Реппер цагдаа Д. Өнөболд: Иргэд цагдааг ЗӨВӨӨР хүлээн авдаг байгаасай


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2021-09-13

Өнгөрсөн амралтын өдрөөр Open mic арга хэмжээ зохион байгуулагдаж, олон залуус нэгэн үдшийг хөгжилдөн өнгөрүүлсэн. Уг арга хэмжээний үеэр реппер цагдаа олны анхаарлыг их татсан билээ. Ингээд “Ард түмэнтэйгээ ойр реппер цагдаа” гэгдэж буй Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагч Д.Өнөболдтой танилцацгаая.

YOLOХүмүүсийн реппер цагдаа гэж нэрлээд буй энэ хүн яг ямар хүн юм бол? Хувь хүн талаасаа өөрийгөө танилцуулахгүй юу? 

- Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараа хотын унаган хүүхэд. Аймгийнхаа нэгдүгээр сургуулийг 2017 онд төгсөж, ДХИС-д суралцах хугацаандаа гурван жил Оюутны холбооны тэргүүнээр ажилласан. Энэ оны тавдугаар сард сургуулиа төгссөн. Одоо Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэсгийн байцаагчаар ажиллаж байна.

YOLOOpen mic дээр дүрэмт хувцастайгаа ирсэн байсан. Open mic болж байгааг хараад шууд оролцчихов уу гэж харагдсан. 

- Өмнөх өдөр нь өглөөний гудамжинд кофе уугаад сууж байтал гитартай дуучин гэнэт хүрч ирсэн юм. Ингээд цагдаагийн тухай дуугаа дуулсан. Гэтэл “Маргааш open mic болно. Та хүрээд ирээрэй” хэмээн урьсан юм. Урилгыг нь хүлээж аван, ажлаа тараад шууд очсон. 


YOLOОлон нийт их сайхнаар хүлээж авсан байна. Сэтгэгдэл ямар байна вэ?

- Хүмүүс их эерэгээр хүлээж авсан. Сөрөг сэтгэгдэл ч бас байсан. “Замын ачаалал их байхад энэ цагдаа энд дуулаад байж байх юм”, “Ажил нь багадаад байгаа юм байх даа”, “Энэ энд юу хийж байгаа юм” гэх мэтээр хэлж байсан. Би ажлаа тараад очсон. Гэхдээ хувцас, хэрэглэлтэйгээ байсан болохоор ажлынхаа дундуур дуу дуулаад байгаа юм шиг санагдсан байх. Ажилтай, дуудлага ихтэй байхдаа микрофон бариад дуулаад байна гэж мэдээж байхгүй. 

YOLOАжлын хамт олон нь хэрхэн хүлээж авч байна вэ?

- Эерэгээр хүлээж авсан. Манай Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хэлтсийнхэн дотоод уур амьсгал сайтай. Анх томилогдож очсоноос хойш сайн сургаж, зааж чиглүүлсэн. Би практик дээр ажиллаж үзээгүй учраас мэдэхгүй юм их. Энэ тохиолдолд бүх зүйлийг зааж өгдөг. 


YOLOЯагаад цагдаа болохоор шийдсэн бэ? Реппер болъё гэж бодож байсан уу?

- Багаасаа олон төрлийн зүйл сонирхож, цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг зорьдог байсан. Хоёр дуу зохиож байлаа. Аравдугаар ангидаа марш тактикийн “Дөл” тэмцээнд жил дараалан оролцож, нэг болон гуравдугаар байрыг эзэлсэн. Үүнээс хойш цагдаа болохоор шийдэн, Дотоод хэргийн их сургуульд элсэж орсон. Урлагийн хүн болъё гэж бодож байгаагүй. 

YOLOOpen mic-д ер нь оролцдог уу? Оролцсон сэтгэгдэл ямар байна вэ? 

- Өмнө нь open mic-т оролцъё гэж огт бодож байгаагүй. Цагдаа ч гэсэн хүн. Би хэдий залуу насаа төрийн албанд маш завгүй өнгөрүүлж байгаа ч гэсэн өөрийн сонирхол, хоббитой. Мөн иргэд маань цагдааг зөвөөр хүлээж авдаг байгаасай гэж бодсон. Тэнд байсан хүмүүс ч их сайхан хүлээж авсан.


YOLOХүмүүс ард түмэнтэйгээ ойр, гоё цагдаа байна гэж байсан. Ер нь цагдаатай холбоотой ёс зүйн асуудал их яригдаж байгаа энэ цаг үед иргэд тайвширч цагдаагаас айх айдас нь ч багасаж байх шиг. Та үүнийг юу гэж бодож байна вэ? 

- Цагдаа бол хүн айлгадаг хүн биш. Энх тайвны төлөө хууль зөрчиж байгаа хүмүүстэй л тэмцдэг. Бид бол гэмт хэрэгтэй тэмцэж, олон нийтийн аюулгүй байдал, хэв журмыг хамгаалах гэсэн гурван үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээд явж байгаа хүмүүс. Ямар ч буруугүй хүнд цагдаа шаардлага тавьж, айлгаад байдаггүй. 

YOLOИргэд, цагдаа хоорондын харилцааг яаж өөрчлөх боломжтой гэж боддог вэ? Залуу хүний хувьд өөр өнцөг харагдаж байгаа байх.

- Open mic-ийн үеэр зам хаачихсан байхад л хүмүүс “Би ийшээ эргэмээр байна” гээд замын цагдаатай хэрэлдээд эхэлдэг. Арга хэмжээнд оролцож байгаа хүмүүс амралт чөлөөт цагаа зөв өнгөрүүлж байхад нөгөө талд жолоочид бухимдан, хэрүүл маргаан үүсгэдэг. Замын цагдаа нар өөрийнхөө дураар зам хаагаагүй, үүрэг л гүйцэтгэж байгаа. Мөн жишээ нь хүүхдийн дэргэд архидан согтуурвал 300 мянган төгрөгөөр торгох ёстой. Гэтэл тухайн хүмүүс мөнгөгүйн улмаас “100 мянгаар торгуулъя” гэж гуйдаг. Бид хуулийн дагуу хариуцлага тооцохгүй бол өөрсдөө асуудалд орно. Ийм байхад хүмүүс цагдаа нарыг л буруутгаад байдаг нь буруу санагддаг. 

YOLOХоёр дуу зохиож байсан гэсэн. Клипжүүлж олны хүртээл болгох бодол бий юу?

- Дуугаа олны хүртээл болгоё гэж бодож байгаагүй. Зохиосон дуугаа Фэйсбүүктээ оруулахад найзууд маань их дэмжсэн. Төгсөлтийн баяраараа зохиосон хоёр дахь дуугаа дуулж байсан. Харин цахим орчинд байршуулаагүй. Нэг дуугаа Фэйсбүүкт тавьснаас хойш таньдаг хүмүүс маань “Аая, дуучин” гээд “цаашлуулаад” байхаар ичдэг юм билээ /инээв/. 

YOLOЦагдаа хүний ажил нь их, төрийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага ч их байдаг. Арыг нь дааж хамт байдаг гэргий хүн их чухал юм шиг. Гэр бүлийнхээ талаар ярихгүй юу?

- Эхнэртэйгээ гэр бүл болоод нэг жил орчим болж байна. Хүүхэд маань төрөөд удаагүй байгаа. Төрийн ажил цаг наргүй. Ард үлдэж байгаа эхнэр маань маш том хариуцлага хүлээж, хүүхдээ өсгөж байна. Би байхаасаа байхгүй нь их. Гэхдээ гэртээ байх үедээ хамгийн сайн туслагч нь байх гэж хичээдэг. Өглөө 6 цагт сэрдэг байсан бол цагийн өмнө сэрж, хүүхдийнхээ даавууг угаагаад, эхнэрийнхээ шөлийг бэлдэж, өдөр идэх хоолных нь махыг татаж, чийгтэй цэвэрлэгээ хийгээд ажилдаа явдаг. Оройтох үе бий, шөнө дуудагдаад явах үе ч бий. Тэр болгоныг ойлгоно. Хааяа жирэмсэн хүн чинь гомдож, уйлдаг байсан. Энэ мэтчилэн амьдарч л байна даа. 


YOLOНэгэнт олон хүнд бичлэг нь хүрлээ. Цаашид магадгүй цахим орчинд ковер хийх ч юм уу ямар нэг байдлаар дуутай холбогдох уу?

- Хувь хүнийхээ зүгээс боломж гарвал цаашдаа олон зүйлд оролцоно. Гэхдээ боломжгүй байвал араас нь хөөцөлдөхгүй. Кино олон ангитай болох тусам утгаа алддаг шиг би дахиад цагдаа хувцастайгаа дуу дуулбал утгагүй санагдана. Магадгүй анхны цагдаа хувцастай реп үглэсэн хүн болж таарах шиг боллоо. Өөрийгөө азтай байна гэж бодож байна. 

YOLOЯрилцлагын маань төгсгөлд уншигчдад маань хандаж үг хэлэхгүй юу?

- Залуучууд маань хүсэл мөрөөдлөө хаялгүйгээр ямар ч зүйлийг сайн бодож тунгаасны эцэст хийж байгаарай. Мөн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг зөвөөр хүлээж авч байгаарай. Эхлээд "Би ямар буруу зүйл хийлээ?" гэж өөр лүүгээ өнгийж хараад, дараа нь энэ цагдаа надад хуулийн дагуу шаардлага тавьж байна уу, энэ хүн өөрийнхөө төлөө хэлж байна уу эсвэл үүргийнхээ дагуу ажиллаж байна уу гэдгийг дүгнэх нь чухал. Хөл хорионы үеэр эргүүлд зогсоход олон төрлийн хүнтэй таарлаа. Хүрлээр цутгаж, төмрөөр хийгдээгүй болохоор бид ч гэсэн өвчин тусна. Тийм байтал цагдаа бүх зүйлийг муу муухай болгоод байгаа мэт аашлах нь буруу санагддаг. Иймээс цагдаа гэхээр л муу хүн гэж битгий үзээрэй. Мөн саяхан нэгэн хэргийг 20 жилийн дараа илрүүлсэн тухай мэдээний доор “Байгаа байдал ийм л байна. Одоо илрүүлээд яах вэ дээ. Монголын цагдаа ийм л байна” гэх мэт сэтгэгдэл их байсан. Хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй байхад, хэрэг хаагдахаас өмнө илрүүлсэн бол уг нь сайн хэрэг л дээ. Аливаа зүйлийг олон талаас бодож үздэг байгаарай. 

#Ярилцлага #Реппэр цагдаа