Ажлыг хоббитой андуурч болохгүй


Б.Азбаяр | YOLO.MN
2024-07-10

Мэргэжил сонгохдоо юуг анхаарах хэрэгтэй талаар боловсрол судлаач Баатарын Батаатай ярилцлаа.


YOLOМэргэжлээ хэрхэн сонгох вэ? гэдгээс яриагаа эхэлье.

-Бид өөрт хэрэгтэй, чухал зүйлсийн талаар тун нухацтай бодож, эргэцүүлдэг, түүн дээрээ тулгуурлан сонголт, шийдвэрээ зөв гаргадаг байх шаардлагатай. Жишээлбэл, Мөнгө гэж юу вэ. Амьдрал гэж юу вэ. Эх орон гэж юу вэ. Цаашлаад ажил мэргэжил гэж юу вэ. Мэргэжил сонголт гэж юу вэ?

Дунд сургуулийн сурагч, их, дээд сургуулийн оюутан, тэр бүү хэл  ажил дээр хэдийн гарсан хүн ч дээрх асуултуудад тодорхой хариулт олж чадаагүй явж байх нь элбэг. Энэ нь мэргэжлээ буруу сонгох, цаг хугацааг үр бүтээл муутай, хий дэмий өнгөрөөхөд хүргэдэг.

Мэргэжил сонголтын талаар ярихын тулд эхлээд дараах хоёр үгийг онцолж авч үзэх шаардлагатай гэж бодож байна. Нэгдүгээрт, ажил. Хоёрдугаарт, мэргэжил хэмээх үг.

Бид бүгд л аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Тэгвэл аз жаргал гэж чухамдаа юу юм бэ?  Одоо бид хоёрын сууж буй энэ өрөө гэрэл, цахилгаангүй байвал бид хоёр аз жаргалтай байж чадах уу. Амьдардаг орчин маань бохир байвал бид аз жаргалтай байж чадах уу. Хүн идэх хоолгүй, өмсөх хувцасгүй байвал аз жаргалтай байж чадах уу?

Аз жаргалтай, амар амгалан амьдрахад бидэнд олон зүйл хэрэгтэй. Тэр зүйлс өөрөө аяндаа бий болдоггүй. Тэдгээр зүйлс ажилсаг, хичээнгүй хүмүүсийн хүч хөдөлмөрөөр бий болдог. Түүнийг бид ажил гэдэг. Тиймээс аз жаргалтай амьдрахын тулд насанд хүрсэн хүн бүр ажил хийж амьдардаг.  Тэгэхээр аз жаргал бол ажил юм.

Тэгвэл мэргэжил гэж юу вэ. Хүн ажил хийлээ гээд бас сайн сайхан амьдарчихдаггүй. Ажлаа сайн хийж байж сайхан амьдардаг. Өөрөөр хэлбэл, бүтээмж өндөртэй ажилладаг буюу бага цагт их зүйлийг, чанартай хийж чаддаг хүн л сайхан амьдарна.  Монголчууд бид амьдрал хэцүү байна аа гэж их ярих болсон. Энэ нь чухамдаа бидний бүтээмж муу, тиймээс хийсэн зүйл нь бага, тэгэхээр олж буй орлого бага байгаатай холбоотой.  

Ямар хүний бүтээмж өндөр байдаг вэ. Тухайн ажлыг яаж хийх мэдлэг, чадварыг мэргэжлийн сургуульд суран сайн эзэмшсэн, дараа нь тэр мэргэжлийнхээ эзэн нь болохын төлөө мэргэжлийнхээ дагуу олон жил хичээнгүйлэн ажилласан хүний л бүтээмж өндөр байдаг. Тэгэхээр мэргэжил гэдэг бол тухайн нэг ажлыг сайн хийж чаддаг болохын төлөө мэргэшин хөгжихүйн тухай асуудал юм.  Бид ер нь яах гэж дунд, ахлах, дээд, их сургуульд сурдаг юм бэ? Мэргэжил эзэмших, өндөр бүтээмжтэй мэргэжилтэн болохын л төлөө шүү дээ.

YOLOТэгтэл манай хүүхэд, залуучууд дунд сургуульдаа, бас их, дээд сургуульд ч үүнийг ойлгоогүй үр бүтээл муутай сураад байгаа харагддаг.  Энэ юунаас болдог юм бэ?
-Энэ нь тэд яагаад дунд, дээд, их сургуульд сурдаг вэ гэдгээ мэдэхгүй яваад байгаатай холбоотой. Харааны бэрхшээлтэй ч японы Цүкүба технологийн их сургуулийг төгсөж чадсан, англи, япон хэлтэй, программист Э.Дэлгэрбаяр хэмээх залуу нэг ярилцлагадаа “Би дунд ангид орохдоо л ирээдүйн амьдралдаа санаа зовж, ирээдүйд би юу хийж амьдрах вэ гэдэг талаар нухацтайгаар бодож эхэлсэн” гэж хэлсэн байсан.  Манай дунд, ахлах сургуулийн хүүхдүүдийн хэдэн хувь нь энэ талаар нухацтайгаар бодож эргэцүүлж чаддаг болоо.

Бие том болохыг том боллоо гэхгүй. Бие даан амьдрах чадвартай болохыг л том боллоо гэнэ. Тэгэхээр бид  бие даан чадвартай иргэн болох гэж л дунд, дээд, их сургуульд сурдаг байх нь. Боловсрол гэдэг зүйл чухамдаа үүнд л хэрэгтэй.


YOLO18 нас хүрээд ажил хийх ёстой болно гэдгийг хүүхэд бүр л мэднэ. Гэхдээ тэд яагаад үүнийхээ төлөө үр бүтээлтэй, хичээнгүй сурч чаддаггүй юм бэ?
-
Энэ нь бидний хүүхдүүд ажил, амьдралын талаар бодит биш, хийсвэр төсөөлөлтэй явдагтай холбоотой. Манай боловсролын тогтолцоо, сургууль, эцэг эхчүүд бид хамтдаа тэднийг ийм болгоод байгаа юм.

Нэгдүгээрт, энэ нь манай боловсролын хөтөлбөр буюу сургуулийн үйл ажиллагаатай холбоотой. Манай ихэнх улсын сургууль орон байр, төсөв зардлын нөхцөлтэй холбоотойгоор хоёр ээлжээр хичээллэж байна. Тэгэхээр тэд өдрийн хагаст академик буюу онолын агуулгатай хичээлүүдийг л үзэж судлах бөгөөд тэднийг хувь хүнийх нь хувьд хөгжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олоход нь туслах нэмэлт хөтөлбөрүүд байдаггүй.  Иймээс тэдний толгойд хийсвэр онол, мэдлэгээс өөр зүйл байхгүй.

Хоёрдугаарт, монгол эцэг эхчүүд хүүхдэдээ бодит амьдралыг таниулдаггүй. Тэд өглөө эрт гараад орой ирдэг, завгүй. Амралтын өдрүүдээр амарч, зугаацах ажлыг хүүхдүүдтэйгээ хамт хийнэ. Монгол хүүхдүүд үнэндээ бүх зүйл нь бэлэн, бас хийсвэр шилэн хоргонд аквариумын загас шиг л өсөж байна. Тэд хөргөгчид байгаа зүйлс нь аяндаа бий болчихдог юм шиг, байр, интернет нь үнэгүй юм шиг, өөрийгөө үргэлж бусдаар тэжээлгэж амьдрах юм шиг боддог.

YOLOМэргэжлээ буруу сонгосноос болоод их, дээд сургуульдаа хичээж сайн сурахгүй байгаа тохиолдлууд харагддаг. Ер нь юунд тулгуурлаж мэргэжлээ сонгох ёстой байдаг юм бэ?
-
Хүссэн ажлаа, чаддаг зүйлээ, бусдад хэрэгтэйг хийгээд байгаа хүн амжилт бүтээлээр дүүрэн, аз жаргалтай амьдраад байгаа харагддаг. Энэ 3 зүйлийг тус бүрд нь тойрог гэж сэтгэвэл тэдгээрийн  огтлолцолд байх ажил, мэргэжлийг сонговол  сайн.

Мэргэжил сонголт гэдэг бол нэгдүгээрт, юунд дуртай дургүй, юу хүсээд байгаагаа ойлгох буюу хувь хүн өөрийгөө таньж мэдсэн байх тухай асуудал. Хоёрдугаарт, юуг сайн хийж чаддагаа мэдэхүйн тухай асуудал.  Гуравдугаарт, хийхийг хүсээд байгаа, бас сайн хийж чаддаг тэр зүйлээ хийхэд тэр нь хүн төрөлхтөнд хэрэгтэй юм уу, тэр ажлыг хийснээр ямар цалин хөлс авах вэ гэдгийг бодож үзэх шаардлагатай.

Ажлыг хоббитой андуурч болохгүй. Хобби мөнгө, орлоготой холбоогүй байж болно. Харин ажил гэдэг чухамдаа орлого олохын л тухай асуудал. Хүн бусдаас өвлөж авсан их хөрөнгөтэй л биш бол ажил хийж, олсон орлогоороо өөрт хэрэгтэй зүйлсийг олж авч байж амьдарна.

YOLOЯмар хүн дунд сургуулиа төгсөөд мэргэжлийн болоод их, дээд сургуульд амжилттай сайн сурдаг вэ?
-
Дараагийн шатны сургуульд сурах чадамжийг эзэмшсэн хүн л амжилттай сайн сурдаг. Энэ чадамж нь мэдлэг, чадвар, төлөвшил гэсэн гурван зүйлээс бүрдэнэ.

Мэдлэг гэдэг нь тухайн мэргэжлээр сурахын тулд өмнө нь зайлшгүй үзэж судалсан байх шаардлагатай суурь хичээлүүдийн агуулга юм. Үүнийг тухайн мэргэжлийн сургууль өөрсдөө тодорхойлж, тухайн мэргэжлийн ангид элсэн суралцахыг хүсэж буй сурагчид энэ энэ хичээлийг ийм түвшинд судалж, эзэмшсэн байх ёстой гэж гаргасан байдаг.

Чадвар гэхээр тухайн хүнд байвал зохих авьяас /өгөгдөхүүн/, мөн хичээл сургалтын үйл ажиллагаагаар эзэмшсэн байх шаардлагатай суурь чадваруудыг хэлж буй хэрэг. Суурь чадварууд нь мэдээлэл хайж олох, логик эсвэл бүтээлчээр сэтгэх, багаар ажиллах, ярих илтгэх бичих, бие даан суралцах зэрэг олон төрөлтэй. Онцгой авьяас шаардах мэргэжил олон биш. Харин суурь чадваруудыг бол бүх мэргэжил өөр, өөрийн онцлогтойгоор шаардана. Чадвар эзэмших нь их урт хугацаа шаарддаг зүйл бөгөөд сургуулийн хичээлүүд, нэмэлт хөтөлбөр, дугуйлангаар тэдгээрийг эзэмшдэг.
 
Төлөвшил гэхээр хувь хүнд төлөвшсөн байх зан чанар, хандлагыг хэлж буй хэрэг. Хичээнгүй, хөдөлмөрч, өөрийгөө удирдан залдаг, ёсзүйтэй, цаг барьдаг, зорилго тэмүүлэлтэй байх зэрэг олон зүйлс үүнд орно.

Мэдлэг, чадвар чухал. Гэхдээ хамгийн чухал зүйл бол төлөвшил. Иймээс одоо их, дээд сургуулиуд сургуульдаа хэнийг элсүүлэхээ шийдэхдээ  төлөвшил гэдэг зүйлийг илүү онцолж хардаг болоод байна.

YOLOМонгол хүүхдүүд ЭЕШ-ын оноогоороо их, дээд сургуульд элсэн суралцдаг. Тэгвэл манай ЭЕШ-ын агуулга сурагчдын мэдлэг, чадвар, төлөвшлийг зөв үнэлж чадаж байгаа юу?
-
Шулуухан хэлэхэд бид өнөөг хүртэл ЭЕШ-ын агуулгыг байх ёстой агуулгаар нь бүрэн дүүрэн боловсруулж чадахгүй байна.  Мэргэжлийн болоод их, дээд сургуульд элсэн суралцахын тулд ийм мэдлэгийг эзэмшчихсэн байх ёстой гэдгийг бол тодорхой хэмжээнд шалгаж чадаж байгаа. Үүнийг би их тааруу байгаа гэж хэлэхгүй. Харин яг ямар ямар чадвар эзэмшсэн байгааг илрүүлж буй байдал бол учир дутагдалтай байна. Энэ хоёроос илүү асуудалтай байгаа зүйл нь хандлага, төлөвшлийг үнэлэн гаргаж буй байдал. Манай ЭЕШ-ын агуулгад сурагчийн төлөвшил, хандлагыг илрүүлэх агуулга огт алга. Гол асуудал энэ.

Мэргэжлийн болоод их, дээд сургуулийн багш нар манай сургуульд “сурах чадамжгүй” хүүхдүүд элсэн орж ирээд байна аа гэж их гомдоллодог. Тэд амьдралынхаа 3-5 жилээ зориулж, бас их хэмжээний зардал гаргаж сурна. Гэтэл эхнээсээ сурах чадамжгүй байж элсэн суралцсан хүн чадамж муутай мэргэжилтэн болоод төгсөж таарна. Тэгэхээр тэднийг ажил олгогчдод гологддог, бүтээмж муутай, өөртөө итгэлгүй хүн болоход хүргэж байна гэсэн үг.

Үүнийг яаж засаж залруулах вэ. ЭЕШ сурагчдад тэднийг ямар шалгуурт тэнцэх ёстой, юуг эзэмшсэн байх ёстойг нь зөв илрүүлж, чиглүүлж чаддаг болбол энэ байдал засарна.

Барууны орны их, дээд сургуулиудад элсэн суралцах хүсэлт гаргахад элсэхийг хүсэгчээс академик хичээлүүдийнх нь дүнгээс гадна тухайн хүнийг хэн болж төлөвшсөн бэ гэдгийг илрүүлэх зорилгоор эсээ бичихийг шаарддаг. Үүгээр элсэхийг хүсэгч өөрийгөө хэр ойлгож таньсан, нийгмийн амьдралын талаарх ойлголт, төсөөлөл нь хэр бодитой болох, мэргэжлээ зөв баримжаалж байгаа эсэх, хүсэл тэмүүлэл нь ямар болох, сурах чадвар, өөрийгөө удирдах, хөгжүүлэх чадвар нь ямар болох, тэр нь ямар үйл ажил, хөтөлбөрөөр бий болсон зэрэг олон зүйлийг баримжаалдаг.

YOLOМэргэжлийн болоод их, дээд сургуульд сайн суралцах суралцагчийг бэлдэхийн тулд сургууль, багш, эцэг эхчүүд юуг анхаарах шаардлагатай вэ?
-
Сурагчдыг ЭЕШ-д бэлдэнэ гэдэг нь 10, 11, 12-р ангид нь л тодорхой хичээлүүдээр сургалтад явуулаад, тестэд бэлдээд байхын тухай асуудал биш гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй. Энэ бол сурагчийг бага, дунд ангиас нь эхлэн хувь хүнийх нь хувьд хөгжүүлж, өөрийгөө таньсан, өөрийгөө удирддаг, өөрийгөө хөгжүүлдэг нэгэн  болгож төлөвшүүлэхүйн тухай асуудал.

Нөгөө талаас өөрийгөө таньж, ажил, амьдралын талаарх ойлголт, төсөөлөл нь бодитой, баримжаатай болоход нь туслах үүднээс  хувь хүний хөгжлийн нэмэлт хөтөлбөрүүд, хичээлээс гадуурх үйл ажил, танилцах аялал, мэргэжлээ баримжаалах дадлага хийх хөтөлбөрүүдэд хамрагдах боломжийг олгох хэрэгтэй.

Хүүхдийг ургамалтай зүйрлэвэл сайн үрийг гайхамшигт ургамал болон ургаж, төлжихөд нь нар (хайр), ус (халамж), бордоо (нэмэлт сургалтууд) хэрэгтэй болно.

Цаг хугацаа таны хүүхдийг том болгохгүй. Харин цаг хугацааг ашиглан тэд юу хийж байсан бэ гэдгээр л тэдний хөгжил тодорхойлогдоно. Тэд бага, дунд, ахлах ангидаа юу хийсэн бэ? Тэд хичээлийн дараа, оройн цагаар, амралтын өдрүүдээр, өвөл, зуны амралтаар юу хийж байсан бэ? Энэ л тэдний хөгжлийг тодорхойлно.

Багш нар хичээлээ заахдаа зүгээр л тухайн агуулгыг заадаг биш, харин хичээл агуулгыг эзэмшүүлэх явцдаа сурагчдынхаа хувь хүний хөгжил, төлөвшил, суурь чадваруудыг хөгжүүлдэг болох хэрэгтэй байна.

YOLOМэргэжлийн болоод их, дээд сургуульд сайн суралцахын тулд сурагчид өөрсдөө юуг анхаарах хэрэгтэй вэ?
Юуны өмнө элсэлтийн ерөнхий шалгалт өгсний дараа нь шалгалтуудынхаа оноонд үндэслэн мэргэжил, сургуулиа сонгодог уламжлалт, буруу хандлагаас татгалзах хэрэгтэй. 

Эртнээс, болж өгвөл бүр дунд ангиасаа дараагийн шатны сургуульд хаана, ямар мэргэжлээр сурах вэ гэдгээ тодорхойлох гэж оролд. Энэ үүднээс өөрийнхөө юунд дуртай дургүй, юунд сайн муу, юуг сурч мэдэх шаардлагатай, чиний элсэхийг хүсэж буй сургуулийн мэргэжлийн шалгалт, шалгуурууд нь юу байдаг болохыг судалж, түүнд нийцүүлэн өөрийгөө хөгжүүл.

Мэргэжил сонголт гэдэг нэг талаас ямар мэргэжлээр сурахаа сонгож байгаа мэт боловч нөгөө талаас “сонгох биш, сонгогдох” тухай асуудал байдаг. Жишээлбэл, чи өөрийгөө МУИС-д, программ хангамжаар сурна гэж тодорхойллоо гэж бодоход үнэндээ МУИС өөрөө ямар хүнийг тэр мэргэжлээр сургах вэ? гэдгээ шийднэ гэдгийг мартаж болохгүй.

Өөрөөр хэлбэл, мэргэжил сонголт гэдэг бол “сонгох” биш, харин сонгогдох буюу сонголтод байхын төлөө өөрийгөө бага, дунд, ахлах ангидаа хөгжүүлж, төлөвшүүлэхүйн тухай асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй.

Тэгэхээр мэргэжил сонголт гэдэг чинь сонгоод элсэн ордог зүйл биш, харин тэр хүсээд байгаа сургууль, улс руугаа очихын тулд өөрийгөө хөгжүүлж, өөрчилж, төлөвшүүлэхүй юмЗорилготой, аз жаргалтай, орлоготой, нэр хүндтэй байх гэж мэргэжил эзэмшдэг.

YOLOЯрилцсанд баярлалаа.

#мэргэжил сонголт #мэргэжлийн зөвлөгөө #мэргэжлээ хэрхэн сонгох вэ