Утсаар ярих нь ганцаардах мэдрэмжийг бууруулдаг нь судалгаагаар тогтоогджээ


Миау | YOLO.MN
2021-03-04

Сүүлд хийгдсэн нэгэн судалгаагаар долоо хоногт 10 минутаар хэд хэдэн удаа утсаар ярих нь ганцаардсан мэдрэмжийг бууруулж байгаа нь тогтоогдсон байна.

“JAMA Psychiatry” сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаанд 240 насанд хүрсэн хүн оролцсон бөгөөд бүтэн нэг сарын турш сайн дурын ажилчидтай утсаар ярихад ганцаардлын түвшин нь илт мэдэгдэхүйц байдлаар буюу 20 хувиар буурчээ.

Судалгаанд хамрагдагсадтай утсаар ярьсан сайн дурын ажилчид судалгааны өмнө харилцааны богино хэмжээний сургалтад хамрагдсан ба утсаар ярихдаа судалгаанд оролцож буй хүний яриаг анхааралтай сонсох, ярьж буй зүйлийнх нь талаар асуулт асуух зэргээр дэмжих маягтай ярьсан байна. Өөрөөр хэлбэл судалгаанд оролцож буй хүн харилцан яриаг удирдан явсан гэсэн үг.

Судалгаанд оролцогсдын ганцаардлын түвшинг Лос Анжелес дахь Калифорнийн Их Сургуулиас гаргасан ганцаардлын хэмжүүрээр хэмжсэн бөгөөд судалгааны эхэнд тэдний ганцаардлын түвшний дундаж оноо 6.5 байсан бол судалгааны төгсгөлд 5.2 болж буурчээ. 

Үүнээс гадна тэдний сэтгэл түгшилтийг GAD-7 сорилоор үнэлэхэд сэтгэл түгшилтийн түвшин 30 гаруй хувиар, PHQ-8 сорилоор үнэлэхэд сэтгэл гутрал даруй 24 хувиар буурсан байв.

Судалгааг удирдан явуулсан профессор Kahlon хэлэхдээ, “Бид судалгаагаа хийхийн өмнө ийм үр дүн гарна гэж огт тооцоолоогүй. Гэхдээ сэтгэл түгшилт болон гутралын түвшин ганцаардлын түвшингээс ч олон хувиар буурсан байгаа нь гайхалтай” гэжээ. Мөн үргэлжлүүлэн, “Энэхүү аргыг та өөрийн ойр дотнын, тусламж хэрэгтэй байгаа хүмүүс дээр хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Танд ч бас хэн нэгний халамж хэрэгтэй үед чин сэтгэлээсээ итгэдэг нэгэн рүүгээ залгахаас бүү төвөгшөөгөөрэй. Бодит байдал дээр зөвхөн өөрийн тань яриаг 10 гаруй минутын турш анхааралтай сонсох хүнийг олох хэцүү байж магадгүй. Гэхдээ найзуудтайгаа харилцан зөвшилцсөний үндсэн дээр энэ аргыг туршиж болох юм” гэжээ. 

Эх сурвалж: BBC

#Сэтгэлзүй #Ганцаардал