Дэлхийн өнцөг булан бүрд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийн асуудал хөндөгддөг. Тэгвэл энэхүү нийтлэлээрээ бид зөвхөн эмэгтэйчүүд засагладаг нэгэн тосгоны талаар сонирхолтой мэдээллийг хүргэх гэж байна.
Уможа – Эв нэгдэл гэсэн утгатай үг
Уможа бол Кени улсын нийслэл Найробийн ойролцоо орших жижиг тосгон. Энд зөвхөн эмэгтэйчүүд амьдардаг. Харин эрэгтэй хүн энэ тосгон руу нэвтрэх боломжгүй. Нэвтэрсэн тохиолдолд түүнийг орон нутгийн цагдаагийн байгууллагад мэдэгдэж арга хэмжээ авахуулдаг байна.
Энд 48 эмэгтэйн бүлэг сүрлэн овоохойд амьдран суудаг. Тосгоныг анх 1990 онд Их Британийн цэргүүдийн бэлгийн хүчирхийллээс амьд гарсан 15 эмэгтэй нийлж байгуулж байжээ. 31 жилийн түүхтэй энэхүү тосгон өдгөө гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, хүсээгүй гэрлэлтийн золиос болохоос зугтсан олон арван эмэгтэйчүүдийн амьжиргаагаа залгуулан хоргодох байр, амьдрал бэлэглэх гэр орон нь болжээ. Гэр орноосоо дүрвэсэн ямар ч эмэгтэйд энэ газрын үүд хаалга үргэлж нээлттэй. Уможад амьдардаг эмэгтэйчүүдэд насны хувьд ямар ч заалт үгүй. Энд зургаан сартай нярайгаас эхлээд 98 настай буурай хүртэл амьдрах аж.
Уможа тосгонд эмэгтэйчүүд эрх чөлөөгөө бүрэн эдэлж аз жаргалтай амьдарна. Тэд ямар нэгэн ажил эрхлэхийн тулд зөвшөөрөл авах шаардлагагүй бөгөөд эдийн засгаа өөрсдөө босгодог байна. Тухайлбал, тосгоныг үзэж сонирхохоор очсон гадаадын жуулчдаас нэвтрэх төлбөр хурааж, байрлах сууцаар хангадаг. Тосгон дотроо эмэгтэйчүүд гар урлалын төвтэй. Эндээ өнгө өнгийн бөмбөлөг бүхий зүүлт, боолт гэх мэт үнэт эдлэл хийж худалдаалдаг аж.
Ахимаг насны эмэгтэйчүүд нь залуустаа нийгмийн хэм хэмжээ, үнэт зүйлсийн талаар зааж сургадаг. Мөн тэд тосгоныхоо нутаг дэвсгэр дээр сургууль байгуулсан бөгөөд ойролцоох тосгонд оршин суудаг хүүхдүүд ч энэ сургуульд сурч болдгоороо онцлогтой аж. Мэдээж хэрэг эмэгтэйчүүд бүх зүйлээ өөрсдөө зохицуулж, нийгмээсээ тусгаарлагдан амьдарч чадахгүй. Тэд хөрш зэргэлдээ тосгон дахь зах, сургууль зэрэг газрууд руу чөлөөтэй явж худалдаа арилжаа хийж болдог. Гагцхүү тэд аюулгүй байдлаа сахин хамгаалахын тулд байгуулсан тосгон дотроо өөрсдийн зохиосон дүрмийн дагуу амьдарна. Дүрмээс дурдвал ээжтэйгээ хамт амьдардаг хөвгүүд 18 нас хүрэхээрээ тосгоноос явах ёстой.
Розалина эм бэлэг эрхтэн зэрэмдэглэх этгээд заншлаас зугтан Уможад дүрвэн иржээ. Тэрээр аавтайгаа хэзээ ч уулзаж байгаагүй. Харин ээж нь түүнийг энэхүү этгээд ёс заншлын хохирогч болох вий хэмээн эмээж, бага байхад нь нуруун дээрээ үүрээд Уможа руу зугтжээ. Розалина ирээдүйд багш болж, энэ хуучинсаг, гажууд сэтгэлгээний эсрэг тэмцэхийг хүсдэг байна.
Уможагийн үндсэн санаатай төстэй, зөвхөн эмэгтэйчүүд аж төрөхөд зориулагдсан тосгон цөөн хэд байдаг байна. Тэдгээр тосгодын дийлэнхийг Уможа хотын хуучин оршин суугчид бий болгосон бөгөөд өөрсдийн гэсэн дүрмийг тогтоожээ. Жишээлбэл эмэгтэйчүүдийн дүрмийг дагаж мөрдөж чадна гэвэл эрчүүдийг хамт амьдрахыг зөвшөөрдөг тосгон хүртэл бий аж.
Магадгүй зарим хүмүүс эмэгтэйчүүдэд зориулсан тосгоныг хэт туйлширсан гэж үзэж болно. Гэвч Африкийн зарим орнуудад эртний "этгээд" гэмээр уламжлалаа өнөөг хүртэл даган мөрддөг омгууд оршин тогтносоор байгаа тул Уможа бол тэдний дунд зайлшгүй байх шаардлагатай тосгон. Жендэрт суурилсан хүчирхийлэл энэ бүс нутагт оршсоор байвал эмэгтэйчүүд өөрсдийгөө хамгаалах арга замаа олох хэрэгтэй шүү дээ.
Эх сурвалж: CNN
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх