Карантин дахь галерей: Хүүхдийн авьяас, сонирхлыг нээхэд УРАН ЗУРАГ чухал нөлөөтэй


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2021-03-01

Зориг сан болон Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлдэг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн “Урлахуй” багийн хамт олон “Карантин дахь галерей” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд бэлтгэн хүргэж буй цуврал подкастын эхний дугаарт “Монгол арт” галерейн гүйцэтгэх захирал П.Батжав, МУСТА, зураач Б.Батжин нар оролцлоо.

Абстракт зургийн онцлог, уран зургийн ач холбогдол зэрэг олон сэдвийг хөндөж ярилцсан подкастаар сонороо мялаана уу.

  • Подкастыг ЭНД дарж сонсоорой. 

-ПОДКАСТЫН ХУРААНГУЙ-

- "Монголд ардчилал гарснаас хойш зураачид маань чөлөөтэй сэтгэж, урлан бүтээх бололцоо бүрдсэн. Үүнээс өмнө 1960-аад оны үед Төрийн хошой шагналт, Ардын зураач О.Цэвэгжав гуай “Эхийн сэтгэл” хэмээх абстракт зураг зурсан нь нэлээн шүүмжлэлд өртөж байсан. Харин одоо бол олон улсын хэмжээнд абстракт зургаараа алдаршсан Монгол улсын төрийн шагналт зураач С.Саранцацрал зэрэг олон зураач бий".

/”Монгол арт” галерейн гүйцэтгэх захирал П.Батжав/

- "Би бүтээлээ байгаль дээрх өнгөнүүдийг ашиглан завсрын ховор өнгө гаргаж хийхийг хичээдэг. Үүнийг үзэгчид өөрт нь ямар мэдрэмж төрж байна түүгээр л хүлээж авч, “унших” нь чухал. Сайтар ажиглавал олон зүйл “уншиж” чадна. Хүн болгон дахин давтагдашгүй, өвөрмөц байдлаар хүлээж авдаг нь үнэ цэнтэй".

/МУСТА, зураач Б.Батжин /

- "Реалист, бодит уран зургийг хүн хараад шууд ойлгож чадна. Харин абстракт зургийг их удаан харж байж ойлгодог. Ингэж харахад зураачийн арга техник, чадварыг ч мэдэх боломжтой. Даанч зарим хүмүүс абстракт зургийг хараад ямар ч хүн хийчихнэ гэж ярьдаг. Энэ чинь нарийн ур чадвар шүү дээ".

/МУСТА, зураач Б.Батжин /

- "Эцэг эхчүүд хүүхдийнхээ авьяасыг нээхэд туслаагүй байж авьяасгүй гэж тооцон, “Ийм мэргэжилтэй бол” хэмээн тулгадаг. Хүүхдийн авьяас, сонирхлыг нээхэд уран зураг чухал нөлөөтэй. Маш олон өнгө дундаас алийг нь сонгож, асар олон сэдвээс юуг онцолж зурж байна гэдэг нь чухал. Хүүхдүүд бараан өнгөтэй зураг их зурдаг. Энэ нь гэр бүлийн асуудал, хүүхдийн сэтгэл доторх тавгүйрхэлтэй шууд холбоотой. Энэ мэтчилэн зургаар хүүхдээ таньж, анхаарч болно".

/”Монгол арт” галерейн гүйцэтгэх захирал П.Батжав/

- "Хятадын бэлэг дурсгалын бүтээлийг ханандаа өлгөснөөс монгол зураачдаа дэмжье. Уран зурагт их гоё энерги шингэсэн байдаг. Тухайн бүтээлээ гоё, сайхан болгохын тулд тархиа ажиллуулж, ганц өнгө тавихдаа хүртэл их бодож, бясалгадаг".

/”Монгол арт” галерейн гүйцэтгэх захирал П.Батжав/

- "Чадварлаг уран зураач болоход авьяас их чухал. Хөдөлмөрч хүмүүс олон бий. Гэхдээ зураг зурах өгөгдөл гэж юм бий. 1 хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөр гэдэгт би итгэдэггүй. Ямар ч өгөгдөлгүй бол мянга хичээгээд нэмэргүй".

/”Монгол арт” галерейн гүйцэтгэх захирал П.Батжав/

- "Би Америкт суралцаж, найман жил амьдарсан. Европт үзэсгэлэнгээ гаргаж ч явлаа. Монгол хүн л болсон хойно гаднын зураачидтай монгол зураачдаа харьцуулахад Монголчууд маань хамаагүй илүү санагддаг. Бид олон улсын томоохон шагналуудыг авах нь ч ихэссэн байна. Монголчуудын авьяас дэлхийд дээгүүрт тооцогдоно гэж би боддог".

/МУСТА, зураач Б.Батжин/

Галерейн тухай мэдээллийг унших бол ЭНД, виртуал үзэсгэлэнг үзэх бол ЭНД дараарай. 

“Карантин дахь галерей” төслийн дэлгэрэнгүй мэдээллийг:

Карантин дахь галерей төсөл Фэйсбүүк хуудас болон @gallery_in__quarantine Инстаграм хуудсаас аваарай.

#Мэдээ #Урлаг соёл #Карантин дахь галерей