Сэтгэл гутралын үед илрэх шинж тэмдгүүд ба тэдгээрийг таних аргууд


Сэтгэцийн эрүүл мэндийн тухай цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт сэтгэл гутралд орсон үед илрэх шинж тэмдгүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

СЭТГЭЛ ГУТРАЛЫН ҮЕД ИЛРЭХ НИЙТЛЭГ ШИНЖ ТЭМДГҮҮД

- Гуниглах, сэтгэл санаагаар унах

- Хоолны дуршил буурах

- Огцом жин хасах эсвэл нэмэх

- Хэвийн хэмжээнээс их унтах унтах эсвэл нойргүйдэх

- Эрч хүчгүй болох

- Ядрах, сульдах

- Зорилгогүйгээр биеийн хөдөлгөөн огцом өөрчлөгдөх. Жишээ нь, тайван сууж чадахаа болих, хөдөлгөөн удаашрах, огцом хурдтай алхах гэх мэт.

- Өөрийгөө гэм буруутай эсвэл үнэ цэнгүй мэт бодох

- Жижиг зүйлсээс болж уурлаж, бухимдах

- Хэвийн үед таашаал авдаг байсан зүйлсдээ дургүй болох. Жишээ нь, спортоор хичээллэх, бүжиглэх гэх мэт.

- Аливаа зүйлийг бодох, шийдэхэд анхаарал төвлөрөхгүй байх

- Нуруу, толгой өвдөх зэрэг бие физиологийн өвдөлтүүд мэдрэгдэх

- Амиа хорлох тухай бодох.

Дээрх шинж тэмдгүүд дор хаяж хоёр долоо хоног болон түүнээс дээш хугацаагаар үргэлжилдэг. Зарим тохиолдолд дээрх шинж тэмдгүүд эрүүл мэндийн байдлаас шалтгаалан илэрч болох юм. Тухайлбал, бамбай булчирхайн эмгэг, тархины хавдар, витамины дутагдлын үед илрэх шинж тэмдгүүд сэтгэл гутралын үеийн шинж тэмдгүүдтэй төстэй байх тул эндүүрэл үүсэж болзошгүй юм. Иймд биед ямар нэгэн зовуурь илэрвэл юун түрүүнд мэргэжлийн эмчид хандаж, оношилгоо хийлгэх хэрэгтэй.

Зургаан хүн тутмын нэг нь амьдралынхаа туршид дор хаяж нэг удаа сэтгэл гутралд ордог байна. Сэтгэл гутрал амьдралын аль ч үед тохиолдож болох ч дунджаар өсвөр насны сүүлчээс хориод насны эхэн үед гарч ирдэг. Зарим судалгаанд эмэгтэйчүүдийн гуравны нэг нь амьдралынхаа туршид сэтгэл гутралтай байдаг талаар дурджээ. Мөн ойрын гэр бүл буюу эцэг, эхийн аль нэг нь сэтгэл гутралд орсон бол удамших магадлал 40 хувь байдаг байна.

НАСНААС ХАМААРАН ШИНЖ ТЭМДГҮҮД ӨӨРЧЛӨГДӨХ НЬ

Сэтгэл гутралын үед илэрч буй нийтлэг шинж тэмдгүүд нь насны онцлогоос хамааран бага нас, өсвөр үе болон насанд хүрэгчдэд өөр өөрөөр илэрдэг байна.

1. БАГА НАС, ӨСВӨР ҮЕИЙНХЭНД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДГҮҮД:

Бага насны хүүхдүүд сэтгэл гутралд орсон үед уйтгар гунигт автах, цочимтгой болох, сэтгэл санаа нь тайван бус байх, амархан өвдөх, сургуульд явахаас татгалзах, жингийн дутагдалд орох зэрэг шинж тэмдгүүд ихэвчлэн илэрдэг аж.

Харин өсвөр насныхны хувьд цочимтгой болох, сэтгэл санаагаар амархан унах, сөрөг бодол давамгайлах, өөрийгөө үнэ цэнгүй мэт мэдрэх, уур уцаартай болох, хичээлдээ дургүй болох, тааруу суралцах, хэт их идэх эсвэл унтах, өөрийгөө хохироохыг оролдох, нийгмийн харилцаанаас зайлсхийх, хэт мэдрэмтгий болох, зугаа цэнгэлд дурлах, согтууруулах ундаа хэрэглэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ дээрх шинж тэмдгүүд илэрч байгаа эсэхийг анзаарч, ярилцан, тулгарч буй асуудлыг нь хамтдаа даван туулахыг хичээгээрэй.

2. НАСАНД ХҮРСЭН ХҮМҮҮСТ ИЛРЭХ ШИНЖ ТЭМДГҮҮД:

Сэтгэл гутрал насанд хүрэгчдэд болон ахимаг насны хүмүүст тохиолдох нь хэвийн зүйл. Гэвч сэтгэл гутралын шинж тэмдгүүд нас ахих тусам оношлоход хүндрэлтэй болдог гэнэ. Үүнд:

- Санах ой муудах

- Амархан ядрах

- Нойргүйдэх

- Бэлгийн дур хүсэл буурах

- Нийгмийн амьдралд оролцохоос илүү гэртээ байхыг илүүд үзэх

- Бие физиологийн өвдөлтүүд зэрэг шинж тэмдгүүд хамаардаг байна.

Хэдий дээрх шинж тэмдгүүд илэрч байлаа ч мэргэжлийн эмчээр оношилгоо хийлгээгүй тохиолдолд өөрийгөө сэтгэл гутралтай хэмээн таамаглаж, өөртөө онош тавьж болохгүй гэдгийг мэргэжлийн сэтгэл судлаач анхааруулж байна. Бид дараагийн дугаарт сэтгэл гутралтай эсэхээ мэдэх сэтгэл зүйн тестийг бэлтгэн хүргэх болно.

Зөвлөх багш: МУИС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш Н.Должин

Эх сурвалж: Healthline, Psychiatry, Mayoclinic

#Сэтгэлзүй #Сэтгэл гутрал