Самбар дээр Word зурсан багш шинэхэн компьютерууд бэлгэнд авчээ


Сондор | YOLO.MN
2018-03-16

Самбар дээр "Майкрософт Ворд" программыг уйгагүйгээр зурж, сурагч нартаа мэдээлэл технологийн мэдлэгийг өгөх гэж хичээж байсан Гана улсын ахлах сургуулийн багш Ричард Акотогийн талаарх мэдээллийг бид өмнө хүргэж байсан билээ.  Түүний зураг цахим орчинд тархаж, олны анхаарлыг татсан.

Тэгвэл Ричард Акото багш одоо мэдээлэл зүйн хичээлээ жинхэнэ компьютер дээр заах боломжтой болсон байна.

Хувь хүмүүс болон байгууллагууд түүний ажиллаж буй сургуульд компьютер болон сургалтанд шаардлагатай зүйлсийг хандивлаад эхэлжээ.

"Майкрософт" компанийн зүгээс түүнийг Сингапур улсад жил бүр зохион байгуулдаг "Майкрософт"-ын сургалтанд үнэ төлбөргүй  суулгасан байна. Түүнчлэн Акотог хичээлдээ  ашиглахад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, түүнд мэргэжлээ ахиулах тусгай хөтөлбөрт хамрагдах боломжийг олгохоо тус  компанийн зүгээс амласан аж.

Их Британийн Лийдсийн их сургуульд докторын зэрэг хамгаалж буй Саудын Арабын оюутан Амира Алхарты Акото багшийн сургуульд зөөврийн компьютер хандивласан байна.

Тэрбээр энэ талаараа, “Мэдлэг боловсрол нь хувь хүний хөгжил, хүн төрөлхтний хувьд амин чухал зүйл болохыг би ойлгосон. Бусдын адил боломж бололцоо олдоогүйгээс болж хорвоо ертөнц хэдэн ч  мундаг, гоц ухаантай хүнийг алдсан юм билээ гэж бодохоор надад харамсалтай санагддаг. ” хэмээн Си Эн Эн агентлагт өөрийн өгөөмөр үйлдлээ тайлбарлан ярьжээ.

Ричард Акото багшийн ажиллаж буй сургууль 2011 оноос хойш  ганц ч компьютергүйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан аж. Гэтэл 14-15 насныхан ахлах ангид орохын тулд заавал улсын  бичгэн шалгалтыг өгөх шаардлагатай ба уг шалгалтанд мэдээлэл, харилцаа холбооны асуулт зайлшгүй багтдаг гэнэ.

Ганын нийслэл Аккрад байрладаг компьютер, мэдээллийн технологийн сургалтын төв Акото багшийн сургуульд таван компьютер,  сурах бичиг,  гарын авлагууд болон Акото багшийн хэрэглээнд зөөврийн компьютерийг тус тус бэлэглэжээ.

Тус төвийн менежер Ашиш Кумар, “Багш сурагчдадаа ямар их сэтгэл гаргаж байгааг хараад  бидний сэтгэл маш ихээр хөдөлсөн. Бид аль чадахаараа л туслахыг хүссэн. Нийгмийн сүлжээ болон мэдээллийн хэрэгслүүдээр тархсан зургийг нь цаасан дээр буулгаж аваад, сургуулийнхаа мэдээллийн самбарт наасан, мөн энэ талаар гүйцэтгэх захирал Капил Гуптайтай ярилцсан. ” хэмээн Си Эн Энд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Эх сурвалж: CNN

#Board #Word #Computer #Teacher