Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Дээд ангийнхаа ахыг мартах гэж хичээсэн ч чадахгүй нь
Сайн байна уу? Намайг У гэдэг. Би 16 настай. Надад маш их асуудал байна. Би нэг хүүд сайн болоод 3 жил болж байна. Түүнд хайртайгаа хэлэхэд тэр татгалзсан хариу хэлсэн. Би ч сэтгэлээр маш их унасан. Бүр үхэх гэж хүртэл үзсэн. Гэхдээ нэг найз маань намайг ятгаж болиулсан юм. Тэр найзыг маань А гэдэг.
Саяхнаас би дээд ангийн, намайг сэтгэл гутралтай байхад урам өгсөн нэг ахад татагдаад байгаагаа анзаарсан. Тэр надад анх удаа нэг ч гэсэн хүнд хэрэгтэй юм байна гэж ойлгуулж өгсөн юм. Тэр дээд ангийн ах манай сургуулийн хамгийн од хүүхэд. Бараг бүх охидын найзлахыг хүсдэг тийм царайлаг хүүхэд. Харин би ангийнхаа хамгийн царай муутай, бүдүүн охин. Нэг ч хүү надтай хүн шиг харьцаж байгаагүй. Харин би бүх юм зүгээр юм шиг л жүжиглэж, үргэлж инээж явдаг. Гэрийнхэн маань ч миний үзэл бодол, сонирхлыг тоодоггүй, үргэлж зөрчилдөж байдаг.
ЗӨВЛӨГӨӨ: Чи ихэнх зүйлийг хэтрүүлж, хэт нэг талыг барьж бодоод байна
Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа. Чамд олон асуудал байгаа гэдгийг ойлголоо. Тийм учраас асуудал бүрийг салгаж ярья.
Хайр сэтгэл. Чи бол өсвөр насны охин. Чамд өмнө хайр сэтгэлийн туршлага байхгүй байсан болов уу. Хэн нэгэнд татагдаж эхлэх үед бид мөрөөдөж эхэлдэг. Түүнтэй хамт ярилцаж, алхаж, инээж байгаагаар өөрийн эрхгүй төсөөлдөг. Энэ нь бидэнд хүлээлт үүсгэдэг. Бид хүлээлтдээ автаж эхэлдэг. Бодит байдал бидний хүлээлтэд таарахгүй үед уурлан бухимдаж шантардаг. Бүх юм утга учраа алдсан мэт болдог. Гэвч энэ үед бид бодит байдлыг хүлээн зөвшөөрөөд, нөхцөл байдалтай эвлэрэх нь хамгийн зөв сонголт гэдгийг мэдэх хэрэгтэй. Одоо тэр чамтай сайн харилцаж байгаа бол түүнээс зугтаад, муухай аашлаад байх хэрэгтэй гэж үү? Бодит байдал дээр тэр чамтай сайхан харилцаж эхэлсэн байна шүү дээ?
Бодлын алдаа. Чамд бодлын алдаа байна. Чи ихэнх зүйлийг хэтрүүлж, хэт нэг талыг барьж бодоод байна.
Сэтгэл зүйч дээр очихыг зөвлөж байна. Таагүй бодолд автах тусам таагүй бодол чинь чамайг идэх болно. Захиан дээр амиа хорлох оролдлого хийх гэж үзсэн гэсэн байна. Амиа хорлох бодол ахиж төрвөл түүнд автаж, эсвэл айж сандралгүйгээр надад сэтгэл санаандаа цаг гаргах хэрэгцээ байгаа юм байна гэж ойлгоод сэтгэл зүйч дээр оч.
Гэр бүлдээ юу хүсэж байгаагаа хэл. Гэр бүл бидний хамгийн ойр дотнын хүмүүс. Өөрт чинь юу хэрэгтэй байгаа, юу дутагдаж байгаа гэдгээ хэлэхээс хэзээ ч битгий татгалзаж байгаарай. Магадгүй чи “Би тэдэнтэй ярьж сураагүй учраас чадахгүй, эсвэл ярьсан ч намайг тоож сонсохгүй” гэж хариулах байх. Оролдож үзэхээс нааш хэн ч үр дүнг нь мэдэхгүй. Гэр бүлтэйгээ нээлттэй байдаг хүүхдүүд сэтгэл санааны тогтвортой байдалд байж чаддаг. Тиймээс хичээгээрэй. Чамд амжилт хүсье!
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
М.Анир
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх