ЗАХИДАЛ: Гуравдугаар сарын захидлын хариу №3


ССҮТөв | YOLO.MN
2021-03-16

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Гурван жил хичээл хийгээгүй учраас яаж бэлдэхээ сайн мэдэхгүй байна

Би 19 настай, эмэгтэй. Ахлах сургуулиа төгсөөд гурван жил болж байна. Үргэлжлүүлэн суралцах гэхээр санхүүгийн боломж байгаагүй юм. Одоогоор ажил хийж байгаа учир төлбөрөө өөрөө төлөөд сурахаар болсон. Гэхдээ бараг гурван жил хичээл хийгээгүй учир ЭЕШ-дээ яаж бэлдэхээ сайн мэдэхгүй байна. Зөвлөгөө авах гэсэн юм.

ЗӨВЛӨГӨӨ: Өдөр бүр тогтмол цагаар бэлдэх нь үр дүнтэй

Сайн байна уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Хичээл зүтгэл гаргаж байгаад нь баяртай байна.

- Эхний ээлжид ямар хичээлүүдээр шалгалт өгөхөө шийдсэн үү? Их сургууль сонирхож буй мэргэжлийн чиглэлээс нь хамаараад 2-3 хичээлийн шалгалтын дүнг тооцож элсүүлдэг. Тиймээс гол хичээлүүдээрээ түлхүү бэлдээрэй.

- Хэрэв гэртээ бэлдэж байгаа бол өөртөө хичээл хийх булан гаргаж зөвхөн тэнд л хичээлээ хийгээрэй. Анхаарлыг өөр зүйлд сатаарахаас сэргийлдэг.

- Хичээлээ хийх тогтмол хугацааг өөртөө гаргаарай. Тухайлбал өдөрт зөвхөн гурван цагийг л шалгалтдаа бэлдэхэд зарцуулна гэх мэт.

- Хичээллэх төлөвлөгөөгөө гаргаарай. Бэлдэх хичээлийн сэдвүүдийг жагсаан бичиж өдөрт аль аль сэдвүүдийг давтах вэ гэдгээ төлөвлөөрэй. Энэ нь суралцах үйл явцыг цэгцтэй болгохоос гадна өөрийгөө ямар явцтай байгаа вэ гэдгийг хянахад тусална.

- Өөрийн үр бүтээлтэй цагаа тодорхойлоорой. Өглөө, өдөр, эсвэл оройн алинд нь илүү үр бүтээлтэй, эрч хүчтэйгээр хичээллэдэг вэ? Тэр цагаа тодорхойлж өдөр бүр тогтмол цагаар шалгалтдаа бэлдээрэй.

- Өөрийнхөө дуртай зүйлийг хийж, хөгжилдөх цаг гаргаарай.

- Сайн унтаж амраарай. Шалгалтад бэлдэж байгаа ч нойрны хэмнэлээ алдахаас зайлсхийгээрэй. Учир нь тархи сайн амарсан үедээ л аливаа зүйлийг илүү сайн ойлгож хүлээж авдаг. Мөн унтах үед тархи өдөр хүлээж авсан мэдээллүүдээ ангилан ялгаж олон дахин давтагдсан мэдээллүүдээ урт хугацааны ой тогтоолт руу шилжүүлдэг. Тиймээс унтаж амрах нь бидний тархины үйл ажиллагаа, суралцах үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг.

- Эрүүл хооллож дасгал хөдөлгөөн хийгээрэй.

Олон цагаар бус, өдөр бүр тогтмол байдлаар хичээлээ хийх нь чамд дадлыг бий болгох бөгөөд суралцах үйл ажиллагааг үр дүнтэй байхад тусалдаг. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д.Намуун


АСУУДАЛ: Чиний дурлах нас биш гэсэн

Би 12 настай, эмэгтэй. Би дурлачих шиг боллоо. Түүнийг л бодох болсон. Гэхдээ эгч маань чиний дурлах нас биш гэсэн. Гэхдээ л түүнийг харахаар дулаахан мэдрэмж төрж догдолдог. Эгчийнхээ үгийг дагах уу, сэтгэлээ илчлэх үү?

ЗӨВЛӨГӨӨ: Өсвөр насанд бие биенээ шохоорхох нь хэвийн зүйл

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Хэн нэгнийг хайрлах, дурлах үед дотно, дулаан мэдрэмж төрж хармаар, хамт баймаар санагддаг. Өсвөр насанд ийнхүү бие биенээ шохоорхож, сайн болох тохиолдол нь хэвийн зүйл. Харин аливаа асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж, эрсдэлтэй зүйл хийх эсвэл хичээлээ хийхгүй байх вий гэдгээс эгч нь болгоомжилсон байж магадгүй. Энэ талаар эгчтэйгээ дахин ярилцаад үзээрэй.

Мөн сэтгэлээ илчлэхийг урьтал болголгүйгээр эхлээд тэр хүүхэд ямар хүүхэд вэ гэдэг талаар илүү сайн таньж мэдэхийг хичээгээрэй. Үүний тулд дуртай дуу, дуртай кино, хийх дуртай зүйл, дургүй зүйл гэх мэтийн талаар ярилцаж цагийг хамтдаа өнгөрөөхийг санал болгож байна. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д.Намуун


АСУУДАЛ: Би том болмооргүй, үхмээргүй санагдаж байна

Сайн байна уу? Би 15 настай, эмэгтэй. 10-р ангид сурдаг. Би сүүлийн нэг сарын турш үхлийн талаар маш олон удаа бодох боллоо. Үхэхээр яадаг бол? Хүн яагаад үхдэг юм бол? Ээж аав, өвөө эмээ, ах эгч, дотнын найзууд гээд миний бүх хайртай хүмүүс маань нас барчихвал би гав ганцаараа яана аа гэсэн бодлууд өдөрт хэдэн арван удаа бодогдох юм.

Эдгээр бодлуудыг бодох тусам яг л харанхуй гудамжаар хаашаа явахаа мэдэхгүй ганцаараа явж байгаа юм шиг эвгүй, таагүй мэдрэмж төрж, цаг, минут, сар, өдрүүд асар хурдтай өнгөрч нэг л мэдэхэд би үхэх гээд хэвтэж байх вий дээ гэж бодоод айж байна. Би том болмооргүй, үхмээргүй санагдах юм. Мэдээж тэгэх боломжгүй л дээ. Би ийм сонин юм өмнө нь бодож байгаагүй. Би ийм үед яах вэ? Хэлж өгч туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Тэднийг ямар үнэ цэнтэй хүмүүс вэ гэдгийг мэдрүүлээрэй

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Сүүлийн нэг сар ойр дотнын хүмүүс чинь байхгүй болох вий, ирээдүйд ганцаараа үлдэх вий гэдгээс айж, санаа зовж, чамд таагүй мэдрэмж төрж байгааг ойлголоо. Гэвч уг захидал дээр төдийлөн хариулт өгөх боломжгүй байгаа тул дараах асуултуудад хариулж эргээд захидал бичээрэй. Ийм бодол төрөхөд чамд юу нөлөөлсөн бэ? Яг ямар үед чамд ийм бодлууд төрж байна вэ? Танд хэрэг болох болов уу гэсэн үүднээс дараах зөвлөмжийг хүргэж байна.

- Амьдралаа илүү утга учиртай болгоорой – Үхэл хэдийгээр аймшигтай санагдаж болох ч тэр хэрээрээ амьдралаа илүү эрүүл, аз жаргалтай байлгахыг хичээгээрэй. Дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хооллож, хайртай хүмүүстэйгээ хамтдаа цагийг өнгөрөөгөөрэй.

- Бусдад талархлаа илэрхийлж байгаарай – Дан ганц баярын өдрүүдээр бус энгийн өдрүүдэд ч гэсэн хүмүүст халуун дулаан үгс хэлж, талархсан мэдрэмжээ илэрхийлж байгаарай.

- Өөрийн зорилгоо тодорхойлж түүнийхээ төлөө тодорхой алхмуудыг хийгээрэй.

Төрөх болон үхэх нь байгалийн жамаар явагддаг процесс бөгөөд хэдийгээр уй гашуу мэдрэгдэж таагүй байсан ч гэсэн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдаг. Тийм учраас болоогүй байгаа зүйлийн төлөө шаналахаас илүүтэй яг одоо хажууд байгаа хүнээ хайрлаж, тэднийг ямар үнэ цэнтэй хүмүүс вэ гэдгийг мэдрүүлээрэй. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д.Намуун


АСУУДАЛ: Зургийг нь харахад л сэтгэл хөдөлдөг

Сайн байна уу? Би 15 настай. Би нууцаа сайн нуудаг хүн. Саяхан нөгөө ангийн охинд сайн болсон. Тэрний нэрийг мэдэхээс цаашгүй. Бүр уулзаж ч байгаагүй. Зориг гаргаад очъё гэхээр ойртох мөчид ухаан алдах шиг болсон. Тэр намайг мэддэг ч үгүй байх. Зургийг нь харахад л сэтгэл хөдөлдөг. Тэрэнтэй ойртох болгонд алга хөлөрч, хааяа бүр нүүр улайгаад найзууддаа шоолуулдаг. Саяхан сэтгэлийн шарх аваад дахиж хүнд сайн болмооргүй, заримдаа энэ чигээрээ сандарч шаналсаар байгаад дуусгахыг илүүд үздэг. Би яг яах вэ, яасан ч шархалж дуусах юм шиг?

ЗӨВЛӨГӨӨ: Олон зүйл бодохоос өмнө танилцаж ярилцаарай

Сайн байна уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Нөгөө ангийн охиндоо сайн болсон боловч тэр хүн чамайг шархлуулахгүй гэсэн итгэл найдвар хэрэгтэй байгаа мэт санагдлаа. Сайн болсон хүнийхээ тухай бодох үед тэр хүн надад сайн болох болов уу, би тэр хүнд таалагдах болов уу гэх мэт янз бүрийн бодлууд төрж, сэтгэл хөөрч, догдолж, сандрах, санаа зовох тохиолдлууд бий.

Гэвч ийм мэдрэмж төрж байсан ч тэр хүнтэй танилцаж, ярилцаж байж энэ хүн надад үнэхээр таалагдаж байна уу, энэ хүнд итгэж болох уу үгүй юу гэдгийг тодорхойлох боломжтой байдаг. Тиймээс тэр хүнд сэтгэлээ илчлэх гэж яарах эсвэл чамайг шархлуулна гэж бодохоос өмнө танилцаж, бие биенийхээ хийх дуртай зүйлс, ааш зан, таалагддаг болон таалагддаггүй зүйлс, дуртай улирал, хөгжилтэй дурсамж гэх мэт мэдэхийг хүсэж буй зүйлийнхээ талаар ярилцаад үзээрэй. Эдгээр нь та хоёрт бие биенийхээ талаарх тодорхой төсөөллийг бий болгоход тусална.

Хэдийгээр өмнө нь сайн болж байсан хүн чинь чамайг гомдоож, таагүй мэдрэмж төрүүлсэн ч үүгээр дамжуулан бид бусдыг таньж, өөрийгөө таньж, бие биедээ санаа тавьж, хэрхэн хайрлахад суралцсаар байдаг. Тийм болохоор үүнийг таагүй дурсамж, үйл явдал гэж хүлээж авахаас илүүтэй бусдыг хайрлахад тусалж буй бяцхан туршлага гэж хүлээж авахыг хичээгээрэй. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д.Намуун


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter