"Хүчирхэг охид": Эх орондоо сураад Монголынхоо төлөө ҮНЭНЧЭЭР зүтгэнэ


Асрах төвд хүмүүжиж буй хүүхдүүд 18 нас хүрээд асрах төвөөсөө гарч, нийгмийн харилцаанд шууд орох шаардлагатай тулгардаг. Улмаар орон байр, их сургууль, мэргэжил сонголт, ажил, гэр бүл төлөвлөлт зэрэг асуудлаа бие даан шийдэх нь асрах төвийн охидод хүндээр тусдаг байна.

Энэхүү асуудлыг эерэгээр шийдэх зорилгоор Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв Канад Сангийн дэмжлэгтэйгээр асрах төвд хүмүүжиж буй охидод хувь хүний хөгжил, англи хэл, мэргэжил сонголтын хичээлээр дамжуулан нийгмийн харилцааны ур чадвар суулгаж чадавхжуулах “Хүчирхэг охид” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Ингээд тус хөтөлбөрт хамрагдаж буй охидын төлөөлөлтэй ярилцсаныг та бүхэндээ хүргэж байна.


“Цөлийн сарнай” ТББ-аас хамрагдаж буй оролцогч Б.Тэргэл, 14 настай
“Монголын СОС хүүхдийн хотхон”-оос хамрагдаж буй оролцогч А.Дэлгэрсайхан, 17 настай

“Манай гэр” төвөөс хамрагдаж буй оролцогч З.Тэмүүлэн, 17 настай
“Гэрэл төв”-өөс хамрагдаж буй оролцогч Х.Намуун, 15 настай
“Монголын хүүхдийн сан”-аас хамрагдаж буй оролцогч Х.Нямсүрэн, 17 настай
“Бадамлянхуа” төвөөс хамрагдаж буй оролцогч Э. Ганцэцэг, 17 настай


YOLOУрилгыг минь хүлээн авсанд баярлалаа. “Хүчирхэг охид” хөтөлбөрт хамрагдсанаар гарч буй эерэг өөрчлөлтүүдээсээ хуваалцвал. 

А.Дэлгэрсайхан: Би ирээдүйд хүнийг чин сэтгэлээсээ сонсож чаддаг сэтгэл зүйч болохыг хүсдэг. Технологи хөгжиж, роботууд бий болж байгаа ч тэд хэзээ ч хүнийг чин сэтгэлээсээ сонсож чадахгүй шүү дээ. Өмнө нь би энэхүү мэргэжлийг эзэмшиж чадах эсэхдээ их эргэлздэг байлаа. Харин энэ хөтөлбөрийн хүрээнд сургалтуудад хамрагдсанаар сонгосон мэргэжил болон өөртөө итгэх итгэл минь нэмэгдэж хувь хүний хөгжилдөө илүү их анхаардаг болсон.

Б. Тэргэл: Би өмнө нь хувь хүний хөгжил гэж яг юуны талаар яриад байгааг ойлгодоггүй байсан юм. Одоо бол өөрийгөө хэрхэн хөгжүүлж болох талаар их зүйл суралцаж байна. Мөн эхлээд мэргэжлээ маш сайн судлаад, дараа нь өөрийнхөө ур чадваруудыг тодорхойлж ойр дотнын хүмүүстэйгээ зөвлөлдсөний үндсэн дээр мэргэжлээ сонгох хэрэгтэйг маш сайн ойлгосон.

Х.Намуун: Миний хувьд энэ хөтөлбөрт хамрагдсанаар гарсан хамгийн том эерэг өөрчлөлт бол өөртөө итгэх итгэл маань нэмэгдсэн явдал. Үүнийгээ дагаад өөрийгөө голох, өөрийгөө бусдаас доогуур гэж үнэлэх нь ч багассан. Ирээдүйн мэргэжилд маань англи хэл чухал нөлөөтэй учраас хэлнийхээ сургалтад илүү их анхаарч байна. Дуу сонсох, кино үзэхдээ англи хадмалтайгаар үздэг болсны үр дүнд англиар ярих чадвар маань сайжирч байгаа.

Х.Нямсүрэн: Өмнө нь англи хэлний хичээлдээ дуртай байсан ч ярина гэхээр их ичдэг байсан. Сургалтад сууснаас хойш надад хэл сурах боломж байгаа гэдгийг ойлгож, өөртөө итгэх итгэл маань нэмэгдсэн. Мөн бусадтай харилцах, бусдыг ойлгох, тэдэнд өөрийгөө зөвөөр ойлгуулах тал дээр эерэг үр өөрчлөлтүүд гарсан. Мэргэжлээ аль хэдийнэ сонгочихсон ч сонголтоо зөв хийхийн тулд сайн судлах нь чухал болохыг ойлгоод дахин судалж байна.

Э. Ганцэцэг: Англи хэлний дүрмээ түлхүү судалж байна. Англи хэлийг бие даан цахимаар сурч, Youtube-ээр бичлэг үзэхдээ хүртэл англи хэлээр үздэг болсон. Хөтөлбөрт хамрагдаж байгаа үе тэнгийн хүүхдүүдтэйгээ илүү ойр дотно ярилцаж, найзууд болсон.

З.Тэмүүлэн: Төгсөх ангидаа энэ хөтөлбөрт хамрагдах боломж тохиосонд маш их баяртай байна. Өмнө нь ном уншихдаа зүгээр л сонирхлоороо уншдаг байсан бол одоо сонгосон мэргэжилтэйгээ холбоотой ном уншиж, аль хэсэг нь сэтгэлд илүү үлдэж байгааг тэмдэглэн хөтлөх нь их таалагддаг болсон. Шинэ зүйл сурч мэдсэнээр харах өнцөг маань тэлж, өргөнөөр сэтгэх боломжтой болдог.

“Манай гэр” төвөөс хамрагдаж буй оролцогч З.Тэмүүлэн, 17 настай

“Манай гэр” төвөөс хамрагдаж буй оролцогч З.Тэмүүлэн, 17 настай


YOLOХувь хүний хөгжлийн сургалтын хүрээнд шинээр ямар зүйл сурч, бодитоор ямар алхам хийж байгаа вэ?

Х.Нямсүрэн: Би хүнтэй ярихаараа хэрэлдчих гээд байдаг байсан. Хувь хүний хөгжлийн сургалтад сууснаар бусдыг илүү ойлгодог, уурлахаасаа өмнө яагаад уурлаж байгаагаа боддог болсон. Хүмүүс хоорондын харилцаан дээрээ аль болох тайван байхыг эрмэлзэж байна.

А.Дэлгэрсайхан: Миний хувьд уран зохиолын номоос илүү хувь хүний хөгжлийн номд дуртай. Одооноос мэргэжилтэйгээ холбоотой ном унших, бусдыг сонсох, асуултыг цэгцтэй тавьж сурч байна.

З.Тэмүүлэн: Би хүний хэлсэн үгийг эмзгээр тусгаж авах гээд байдаг талтай. Энэ хөтөлбөрт хамрагдаад тэр зан чанар маань өөрчлөгдөж байгаа нь надад ч тэр, “Манай гэр”-ийнхэнд ч мэдрэгдэж байгаа гэсэн. Хүний хэлсэн үгийг шууд тусгаж авахын оронд ярилцаж чаддаг болсон. Ирээдүйд сэтгэл зүйч болох хүсэлтэй учраас одооноос хүнтэй яаж харьцах, хүнд өөрийгөө хэрхэн ойлгуулах, бусдад үлгэрлэхийн тулд өөрөө ямар хүн байх ёстой талаар боддог болсондоо баяртай байна.

Б.Тэргэл: Бусдыг сайн сонсдоггүй, түргэн уурладаг зан чанараа засахын тулд сэтгэл хөдлөлөө зөвөөр, нээлттэй илэрхийлж сурахад суралцаж байна. Ирээдүйд тулгарах олон асуудлыг тэвчээрээр даван туулах учраас одооноос тэвчээртэй байх хэрэгтэйг ойлгосон.

“Цөлийн сарнай” ТББ-аас хамрагдаж буй оролцогч Б.Тэргэл, 14 настай

“Цөлийн сарнай” ТББ-аас хамрагдаж буй оролцогч Б.Тэргэл, 14 настай


YOLOТа нарын бодлоор “Хүчирхэг охид” хөтөлбөрийн хамгийн гоё хэсэг нь юу вэ?

Х.Намуун: Миний энэ хөтөлбөрт хамрагдаж буй хамгийн гол зорилго бол шинийг сурч мэдэх. Тийм учраас хамгийн гоё хэсэг нь шинэ зүйл сурч мэдэх байдаг.

А.Дэлгэрсайхан: Өдөр тутмын хэвшмэл байдлаасаа хэсэг хугацаанд ч болов салаад бусад төвийн хүүхдүүдтэй цахимаар ярилцаж, үзэл бодлыг нь сонсох гоё байдаг. Тэгснээр өөрийгөө үнэлж дүгнэх, бусдаас суралцах боломж олддог. Багш нар маань ч хичээлээ ойлгомжтой заадагт баярлалаа гэж хэлье.

Х.Тэргэл: Өмнө нь илүү гүнзгийрүүлэн сурахыг хүсдэг байсан англи хэл, мэргэжил сонголтын хичээлүүдээ үзэж байгаа болохоор энэ хөтөлбөр их таалагдаж байна.

Х.Нямсүрэн: Англи хэл болон мэргэжил сонголтын хичээл гоё санагддаг. Өмнө нь ийм төрлийн сургалтад сууж байсан ч гэсэн хэрэгтэй мэдээллээ авч чаддаггүй байсан. Харин “Хүчирхэг охид” хөтөлбөрийн хичээлүүдээс хэрэгтэй мэдээллээ хангалттай сайн авч чаддаг. Ирээдүйд маань хэрэгтэй гэж бодохоор илүү сонирхолтой санагддаг. Хөтөлбөрийнхөө хүүхдүүдтэй биечлэн уулзаж чадахгүй байгаа ч компьютерын дэлгэцээр бие биенээ хараад харилцан ярилцах нь гоё байдаг даа.


YOLOЭнэ хөтөлбөрт хамрагдаж чадаагүй найз, ах эгч, дүү нартаа сургалтаас сурсан нэг чухал зүйлийг зааж өгөөч гэвэл юу гэж зөвлөх вэ?

Х.Тэргэл: Мэргэжил сонголтын үед гаргадаг нийтлэг алдааг хэлж өгөх байсан. Мэргэжил сонгохдоо өөрийн сонирхол, ур чадвар, дуртай болон дургүй зүйлээ таньж мэдээгүй байх, бусдыг даган дуурайх, бусдын хэлсний дагуу хийхээс зайлсхийх хэрэгтэй. Эхлээд өөрийгөө таньж мэдсэн байвал сонгосон мэргэжилдээ амжилттай байх болов уу.

Э. Ганцэцэг: Үе тэнгийн дарамт болон зөрчлийг хооронд нь ялгаж чаддаг байх хэрэгтэй гэж хэлмээр байна. Зөрчил бол бие бялдар, эрх мэдлийн хувьд эн тэнцүү хүмүүсийн хооронд үүсэж буй маргаан. Харин үе тэнгийн дарамт бол бие бялдрын хувьд ялгаатай, урьдаас хохирол учруулахаар төлөвлөн хийж буй үйлдэл.

А.Дэлгэрсайхан: Асрамж, халамжийн төвийн хүүхдүүд их азтай гэж би боддог. Яагаад гэвэл гэр хороололд амьдардаг, ус, тогны мөнгөө төлж чадахгүй байгаа боломжгүй айлын хүүхдүүдтэй харьцуулахад бид нар дуу, бүжиг, шатар гэх мэтчилэн маш олон дугуйланд зэрэг хамрагддаг. Энэ хөтөлбөрт ч гэсэн хамрагдах азтай байгаадаа баярлах хэрэгтэй юм болов уу. Өөрийнхөө үзэл бодолдоо үнэнч байгаарай гэж хэлье.

З.Тэмүүлэн: Бид 18 нас хүрээд нийгэмд гарахад энэ хөтөлбөрийн ачаар “Хүчирхэг охид” болсон байна гэдэгтээ итгэлтэй байна. Хувийн орон зайгаа хамгаалж чаддаг, бусад хүмүүст өөрийгөө зөвөөр ойлгуулж илэрхийлдэг байх хэрэгтэй шүү. “Хүн яаж харьцана, би тэгж харьцана” гэдэг бодлоор бус үлгэр дуурайл болох нэгэн нь өөрийгөө гэж боддог байгаасай гэж хүсье.

Х.Намуун: Хаана ч очсон өөрийгөө сайн илэрхийлдэг байх хэрэгтэй. Зөрчил, маргалдаан өөрийгөө зөв илэрхийлж чадаагүйгээс л болж үүсдэг шүү дээ.

Х.Нямсүрэн: Мэргэжлээ зөв сонгоорой гэж хэлмээр байна. Найзуудынхаа туршлагаас харахад өөрийнхөө хүссэн мэргэжлийг бус аав ээжийнхээ тулгасан мэргэжлийг сонгочихдог. Аав ээжтэйгээ ярилцдаг, санал бодлоо илэрхийлдэг байгаарай. Мэргэжил, хань ижлээ зөв сонгосон цагт л сайхан амьдардаг гэдэг шүү дээ. Англи хэл сурах сая сая боломжууд биднийг хүрээлж байгаа энэ үед хэлээ сайн сурах хэрэгтэй. Оролдлого сайт оройд нь гэдэг шиг оролдсоор л байгаарай. Хүсвэл хүрч чадна.

“Монголын СОС хүүхдийн хотхон”-оос хамрагдаж буй оролцогч А.Дэлгэрсайхан, 17 настай

“Монголын СОС хүүхдийн хотхон”-оос хамрагдаж буй оролцогч А.Дэлгэрсайхан, 17 настай


YOLOБид “Хүчирхэг охид” хөтөлбөрөөс юу сурсан талаар ярилцлаа. Тэгвэл цаашид юуны талаар суралцахыг хүсэж байна вэ?

А.Дэлгэрсайхан: Бид 18 нас хүрээд асрах төвөөсөө явахад нийгэм ямар байдаг, амьдралд ямар саад бэрхшээл тулгардаг талаар илүү гүнзгий суралцахыг хүсэж байна. Ус, цахилгаан, хүнс гээд бүх зүйлийг асрах төвөөс маань бэлдэж өгдөг болохоор яг амьдрал дээр гарахаар алдаж, онох хүүхдүүд их. Тийм учраас энэ талаар илүү ихийг мэдмээр байна.

YOLOХүчирхэг охид маань ирээдүйгээ хэрхэн төсөөлж, мөрөөддөг вэ?

А.Дэлгэрсайхан: Би нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай, сэтгэл зүйч мэргэжлээрээ ажилладаг, өгсөн зөвлөгөөнд маань хэн нэгэн урамшиж өөрийгөө өөрчлөх алхам хийдэг байгаасай гэж хүсдэг. Гэхдээ мөрөөдөл хэзээ ч дуусдаггүй шүү дээ. Нэг мөрөөдлөө биелүүлсний дараагаар дахиад шинэ мөрөөдөл бий болдог болохоор юу тохиолдохыг таашгүй юм. Хүчирхэг охид хамтдаа гэрэл гэгээтэй Монголын ирээдүйг бүтээж чадна гэж бодож байна.

З.Тэмүүлэн: Бусдад үлгэр дуурайл болсон, хүний амьдралд гэрэл гэгээ авчирдаг хүн болмоор байна. 12-р ангиа төгсөөд Солонгос улсад суралцах зорилготой. Эх орондоо эргэн ирээд сан байгуулж хүмүүнлэгийн ажил хийхийг хүсдэг. Хүчирхэг сэтгэл зүйч болох болно.

Э. Ганцэцэг: Би дөрөв дэх хэлээ сурч эхэлж байгаа. Монголдоо дэлхийн алдартай брэндүүдийг оруулж ирдэг бизнес эмэгтэй болно гэж мөрөөддөг.

Б.Тэргэл: Ирээдүйд АНУ-ын New York Times сэтгүүлд олон улсын сэтгүүлчээр ажиллана гэж хүсдэг. Олон улсын сэтгүүлч болохын тулд хэлээ сайн сурахаар хичээж байна.

Х.Намуун: Би гурван жилийн дараа ахлах сургуулиа төгсөх учраас сонгосон мэргэжилдээ үнэнч байж эртнээс шалгалтдаа бэлдэнэ. Цаг нь тулгаж сонгосон мэргэжил оновчгүй байж магадгүй шүү дээ. Аль болох эх орондоо сурч, Монгол улсынхаа төлөө үнэнчээр зүтгэх цагдаа болохыг хүсэж байна.

Х.Нямсүрэн: Бизнесийн удирдлага чиглэлээр сурахаар төлөвлөж байна. Хүмүүст бизнесийн зөвлөгөө өгөнгөө хувийн бизнесээ эрхэлнэ. Нарийн боов, бялуу хийх сонирхлынхоо дагуу хувийн бэйкери, кофе шоп нээнэ гэж боддог. Нийгэмд эзлэх байр суурьтай, мэдлэг чадвартай, хоёр дүүгээ сайн авч явдаг мундаг эгч болохыг хүсдэг.

YOLOЯрилцсанд баярлалаа.

“Гэрэл төв”-өөс хамрагдаж буй оролцогч Х.Намуун, 15 настай

“Гэрэл төв”-өөс хамрагдаж буй оролцогч Х.Намуун, 15 настай


#Ярилцлага #Хүчирхэг охид