Залуу хүний ЗААВАЛ УНШИХ ном №9


Завгүй өнөөгийн нийгэмд зөв номоо, зөв цагтаа олж уншихад тань туслах зорилготойгоор хэрэгжүүлж буй “Залуу хүний заавал унших ном” цувралын маань ээлжит зочноор нийтлэлч Б.Болор-Эрдэнийг уригдан оролцож байна. Тэрээр бидэнд зөвхөн нэг номыг санал болгохоос илүүтэйгээр нэгэн зохиолчийн бүхий л бүтээлүүдийг уншихыг зөвлөж байгаагаараа энэ удаагийн дугаар маань онцлогтой юм.

Д.Нацагдорж зохиолч “Миний нутаг”, “Октябрь”, “Од” яруу найраг, “Хуучин хүү”, “Шувуун саарал”, “Ламбугайн нулимс”, “Үзэгдээгүй юм” өгүүллэг, “Учиртай гурван толгой” дуурь зэрэг 130 орчим бүтээл туурвисан аж.

Мөн тэрээр А. С. Пушкиний “Анчар”, “Хоригдол”, “Хэрээ хэрээний зүг ниснэ”, “Сэрэхүй”, “Газар далай хоёр”, “Гилбэрийн хатан”, “Буудалцсан нь”, Ги Де Мопассаны “Аглагч”, Эдгар Погийн “Алтан цох” зэрэг зохиолыг орчуулан монгол уншигчдыг дэлхийн сонгодог зохиолуудтай анх танилцуулж байсан юм.

Зургийг gogo.mn сайтаас

Санал болгож буй ном: Д.Нацагдоржийн бүтээлүүд

Зохиолч: Д.Нацагдорж

Төрөл: Утга зохиол

Товч агуулга: Монгол орон орчин үежиж эхэлсэн үеийн тухай

YOLOБид эдгээр бүтээлүүдийг яагаад унших ёстой вэ? 

- Д.Нацагдоржийн бүтээлүүдэд монгол хэлний гоо зүй, орчин цагийн Монголын гараанаас гарч байх түүхэн цаг үеийн дүрслэл, уламжлалын магтуу ба түүний шүүмжлэл цөм багтсан байдгаараа гайхалтай.

YOLOТаны энэ номоос суралцаж, хэрэгжүүлж буй зүйл юу вэ? 

- Сонгодог уран зохиолыг хоолоор авч үзвэл шууд аваад хоол хийх, аль эсвэл гарын дор ашиглах боломжтой орц, материал огтхон ч биш. Харин ямар ч хоолыг амтлах, таашаах чадварыг хөгжүүлдэг зүйл. Тиймд "Д.Нацагдоржоос энийг суралцаад, үүнийг хэрэгжүүлж байгаа" гэж хариулах их хэцүү. Нөгөө талаар "Д.Нацагдоржгүйгээр энийг хийж байгаа" гэж хэлэх зүйл ч бас байхгүй болов уу.

YOLOЭнэхүү номын хамгийн дуртай ишлэл тань? 

- Олон зохиол бий ч жишээлбэл “Холхи газраас гялалзан харагдагч өнгөт од оо” гэдэг мөр байна. Тэр үеийн ядуу буурай Монголоос өнөөдөр ч дэлхийн сансар судлалын хамгийн том сэдэв хэвээр байгаа Марс гаригтай ярилцсан энэ бүтээл нь түүнийг магадгүй өнөөдрийн монгол зохиолчдоос ч илүү дэвшилттэй уран бүтээлч байсныг харуулдаг.

YOLOНом уншихын ач холбогдлыг тодорхойлбол?

- Хамар, ам, гар хоорондын гурвалжингаас арай том агуулгад амьдрах боломж өгдөг. Ер нь ном уншсанаар оюун санаа хөгжинө, өмнө нь амьдарсан хүний бодлоос өөртөө шингээж авна. Ач холбогдлын талаар ярихаас илүүтэй үйл явцыг бодитой туршиж, мэдэрч, яг л өглөөний хоол эсвэл спорт шиг л амьдрах хэв маягтаа багтаах нь өөрт хэрэгтэй болов уу. Бичиг үсэг үүсэж, хүн төрөлхтөн оюун санаагаа ном, архив болгон уламжилж, түүнийхээ ачаар урагшлан хөгжиж ирсэн. Үүнийг хэрэгтэй юу, үгүй юу гэж хэлэлцэх нь магадгүй уншдаггүй хүмүүсийн л хэлэлцдэг сэдэв.

YOLOНом ...-той төгс зохицдог.

- Ном хэвтэхтэй төгс зохицдог. Багаасаа л хэвтэж унших дадалтай болсон. Гэхдээ онолын өгүүллийг бол ширээн дээрээ уншдаг. Мөн л тухайн агуулгыг анхнаасаа хэрхэн уншдаг байсантай холбоотойгоор үлдсэн дадал.

YOLOСонсдог ном, цаасан ном, цахим номын алийг нь илүүд үзэх вэ?

- Цаасан болон цахим номын дундын хувилбар буюу Kindle Paperwhite-ыг илүүд үзнэ.

YOLOНомыг хэрхэн уншдаг вэ?

- Эрээчиж. Эрээчих, нугалах, тодруулагчаар өнгө ялгаж тэмдэглэх нь миний хувьд уншиж байгаа номтойгоо ярилцаж, харилцаж байгаа хэлбэр гэх үү дээ.

YOLOНомын хулгай, хулгай мөн үү?

- Мөн.

YOLOТанай номын санд хэр олон ном байдаг вэ?

- Тоолж үзээгүй.

YOLOНомоо хүнд зээлүүлдэг үү?

- Үгүй. Бичиж, тэмдэглэж уншдаг учраас нэг талаар миний хувийн ертөнц, нөгөө талаар банкны хадгаламж шиг дараа нь эргээд харах эх сурвалж байдаг. Тиймээс бусадтай номоо хуваалцдаггүй.

YOLOДуртай зохиолоороо кино бүтээх боломж олдвол ямар зохиолыг амилуулах вэ?

- Д. Батбаяр зохиолчийн “Цахилж яваа гөрөөс” зохиолыг амилуулах байсан.

YOLOНомоо хэрхэн сонгож уншдаг вэ?

- Зохиогчийнх нь чансаагаар. Ном уншихтайгаа тэнцүү шахам цаг зарж зохиогчийг нь судалж байж унших номоо сонгодог.

YOLOЭх хэл дээр нь уншсан дээр үү, эх хэлээрээ уншсан дээр үү?

- Чаддаг бол ямар ч ном анх бичигдсэн хэл дээрээ л хамгийн амьд, аутентик байж таараа.

YOLOЯрилцсанд баярлалаа. 

#Залуус #Ном