Карантин дахь галерей: Уран зураг ҮРЧЛҮҮЛДЭГ Монголын анхны галерей


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2021-02-24

Зориг сан болон Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлдэг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн “Урлахуй” багийн хамт олон “Карантин дахь галерей” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Ингээд та бүхэнд Монголын цорын ганц улсын галерей болох Монголын уран зургийн галерейн тухай онцлох мэдээллийг хүргэж байна.

ДАХИН ДАВТАГДАШГҮЙ ТҮҮХЭН ДУРСГАЛТ БҮТЭЭЛҮҮД

Монголын уран зургийн галерей нь 1991 онд байгуулагдсан бөгөөд 1921 онд Ардын хувьсгал ялснаас хойш өнөөдрийг хүртэлх уран зураг, уран баримал, хөөмөл, зээгт наамал, өрөг урлал зэрэг дүрслэх урлагийн бүхий л төрлийн 4000 гаруй бүтээлийг хадгалдаг Монголын цорын ганц улсын галерей юм.

Уг галерейд зочилсноор нүүдэлчин Монголчуудын өнө эртний түүх соёл, үндэсний ёс заншил, ахуй амьдрал, аж байдал, байгалийн үзэсгэлэнт дүр дүрслэлийг тусгасан бүтээлүүдийг тольдон соёрхох боломжтой. Энэхүү бүтээлүүд агуулга, зохиомж, түүх, соёлын үнэ цэнээрээ зөвхөн манай улсын төдийгүй дэлхийн дүрслэх урлаг судлаачдын анхаарлыг зүй ёсоор татсаар ирсэн.

ОЛОН ТӨРЛИЙН АРГА ХЭМЖЭЭ, ҮЗЭСГЭЛЭНГҮҮД

  •  “УРЛАГИЙН БҮТЭЭЛ ҮРЧЛҮҮЛЭХ НЬ”

Монголын уран зургийн галерей 2019 оноос гэмтэлтэй бүтээлүүдийг сэргээн засварлах, хамгаалалтыг сайжруулах ажлын хүрээнд Монгол улсад анх удаа “Урлагийн бүтээл үрчлүүлэх хөтөлбөр”-ийг санаачлан, амжилттай хэрэгжүүлжээ.

Ардын зураач Л.Гаваагийн “Алтайн уулс” бүтээлийг Монгол банкуудын холбоонд, МУ-ын хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Төрийн шагналт, УГЗ Н.Цүлтэмийн “Цэцэгтэй эмэгтэй” бүтээлийг зургийн гол дүр, Монголын анхны эмэгтэй зураачийн гэр бүл болох Ч.Шижээхүүгийн гэр бүлд, Ардын зураач, Төрийн хошой шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн О.Цэвэгжавын 1963 онд бүтээсэн “Эмнэг сургагч” уран зургийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хамт олонд тус тус үрчлүүлж Соёлын өвийн үндэсний төвөөр сэргээн засварлуулсан байна.

  • “НАМРЫН ҮДШИЙН ГАЛЕРЕЙ”-Д БОЛЗЪЁ

Урлаг соёлын үйл ажиллагаанд иргэдийг татан оролцуулах, хойч үеийг бүтээлч иргэн болгон төлөвшүүлэх, ирээдүйн үзэгчдийг бэлтгэх зорилгоор 2019 оноос “Намрын үдшийн галерей” хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Уг хөтөлбөр гурван өдрийн турш өглөөний 10:00 цагаас үдшийн 23:00 цаг хүртэл олон нийтэд нээлттэй ажилладаг.

Өнгөрөгч оны хөтөлбөрийн хүрээнд хүүхэд багачуудад зориулан театрчилсан үзүүлбэр, “Мандала” зурах, будах ажлыг зохион байгуулсан аж. Харин гэр бүл, залуучуудад зориулан “Цаг хугацаагаар аялагч” асар, “Хандлагаар анагаахуй” хөтөлбөр, уран бичлэгийн болон үйлдлийн урлагийн үзүүлбэрийг толилуулжээ.

  • “ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ ҮЗЭСГЭЛЭН”

Монголын уран зургийн галерей нь дүрслэх урлагийн шилдэг бүтээлээр сан хөмрөгөө жил болгон баяжуулж, олон түмэнд дэлгэн толилуулдаг. Өнөөг хүртэл нийт 500 орчим орчин цагийн шилдэг бүтээлийг шалгаруулж, улсын сан хөмрөгөө баяжуулсан байна.

2020 онд тус үзэсгэлэнд 98 уран бүтээлчийн 125 бүтээл /уран зураг, график, уран баримал, сийлбэр, гобелен, инстоляци, холимог техник/ оролцсоноос хоёр шатны шалгаруулалтаар хоёр бүтээлийг шалгаруулж, улсын санд худалдан авчээ.

АЯЛДАГ ГАЛЕРЕЙН НҮҮДЛИЙН ҮЗЭСГЭЛЭН

Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага 411 дүгээр ангид “Галерей аялж байна” хөтөлбөрийг хэрэгжүүлэв

Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага 411 дүгээр ангид “Галерей аялж байна” хөтөлбөрийг хэрэгжүүлэв

2018 оноос урлагийн боловсрол олгох “Хөгжимтэй зураг”, “Хандлагаар анагаахуй”, “Аугаа уран зураачид”, “Галерей аялж байна” зэрэг зургаан төрлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж. Галерейн үйл ажиллагааг зорилтот бүлэг, тусгаарлагдсан хүн амд хүргэх зорилгоор “Галерей аялж байна” нүүдлийн үзэсгэлэнг Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай байгууллага 411 дүгээр анги, Эмэгтэйчүүдийн хаалттай хорих 407, 405 дугаар ангиудад зохион байгуулжээ.

Үнийн тариф:

  • Том хүн - 2,000₮
  • Оюутан - 1000₮
  • Хүүхэд - 500₮

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөөний зүүн талд

Монголын уран зургийн галерейн виртуал үзэсгэлэнг ЭНД дарж үзнэ үү.

“Карантин дахь галерей” төслийн дэлгэрэнгүй мэдээллийг:

Карантин дахь галерей төсөл Фэйсбүүк хуудас болон @gallery_in__quarantine Инстаграм хуудсаас аваарай.

#Мэдээ #Урлаг соёл #Карантин дахь галерей