсэн билээ. Гэвч анхны сүрчгийг МЭӨ хоёрдугаар зуунд амьдарч байсан Tapputi хэмээх химич эмэгтэй гарган авч байжээ.

Харин өнөө үед хүмүүс бид сүрчгийг өдөр тутамдаа хэрэглэж байгаа ч хуурамч, жинхэнэ эсэхийг нь барагтай л бол ялгаж салгаж чаддаггүй. Гэхдээ орчин үед энэ тийм ч хэцүү зүйл биш. Ингээд сүрчигний төрлүүд болоод оригинал сүрчгийг дуураймлаас нь хэрхэн ялгах тухай зөвлөгөөг хүргэж байна. 

СҮРЧИГНИЙ ТӨРӨЛ БУЮУ АНГИЛАЛ

Юуны өмнө үнэртэй ус болон сүрчиг хоёрын ялгааг тайлбарлая. Үнэртэй ус нь эфирийн тос, спирт болон уснаас бүрддэг бол сүрчиг нь зөвхөн эфирийн тос, спирт хоёроос бүтдэг аж. Үнэртний шил савалгаан дээр Eau de cologne, Eau de toilette, Eau de Parfum хэмээн бичсэн байдаг. Эдгээр нэрийн эхэнд буй Eau хэмээх үг нь францаар ус гэсэн утгатай үг юм. Энэ нь тухайн үнэртэн үнэртэй усны ангилалд хамаарч буйг илтгэдэг. Харин дан Parfum гэж бичсэн байвал тус үнэртэнд усны найрлага байхгүй, цэвэр эфирийн тос, спиртээс бүрдсэн сүрчиг хэмээн ойлгож болох юм.

Түүнчлэн үнэртний найрлагад эфирийн тос хэр хэмжээтэй агуулагдсанаас хамаарч үнэр тогтоон барих чадвар нь өөр өөр байдаг байна.

1. EAU DE COLOGNE (C зэрэглэл)

Энэ нь 2-4 хувийн эфирийн тос агуулсан тул үнэрээ 1-2 цаг барьдаг. Мөн 1,2-8 хувийн анхилуун үнэрт бодис агуулсан учраас эрүүл ахуйн хэрэглээнд ашиглахад тохиромжтой.

2. EAU DE TOILETTE (В зэрэглэл)

5-15 хувийн эфирийн тосны агууламжтай тул үнэрээ 3-4 цаг барьдаг. Нийтийн хэрэглээ буюу 10 хувийн анхилуун үнэрт бодисын агууламжтай. 

3. EAU DE PARFUM (А зэрэглэл)

15-20 хувийн эфирийн тос агуулсан тул үнэрээ 4-5 цаг барьдаг. Өдөр тутмын буюу 15-30 хувийн анхилуун үнэрт бодисын агууламжтай.

4. PARFUM

Parfum нь эфирийн тос хамгийн өндөр буюу 20-30 хувиар агуулсан байдаг тул үнэрээ 6-8 цаг барьдаг байна. 50 болон түүнээс дээш хувийн анхилуун үнэрт бодис агуулсан Parfum үнэрээ 3-4 хоног ч барих чадвартай ажээ.

Дээрх ангиллууд нь зөвхөн ерөнхийд нь барагцаалсан хэмжээ юм. Үнэртэн бүрийн үнэр тогтоон барих чадвар нь орц найрлагаас хамааран өөр байж болно. Зарим сүрчиг үнэрээ зургаан цаг барьдаг бол зарим нь хувцас, арьсанд шингэж, үнэрээ хэдэн өдрөөр ч барьж үлддэг байна.

ХУУРАМЧ СҮРЧГИЙГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ?

  • САВ, БАГЛАА БООДОЛ

Оригинал сүрчигний хайрцагны гадна талын боодлыг хийхдээ өөгүй цэвэрхэн бүрж боосон байдаг бөгөөд хайрцагныхаа хэлбэрээр эвхэгдсэн байдаг. Харин хуурамч сүрчиг нь үйлдвэрийн бус аргаар болхи сав, боодолтой хийгдэж хэрэглэгчийн гарт хүрэх нь элбэг.

  • ДОТОРХ ЦААСАН ХАЙРЦАГ

Оригинал бүтээгдэхүүний сав баглаа боодол нь өндөр чанартай цаасан хайрцгаар хийгдсэн байх бөгөөд үнэртний шилийг гэмтэхээс хамгаалсан бүтэц, хэлбэртэй байдаг. Мөн доторх цаасан хайрцаг нь саарал биш цагаан өнгөтэй байх ёстой ажээ. Иймд худалдан авалт хийхдээ зориулалтын хайрцаг савтай байгаа эсэхийг сайтар анзаараарай.

  • ШОШГО, ТЭМДЭГ

Үнэртэй ус худалдаж авахдаа үйлдвэрлэгчийн компанийн вебсайтаар зочилж, мэдээлэл нь сав баглаан дээрх шошго, тэмдэгтэй таарч байгаа эсэхийг шалгахаас бүү төвөгшөөгөөрэй.

  • ЗАГВАР, ХИЙЦ

Үнэртний дэлгүүрүүд алдартай дизайнеруудын сүрчигнүүдтэй гаднах төрх, загвараараа үл мэдэгдэхүйц ялгаатай сүрчигнүүд худалдаалагддаг. Тиймээс үнэртэй усыг худалдаж авахаасаа өмнө сайтар шалгаж үзээрэй.

  • СҮРЧИГНИЙ ӨНГӨ

Алдартай брэндүүд бүтээгдэхүүндээ элдэв төрлийн будагч бодис хэрэглэдэггүй тул чанартай сүрчигний өнгө ихэвчлэн цайвар байдаг. Харин хуурамч, дуураймал сүрчигнүүдэд химийн будаг нэмдэг тул ихэвчлэн тод өнгөтэй байдаг байна.

  • СҮРЧИГНИЙ ТАГЛАА

Оригинал сүрчигний таг тэгш хэмтэй байх ёстой. Хэрэв таглаа сүрчигний савны хэлбэрээс өөр тийшээ хазайсан, далий байвал хуурамч байж болзошгүй. Гэхдээ тухайн брэндийн сүрчигнүүд бүгд ийм загвараар хийгддэг байж болох тул бусад бүтээгдэхүүнтэй нь харьцуулж үзээрэй.

  • СЕРИЙН ДУГААР

Сүрчигний шилэн савны доод талд байрлах серийн дугаар хайрцагны доод талд хэвлэгдсэн серийн дугаартай таарч байх ёстой.

  • ШИЛЭН САВЛАГАА

Оригинал сүрчигний савлагаа гөлгөр гадаргуутай, өндөр чанартай шилээр хийгдсэн байдаг бол хуурамч сүрчигний шил нь бага зэрэг өө сэвтэй байдаг. Ер нь худалдан авалт хийхээсээ өмнө сав баглаа боодлоос эхлээд сүрчигний таг хүртэл сайтар нарийвчилж харвал маш олон ялгааг олж харах боломжтой.

  • ИНТЕРНЭТ ДЭХ ЗӨВЛӨГӨӨ

Эцэст нь өөрийн "судалгаа"-ны үр дүнгээ баталгаажуулахын тулд тухайн сүрчигний дуураймлыг нь хэрхэн таних талаар бичлэгийг үзэж болох юм. 

Эх сурвалж: Brightside, Wikipedia

#Гоо сайхан #Үнэртэн #Зөвлөгөө