Инстаграм хаягаа БҮТЭЭЛЧ байдлаар хөтлөхөд тань туслах аргууд


Хэрэглэгчдийн тоо нь өдрөөс өдөрт хурдацтайгаар өсөн нэмэгдэж буй платформ бол яах аргагүй Инстаграм билээ. Дан ганц зураг гэлтгүй олон төрлийн контент байршуулах боломжтой тус платформыг нэрийн хуудсаа болтол нь хөгжүүлсэн хүмүүс ч байдаг. Цахим хаягаа сонирхолтой, эмх цэгцтэй хөтлөх нь бас нэгэн төрлийн авьяас шүү дээ. Иймд уншигч та бүхэндээ зориулан Инстаграм хаягаа хэрхэн сонирхолтой, эмх цэгцтэй хөтлөх талаар бяцхан зөвлөгөөг хүргэж байна.

1. ТӨЛӨВЛӨ

Инстаграм хаягаа сонирхолтой, эмх цэгцтэй хөтлөх хамгийн эхний алхам бол төлөвлөх. Зургуудаа ямар дарааллаар оруулах, ямар өнгө төрх бий болгох нь таны бүтээлч төлөвлөгөөнөөс бүрэн хамаарна. Танд дагах дуртай, харагдах байдлаасаа л өнгө төрх нь уусан зохицсон, сонирхол татам хаягууд байдаг л биз дээ.

Ихэнх алдартай, олон дагагчтай Инстаграм хаягууд дагагчдынхаа сонирхлыг татахын тулд төлөвлөгч аппликейшн ашигладаг байна. Тэгвэл ямар аппликейшн танд тохирох вэ? Дараах төлөвлөгч аппликейшнуудын танилцуулгыг анхааралтай уншин өөрт тохирохыг сонгохыг зөвлөж байна.

  • LATER

Энэхүү аппликейшн нь ижил төрлийн аппликейшнуудаасаа хамгийн хүчирхэг нь гэж хэлж болох юм. Зөвхөн Инстаграм гэлтгүй бусад цахим хаягуудаа холбон, нийтлэх гэж буй постуудаа оруулан төлөвлөж болдгоороо давуу талтай юм. Тухайлбал, та Twitter, Facebook болон Pinterest хаягууд дээрээ зураг оруулахаасаа өмнө тус аппликейшн дээр зургаа урьдчилсан байдлаар оруулан бусад зургуудтай хэрхэн уялдаж байгааг харах боломжтой.

Мөн зургаа хэзээ нийтлэхээ хүртэл товлож болно. Хэрэв та бүх цахим хаягаа эмх цэгцтэй, сонирхолтой аргаар хөтлөхийг хүсэж байгаа бол энэхүү аппликейшнийг сонгоорой.

  • PLANOLY

Planoly бол зөвхөн Инстаграм хэрэглэгчдэд зориулагдсан, ашиглахад маш хялбар бүтэц, зохион байгуулалттай аппликейшн юм. Инстаграм стори, зураг, бичлэг гээд бүх л контентоо та уг аппликейшн дээр төлөвлөж болно.

Мөн нийтлэхээр төлөвлөж буй зурганд тань хамааралтай, хамгийн өргөн ашиглагддаг hashtag-уудыг санал болгодог. Нийтлэх гэж буй бүх зургаа оруулсны дараа байрлалуудыг нь өөрчилж, нийтлэх огноог товлох боломжтой. Ялангуяа Инстаграм дээр бизнес эрхэлдэг хүмүүст бараа, бүтээгдэхүүнээ сурталчлах, хэрэглэгчдийн анхаарлыг татахад хамгийн тохиромжтой.

  • PLANN

Тус аппликейшн Planoly-тай төстэй боловч Dropbox, Google Drive, Canva зэрэг зурган файл хадгалдаг платформуудаас зураг татаж оруулах боломжтойгоороо онцлог. Мөн зургаа оруулсны дараа засварлаж, тайлбар нэмж ч болно. Уг аппликейшний гар утсан дээрх хувилбар нь ашиглахад маш хялбар бөгөөд зааварчилсан бичлэг үзэж цагаа үрэх шаардлагагүй гэдгээрээ онцлог юм.

  • PREVIEW

Preview нь бусад төлөвлөгч аппликейшнуудтай бүтэц, зохион байгуулалтын хувьд төстэй. Нэг онцлог нь нийтлэл оруулахыг шаардсан сануулга байнга ирж залхаахгүй. Өөрөөр хэлбэл аппликейшнээс ирж буй олон мэдэгдлийг зогсоохын тулд хийдэг тохиргоог уг аппликейшнд хийх шаардлагагүй гэсэн үг юм. Гар утсан дээрх хувилбар нь ашиглахад үнэ төлбөргүй, хэрэглэхэд хялбар боловч веб хувилбар нь төлбөр шаарддаг байна.

  • UNUM

Prada, Bazaar, Vogue, Forbes, Elle, Elit Daily зэрэг алдартай брэндүүд, загварын сэтгүүлүүд энэхүү аппликейшнийг сонгож Инстаграм хаягийнхаа хөгжүүлэлт, бараа бүтээгдэхүүнийхээ сурталчилгааг олон нийтэд хүргэдэг ажээ. Минималист хэв маяг, энгийн хэрнээ чамин өнгө төрхийг илэрхийлэхийг хүсэж байгаа бол уг аппликейшнийг сонгоорой.

Нийтлэлээ түр хугацаанд нуух горим болон сториг илүү сонирхолтой харагдуулах загварууд гээд олон төрлийн сонголтууд бий. 

2. ШИНЭЛЭГ БАЙ

Шинэлэг бай гэдгийг та магадгүй өдөр бүр шинэ контент нийтлэх шаардлагатай гэдгээр ойлгож магадгүй. Гэхдээ шинэлэг байх нь зүгээр л бусдаас өөрөөр сэтгэж, өөрийгөө ялгаруулж харагдуулах юм. Энгийнээр тайлбарлавал нүүр зурган дээрээ өөрийн дуртай алдартны зургийг тавих, удаан хугацаанд солихгүй байх зэрэг уйтгартай байдлаас татгалзах хэрэгтэй. Жишээ нь, нүүр зургаа тухайн улирлын өнгө аяст тохируулан өөрчлөх, зургандаа хүрээ нэмэлтээр оруулах гэх мэтчилэн онцгой өнгө төрхийг бүрдүүлж болох юм.

Мөн Инстаграм хаягийнхаа био хэсэгт өөрийгөө илэрхийлэхүйц бичвэрийг оруулахдаа гоёмсог үсгийн фонт ашиглаж болно. ЭНД дарж бичвэрээ дуртай фонт руугаа хөрвүүлэн, Инстаграм руугаа хуулж болно шүү.

3. СОНИРХОЛ, ХОББИТОЙГОО УЯЛДУУЛ

Нөгөө талаар Инстаграмийг хувь хүний зургийн цомог гэж хэлж болно. Хүмүүс зургийн цомогтоо дуртай зүйлс болон чухал үйл явдлынхаа зургийг хийж хадгалдаг шүү дээ. Тэгвэл та Инстаграм хаягтаа ч бас өөрийн дуртай зүйлс, хоббигоо илэрхийлсэн зургуудаа хийж яагаад болохгүй гэж?

Нэгэн хэвийн зургууд нийтлэхээс татгалзан өөрийн туршиж үзсэн сонирхолтой зүйлсийг нийтэлж үзээрэй. Хэрвээ та аялах дуртай бол аялсан газрынхаа зургуудыг, зураг зурах дуртай бол зурсан бүтээлүүдээ, хоол хийх дуртай бол хоолныхоо жорыг, нүүр будах дуртай бол гоёлын будалтуудаа гэх мэтчилэн өөрийн сонирхож буй зүйлээ зургийн цомогтоо нэмээрэй. Танаас үлгэр дуурайл авч, өөрийгөө хөгжүүлэхийг хэн нэгэн хүсэх ч юм билүү.

4. МИНИМАЛИСТ ХЭВ МАЯГИЙГ ГОЛЧИЛ

Орчин цагт хүн төрөлхтний амьдралын хэв маягт олон өөрчлөлт, шинэчлэлүүд бий болсон. Үүний нэгэн жишээ бол минималист хэв маяг юм. Эмх цэгцтэй зүйлсийг харсан хүн амар амгаланг мэдэрч, оюун бодол нь цэгцэрдэг. Иймд Инстаграм хаягаа эмх цэгтэй, минималист хэв маягтай болговол таны хаягаар зочилж буй хүмүүс болоод өөрт тань амар амгалан байдал бий болох болно. Хэрхэн минималист болгох талаар бодож байгаа бол дараах хаягуудаас санаа аваарай.

5. ЗУРГАА ЗАСВАРЛАХ

Дарсан зургаа засварлаж оруулах эсэх нь зөвхөн таны л дур. Гэхдээ өнгийг нь тодруулах, гоёмсог эффектүүд нэмэх гээд зургандаа "амь" оруулах төрөл бүрийн аргыг туршаад үзэхэд гэмгүй шүү дээ. Зураг засварлах аппликейшнуудын мэдээллийг ЭНД дарж аваарай. Амжилт хүсье!

Эх сурвалж: Hootsuite, Creatively Squared

#Технологи #Инстаграм #Зөвлөгөө