Манай гарагийн шилдэг эмэгтэй жүжигчдийн нэг, хүмүүнлэгийн элч Angelina Jolie Их Британийн VOGUE сэтгүүлийн гуравдугаар сарын дугаарт зочноор оролцжээ. Ийнхүү түүний тоглосон бүтээлүүдийг шимтэн үзэх дуртай уншигчдадаа зориулан ярилцлагыг нь орчуулан хүргэж байна.
VOGUE: Жүжигчин, кино бүтээгч, сайхан сэтгэлт Angelina Jolie бидэнтэй хамт хоёр өдрийг өнгөрүүлж, өөрийн ертөнцийг танилцуулсан юм. Тэрээр 19 настай Maddox, 16 настай Pax, 15 настай Zahara, 14 настай Shiloh, 12 настай Vivienne, Knox нарын хамт амьдардаг. Инээд хөөр, яриа хөөрөө, хоол хүнс, тэжээвэр амьтан, улс төрийн мэтгэлцээн, дуу хөгжим, Zoom уулзалт зэрэг нь энэ гэр бүлийн салшгүй нэг хэсэг болжээ. Бид зураг авалтаа хийхийн тулд Лондон хотоос ирсэн тул орой болсон байлаа. Angelina хувцсаа элэгдэж хуучиртал нь өмсдөг бөгөөд дараа нь тэдгээр хувцсаараа бусад хувцсаа чимэглэдэг аж. Түүнтэй хамтран ажиллахад үнэхээр гайхалтай байлаа. Зураг авалтаас хэд хоногийн дараа түүнтэй уулзаж ярилцлагаа хийх боломж олдсон юм. Хорь гаруй жил хүмүүнлэгийн ажил хийж, хүний эрхийн төлөө тууштай тэмцсэн Angelina бол юу ч болж байсан бууж өгдөггүй, дайчин эмэгтэй.
VOGUE: Angelina, өнөөдөр тантай ярилцаж байгаадаа таатай байна. Цагаан ордон шинэ Ерөнхийлөгчтэй болж, дэлхий нийт цар тахлын эсрэг вакцинжуулалтаа эхлүүлжээ. Ирээдүйн талаар бага ч гэсэн найдлага төрж байна уу?
- Би залуу үеийнхэнд маш их найдаж явдаг. Би өөрөө 12-19 насны зургаан хүүхэдтэй болохоор миний болон тэдний хүүхэд нас тэс өөр байгааг анзаардаг. Заримдаа Maddox онлайнаар найзуудтайгаа холбогдож оросоор эсвэл солонгосоор ярьдаг. Харин Shiloh Намибиа дахь найзуудтайгаа холбоо барьж, яг л хажууд нь байгаа юм шиг ярилцаад сууж байдаг. Үүнээс харахад залуу үеийнхэн дэлхийн хаанаас ч, хэдийд ч бие биетэйгээ холбогдоо тогтоож чадаж байна. Тийм болохоор тэд ирээдүйд дэлхий дээрх олон асуудлыг шийдэж чадна гэдэгт итгэдэг.
VOGUE: Та өнгөрсөн хэдэн сарын турш Лос Анжелес хотод хүүхдүүдтэйгээ байсан. Тухайн үед юу хийж, өдөр хоногийг хэрхэн өнгөрөөж байв?
- Бид бусад гэр бүлийн адил томоохон цар тахалтай нүүр тулсан. Гэхдээ амьдрал үргэлжилсээр байна. Өнгөрсөн жил Zahara мэс засалд орсон ч азаар биеийн байдал нь сайн байсан. Тийм болохоор хөл хорионд орсон ч гэсэн сэтгэл санаа маань дажгүй байсан шүү. Хэдийгээр бидний амьдралын хэв маягт тодорхой хэмжээний өөрчлөлт орсон боловч олон тэмдэглэлт өдрүүдийг хамтдаа тэмдэглэж, аз жаргалтай байлаа.
VOGUE: Танай гэрт зураг авалт хийх үнэхээр таатай санагдлаа. Ялангуяа энэ бол Cecil B Demille-ийн амьдарч байсан газар шүү дээ. Үнэхээр гайхалтай...
- Би хүүхдүүдээ аавтайгаа ойрхон өсөөсэй гэж хүссэн. Хүүхдүүд аав дээрээ очиход ердөө тавхан минут шаардагддаг. Гэхдээ энд нүүж ирээд бага зэргийн дарамт мэдэрсэн. Яг л Demille, Chaplin хоёрын дундуур шургачихсан юм шиг мэдрэмж. Харин гэрийн зохион байгуулалтын хувьд ямар ч энтертайнмент өрөө байхгүй нь таалагдсан.
VOGUE: Гэр бүлийнхээ ердийн нэгэн өдрийг тодорхойлбол?
- Би ер нь зүгээр сууж чаддаггүй. Олон хүүхдийн ээж хэдий ч Jane Goodall шиг ширэнгэн ойгоор аялж яваа мэт мэдрэмж төрдөг. Тийм болохоор гэртээ "уламжлалт" ээж байх чадвар дутагдаж байгаа юм шиг санагддаг.
VOGUE: Итгэмээргүй юм!
- Би хүүхдүүддээ хайртай. Бид яг л нэг баг юм шиг санагддаг. Та манай хүүхдүүдтэй уулзаж байсан шүү дээ. Тэд их чадварлаг хүүхдүүд.
VOGUE: Тэрийг бол би гэрчилнэ шүү. Та хүүхдүүдээрээ бахархах хэрэгтэй.
- Баярлалаа (инээмсэглэв).
VOGUE: Би таны зорилгоосоо буцдаггүй, тууштай занг чинь маш их хүндэлдэг. Бас удахгүй "Amnesty International" байгууллагатай хамтарч хүүхэд залуус болон насанд хүрэгчдэд зориулж ном гаргана гэж сонссон юм байна. Энэ талаар бага зэрэг мэдээлэл өгч болох уу?
- “Know Your Rights” гэдэг нэртэй ном гаргахаар төлөвлөж байна. Бид залуу хүмүүсийг эрхээ мэдэхэд юу саад болж байгааг судалж, тэдгээр саадыг арилгахыг хичээсэн. Залуу үеийнхэнд хандаж хэлэхэд, хэн ч чамайг хохироох, дууг чинь хорих эрхгүй.
VOGUE: Гайхалтай!
- Залуу хүмүүс асуудалтай нүүр тулж, тэмцэхэд бэлэн байдаг. Энэ ном тэднийг эрхээ мэддэг, эрхийнхээ төлөө тэмцдэг нэгэн болоход туслах болно.
VOGUE: Үнэхээр чухал төсөл байна.
- Би залуусыг зөв буруу зүйлийг ялгаж чаддаг гэж итгэдэг. Зарим ахмадууд буруу зан авирыг зөвтгөх гээд байдаг талтай. Гэтэл залуу үеийнхэн үүнийг буруу гэдгийг шударгаар хэлж чаддаг.
VOGUE: Та НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан элч шүү дээ. Бараг хориод жил ажилласан байх, тийм үү?
- Тийм ээ. Хорин жил. Би дөнгөж хорин настайдаа үүргэвчээ үүрээд дэлхийг тойрч эхэлсэн. Яг үнэндээ сургуулиас олж авахаас илүү их боловсрол, мэдээллийг олж авсан.
VOGUE: Та аялалд гарсныхаа дараа өөрчлөгдсөн үү?
- Дайнаас болж дүрвэж байгаа, улс орондоо хавчлага дарамтад орсон хүмүүсийг хараад үнэхээр гайхаж, бас уур хүрсэн. Одоо ч гэсэн энэ бүх шударга бус зүйлийг хараад уур хүрдэг. Тийм болохоор үүний эсрэг тэмцэж, энэ тогтолцоог нураахыг хүсдэг.
VOGUE: НҮБ-тай хамтарсан он жилүүдээ эргээд харахад өөрийн хийсэн ажилд хэр сэтгэл хангалуун байдаг вэ?
- Би НҮБ-тай "хайр-үзэн ядалтын" харилцаатай. Тэдний ямарваа нэг асуудлыг олж харж, хамгаалж, шийдвэрлэж байгааг нь харахад сайхан байдаг. Харин миний үзэн яддаг зүйл гэвэл засгийн газрууд нь хүмүүсийн дүрвэж буй шалтгааныг шийдвэрлэхэд маш бага анхаарал болоод хүчин чармайлт зарцуулдаг. Бид юу ч хэлээгүй байхад бидний эрхийг хамгаална гэж ярьж байгааг харахаар дургүй хүрдэг.
VOGUE: Сүүлийн хориод жилд дүрвэгчдийн талаарх яриа, хандлага өөрчлөгдөж байгааг та анзаарч байна уу?
- Нөхцөл байдал улам дордсон юм шиг санагдаж байна. Бид дүрвэгсдийг бидэнд дарамт болж байгаа мэтээр ярьдаг. Яг үнэндээ бид тэдний тэмцлийг хүндэтгэх ёстой. Хүүхдүүдээ дайн дажнаас хамгаалж дүрвэсэн тэдгээр хүмүүсийг хүндлэх хэрэгтэй.
VOGUE: Та амьдралынхаа хамгийн жаргалтай цаг үед амьдарч байгаа юм шиг санагддаг уу?
- Мэдэхгүй байна аа. Өнгөрсөн хэдэн жил үнэхээр хэцүү байсан. Одоо бол гэр бүлдээ илүү их анхаарч байгаа болохоор яг л бие дэх мөс минь хайлж, биеэр маань цус гүйж байгаа юм шиг санагдаж байна.
VOGUE: Энэ бол аялал....
- Гэхдээ одоохондоо тэр аялалд би багтаагүй. Цаашид байгаасай гэж найддаг. Надад бол нас ахих нь илүү их таалагдаж байна. Залуу байснаас илүү дөчин настай байх нь амар санагддаг болсон. Миний ээж над шиг удаан амьдраагүй болохоор тэр байх. Урт наслах нь миний хувьд ялалт шиг санагдана.
VOGUE: Мэдээжийн хэрэг...
- Би тавин нас хүрэхийг тэсэн ядан хүлээж байна. Нэг удаа би үсэрдэг тавцан дээр гартал хүүхдүүд маань “Үгүй ээ, ээж битгий үсрээрэй. Та гэмтчихнэ шүү” гэж хэлсэн. Бурхан минь, энэ үг сайхан санагдаагүй ээ. Би чинь уг нь адал явдалтай кинонд тоглодог нэгэн байсан шүү дээ.
Хэдийгээр хүүхдүүд маань жаахан боловч бусдыг хайрлах, гэмтээхгүй байхын чухлыг маш сайн мэддэг.
VOGUE: Та хүүхдүүдээ дэлхийн иргэн болгон хүмүүжүүлсэн. Ингэж хүмүүжүүлэх нь эцэг эхчүүдийн хувьд ямар ач холбогдолтой вэ?
- Тэд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн. Maddox маань Камбож гаралтай ч АНУ-ын иргэн. Дэлхийн ч иргэн. Гэхдээ зөвхөн Mad л төрсөн нутаг Камбож руугаа явахаас илүүтэйгээр дүү нар нь ч бас тэнд очдог байх нь чухал. Бид бүгд янз бүрийн соёлт нийгмээс ирж нэг гэр бүл болохоор заяагдсан. Үргэлж л нэгнээсээ суралцдаг гэр бүл.
VOGUE: Та “би” гэдэг хувь хүнээс “бид” гэдэг гэр бүлийг бий болгожээ.
- Би тэднийг сонгохоос илүү тэд (хүүхдүүд) намайг хүлээж авах нь хамгийн чухал. Би энэ үгийг олон эцэг эхчүүд ойлгоосой гэж боддог. Тэд хүүхдийг үрчилж авч байна гэж ойлгодог. Гэхдээ хүүхэд ч бас та нарыг сонгох ёстой. Зөвхөн эцэг эх биш, хүүхэд ч гэр гэдэг зүйлд багтах ёстой.
VOGUE: Та загварын тал дээр нарийн сонголт хийдэг юм шиг санагдсан.
- Би чанартай зүйлд хөрөнгө оруулалт хийж, түүнийгээ үхэн үхтлээ өмсөхийг илүүд үздэг. Дуртай хүрэм, гутал, түрийвч зэрэг зүйлсээ барагтаа л бол сольдоггүй.
VOGUE: Таны тухай хүмүүсийн хэзээ ч сонсож байгаагүй тийм нууцаасаа хуваалцаж болох уу?
- Бурхан минь. Хүмүүс надаас ийм зүйл асуувал юу гэж хариулах вэ гэж бодож байсан ч хэзээ ч хариултаа бэлдэж байгаагүй юм байна. Магадгүй би хүмүүсийн бодож байгаагаас ч илүү уйтгартай хүн байх.
VOGUE: Эцэст нь, та алжаал, ядаргаагаа тайлахын тулд юу хийдэг вэ?
- Алжаалаа тайлж чаддаг хүн байвал надад ч гэсэн зөвлөөрэй. Надад ийм талын ойлголт байхгүй ээ.
VOGUE: Ярилцсанд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх