Жүжигчний мэргэжил хүнээс хэр их ур чадвар, хичээл зүтгэл, сэтгэлийн хат шаарддаг вэ гэдгийг тэдний бүтээсэн дүрүүдээс харж болно. Тэд дүрийнхээ ард юуг даван туулж, хэчнээн их бэлтгэл сургуулилт хийдэг бол?
Бид энэхүү нийтлэлдээ авсан дүрээ төгс бүтээхийн тулд гайхамшигтай чадваруудыг эзэмшин хүнд нөхцөл байдалд ажилласан 10 жүжигчнийг онцолж байна.
ЖҮЖИГЧИН KATE WINSLET
“Titanic” (1997) киноны Rose-ийн дүрээр алдартай жүжигчин Kate Winslet “Avatar” (2009) киноны дараагийн ангид далайн хүний дүрийг бүтээж байгаа билээ. Тэрээр дүрээ бүтээхийн тулд усан доор ямар ч амьсгалын төхөөрөмжийн тусламжгүйгээр байж сурах шаардлагатай ба одоогоор түүний тогтоосон дээд хугацаа нь 7 минут 14 секунд байна.
ЖҮЖИГЧИН DANAI GURIRA
“The Walking Dead” цувралын Michone Hawthorne-гийн дүрийг бүтээсэн жүжигчин Danai Gurira уг дүрийг бүтээхийн тулд өдөр бүр сэлэмтэй бэлтгэл хийдэг байжээ. Тэрээр “Миний сэлэм 150 гаруй сантиметрийн урттай. Сэлмээрээ тулалдаж сурсныхаа дараа хөдөлгөөний бэлтгэл хийсэн. Өдөр бүр хийдэг энгийн дасгал шиг л бэлтгэлээ хийдэг байлаа” хэмээн ярьжээ.
ЖҮЖИГЧИН CHADWICK BOSEMAN
Бидний сэтгэлд Black Phanter-ийн дүрээр хоногшсон түүний таалал төгсөхөөсөө өмнө бүтээсэн сүүлчийн дүр “Ma Rainey’s Black Bottom” (2020) киноны Levee Green байсан юм. Энэхүү бүтээлд хамтран тоглосон жүжигчин Glynn Turman түүний талаар дурсан ярихдаа “Тэр үргэлж бэлтгэл сургуулилт хийдэг байсан. Нэг удаа зураг авалтын өмнө зочид буудлынхаа өрөөнд түүнийг хөгжмөө хичээнгүйлэн тоглож байхыг сонссон юм. Түүний хичээл зүтгэл кино багийн бүх хүнд л сайнаар дурсагддаг” хэмээжээ.
ЖҮЖИГЧИН RYAN GOSLING
2004 онд “The Notebook” нэртэй хайр дурлал, драм төрлийн кино үзэгчдийн хүртээл болсон билээ. Тэгвэл жүжигчин Ryan Gosling уг дүрээ бүтээхийн тулд кино зураг авалт эхлэхээс өмнө тавилга хийж сурчээ. Түүгээр ч зогсохгүй түүний хийсэн зарим тавилга зураг авалтын талбайн хэрэглэлд ашиглагдсан байна.
Мөн тэрээр “La La Land” (2016) кинонд дүр бүтээхдээ төгөлдөр хуур тоглож сурсан аж.
ЖҮЖИГЧИН NATALIE PORTMAN
Тэр “Black Swan” (2010) кинонд балетчин эмэгтэйн дүр бүтээхийн тулд зураг авалтаас жилийн өмнө бэлтгэл хийж эхэлжээ. Багадаа балетаар хичээллэдэг байсан нь бэлтгэл хийхэд дөхөм байсан ч мэргэжлийн бүжигчний дүрийг гаргахын тулд удаан хугацааны бэлтгэл хийх шаардлагатай байсан аж.
Тэрээр “Бүжигчин шиг биетэй харагдахын тулд хоолны дэглэм дээрээ анхаарч, нэг ч өдөр алгасалгүй бэлтгэлээ хийдэг байсан. Эцэж цуцталаа бэлтгэл хийх өдрүүд ч байна. Энэхүү дүрийг бүтээж байхдаа би нэг л зүйлийг ойлгосон. Би л хичээхгүй бол энэ дүр намайг хэн ч биш болгож чадах юм байна гэдгийг...” хэмээн хэлжээ.
ЖҮЖИГЧИН MARGOT ROBBIE
Жүжигчин Margot Robbie 2017 онд “I, Tonya” нэртэй кинонд уран гулгагчийн дүрийг бүтээсэн юм. Тэрээр 12 долоо хоногийн турш долоо хоногт дөрвөн удаагийн давтамжтай бэлтгэл хийсэн ба энэ тухай “Зураг авалтаас өмнө бэлтгэл хийж эхэлсэн ч нэг л болж өгөхгүй байсан. Гэтэл нэг л өдөр би чадчихсан” хэмээн ярьжээ.
Ийнхүү бэлтгэл сургуулилтын үр дүнд тэрээр өөрийн дүр болох Tonya-гийн 1994 онд үзүүлсэн нэг минутын үзүүлбэрийг орлон тоглогчгүйгээр хийж дуусгасан юм. Гайхалтай биш гэж үү?
ЖҮЖИГЧИН JOHN KRASINSKI
Кино зохиолоо дохионы хэлээр ярьж сурсан гайхалтай чадварлаг жүжигчин John Krasinski… Тэрээр “A Quiet Place” (2018) киноны найруулагч, жүжигчнээр ажилласан бөгөөд өөрийн дүрийг бүтээхийн тулд кино зохиолын үг бүрийг дохионы хэлээр ярьж сурчээ. Мөн энэхүү бүтээлийн хоёрдугаар анги нь ирэх сард нээлтээ хийх аж.
ЖҮЖИГЧИН YIFEI LUI
Хятадын домогт дайчин Mulan-ы дүрийг бүтээхдээ тэрээр гурван сарын турш өдөрт 7-8 цаг тулааны урлагийн бэлтгэл хийдэг байжээ. Тус киноны зураглаач Mandy Walker хэлэхдээ “Тэр морь унах, сэлмээр тулалдах хэсгүүдийн 90 хувийг орлон тоглогчгүйгээр гүйцэтгэсэн” хэмээжээ.
ЖҮЖИГЧИН JESSE EISENBERG
“Now You See Me” киноны цуврал ангиудад хөзрийн илбэчний дүрийг бүтээсэн жүжигчин Jesse Eisenberg илбийн урлагт суралцжээ. Тэр зураг авалт эхлэхээс өмнө илбийн онолыг судалсан ба энэ тухай “Үндсэн мэхүүдийг сурсан байхад түүнийгээ хөгжүүлэн өндөр түвшний илбэ ч хийж болно” гэж ярьсан юм.
ЖҮЖИГЧИН LEONARDO DICAPRIO
Киноны зарим дүр жүжигчнээс хэчнээн их зүйл шаарддагийг “The Revenant” (2015) киноноос харж болно. Харин энэхүү бүтээлд дүр бүтээхийн тулд жүжигчин Leonardo DiCaprio маш ховор аялгаар ярьж сурчээ. Мөн энэ дүрийг бүтээхэд юу хамгийн хэцүү байсан тухай тэрээр “Кино зураг авалт маш хүнд нөхцөл байдалд хийгдсэн. Үүнээс хамгийн хэцүү нь хүйтэн голд сэлэх, амьтны сэг дотор унтах бас түүхий мах идэх байсан” хэмээн хэлжээ. Тэр энэхүү дүрээрээ хамгийн анхны Оскарын шагналаа хүртсэн билээ.
Мэдээж кино урлагийн түүхэнд үзэгчдийн сэтгэлд хоногшсон гайхалтай дүрийг бүтээхийн тулд маш олон зүйлийг золиослон зүтгэж байсан олон жүжигчид бий. Бид энэхүү нийтлэлээр тэднээс ердөө арвыг нь л онцолсон гэдгийг анхаараарай.
Эх сурвалж: Buzzfeed
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх