YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Буцах гэхээр замынхаа талыг туулчихсан байна
Сайн байна уу? Би 19 настай, эмэгтэй. Би анагаахын чиглэлээр сураад гурван жилийг ардаа үлдээжээ. Анх эмчийн мэргэжлээс таашаал авч, дурлаж, амьдралынхаа нэг хэсэг болгосон байсан юм. Харин одоо юуны төлөө сурч байгаагаа ч ойлгохгүй, эргэлзэж байна. Гэхдээ больё гэхээр замынхаа талыг аль хэдийнэ тулчихсан байна. Үргэлжлүүлээд сурах гэхээр хичээлдээ төвлөрч чадахгүй, голч дүн маань буураад байгаа юм. Анх энэ мэргэжлээ сонгох болсон шалтгаанаа мартаж, энэ мэргэжлээс авдаг байсан үнэлэмжээ авч чадахаа больж, орхих юм бол цаашид юу хийх талаар төлөвлөгөө ч байхгүй болсон.
Эцэг эхийгээ бодохоор ингээд суугаад байж болохгүй гэдгийг мэдэж байгаа хэрнээ яагаад ч юм юу ч хийж чадахгүй байна. Миний энэ мэргэжилд дурласан шалтгаан юу юм бол? Кайф авдаг байсан юм бол яагаад хичээхгүй байгаа юм бол? Миний хүсэл яагаад унтарчхав аа. Би юу ч санахгүй байна. Надад туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Дуртай байсан ч үргэлж хичээх албагүй
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Мэргэжил сонголт бол бидний амьдралын чухал сонголтуудын нэг. Тиймээс ч сонгосон мэргэжил маань үнэхээр миний хүсэл мөн үү гэж эргэлзэх тохиолдол гардаг. Харин чи мэргэжлээ хамгийн анх хэрхэн сонгосон бэ? Дараах асуултуудад хариулж санах гээд оролдоод үзье.
- Хамгийн анх хэзээ энэ мэргэжлийн талаар мэддэг болсон бэ?
- Хамгийн анх эмч нар чамд ямар санагддаг байсан бэ?
- Энэ мэргэжлийг сонгоход чамд юу нөлөөлсөн бэ?
- Энэ мэргэжлийг сонгохоос өмнөх болон сонгосны дараах төсөөлөл нь ямар байсан бэ? Хэр зөрүүтэй байсан бэ?
- Энэ мэргэжлээр суралцаж эхлэхэд чиний хийхийг хүссэн зүйл мөн байсан уу? Тийм бол яагаад? Үгүй бол яагаад?
- Хэзээнээс хойш энэ мэргэжлээр үргэлжлүүлэн сурах эсэхдээ эргэлзсэн бэ?
- Тэр үед ямар үйл явдал болсон бэ?
- Мэргэжлээрээ үргэлжлүүлэн сурах эсэхдээ эргэлзэхэд тухайн үйл явдал нөлөөлсөн байж болох уу?
- Чиний сонирхлыг татсан өөр мэргэжил байгаа юу?
- Эцэг эх болон багш нар чинь чиний хийсэн зүйлийг хэр их үнэлдэг вэ?
- Чиний суралцаж байгаа мэргэжлийг эргэн тойрны хүмүүс нь хэрхэн хүлээж авдаг вэ?
- Чи хичээллэх болон амрах хугацаагаа хэрхэн зохицуулж байна вэ?
Тухайн мэргэжлийн талаарх анхны төсөөлөл болон суралцаж байх үеийн мэдрэмж зөрүүтэй үед, эргэн тойрны хүмүүс хийж буй зүйлийг нь сайшаан дэмжихгүй байгаа тохиолдолд, өөрийн чадвартаа эргэлзэж байгаа тохиолдолд, мөн бие махбод болон сэтгэл зүйн хувьд маш их ядарч, хичээллэх болон амрах цагийн хуваариа зохицуулж чадахгүй байгаа тохиолдлуудад хүсэл сонирхолгүй болох талтай. Тиймээс дээрх асуултуудад хариулаарай. Мөн энэ талаараа эцэг эхтэйгээ ярилцаад үзээрэй. Ингэснээр чамд ямар мэдрэмж төрж байгааг мэдэх боломжтой.
Мөн суралцаж буй мэргэжлээсээ кайф авдаг байсан ч яагаад хичээхгүй байгаа юм бол гэж захидалд дурджээ. Гэвч мэргэжилдээ дуртай, түүнээсээ сэтгэл ханамж авдаг ч гэсэн үргэлж хичээх албагүй шүү дээ. Заримдаа найзуудтайгаа уулзаж, хөгжилтэй, зугаатай зүйлсийг хийж, амарч, өөрийгөө хөгжүүлэх өөр бусад зүйлсийг сонирхож байх нь тархийг амрааж, илүү бүтээмжтэй суралцахад туслахаас гадна хичээлээсээ залхах, дургүй болох, халшрахаас сэргийлдэг. Тиймээс өөрөө өөртөө амралт өгч байгаарай.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д.Намуун
АСУУДАЛ: Гэр бүлтэйгээ ойлголцохгүй явсаар ийм болсон юм шиг санагдлаа
Сайн байна уу? Доторх бодол, мэдрэмжээ хүнд ярьж, эсвэл бичих нь их нөлөөтэй санагдлаа. Та бүхэн рүү асуудлаа бичсэний дараа сэтгэл уужирсан. Өчигдрөөс хойш эргэцүүлэхэд гэр бүлтэйгээ хөндий, ойлголцохгүй явсаар ийм болсон юм шиг санагдлаа. Жишээ нь миний бодлыг нээх асуудаггүй, үе үе хэрүүл уруултай, заримдаа надад хэлэх таагүй үгс нь үргэлжилсээр. Одоо зүгээр ярьж ч чадахгүй. Заавал уурласан, уцаарласан, хэрүүлтэй, загнуулж дуусна. Дүүгийнхээ хэлсэнг хийхгүй уурлуулбал бас л загнуулна. Миний зорилго, хүслийг “худлаа том ярьсан” гэж няцаана. Аав ээж нь дэмжинэ гэхийн оронд “ээ дээ” л гэсэн хариу авна.
Ингэсээр аав ээждээ ачаа дараа болж байгаа юм шиг санагдаж, хүсэл хэрэгцээгээ ч хэлэхээ больсон. Ингэж явсаар өөрөө ч мэдэлгүй гэртээ орохоор л нээх инээх хүсэлгүй, өөрийн гэсэн орон зайтай, тусдаа өрөөтэй газар л байхыг хүснэ. Ээждээ өдрийн болсон бүх юмаа ярьдаг байсан ч одоо миний хувийн аккаунтаар надад хэлэхгүй орж шалгахад нь гаднаа гаргахгүй ч дотроо уурлана. Хамгийн гол нь өөрийн гэсэн булан ч байхгүй. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх орон зай байхгүй нь бүр бухимдуулна. Ирээдүйд аав ээжийнхээ ачийг хариулна. Сайн ажил хийж, санааг нь зовоохгүй гэсэн бодол нэг л мэдэхэд хурдан тусдаа гараад бие дааж амьдраад энэ гэрээс холдоно гэдэг бодол боллоо. Магадгүй уншиж байгаа танд байдаг л нэг өсвөр насанд тулгардаг сэтгэл гутрал шиг очиж байгаа байх. Гэхдээ одоо яг яаж энэ байдлаасаа гарах вэ л гэдэг зөвлөгөө хэрэгтэй байна. Баярлалаа.
ЗӨВЛӨГӨӨ: Чамд ямар мэдрэмж төрж байгааг аав ээж чинь мэдэж байгаа юу?
Сайн байна уу? Өөрт тулгараад байгаа асуудлаа шийдэж, тайвшрахын тулд ийнхүү захидал бичиж, бусдад ярьж хуваалцаж байгааг нь сонсох таатай байна. Чамд тулгарч байгаа асуудал өдөр тутмын амьдрал, сэтгэл санааны байдалд нь нөлөөлж байгааг ойлголоо. Мөн гэр бүлийнхэн чинь чамайг ойлгоосой, чамд итгээсэй, өөрийн гэсэн орон зай олгоосой гэж хүсэж байгаа бололтой.
Чамд ямар мэдрэмж төрж байгааг аав ээж чинь мэдэж байгаа юу? Өөрөөр хэлбэл чиний хүсэл, зорилгыг няцааж буй мэт үг хэлж байгаа нь чамд ямар мэдрэмж төрүүлж байгааг мэдэж байгаа юу? Чамайг хэлэхгүй чимээгүй байгаад байгаа болохоор хэлж буй үгс нь чамайг гомдоож байгааг мэдэхгүй байгаа ч юм билүү? Мэдрэмжээ илэрхийлэхгүй бол гэрийнхэн нь чамайг юу бодож мэдэрч байгааг мэдэхгүй шүү дээ. Тиймээс тэдэнд уурласан ч гэсэн чамд яг юу хэрэгтэй байгаа вэ, чамд юу таатай бас таагүй санагдаж байгаа талаар тайвнаар, тайлбарлах маягаар хэлэхийг хичээгээрэй.
Эхний удаа хэлэх үед магадгүй чамайг ойлгохгүй байж болох ч дараа дараагийн удаа чамд таагүй санагдвал сөрөг мэдрэмжээ хуримтлуулахаас илүү аль болох тайвнаар ярилцаж, харилцан тохиролцож байхыг хичээгээрэй. Өөрийгөө илэрхийлж ойлголцохын тулд олон удаагийн оролдлого хэрэгтэй. Үнэхээр болохгүй юм шиг санагдах үе ч тохиолдоно. Тухайлбал, “Би танд өдөр болсон зүйлсийнхээ талаар үнэнээр нь хэлж байгаа болохоор та миний утсыг миний зөвшөөрөлгүй битгий шалгаарай, санаа зоволтгүй ээ” эсвэл “Би хичээлээ сайн хийх болохоор хийх дуртай зүйлийг минь дэмжээрэй. Хийж байгаа зүйл маань бүтэлгүйтсэн ч би үүгээрээ туршлага олж авч байгаа шүү дээ” гэх мэтчилэнгээр өөрийгөө аль болох зөөлнөөр илэрхийлээрэй. Мөн хүмүүс өөрийн харсан зүйлдээ илүү их ач холбогдол өгөх гээд байдаг талтай. Хэрэв өөрийн хүсэж байгаа зүйлийнхээ төлөө тодорхой алхам хийж гэрийнхэндээ харуулбал тэд хэрхэн хүлээж авна гэж бодож байна вэ? Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д.Намуун
АСУУДАЛ: Амьдралын утга учрын талаар бодох болсон.
Сайн байна уу? Би 17 настай. 12-р ангийн сурагч. Миний асуудал бол өөрийгөө үзэн ядах, өөртөө дургүй байх, гэр бүл сургууль найз нөхдийн асуудал, үерхэл найз залуу гэх мэт зүйл огт биш. Би өөртөө хайртай, өөртөө итгэлтэй, гайгүй сурлагатай гэж боддог. Надад ер нь бол бүх л юм байгаа. Хүмүүсийн нүдээр жаргалдаа ташуурчихсан охин гэх юм уу даа.
Гэхдээ миний асуудал үнэхээр хачин. Би ойрд үргэлж амьдралын утга учир яг юу юм бэ гэж боддог болсон. Одоо удахгүй төгсөх гэж байж сонгосон ажил мэргэжил байхгүй, ирээдүйгээ төлөвлөөгүй, төлөвлөхийг ч хүсэхгүй байна. Ямар ч ажил мэргэжилтэй болсон бай, хүн яаг яах гэж төрдөг юм бэ? Хүн төрөх үнэн, үхэх үнэн. Угаасаа үхэхээс хойш төрж яг яадаг юм. Жишээ нь ялаа яах гэж дэлхийд бүтээд утга учиргүй нисэж байгаад үхдэг юм бол? Би алах гэвэл надаас ялаа зугтана. Яах гэж зугтаав….. Гэвч тэр амьд байснаараа амьдралын ямар утга учрыг жил, сар биш хэдхэн хоног ч хүрэхгүй мөчид авч байгаа юм бэ? Ялаа хүн хоёрын ялгаа юунд байна? Хөөрхий ялаа зүгээр л ирж хог, новш хоёр өдөр ирж идчихээд үхэх гэж үү? Утга учиргүй юмаа… Эсвэл ялааг байгальд байгаа зүйлийг задалж, шингээхэд туслах зориулалтаар бүтээгдсэн гэвэл ямар харамсалтай юм бэ? Зүгээр л байгальд ач тусаа өгөөд л үхээ. Ингээд ургуулаад бодоод л байхаар яг яах гэж амьдраад байгаагаа ойлгохгүй юм.
ЗӨВЛӨГӨӨ: Амьдралын зорилго, утга учраа өөрөө тодорхойлох боломжтой
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Амьдралын утга учрын талаар эргэцүүлж, өөрийн амьдралын утга учрыг хайж байгаа юм шиг санагдлаа. Бодох тусам заримдаа бодолдоо ээрэгдэж, төөрөх гээд байдаг талтай. Тиймээс бодлоо цэгцтэй байлгах үүднээс дараах асуултад хариулаарай.
Чиний хувьд ямар амьдрал утга учиртай вэ? Хэр удаан амьдрах нь чиний хувьд утга учиртай байх вэ? Эртний сэтгэгчид, орчин үеийн философичид амьдралын утга учрын талаар маш олон санаануудыг дэвшүүлсэн байдаг. Гэвч хэн ч амьдралын утга учрын талаарх туйлын үнэнг тодорхойлж чадаагүй юм. Философич Жан Поль Сартр “Хүмүүсийн амьдрал, оршихуйд заагдсан зорилго, утга учир гэж байхгүй. Харин оршихуйн зорилгоо өөрөө бий болгож, өөрөө тодорхойлох хэрэгтэй” гэсэн байдаг. Үүнтэй адил чи ч гэсэн өөрийн амьдралын зорилго, утга учраа өөрөө тодорхойлох боломжтой.
Юу чамд утга учиртай, үнэ цэнтэй байх вэ? Юу хийсний дараа чи өөрийгөө утга учиртай зүйл хийлээ гэж үнэлж дүгнэх вэ? Хүн бүр өөрийн амьдралын утга учраа янз бүрээр тодорхойлдог. Тухайлбал, өөрийн гараар ямар нэгэн зүйл хийж бүтээсэн үедээ, бусдад тусалсан үедээ, нийгэмд хувь нэмрээ оруулсан үедээ, аяллаар явсан үедээ, ээж аавынхаа ачийг хариулсан үедээ, алдартай болсон үедээ, гэр бүл, найзуудтайгаа хамтдаа байгаа эсвэл зүгээр л оршин байгаа зэрэг маш олон зүйлсээр хүмүүс өөрсдийнхөө амьдралын утга учрыг тодорхойлдог. Харин чи хэрхэн амьдарвал өөрийгөө утга учиртай амьдарсан гэж тодорхойлох вэ? Зарим хүмүүс энэ асуултын хариуг хайж маш олон төрлийн зүйлийг туршиж үздэг. Тиймээс өөрийнхөө амьдралын утга учрыг өөрөө бий болгохыг хичээгээрэй. Эцэст нь өөрийгөө утга учиртай амьдарч байгаа эсэхээ чи өөрөө тодорхойлно. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д.Намуун
АСУУДАЛ: Сүүлийн үед хаа ч явсан хүмүүс надад дургүй болоод байна
Сайн байна уу? Би 15 настай, охин. Би өөрийгөө сайн, хөөрхөн зантай хүүхэд гээд л бодоод явдаг байлаа. Сүүлийн үед би найз нөхөдгүй болоод хаа ч явсан хүмүүсийн ихэнх нь надад дургүй болоод байгаа. Мөн хаана ч явсан бусдын дунд нь орж чадахгүй, гаднын хүн шиг мэдрэмж мэдрэгдээд байгаа. Харилцаагаа сайжруулах гэж олон дугуйлан секцэд явсан ч хэнтэй ч найз болж чаддаггүй.
Би нэг онлайн сургалтад сууж байлаа л даа. Тэгээд нэг өдөр багш нь залгаад "Манай сургалт шилдэг, удирдагч хүүхдийг биш эерэг хүүхдийг хайдаг юм аа. Чиний байгаа байдал бусад сурагчдаа доош нь татаж байгаа учраас манай хөтөлбөрт тохирохгүй гэж үзлээ" гэж хэлснээс хойш өөрийнхөө талаар нэг тунгааж бодсон юм. Миний бодол буруу байж болох ч би өөрөө их "би" төвтэй, бусдыг захирах дуртай, бүхнийг өөрийнхөөрөө байлгах дуртай хүүхэд юм байна. Бодоод байхаар би өөрөөсөө илүү хүмүүсийг үзэн яддаг юм байна лээ. Хэзээ ч бусдын үзэл бодлыг дэмжиж урамшуулдаггүй, үргэлж бусадтай сөргөлдөж мэтгэлцдэг зантай. Хэрэв бусад хүмүүс надтай сайхан харьцахгүй бол тэгээд л харилцахаа больчихдог. Энэ байдлууд маань намайг бусдаас тусгаарлаж байгаа юм байна гэж бодлоо.
Ахлах сургуулийн сэдэвтэй анимэ, "teenage drama" үзэж, би зүгээр л онцгой юм байна, надтай яг таардаг хүмүүс тааралдана гэсэн бодол болох нь намайг аз жаргалтай болгодог. Өөртөө туслах ном, кинон дээр гардаг шиг зүгээр л байгаагаараа байх ёстой юм болов уу? Буруу зүйлээ засаад явах хэрэгтэй юм болов уу? Сул тал бүрээ засаад л яваад байхаар өөрийгөө алддаг гэсэн сургаалууд зөв үү? Би сул талаа засах хэрэгтэй бол яаж засах хэрэгтэй юм бол? Эдгээр асуултуудад хариулт өгөөч. Эцэст нь энэ бүгдийг цаг гарган уншиж зөвлөгөө өгдөгт маш их баярлалаа.
ЗӨВЛӨГӨӨ: Чи хэнээс ч илүү биш, хэнээс ч дутуу биш.
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Онлайн сургалтын багш нь чамд таагүй сэтгэгдэл төрүүлэхээр зүйл хэлсэнд нь харамсалтай байна. Хэдий тийм боловч өөрийнхөө талаар эргэцүүлж, өөрт тулгарч буй асуудлаа тодорхойлсон нь сайн.
- Хэрвээ хүн болгон бусад хүмүүст таагүй мэдрэмж төрүүлэх байсан ч өөрийнхөөрөө дураараа аашилж, хүссэн бүхнээ хийвэл юу болох вэ?
- Харин хүмүүс өөрт болон бусад хүмүүст таагүй мэдрэмж төрүүлдэг үйлдлээ өөрчлөх гэж оролдвол юу болох вэ? Аль нь чамд болон бусдад эерэг мэдрэмж төрүүлэх вэ?
- Хэрвээ бусад хүмүүс чамайг урамшуулж дэмжихгүй, өөрийнхөөрөө байлгах гээд байвал чамд ямар мэдрэмж төрөх вэ?
Хүн бүрд найзуудтай байж, бусадтай нийцтэй харилцаж, нийгмийн харилцаанд орох хэрэгцээ байдаг. Гэвч өөрийгөө хэт өндрөөр үнэлж, захидалд дурдсан шиг зөвхөн өөрийгөө бодож “би” төвтэй байх нь бусадтай харилцахад хүндрэлтэй болгодог.
Байгаагаараа байна гэдэг нь дан ганц өөрийгөө бодох бус, миний үг үйлдэл бусдад хэрхэн нөлөөлөх талаар боддог, өөрийн гэсэн үзэл бодолтой, бусдын үзэл бодлыг хүндэлдэг, өөрийнхөө болон бусдын дуртай дургүй зүйлийг мэддэг, зорилгоо тодорхойлсон, өөрөө шийдвэр гаргаж бусдын шийдвэрийг хүндэлж буй байдлыг хэлнэ. Хэрвээ чи захидалд дурдсан өөрийнхөө байдлыг өөрчилж бусадтай ойлголцож, найзтай болохыг хүсвэл бусдын оронд өөрийгөө тавьж, бусдыг хүлээн зөвшөөрч, бусдад ямар мэдрэмж өгч байгаа бол гэдгийг бодож аливаад хандахыг хичээгээрэй. Чи хэнээс ч илүү биш, хэнээс ч дутуу биш. Хүн бүрд өөрийн гэсэн давуу тал, сул тал, хийж чаддаг болон хийж чаддаггүй зүйл гэж байдаг. Хүн бүр чамтай л адил цор ганц онцгой нэгэн юм. Амжилт хүсье.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д.Намуун
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх