Карантин дахь галерей: Хосууд галерейд БОЛЗОХ нь их болсон


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2021-03-03

Зориг сан болон Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлдэг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн “Урлахуй” багийн хамт олон “Карантин дахь галерей” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд бэлтгэн хүргэж буй цуврал подкастын хоёр дахь дугаарт Монголын уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа, Бүртгэл мэдээллийн санч Б.Чимэдхорлоо нар оролцлоо. Та сонороо мялаана уу.

  • Подкастыг ЭНД дарж сонсоорой. 

-ПОДКАСТЫН ХУРААНГУЙ-

- “Монголын уран зургийн галерей нь 1991 онд одоогийн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейгээс салбарлаж байгуулагдсан. Энэ жил 30 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна”.

/Монголын уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа/

- “Монгол улсын Засгийн газрын 2020 оны есдүгээр сарын 30-ны 52-р хуралдаанаар 34 жилийн өмнө Дүрслэх урлагийн музейгээс Их тэнгэр цогцолбор луу хүндэт зочдод танилцуулах зорилгоор авч явсан 17 бүтээлийг Монголын уран зургийн галерейн үндсэн санд шилжүүлж үзэгчдийн хүртээл болгох шийдвэр гаргасан. Бид өнгөрсөн оны аравдугаар сарын 27-нд бүтээлүүдээ авч ирж, хүндэтгэлийн үзэсгэлэн зохион байгуулж үзэгчдэд хүргэсэн билээ”.

/ Бүртгэл мэдээллийн санч Б. Чимэдхорлоо/

- “Галерейд хүн зураг үзэж байхдаа хэлбэр гэхээсээ илүүтэй агуулгын дүрслэлийг хардаг учраас өөрийгөө сонсож, өөртэйгөө ярилцах боломжтой. Их хотын хөдөлгөөн дунд бидэнд өөрийн дотоод хүнтэйгээ ярилцаж, түүнийг мэдрэх цаг тийм ч их байдаггүй. Харин галерей ийм боломж олгодгоороо асар их оюуны цэнгэл өгдөг”.

/ Бүртгэл мэдээллийн санч Б. Чимэдхорлоо/

- “Сүүлийн үед хосууд галерейд болзох нь их болсон. Учир нь Улаанбаатарт болзох газар олддоггүй. Харин галерей хосуудыг илүү дотно болгох нам гүм орчныг бүрдүүлдэг”.

/ Бүртгэл мэдээллийн санч Б. Чимэдхорлоо/

- “Монголын уран зургийн галерей сүүлийн жилүүдэд урлагийн сэтгэл заслын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Үүний нэг нь “Агуу зураачдын хөтөлбөр” юм. Таныг уран зургийн сор болсон бүтээлийг зурахад бүх хэрэглэгдэхүүнийг нь бэлдэж өгдөг. Аль нэг зургийг зурахаар шийдэх тэр сонголтоос эхлээд л таныг дүгнэх ба чиглүүлэгч багш нар ажиллана. Та тэнд зураг зурж байхдаа цаг хугацааны баримжаагүйгээр бүтээлдээ бүрэн төвлөрч, байрны зээл, хүүхдийн сургалтын төлбөр зэрэг стресстүүлж болох бүх бодлоос холдож чадах юм”.

/Монголын уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа/

- “Бид жилд нэг удаа уртасгасан байдлаар өглөөний 09 цагаас оройны 23 цаг хүртэл “Намрын үдшийн галерей”-г зохион байгуулдаг. Орчин цагт хүн идэж уух, өмсөж зүүхээр дутахаас илүүтэй гоё сайхныг харж, дотоод сэтгэл рүүгээ өнгийхүйц эерэг уур амьсгалаар дутагдаж байгаа нь хөтөлбөрт оролцож буй хүмүүсээс ажиглагддаг”.

/Монголын уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа/

- “Урлагийн сэтгэл заслын танхимын хувьд зөөлөн дэвсгэр, том урц, дэр бүхий тав тухтай орчинд сэтгэл засал, хандлагаар анагаах ахуйн чиглэлээр суралцсан хөтлөгч багш үйлчлүүлэгчдээс энгийн асуултууд асууж, сонсдог. Энэ үед хүмүүсийн мартагдсан сайхан дурсамжууд сэдэрч, өөрөөрөө бахархаж, өөрийгөө хайрладаг. Нэг ёсондоо хүний хамгийн сайн зан чанарууд сэтгэлийн гүнд нь сэргэдэг юм. Маш богино хугацаанд асар их хайраар дүүрээд гардаг даа”.

/Монголын уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа/

Галерейн тухай мэдээллийг унших бол ЭНД, виртуал үзэсгэлэнг үзэх бол ЭНД дараарай. 

“Карантин дахь галерей” төслийн дэлгэрэнгүй мэдээллийг:

Карантин дахь галерей төсөл Фэйсбүүк хуудас болон @gallery_in__quarantine Инстаграм хуудсаас аваарай.

#Мэдээ #Урлаг соёл #Карантин дахь галерей