Ямар ч ҮНЭ ЦЭНГҮЙ мэт санагдсан үедээ санаж явах 5 зүйл


Т. Мишээл-ханна | YOLO.MN
2021-02-16

Ямар ч ажил бүтэхгүй, хүсэл эрмэлзэл, өөртөө итгэх итгэл ч үгүй болох үе бидний амьдралд цөөнгүй тохиолддог. Тэгвэл эдгээр өдрүүдэд дараах таван зүйлийг санаж, сөрөг мэдрэмжүүдээ гадагшлуулаарай. 

ӨСӨЛТ ХӨГЖИЛТ = ЭМЗЭГ БАЙДАЛ

Хичээл, спорт гээд аливаа нэг зүйлийг суралцах явцад өөрийгөө хангалтгүй байна гэж үзээд сэтгэлээр унах үе байсан л биз дээ? Ахиц дэвшлийн үйл явц эмзэг, мэдрэмтгий сэтгэл хөдлөлтэй уялдаа холбоотой байдаг учир ингэх нь ч аргагүй юм.

Гэхдээ бид бүгд энэ хорвоо ертөнцөд ямар ч мэдлэг, ойлголтгүй ирсэн гэдгийг санаарай. Бид бүгдэд аливааг сайн мэдэхгүй, дутуу дулимаг юм шиг мэдрэмж төрөх үе бий. Тиймээс ямарваа нэг зүйлд өөрийгөө хангалтгүйгээр мэдэрч байгаа бол энэ үеийг илүү хичээх ёстойн дохио гэж ойлгоорой.

ЭНЭ МЭДРЭМЖ ТҮР ЗУУРЫНХ

Хүний сэтгэл хөдлөл урьдчилан таамаглах аргагүй гэдгээрээ цаг агаартай тун төстэй. Зарим хүмүүсийг бид хаврын тэнгэр шиг ааштай хэмээн тодорхойлох нь ч бий. Өнөөдөр нартай, салхины хүч аядуу зөөлөн байж болох ч маргааш үүлэрхэг, цасан шуургатай ч байж мэднэ. Гэхдээ нөгөөдөр нь цаг агаар мөн л тогтуун болж болох юм. 

Хүний сэтгэл хөдлөл, мэдрэмж яг л ийм. Бидний энэ үнэ цэнгүй, хэнд ч хэрэггүй зэрэг сөрөг мэдрэмжүүд ямар шалтгааны улмаас бий болсноос хамааран үргэлжлэх хугацаа нь өөр байна. Гэхдээ бүтэн сар, жилжингээ зөвхөн энэ мэдрэмжийг тасралтгүй мэдэрнэ гэдэг бараг л боломжгүй. Тиймээс одоогийн энэ байдал тань “там шиг” санагдаж болох ч та удалгүй үнэ цэнээ мэдэрч, хүсэл эрмэлзлээ олж, амьдралыг ахин сайхнаар харах болно гэдгийг санаарай. 

ДЭЛХИЙН ХАМГИЙН АМЖИЛТТАЙ ХҮНД Ч ИЙМ ҮЕ БАЙСАН

Та энэ дэлхий дээр хэнээс хамгийн их үлгэр дуурайл авдаг вэ? Таны толгойд хамгийн багадаа нэг хүн бодогдсон байх. Тэгвэл тэр хүнд ч бас ингэж мэдрэгдэх үе байсан шүү.

Дээр дурдсанчлан хүмүүс аливааг шинээр сурч, өсөж хөгжих явцдаа өөрийгөө хангалтгүйгээр мэдрэх үе цөөнгүй. Үлгэр дуурайл авдаг хүн тань гаднаасаа үргэлжид баяр хөөртэй явдаг мэт харагддаг байж ч болох юм. Гэхдээ хүмүүсийн олон нийтийн сүлжээн дэх төрхөөс үл хамааран бүгд л ийм зүйлтэй нүүр тулдаг. Тиймээс та ганцаараа биш гэдгээ санах нь энэ үеийг даван туулахад тань бага ч атугай туслах болно. 

ӨӨРТӨӨ НАЙРСАГ ХАНД

Өөрийгөө үнэ цэнгүй гэж боддог хүмүүс өөрийнхөө тухай сөрөг бодлуудыг тээж явдаг аж. Хэрэв та өөрийгөө дийлэнхдээ сөргөөр боддог бол эдгээр бодлуудыг эерэгээр солихыг хичээгээрэй. Жишээлбэл, “Би хэзээ ч хийж чадахгүй” гэж бодохын оронд “Би сайжрахын тулд өдөр бүр хичээж чадна” гэх мэт.

АМЬСГАЛ, ТОГЛО, ГЭРЭЛТ, БУСДАД ТУСАЛ

Бид “амьсгалах” хэмээх маш амархан бөгөөд үр дүнтэй аргыг тэр бүр ашигладаггүй. Маш ихээр уурласан, сандарсан үед амьсгалын дасгал хийх нь тохиромжтой. Амьсгал аваад буцаад гаргахаасаа өмнө амьсгалаа гурван секундын турш түгжсэний дараа амаараа гаргаарай.

Энэхүү хялбар дасгалыг шаардлагатай үед гурван минутын турш хийсний дараа хэчнээн үр дүнтэйг нь мэдрэх болно. Амьсгалын дасгал булчин суллахад тусалдаг тул биед тайвшруулах нөлөөг үзүүлдэг байна.

Мөн өөрийгөө үнэ цэнгүй мэтээр мэдрэх үед анхаарлаа зөвхөн нэг зүйл дээр төвлөрүүлж хэвшээрэй. Тухайн зүйл нь бусдад туслах байвал хамгийн үр дүнтэй гэнэ. Өөрөөр хэлбэл бусдад хариу нэхэлгүйгээр тусалж, тэдгээр хүмүүсийн нүүрэнд мишээл тодорч байгааг харж, талархлын үгсийг сонсох нь “үнэ цэнгүй” гэх мэдрэмжийг үгүй хийх болно.

Анхаарах: Бидний зөвлөсөн зөвлөгөө тодорхой үр дүн өгөөгүйн дээр энэхүү мэдрэмж огтхон ч алга бололгүйгээр ойрхон давтамжтайгаар мэдрэгдэж байвал сэтгэлзүйчид хандан, зөвхөн өөрийнхөө нөхцөл байдалд тохирсон нарийн зөвлөгөөг авч болох юм. 

Та бүхэнд сонирхуулан хэлэхэд YOLO.mn сайт Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл зүйчидтэй хамтран өөрт тулгарсан асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгаа залууст асуудлаа шийдвэрлэхэд нь туслах сэтгэл зүйн зөвлөгөө хүргэдэг билээ. 


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

Эх сурвалж: New York Times

#Зөвлөгөө #Сэтгэл зүй #Үнэ цэн