Кпопын эргэн тойронд: Lisa дэлхийд алдартай наадмын ШҮҮГЧЭЭР ажиллана


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-02-22

YOLO.mn сайтын хамт олны зүгээс кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

LISA ДЭЛХИЙД АЛДАРТАЙ НААДМЫН ШҮҮГЧЭЭР АЖИЛЛАНА

BLACKPINK хамтлагийн гишүүн Lisa “ANDAM” шагнал гардуулах ёслолын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ.

Тус наадмыг анх 1989 онд Nathalie Dufour хэмээх эмэгтэй Франц улсын Соёлын яамтай хамтран зохион байгуулсан бөгөөд өдгөө дэлхийд цуутай, томоохон наадам болтлоо өргөжин тэлжээ. Харин энэ жилийн шүүгчдээр дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг одод ажиллах бөгөөд үүнд BLACKPINK хамтлагийн гишүүн Lisa-гийн хамт Chris Lee, Kerby Jean-Raymond, Phoebe Philo, Luo Doillon зэрэг 13 алдартан багтжээ. 

Balenciaga загварын ордны гүйцэтгэх захирал Cedric Charbit:

- “Шүүгчид төрөл бүрийн салбар хүрээллээс бүрдсэн нь орчин үеийн өнгө төрхийг хангалттай хэмжээнд төлөөлж буйн илрэл. Орчин үеэ ойлгох нь маргаашийн авьяасыг илрүүлэх хамгийн тохиромжтой арга юм” гэжээ.

Дэлхийн загварын ертөнцөд бүтээлч технологийг бий болгож буй загвар зохион бүтээгч, хөгжүүлэгч, түгээн дэлгэрүүлэгчдэд олгодог тус наадмын шагнал нь 2018 онд 430,000 еврод хүрч байв. Энэ жилийн хувьд шүүгчид долдугаар сарын 1-ний өдөр цуглаж ялагчдыг эцсийн байдлаар тодруулахаар болсон байна.

VIXX ХАМТЛАГИЙН RAVI ЦЭРЭГТ ЯВНА + ЭНТЕРТАЙНМЕНТИЙН ХАРИУ МЭДЭГДЭЛ

VIXX хамтлагийн гишүүн Ravi ирэх зургадугаар сард цэрэгт явах талаар Xportsnews сайтаас мэдээлсэн байна. Гэсэн хэдий ч Ravi-гийн харьяалагддаг агентлагаас:

- “Ravi зургадугаар сард цэрэгт явна гэдэг нь баттай мэдээлэл биш. Тэр цаг нь болохоор цэрэгт явах нь мэдээжийн хэрэг ч хэзээ вэ гэдэг нь хараахан тодорхой болоогүй байна гэсэн хариулт өгчээ.

Ravi 1993 онд төрсөн бөгөөд 2012 онд VIXX хамтлагийн гишүүнээр олон нийтэд танигджээ. Тэрээр GROOVL1N хэмээх бие даасан агентлагаа байгуулсан бөгөөд “2 Days & 1 Night” нэвтрүүлгийн гишүүн юм.

GIRLS' GENERATION ЦОМОГ ГАРГАХААР ЯРИЛЦАЖ БАЙНА

Girls' Generation хамтлаг шинэ цомог гаргахаар ярилцаж байгаа талаар мэдээллүүд гарлаа.

Хоёрдугаар сарын 19-ний өдөр Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Girls' Generation хамтлаг шинэ цомог гаргахаар бэлдэж байгаа талаар мэдээллүүд гарчээ. Мөн, “Гишүүд өөр өөр агентлагуудад харьяалагддаг хэдий ч хоорондоо сайн харилцаатай байдаг учраас энэ оны тав эсвэл зургадугаар сард шинэ цомог гаргах магадлалтай байна” гэжээ.

Харин SM энтертайнментаас энэ мэдээллийг үгүйсгээгүй хэдий ч мөн юуг ч батлаагүй юм. Зөвхөн “Юу ч баттай болоогүй байна” гэсэн хариултыг л өгчээ.

Girls' Generation хамтлаг өнгөрсөн онд 13 жилийн ойгоо тэмдэглэсэн бөгөөд хамтлагийн ахлагч Taeyeon, “Girls' Generation хэзээ ч дуусахгүй. Аз жаргалтай өдрүүдийн төлөө хундагаа тулгацгаая” хэмээжээ.

BTS ХАМТЛАГ ШИНЭ РЕКОРД ТОГТООЛОО

Хоёрдугаар сарын 19-нд BTS хамтлагийн BE (Essential Edition) цомог худалдаанд гарсан бөгөөд ердөө таван цагийн дотор 500,000 хувь борлуулагджээ. Ингэснээр 2021 оны хамгийн өндөр борлуулалттай цомог гэх тодотголыг хүртсэн байна.

Мөн тус цомгийн зураг авалтад зориулсан Jungkook-ийн үсний шинэ өнгө 54 орны Твиттерт трэнд болсон бөгөөд ганцхан өдөрт 1.1 сая хүн Jungkook-ийн тухай жиргэжээ.

SOOJIN “PERIPERA” БРЭНДИЙН НҮҮР ЦАРАЙ БОЛЛОО

(G)I-DLE хамтлагийн гишүүн Soojin “Peripera” брэндийн нүүр царай болжээ.

Саяхан April хамтлагийн гишүүн Naeun “Peripera” брэндтэй хийсэн хоёр жилийн гэрээгээ дуусгавар болгосон билээ. Гэсэн хэдий ч тус брэндийн сурталчилгааны хуудас дээр Soojin-ий зураг байршиж эхэлснээс үүдэн шүтэн бишрэгчид нь Soojin-ийг тус брэндийн шинэ нүүр царай нь болсон гэж үзэж байна.

Хэдийгээр албан ёсны мэдээлэл гараагүй боловч Peripera-гийн 2021 оны шинэ бүтээгдэхүүнийг Soojin сурталчилж байгаа нь тодорхой болжээ. Мөн интернет хэрэглэгчид, “Soojin-ээс илүү тохирох модель байхгүй. Үнэхээр сайн сонголт байлаа”, “Naeun-ийг үгүйлж байгаа ч Soojin түүнээс дутахааргүй хөөрхөн юм”, “Зөв сонголт” гэх зэргээр маш эерэг хүлээж авчээ.

Эх сурвалж: Allkpop

#Кпопын эргэн тойронд