Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслийн ОНЦЛОХ ҮР ДҮНГҮҮД


YOLO.mn | YOLO.MN
2021-02-22

Эрүүл мэнд, боловсролын салбарт хийсэн хөрөнгө оруулалт иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлдөг тул аливаа улсын хүний хөгжлийн индексийн чухал үзүүлэлт болдог. Гэвч манай улсын эрүүл мэндийн салбартаа оруулж буй хөрөнгө оруулалт хангалтгүй хэвээр байгаа тул Дэлхийн банк, АХБ зэрэг олон улсын байгууллагын дэмжлэгээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” (ЭМСХХ-5) төслийг хэрэгжүүлсэн нь дуусах шатандаа оржээ. АХБ, ЭМЯ-тай 2013 онд төсөл хэрэгжүүлэхээр гэрээ байгуулж, төслийн ажлууд 2014 онд эхэлсэн билээ. 

ЦУС СЭЛБЭЛТ, ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛУУД

Монгол Улсад 1963 онд цусны салбар нэгж байгуулагдсанаас хойш эмнэлгүүдийг шаардлагатай цус, цусан бүтээгдэхүүнээр ханган ажиллаж ирсэн. Дэлхий дахинд анагаах ухааны салбар хөгжихийн хэрээр манай улсын эрүүл мэндийн салбарт ч орчин үеийн өндөр технологи шаардсан оношилгоо эмчилгээ нэвтэрсээр байна. Тухайлбал, бөөр, элэг, ясны чөмөг шилжүүлэн суулгах зэрэг мэс заслуудад цус, цусан бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хэрэглэдэг тул эмнэлгүүдээс ирэх цус цусан бүтээгдэхүүний захиалга нэмэгджээ. Мөн осол гэмтэл, мэс засал, хавдрын эмчилгээнд шаардагдах цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг ЦССҮТ, бусад салбар төвүүд тасралтгүй хангасаар байна.

Манай улсад цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх явцдаа өвчтөн халдвар авах эрсдэл байв. Мөн жил ирэх тусам хэрэглээ нэмэгдсээр байгаа цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах зорилгоор ЦССҮТ болон орон нутаг дахь салбар төвүүдэд “Цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх” дэд төсөл хэрэгжүүлсэн юм. Үүнд Цус сэлбэлт судлалын Үндэсний төв, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүд, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, Өвөрхангай аймгийн Хархорин, Завхан аймгийн Тосонцэнгэл, Сэлэнгэ аймгийн Мандал сумын хөдөөгийн нэгдсэн эмнэлэг тус тус хамрагдсан байна.

Төслийн хүрээнд хийсэн томоохон ажлуудын нэг нь ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ШИНЭ ТӨВИЙГ БАРЬЖ, барилгыг 2016 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулсан юм. Шинэ төвийг байгуулахад Засгийн газраас 1.4 сая ам доллар, АХБ-наас 0.5 сая ам долларын хөрөнгө оруулалт хийжээ.

Аюулгүй цус сэлбэлтийн чиглэлд хийсэн дараагийн ажил нь 26 ЦУСНЫ САЛБАР ТӨВҮҮДИЙН ДЭД БҮТЦИЙН САЙЖРУУЛАЛТ. Тодруулбал, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, Өвөрхангай аймгийн Хархорин, Завхан аймгийн Тосонцэнгэл, Сэлэнгэ аймгийн Мандал сумын хөдөөгийн эмнэлэг, нийслэлийн Багануур, Налайх дүүргийн цусны төвийн барилгыг засварлаж, орчин үеийн өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр хангажээ. Ингэснээр дараах үр дүнд хүрсэн байна. 

ТӨСЛИЙН ҮР ДҮН

1. Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь цус цуглуулалт, шинжилгээ, цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, олголтын үйл ажиллагаанд чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO9001:2015 стандартын баталгаажуулалтыг манай улсын төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагуудаас анх удаа авч, үйл ажиллагаа нь Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болов.

2. 2014-2019 онд үргэлжилсэн төслийн үр дүнд цус цуглуулалт, үйлдвэрлэл, хадгалалт шинэ түвшинд гарч, сайн дурын, авлагагүй доноруудын хүрээ өргөжив. Хүн амд эзлэх сайн дурын авлагагүй цусны донор 2013 онд 0.8 хувь байсан бол 2019 онд 1.1 хувь болжээ.

3. Шинэ технологиудыг нэвтрүүлснээр цус, цусан бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, 2017 оноос цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 46 хувиар, нөөц 5.5 дахин нэмэгдсэн байна.

4. Зарим төрлийн цус, цусан бүтээгдэхүүний хадгалалт 5-10 жил болж уртассанаар нөөц нэмэгдүүлэхэд шууд нөлөө үзүүлэв. Улмаар цусны салбарынхан гамшгийн үеийн бэлэн байдлаа бүрэн хангажээ. 

5. Цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх явцдаа өвчтөн халдвар авах эрсдэлийг бүрэн арилгасан.

ЭМБ-ЫН ХАЛДВАРЫН СЭРГИЙЛЭЛТ, ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛУУД 

Өнгөрсөн оны эхээр БНХАУ-д гарч, дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахал Монгол Улсыг тойроогүй. Цар тахлын тархалтыг тогтоон барих, устгах чиглэлээр ажиллаж буй манай улсын эрүүл мэндийн салбарынхан халдварт өртсөөр байгаа нь харамсалтай. 2021 оны хоёрдугаар сарын 19-ний байдлаар манай улсад нийт 2551 хүн халдварт өртсөний дотор 100 орчим эмч, эмнэлгийн ажилтнууд байгаа юм.

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд ажлын байрандаа халдвар авах эрсдэл ковидоос өмнө ч байсан. Эмч нар ажлаа хийж байхдаа гепатит В, С вирусийн халдвар авах бодит эрсдэл байв. Иймд эрүүл мэндийн байгууллагын эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах нь төслийн хоёр дахь том зорилт байв.

Эмнэлгийн нөхцөлд халдвар авах эрсдэл байдаг. Мэс засал, уян дурангийн гэх мэт ариутган хэрэглэдэг багаж хэрэгслээр дамжин эмч, өвчтөнүүд халдвар авдаг. Үүнийг таслан зогсоохын тулд ХӨСҮТ, Улсын 1,2,3-р төв эмнэлгүүд, ЭХЭМҮТ, ГССҮТ, ХСҮТ болон Сонгино хайрхан, Багахангай дүүргээс бусад УБ хотын 7 дүүргийн нэгдсэн эмнэлэг, Дорнод, Орхон, Өмнөговь, Өвөрхангай аймгийн БОЭТ, Булган, Дархан-уул, Увс, Хэнтий, Баянхонгор, Дорноговь, Сэлэнгэ, Сүхбаатар, Хөвсгөл зэрэг аймгуудын нэгдсэн эмнэлэг нийт 27 эмнэлгийн ариутгалын тасгийг иж бүрэн шинэчлэн засварлаж, орчин үеийн багаж хэрэгслээр хангасан байна.

Гар аргаар угааж, халдваргүйжүүлдэг байсан /Өмнө/

Төвлөрсөн ариутгалын шинэчлэл /Одоо/

Ариутгалын тасгийн ажилтнууд зарим багажаа гараар угаадаг тул цаг их зарцуулахаас гадна халдвар авах эрсдэлтэй байв. Хүчин чадал сайтай тоног төхөөрөмжүүд нийлүүлж, эдгээрийн байнгын, найдвартай ажиллагааг хангахын тулд эмнэлгүүдийн цахилгааны эх үүсвэр, 1-4 тоннын багтаамжтай цэвэршүүлсэн ус агуулах сав зэргийг давхар суурилуулжээ. 7.3 сая ам.долларын үнэтэй, 22 төрлийн 402 ширхэг эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмжид багаж угаах, халдваргүйжүүлэх, савлах, ариутгах дамжлагуудыг автоматжуулах зориулалттай тоног төхөөрөмжүүдийг хангасан нь ариутгалыг стандартын түвшинд хийх боломжийг бүрэн хангалаа. 

Эмнэлгийн ариутгал, халдваргүйтгэлд нян судлалын лаборатори онцгой үүрэгтэй. Иймд ХӨСҮТ, Улсын 1,2,3-р төв эмнэлгүүд, Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багануурын дүүргийн эмнэлгүүд, Орхон, Өмнөговь аймгийн БОЭТ, Булган, Дархан-уул, Увс, Хэнтий, Дорноговь, Сэлэнгэ зэрэг аймгийн нэгдсэн эмнэлэг нийт 19 эрүүл мэндийн байгууллагын лабораторид томоохон хөрөнгө оруулжээ. Ариутгасан эмнэлгийн багаж хэрэгслээс авсан арчдасыг нян судлалын лабораторид шинжлэн, ямар нэг нянгийн халдвар байгаа эсэх, багаж бүрэн ариутгагдсан, эсэхийг хянадаг юм.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасаг (төсөл хэрэгжихийн өмнө болон дараа)

Нян судлалын лаборатори /Өмнө/
Төсөл хэрэгжсэнээр /Одоо/
 
ТӨСЛИЙН ҮР ДҮН 

Нийслэл, орон нутгийн эмнэлгүүдэд энэ төслийг хэрэгжүүлснээр эмч, сувилагч, асрагч нар ажлын байрандаа халдвар авах эрсдэл буурч, улмаар хөдөлмөрийн түр чадвар алдалт багассан эерэг үр дүн гарчээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг илрүүлэхэд лабораторийн шинжилгээнд тулгуурласан, идэвхтэй тандалтын тогтолцоо нэвтрүүлж, нян судлалын шинжилгээнүүдийг олон улсад ашигладаг, стандарт ажиллагааны зааврууд ашиглан хийж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ХОГ ХАЯГДЛЫН ЗОХИЦУУЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛУУД

Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлаар дамжин халдвар тархах аюултай. Иймд ахуйн хогноос ялгаатай зохицуулалт, хог хадгалах тусгай байр, тээвэрлэлт шаардлагатай.

“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд ХӨСҮТ, Улсын 1,2,3-р төв эмнэлгүүд, Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багануурын дүүргийн эмнэлгүүд, Ховд, Орхон, Өмнөговь аймгийн БОЭТ, Булган, Дархан-уул, Увс, Хэнтий, Дорноговь, Сэлэнгэ зэрэг аймгийн нэгдсэн эмнэлэг нийт 21 эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжсэн. 

Түүнчлэн Ховд, Орхон, Өмнөговь аймгийн БОЭТ, Дархан-уул, Увс, Хэнтий, Дорноговь, Сэлэнгэ аймаг нэгдсэн эмнэлгийн дэргэд эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал түр хадгалах байр барьсан байна. Эдгээр байрыг гаднын хүн орохооргүй, нийтийн хөл хөдөлгөөнөөс зайтай газарт байрласан, шувуу, амьтан орох боломжгүй, цоожтой байх гэх зэрэг “Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, боловсруулах, устгах заавар батлах тухай” ЭМ-ийн сайдын 505 тоот тушаалын дагуу барьжээ. Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг түр хадгалах байруудад аюултай хог хаягдлыг ангилж, халдваргүйжүүлж, буталж, савлах зэрэг стандарт үйл ажиллагааг явуулахаар нөхцөлийг бүрдүүлсэн. Ингэснээр эмнэлгийн ажилтан болон байгаль орчинд нөлөөлөх хор нөлөөллийг багасгаж чадсан. Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлын менежментийн сургалтыг 760 эмч, мэргэжилтэнд 24 удаагийн сургалтад хамруулж чадавхыг сайжруулсан байна. 

ТӨСЛИЙН ҮР ДҮН

Увс аймагт барьсан, хог хаягдал түр хадгалах байр

Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулснаар ажлын байрны болон орчны эрүүл ахуйд эерэг нөлөө үзүүлсэн. Эрүүл мэндийн сайд 2017 оны А/505 тоот тушаалыг баталж, эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, боловсруулах, устгах заавартай болов. Сувилагч, асрагч, үйлчлэгч нар ажлаа хийх явцдаа зүүнд хатгуулах, хуруугаа эсгэх тохиолдлууд буурсан юм. 

Аливаа ажил байнга, тасралтгүй үргэлжилснээр үр дүнд хүрдэг. Хог хаягдлын менежментийн сургалтыг ХӨСҮТ одоо ч тасралтгүй зохион байгуулж байна. 

Төгсгөлд нь дүгнэхэд ЭМСХХ-5 төслийн нэгж гурван томоохон зорилтод хүрэхээр ажлаа эхлүүлсэн. Зургаан жилийн хугацаанд хэрэгжсэн төслийн үр дүнд Монгол Уулсын цусны аюулгүй байдал олон улсын түвшинд хүрч, өвчтөн цусаар дамжин халдвар авах аюулгүй болов. 

Эмнэлгийн ажилтнуудын халдварын сэргийлэлт, хяналтын талаарх зан үйлд томоохон өөрчлөлт гарч, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын илрүүлэлт, оношилгоо, бүртгэл, тайлагналт сайжрав. Нян судлалын лабораториуд олон улсын биоаюулгүй ажиллагааны II зэрэглэлийн стандартад нийцэн, олон улсын жишиг арга зүйг нэвтрүүлэв. Эрүүл мэндийн аюултай хог хаягдлын ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, боловсруулах, устгах үйл ажиллагаа нийслэл болон орон нутагт сайжирч, эрүүл мэндийн ажилтны ажиллах нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал сайжирч, халдварын эрсдэлт хүчин зүйлд өртөх эрсдэл багаслаа. Иймд ЭМЯ-ны удирдлагууд ЭМСХХ-5 төсөл анх дэвшүүлсэн зорилтуудаа бүрэн биелүүлж, эмнэлгээр үйлчлүүлэгч өвчтөнүүд, тэнд ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй байдлыг сайжруулсан гэж үзжээ.

Мөн АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран “ЭМСХХ-5” төсөл бидний өмнөө барьдаг, сайн төслүүдийн нэг. Энэ төсөл бидэнд дараа дараагийн эрүүл мэндийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх жишиг загвар болсон” хэмээн төслийн үр дүнг дүгнэсэн юм. 

#Мэдээ #Эрүүл мэнд