Англи гаралтай гэрэл зурагчин Alex de Mora 2019 оны аравдугаар сард Монголын хип хоп урлагийн өнөө цагийн төлөөллүүдийг баримтжуулахаар "Straight Outta Ulaanbaatar" хэмээх гэрэл зургаас бүтсэн ном болон баримтат киног бүтээсэн билээ.
Тэгвэл энэхүү бүтээлийг CNN агентлаг өнөөдөр онцоллоо. Хөгжмийн голлох урсгалуудын нэг болох хип хоп урсгал нь Монгол улсад Коммунизмын он жилүүд дууссаны дараачаас буюу 1990-ээд оноос эхлэн эрчимтэй дэлгэрсэн. АНУ-ын хип хоп дуунууд манай улсын телевизийн сувгуудаар эгшиглэх болсноор монгол залуус 2 Pac, The Notorious B.I.G, Snoop Dogg, Wu-Tang зэрэг уран бүтээлчдээс урам зориг, үлгэр жишээ аван өөрсдийн бүтээлээ туурвих сэдлээ олсон гэдэг.
Гэрэл зурагчин Alex de Mora-гийн баримтат кино реппэр Big Gee-гийн дүрс, өгүүллээр эхлэх аж.
Өсвөр насандаа Dr. Dre болон Snoop Dogg зэрэг реппэрүүдийг сонсож өссөн Big Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ "Би дуунуудаа тэд нарынх шиг хэмнэлтэй бичиж чадна хэмээн итгэж, рэп дуулж эхэлсэн" гэж тэрбээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар дахь студидээ өгсөн ярилцлагын үеэр хэлжээ.
Улаанбаатарт гэр хороололд өссөн Т.Мөнх-Эрдэнэ уран бүтээлээрээ хот суурин газрын хүнд хэцүү байдлыг илэрхийлэхийг зорьдог. Ихэвчлэн монгол гэрээс бүрдсэн эдгээр гэр хороолол 1990 оноос хойш гурав дахин томорчээ.
"Анх уран бүтээл хийж эхэлж байхад дуу бичлэгийн студи гэж байдаггүй байсан. Цөөхөн, гэхдээ тэд маш үнэтэй байсан. Миний рэп хийж эхэлсэн үе маш хэцүү байсан. Бидэнд мөнгө хийх, өндөр чанартай аудио, видео хийх, том компаниудтай хамтарч ажиллах арга байгаагүй. Телевиз, радио станцууд бидний дуу, клипийг цацахаас татгалздаг байв. Тэд хип хопыг муу зүйл гэж боддог байсан" гэж Big Gee хэлжээ.
Өдгөө 37 настай Big Gee Монголын хамгийн алдартай реппэрүүдийн нэг хэмээн гэрэл зурагчин Alex de Mora онцолж буй юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх