Өндөр нуруулаг хүн цаанаа л гоё харагддаг. Харин хэн хүссэн нь өндөр болдоггүй ч өөрийн чармайлт зүтгэлийн ачаар өндрийн хэмжээгээ байгалиас заяаснаас бага зэрэг өндөр болгож болдог. Тиймээс өсвөр насандаа буюу ид өсөлтийн насан дээрээ байгаа чамд хэрэг болох дараах зөвлөгөөг хүргэж байна.
1. Тэжээллэг хоол хүнс. Биднийг бага байхад хоол идэхгүй байвал “Хоолоо сайн идээрэй, хурдан том болно шүү” гэж эцэг эх хэлдэг нь үнэн, тэд оргүй зүйл лав хэлээгүй юм. Учир нь бидний идэж ууж байгаа хүнсний бүтээгдэхүүн тэжээллэг, амин дэмтэй байж гэмээнэ өндөр болох явцыг түргэсгэж өгдөг. Жишээ нь тахиа загасны мах, шош, цагаан идээ нь булчинг хөөлгөж, ясны ургалтыг сайжруулдаг байна. Харин нүүрс ус ихтэй хүнс буюу түргэн хоолны төрлийн бүтээгдэхүүнүүд, пицца, бялуу, чихэр, содын агууламж өндөртэй зүйлс өндөр болох явцыг саармагжуулдаг байна. Тиймээс кальци болон Д витамин ихтэй хүнсийг түлхүү хэрэглэх хэрэгтэй.
2. Өсвөр насандаа дасгал хөдөлгөөн сайн хий. Дасгал хөдөлгөөн хийхгүйгээр зөнгөөрөө өсчихнө гэж бодож байвал ирээдүйд 3-5 см-ээр өндөр болох боломжоо алдаж байна гэсэн үг. Шилжилтийн насандаа өдөрт дор хаяж 30мин-1цаг хүртэлх хугацаанд дасгал хөдөлгөөн, тэр дундаа сунгалтын дасгал хийх хэрэгтэй. Бие дээш сунгагддаг спортын төрөл болох хаданд авиралт, сагсан бөмбөг, гар бөмбөг, талбайн болон ширээний теннисээр хичээллэж болно. ХАРИН!!! Фитнесст явж биедээ хэт их ачаалал өгч, хүнд зүйл өргөхөөс зайлсхийгээрэй. Энэ нь булчингийн хэмжээг улам нэмж өсөлтийг саармагжуулах сөрөг талтай байдаг. Үнэхээр явахыг хүсэж байвал багштайгаа зөвлөлдөж, хөнгөн дасгал хөдөлгөөн хийгээрэй.
3. Сайн унтаж амрах. Нярай хүүхэд цагаар өсч байгаа мэт л маш эрчимтэй өөрчлөгддөг. Учир нь тэдний унтах цаг их, унтахдаа өсөлт нь явагдаж байдаг болохоор амархан өсч томоордог. Тиймээс өсвөр насандаа байгаа чамд ч энэ байгалийн хууль үйлчилж байдаг. Өөрөөр хэлбэл хүний өсөлтийн гормон (HGH) унтаж байхад буюу шөнийн цагаар явагдаж байдаг. 20 нас хүртлээ өдөрт 9-11 цаг унтаж амрах юм бол өсөлт хэвийн байдаг. Харин шөнө бага нойртой байх нь чиний өсөлтөд сөргөөр нөлөөлж байгаа гэдгийг мэдэж авах хэрэгтэй.
4. Эцэг эхийн өндрийн хэмжээ нөлөөлдөг. Үүнийг заавал тооцож үзэх хэрэгтэй. Учир нь энэ талаарх судалгааг эрдэмтэд аль хэдийнэ нотолчихсон. Хүний генийн 60-80 хувь нь эцэг эхээ дуурайдаг учир биеийн өндрийн хэмжээ ч мөн үүнд хамаатай юм. Аав ээж чинь дундаж өндөртэй бол чи мөн тийм л байна гэсэн үг.
5. Өсөлтөд сөргөөр нөлөөлөх зүйлс бүү хий, бүү хэрэглэ. Өсөлтийн гормоныг саармагжуулдаг зүйлс гэж байдаг. Кофейний төрлийн зүйлс нойр сэргээх үйлчилгээтэй байдаг. Тиймээс шөнө кино үзэх, тоглоом тоглох гэж эсвэл хичээлээ хийх гэж хэт улайрч хааяа кофе уудаг бол энэ чинь өсөлтөд чинь нөлөөлж байгаа гэдгийг санаарай. Мөн тамхи нь өсөлтийн гормоны үйл ажиллагааг зогсоох агууламжтай байдаг. Колумбын их сургуулиас хийсэн нэгэн судалгаагаар өсвөр насандаа тамхи татдаг байсан хүмүүс болон татдаггүй байсан хүмүүсийн өндрийг харьцуулахад тамхи татдаггүй байсан нь илүү өндөр байжээ.
6. 20 нас хүрээд өсөлт зогсоно гэдгийг БАЙНГА САНА!!!
“За би ч өсч л байгаа байлгүй дээ, жамаараа өсчих байх” эсвэл “Дараа нь нэг сайн витамин авч уугаад суга өснө дөө” гэж бодож тайвширч явсаар нэг өдөр 20 нас хүрч оройтсон байх вий. Учир нь өсөлтийн насны хязгаарыг эрэгтэй хүн 25, эмэгтэй хүн 20 нас гэдэг ч ер нь бол 20 нас гэж бодож өөрийгөө яаруулах хэрэгтэй. 20 нас хүртэл л эрчимтэй өсч түүнээс цааш удааширдаг бөгөөд 1-2 см л өсдөг аж. Хэрэв чи одоо 18-аас доош насанд байгаа бол бүр ч их боломж байна. Дээрх аргуудыг заавал хэвшил болгоорой.
Өндөр харагдах аргуудаас:
7. Нуруугаа тэнийлгэж яв. Бөгтийж явах нь хүнийг 1-2см намхан харагдуулдаг. Тиймээс цаг үргэлж цээж тэнэгэр, бөгтийлгүй яваарай.
8. Охид бариу хувцас өмс. Нэлмэгэр, налмагар сул загвартай хувцас өмсөх тусам хүн намхан харагддаг. Тиймээс бариу өмд, цамц өмсөж байгаарай.
9. Бага зэрэг өсгийтэй гутал өмс. Өндөр болж байна гээд ээж, эгчийн өмсдөг шиг хэт өндөр өсгийтэй гутал өмсөх нь өсвөр насныханд тийм ч зохимжгүй. Тиймээс хэрэв чи хүсвэл өөрт таарсан, хөлд эвтэйхэн, бага зэрэг өсгийтэй гутал өмсөөрэй.
10. Бараан болон босоо судалтай хувцас өмс. Цагаан шаргал хувцсаас илүүтэй бараан өнгийн хувцас нь хүнийг өндөр харагдуулдаг байна. Мөн босоо судалтай даашинз, цамц тухайн хүнийг өндөр харагдуулаад зогсохгүй туранхай харагдуулдаг.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх